Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 49

 

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Б-д холбогдох, 2035000000095 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ж.Б нар оролцов.

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-нд Увс аймгийн .... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын ..-р багийн .... тоотод оршин суух, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар, тус шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сар хорих ялаар, 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жил хорих ялаар, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Ж.Б /РД......./.

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг 7-11 тоот хашаанд байрлах хохирогч Н.Ц-ын хүн байнга амьдрах орон байр болох гэрт хууль бусаар буюу гэрийн тооноор нь нэвтэрч эд зүйл хулгайлж, 1.797.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-д 2 /хоёр/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ж.Б давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ж.Б нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар Увс аймгийн 3 дугаар багийн нутагт оршин суух хохирогч Ц-ын орон гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд миний шийтгүүлсэн хорих ялаас 5 /тав/ сарыг хасаж дэглэмийг нь чанга болгож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг 7-11 тоотод байрлах иргэн Ц-ын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, 1.797.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн. Тухайн хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 5/тав/ сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ж.Б-ын зүгээс давж заалдах шатны шүүхэд “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн зөвшөөрч байх тул ялыг минь 5 сараар багасгаж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү” гэсэн агуулгатай гомдол гаргасан байна. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоол нь шүүгдэгч Ж.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон шийтгэл оногдуулсан учир хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ж.Б-ын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй байна. 

Шүүгдэгч Ж.Б нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангомын 3 дугаар баг 7-11 тоот хашаанд байрлах хохирогч Н.Ц-ын гэрийн тооноор 2 удаа хууль бусаар нэвтэрч, хөөрөг, мөнгөн аяга, хос ээмэг, зүүлт, мөнгөн бөгж, модон хайрцаг, үнэртэй ус, хонины сүүл зэрэг 1.797.000 /нэг сая долоон зуун ерэн долоо мянга/ төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийж хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөнгөн аяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Н.Ц, гэрч С.Х, О.С нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн, шүүхээс үнэлэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Ж.Б-ыг “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Монгол гэр нь хүн байнга амьдрах орон байранд хамаарах бөгөөд гэрийн тооноор нэвтэрч, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ж.Б-ын гаргасан “миний бие нь хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгааг харгалзан надад оногдуулсан хорих ялаас 5 сарыг нь хасаж дэглэмийг нь чанга болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-д 2 /хоёр/ жил 5 /тав/ сар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, ял эдлэх дэглэмийг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл Ж.Б-ын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар Ж.Б-ын 2020 оны 8 дугаар сарын 18-аас 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан ,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

                                                                                                Д.ЖАМБАЛСҮРЭН