Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Болорзаяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овогт Жүүхээн Батбаярт холбогдох эрүүгийн 2035000000095 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 13-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 13-12 тоотод оршин суух, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, тус шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар, 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жилийн хорих ялаар, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Ж-н Б /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг 7-11 тоот хашаанд байрлах хохирогч Н.Цын хүн байнга амьдрах орон байр болох гэрт хууль бусаар буюу гэрийн тооноор нь нэвтэрч эд зүйл хулгайлж, 1.797.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ж.Б-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг 7-11 тоот хашаанд байрлах хохирогч Н.Цын хүн байнга амьдрах орон байр болох гэрт хууль бусаар буюу гэрийн тооноор нь нэвтэрч хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хос ээмэг 1 ширхэг, гоёлын зүүлт 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, модон хайрцаг 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, хонины сүүл 6 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлсан болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “...авдарны хажууд морин хуур, гадагш дэлгэгдэж онгойдог 6 хаалгатай модон тавилга байна. Уг тавилганы дээд хэсэгт 4 тасалгаа байх ба 2 дугаар тасалгаанд мөнгөн аяга өрж тавьсан байв. Тухайн мөнгөн аяганууд байгаа тасалгаа руу хохирогч заагаад “тэр 3 аяганы дор хулгайлагдсан гэх 1 аяга байсан” гэж хэлэв. Хохирогчийн заасан хэсгийг 1 гэсэн тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийг үргэлжлүүлэн Н.Цын гэрийн хойморын тавилганы дээд хэсэгт байрлах сувинерэн авдар дотор хулгайд алдсан гэх халтар манан хөөрөг байсан гэж хэлэв. Түүний хөөрөг байсан гэх хэсгийг 2 гэсэн тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Хулгайлагдсан хөөрөг байсан сувинерэн авдар нь дээш онгойдог тагтай, 2 арслангийн дүрс бүхий нүүртэй, тагийг нь сөхөж харвал 100 төгрөгийн 1 ширхэг дэвсгэрт байв. Хулгайлагдсан хөөрөг, модон аяга байсан гэх модон тавилганы хажуу голд тольтой таслагаатай болон тасалгаагүй тавиур бүхий модон тавилга байв. Уг тавилгын ил тавиуртай хэсгийг заагаад хохирогч Н.Ц “энд миний үнэртэй ус байсан” гэж хэлээд тухайн тавиурын эхний татуургыг татаад “энд эхнэрийн гоёлын зүүлт хийдэг хайрцаг байсан” гэж хэлэв. Хохирогч Н.Цын хулгайлагдсан эд зүйл байсан хэмээн заасан газруудад 3, 4 гэсэн тоогоор тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэв. Гол хэсэгтээ тольтой модон тавилганы хажууд дэлгэгддэг буйдан, буйдангийн хажууд саарал өнгийн их биетэй хөргөгч, хөргөгчний хажууд дээш онгойдог тагтай, цагаан өнгийн их биетэй хөлдөөгч байв. Хөлдөөгчний тагийг хохирогч Н.Ц сөхөөд “энд 6 ширхэг хонины сүүл байсан” гэж хэлэв. Түүний заасан газрыг 5 гэсэн тоогоор тэмдэглэж гэрэл зургийг бэхжүүлэв. Хөлдөөгч дотор гялгар тортой махнууд байв. ...Гэр дотроос хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл, баримт олдоогүй тул хэрэгт ач холбогдол бүхий баримт олох зорилгоор гэрээс гарч хашаан дотор мөр хайх явцад хохирогч Н.Цын гэрийн зүүн хойно 2 метр орчмын зайд очиж зогсоод газар руу заагаад “энд эхнэрийн ээмэг зүүлт, ромбо газар унасан байсан” гэж хэлэв. Тус газрыг гэрэл зургаар бэхжүүлэв...” , гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6, 7-8-р тал/,

2. Мөнгөн аяга-г хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 10-р тал/

3. Мөнгөн аяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11, 12-р тал/,

4. Орон сууцны подвальд үзлэг хийсэн тэмдэглэл “...Н.Цын гэрээс эд зүйл хулгайлагдсан гэх гомдолд ач холбогдол бүхий нотлох баримт олж тогтоох зорилгоор Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 1-64 айлын орон сууцны подвальд үзлэг хийхээр тогтов. ...Хохирогч Н.Ц үнэртэй усны сав руу заагаад “Энэ миний үнэртэй усны сав мөн байна. Тагийг нь алга болгочихож, усыг нь цацаад дуусгасан юм шиг байна” гэж хэлэв. Хохирогчийн заасан үнэртэй усны шилэн савны хажууд 1 гэсэн тоогоор тэмдгэлж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...Үзлэгийг үргэлжлүүлэн хоёр дахь тасалгаа руу ороход шалан дээр кардон цаас дэлгэж тавьсан байх ба зүүн гар талын буланд улаан өнгийн куртик, хар өнгийн залгуур, баруун гар талын буланд шар өнгийн тор, үдээсгүй гутал, улаан өнгийн хуванцар аяга, бариултай цайвар саван дээр хар өнгийн хувцас тавьсан байх ба уг бариул нь харагдаж буй төмөр савны хажууд хонины сүүл маягийн зүйл харагдав. Төмөр сав дээрх хар өнгийн ноосон өмдийг Ж.Б холдуулахад цахилгаан тогоон дотор 3 бүтэн, жижиглэн шарсан байдалтай 5 хэсэг бүхий хонины сүүл байв. Тухайн хэсэг газрыг 2 гэсэн тоогоор тэмдгэлж, гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий баримт олдоогүй тул үзлэгийг дуусгаж, тэмдэглэлийг оролцогч нарт танилцуулав...”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14, 15-16-р тал/,

5. хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл “...-2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 29 минут 24 секундэд цагаан саарал өнгийн малгай, хар өнгийн хувцас өмссөн хүн гэрийн тооноор дотогш орж байна. -2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 49 минут 50 секундэд цагаан саарал өнгийн малгай, хар өнгийн хувцас өмссөн хүн гэрийн тооноор цагаан өнгийн гэмээр зүйл барьчихсан гарч ирж байх ба гэр дээрээс буугаад хашаан буланд байх амбаар руу орж байна. -2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 56 минут 48 секундэд цагаан саарал өнгийн малгай, хар өнгийн хувцас өмссөн хүн модон амбаараас гараад гэрийн урдуур хоёр тийш явж байгаад дахин гэрийн зүүн талаар авиран гарч байна. -2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 56 минут 54 секундэд цагаан саарал өнгийн малгай, хар өнгийн хувцас өмссөн хүн хохирогчийн гэрийн тооноор орж байна. -2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01 цаг 03 минут 54 секундэд цагаан саарал өнгийн малгай, хар өнгийн хувцас өмссөн хүн гэрийн тооноор гарч ирж байна. Уг хүн нь зүүн гар талдаа юм хавчуулсан юм шиг байх боловч тухайн эд зүйл нь тодорхой сайн харагдахгүй байна. Гэрээс буугаад хашаан буланд байрлах модон амбаар руу оров. -2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01 цаг 07 минут 48 секундэд цагаан саарал өнгийн малгай, хар өнгийн хувцас өмссөн хүн цагаан өнгийн гэмээр зүйл бариад хашаан дотор талын хаалгаар гараад явж байна... -2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01 цаг 09 минут 19 секундэд гэр хорооллоос үл таних хүн тус аймгийн Улаангом сумын 3-р баг, 1-64 айлын орон сууцны урд талд байрлах машины шавар гараашуудын дундуур гарах гудамж руу чиглэн ирж буй нь харагдаж байна. ... -2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01 цаг 10 минут 51 секундэд цагаан саарал өнгийн малгай, хар өнгийн хувцас өмссөн хүн цагаан саарал өнгийн малгай, хар өнгийн хувцас өмссөн хүн Улаангом сумын 3-р баг, 1-64 айлын орон сууцанд тулж ирээд хяналтын камерын бичлэг хийх хүрээнээс гарч байна..”/хх-ийн 17-18-р тал/,

6. хохирогч Н.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...Эхнэр Х бид хоёр 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчимд гэрээсээ гарч явсан. Эхнэр ээлжийн ажилдаа хоносон. Харин би өөрийнхөө 46-35 УВА улсын дугаартай автомашинаараа таксинд явсан. Таксинд явж байх хугацаандаа 19 цагийн орчимд хоёр удаа гэрээсээ багаж авахаар очсон. Таксинд явж дуусаад буюу 2020 оны 5 дугаар сарын 19-ний 02 цагийн орчимд гэртээ очиход хашааны хаалга дотогш унасан байдалтай байсан ба гэр рүүгээ ороход гэрийн хоймор хэсэгт байдаг авдар дээрх толь, жааз хана руу хойш түлхэгдсэн байдалтай байсан. Тухайн үед салхи хүчтэй салхилсаны улмаас хашааны хаалга дотогш унаж, өрх онгорхой байсан болохоор тольж жааз түлхэгдсэн байх гэж бодоод унтаж амарсан. Намайг унтаж байтал буюу 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагийн орчимд эхнэр ажлаасаа бууж гэртээ ирсэн. Бид хоёр тухайн өдрийн 13 цагийн орчимд гэрээсээ гарч явахаар болсон. Би хашааны хаалга онгойлгохоор явж байтал машин гарах хаалганы ойролцоо эхнэр Х-ийн ээмэг, бөгж, ромбо зэрэг зүйлс газар хэвтэж байсан. Эхнэрийг дуудаж яагаад энд байгаа талаар асуухад өчигдөр гоёл чимэглэлийн зүйл хийдэг модон хайрцаг дотор байсан зүйлс яагаад энд байгааг нь ойлгохгүй байна гэж хэлэхээр нь гэр рүү буцаж ороод гэр доторх эд зүйлсээ эхний байдлаар бүртгэж үзэхэд намайг хуримаа хийхэд найзуудын зүгээс бэлэглэсэн мөнгөн аяга, халтар манан хөөрөг, эрэгтэй хүний үнэртэй ус, 1 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг гоёлын зүүлт, 1 хос гоёлын ээмэг, гоёлын зүүлт хийдэг модон хайрцаг, хөргөгчинд байсан 6 ширхэг хонины сүүл зэрэг эд зүйл алга болсон байсан. Би хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 23-24-р тал/,

7. гэрч С.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ингээд нөхөр бид хоёр гэр доторх эд зүйлсээ бүртгэж үзэхэд мөнгөн аяга, хөөрөг, гоёлын зүүлт, ээмэг, эрэгтэй хүний үнэртэй ус, гоёлын зүүлт хийдэг модон хайрцаг, хонины 6 ширхэг сүүл, мөнгөн бөгж зэрэг эд зүйл алга болсон байсан. Манай гэрээс хулгайлагдсан мөнгөн аягыг 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болсон нөхөр бид хоёрын хуримаар нөхрийн найзууд бэлэглэсэн. Эрэгтэй хүний үнэртэй усыг Итгэлт барааны зах дээрээс 2020 оны 2 дугаар сард 40.000 төгрөгөөр, гоёлын зүүлтийг Итгэлт барааны захаас 2019 оны 10 дугаар сард 10.000 төгрөгөөр, гоёлын ээмгийг 2020 оны 3 дугаар сард хүнээс 15.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан ба хөөргийг хадам аав, мөнгөн бөгжийг нөхрийн эмээ манай нөхөрт бэлэглэж байсан. Гоёлын модон хайрцгийг нөхөр Н.Ц надад зориулж хийж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/, 

8. гэрч О.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өчигдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн орчимд гурилын зах дээр байрлах ажлын байран дээрээ байж байтал зах дээгүүр архи уугаад яваад байдаг Батбаяр гэх залуу надтай уулзаад “та мөнгөн аяга авах уу гэж асуухаар нь би “чиний зардаг мөнгөн аяга гэж юу байдаг юм бэ, чи хүнээс хулгайлж аваа байлгүй” гэж хэлэхэд Б “үгүй ээ ах, энэ аягыг миний таньдаг хүн гайд гаргаж хаясан юм, танд худлаа хэлээд яахав дээ гэж хэлэхээр нь би түүний хэлсэн үгэнд итгэсэн. Надад засал хийлгэж гайд гаргах мөнгөн аяганы хэрэг байсан болохоор би түүний үзүүлсэн мөнгөн аягыг авахаар болж хэдэн төгрөгөөр зарахыг нь асуухад та 25.000 төгрөгөөр ав гэж хэлэхээр нь би түүнд 25.000 төгрөг өгөөд мөнгөн аягыг авсан. Уг аягыг зан үйлд хэрэглэх үедээ авна гэж тооцоолоод өөрийнхөө бараа хийдэг контейнерийн буланд оруулж тавьсан. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчимд зах дээр байж байтал аймгийн цагдаагийн газрын албан хаагчид надтай ирж уулзаад “Танд ямар нэгэн хүн Н.Цын гэр бүлд дурсгав” гэсэн бичиглэлтэй мөнгөн аяга зарсан уу гэж асуухаар нь би Ж.Б гэдэг хүн надад өчигдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн орчимд хажуу бөөрөндөө та нарын хэлж байгаатай ижилхэн бичиглэлтэй мөнгөн аяга зарсан. Тэр аяга миний эзэмшлийн бараа хийдэг контейнерт байгаа” гэж хэлээд өгсөн... Би Б-ыг надад хулгайн мөнгөн аяга зарсан гэдгийг мэдээд зах дээр ирэх болгон мөнгөн аяга авсан 25.000 төгрөгийн оронд нь ойр зуурын ажил хийлгэж дүйцүүлсэн байгаа. Батбаяр нь байнга архи уучихсан байдаг, төлбөр тооцоо хийх чадваргүй учир мөнгийг өгч чадахгүй гэж бодоод өөрийнхөө ажилд туслуулсан. Тийм болохоор одоо түүнээс нэхэмжлэх хохирол төлбөргүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 30-р тал/,

9. гэрч Т.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн хүү Н.Цаас гэрээс нь эд зүйл хулгайлагдсан талаар өөрөөс нь сонсож мэдсэн. Миний хүү Н.Ц 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тусдаа гарч хурим найраа хийсэн. Тухайн үед эхнэр бид хоёрын зүгээс хуримаа хийж байгаа хүүхдэдээ бэлэг болгож халтар манан хөөргийг өгч байсан. Тухайн хөөрөг нь 1999 онд манайх Өмнөговь сумын Улиастай багийн төвд байхад манай багийн нутагт Ховд аймгийн гэх хүнээс 1 унагатай гүү, 4 эр хонь өгөөд авч байсан. Тухайн хөөрөг нь тухайн үеийн ханшаар 800.000 төгрөг болж байсан. Хөөрөгний онцлог содон шинж гэвэл улаан шүрэн толгойтой байсныг сүүлд мөнгөөр эмжиж бөгжилсөн. Бусад содон шинж байсан эсэхийг одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/

10. Шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...Элит 45 орон сууцны эсрэг талын Ухаалаг жаалууд цэцэрлэгийн хажуугийн хашаанд байсан айлын тооноор орж эд зүйл авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн айлаас мөнгөн аяга, үнэртэй ус авсан. Хөргөгчнөөс нь мах авах гэж байгаад хонины сүүл авсан байсан. Би согтуу байсан болохоор өөр юу юу авсан, хаана хэнд өгсөн талаараа тодорхой сайн санахгүй байна. Мөнгөн аягыг хүнд 25.000 төгрөгөөр зарж архи авч ууснаа санаж байна. Би тухайн айлын хүмүүсийг танихгүй согтуу явж байгаад орчихсон байсан. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт гэж шүүх дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Ж.Б нь хохирогч Н.Цын монгол гэрийн тооноор нь нэвтэрч хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хос ээмэг 1 ширхэг, гоёлын зүүлт 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, модон хайрцаг 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, хонины сүүл 6 ширхгийг тус тус нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

“Увс финанс-аудит” ХХК-ий 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай “2020 оны 5 дугаар сарын байдлаар Мөнгөн аяга 200.000 төгрөг, хөөрөг 1.500.000 төгрөг, хос ээмэг 7.000 төгрөг, гоёлын зүүлт 5.000 төгрөг, мөнгөн бөгж 15.000 төгрөг, модон хайрцаг 10.000 төгрөг, хонины сүүл 6 х 5.000 төгрөг, эрэгтэй хүний үнэртэй ус 30.000 төгрөг” гэх дүгнэлтээр энэ гэмт хэргийн улмаас 1.797.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.

Монгол гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр бөгөөд прокуророос хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж,

Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус зааснаар 300.000 төгрөг хүртэл хэмжээ бага хэмжээний хохиролд хамаарах бөгөөд энэ гэмт хэргийн улмаас 1.797.000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээний хохиролд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Ж.Бын нууц далд аргаар авсан хохирогч Н.Цын хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хос ээмэг 1 ширхэг, гоёлын зүүлт 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, модон хайрцаг 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, хонины сүүл 6 ширхэг зэрэг эд зүйлээс хохирогч 200.000 төгрөгөөр үнэлэгдсэн мөнгөн аягыг буцаан авсан болох нь хохирогч Н.Цын мэдүүлэг /хх-ийн 25-р тал/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчээс 1.597.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Цт олгох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

шүүгдэгч Ж.Бын хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Ж.Б-ийн “...Ж.Б нь миний хамгийн бага эрэгтэй дүү юм. Ж.Б нь байнга гудамжаар явж архи уудаг, хувиараа бага зэрэг зүйл хийж орлого олдог ч мөн л архи авч уудаг. Би түүнийг засаж авах гээд огт чадахгүй байгаа юм. Миний дүү Ж.Б бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөсөн. 2005 онд аав, 2010 онд ээж маань нас бараад Ж.Б ганцаараа амьдрах болсон юм. Түүнээс хойш бага багаар архи ууж, сүүлдээ байнга архи ууж гадуур дотуур хонуудаар явах болсон. Зан байдлын хувьд дуу цөөтэй, даруухан, гэхдээ их зөрүүд, хүний үг авдаггүй түргэн ууртай юм. Уг нь их гарын ур дүйтэй, хөдөлмөрч, хийсэн ажлаа дуусгадаг сайн залуу байгаа юм. Даанч архи гэдэг зүйлээс болж засарч өгөхгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/, гэрч Б.Н-ийн “...Ж.Б нь манай багийн нутаг дэвсгэрт байрлах байрнуудын подваль хэсгүүдээр амьдарч явдаг. Түүний хувьд ганцаараа амьдардаг. Архи согтууруулах ундааны зүйлийг тогтмол хэрэглэдэг. Өөрийн гэсэн орох оронгүй. Бусдын эд зүйл хулгайлсан, танхайрсан гэх мэт зөрчил дутагдал их гаргадаг. Тэр үед нь би цагдаа хэсгийн байцаагчид нь мэдэгддэг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн замын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг диск /CD/-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.

Шүүгдэгч Ж.Б хохирогч Н.Ц-ын гэрээс 1.797.000 төгрөгийн үнэтэй эд зүйлс хулгайлсныг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ. Үүнээс 200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аягыг 25.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсныг гэмт хэрэг үйлдэж олсон ашиг гэж ойлгоно.

Хохирогчид 200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аягыг биет байдлаар буцаан өгсөн байх тул нийт хохирлоос хасаж, гэмт хэрэг үйлдэж олсон бодит орлого болох 1.597.000 төгрөг дээр гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 25.000 төгрөгийг нэмж, 1.617.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзэн хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Б-д хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Бт 2 /хоёр/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1.617.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Б-ын хувьд ногдох хөрөнгөнөөс хурааж, хохирогч Н.Ц-т учирсан 1.597.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ГАНСҮХ