Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2020/00753

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

10 580 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Батцэрэн овогтой Мишээл би 2018 онд мөнгөний хэрэгцээ гарч зээл авах гэсэн боловч *******-ууд миний хүссэн хэмжээгээр зээл өгөх боломжгүй гэсэн. ******* гэх танилдаа хэлтэл Улаанбаатар хотын GS`P ББСБ-тай холбож зээл авахад тусалсан. GS`P ББСБ-аас 30 000 000 төгрөгний зээл гарч миний ажил бүтсэн. Зээл гарсны дараа ******* надаас түр мөнгө зээлээч гэж гуйхаар нь зээлийг минь бүтээж өгсөн тусыг бодож 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр түүнд 12 000 000 төгрөгийг зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. Дээрх мөнгийг авахдаа 2 дугаар микрийн АТМ-ээс 800 000 төгрөгөөр 3 удаа зарлагдаж 2 400 000 төгрөгийг бэлнээр ******* өөрийн найз болох ******* дансаар 3 500 000 төгрөгийг, өөрийн данс руу 4 100 000 төгрөгийг, мөн өөрийн ээж болох ******* данс руу 2 000 000 төгрөгийг шилжүүлж авсан. Үүнээс хойш мөнгөө авах гэж одоог хүртэл залгасан ч байнга шалтаг тоочин хойшлуулж өдийг хүрсэн. 2018 оны 12 дугаар сард биеэр уулзан бичгээр тодорхойлолт хийж өгсөн. *******т мөнгө зээлдүүлэхэд түүнийг цааш нь юунд зарцуулах талаар асуугаагүй, тухайн үед надад тусалсан учраас хариу тус болох гэж мөн удаахгүй өгнө гэсэн учраас өгсөн. Иймд *******аас зээлийн төлбөр 10 580 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Тэрээр надаас 12 сая /12 000 000/ төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Надад анх 8 000 000 төгрөгийг ажил бүтээлгэх шаардлагатай байна гээд өгсөн бөгөөд би уг мөнгийг тухайн дансанд нь шилжүүлсэн. Надад харин 4 сая төгрөгийг зээлсэн ба уг мөнгөнөөс үлдэгдэл 1 сая орчим төгрөг төлөх үлдсэн. Энэ мөнгийг харин би өгнө. Би нотлох баримтаа бүрдүүлж байж хуулийн дагуу нэмэлт тайлбараа гарган өгөх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 11 сая /11 000 000/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан 10 580 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

******* нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 000 000 төгрөгийг *******ээс авсан гэдэгтэй маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ: ...******* нь намайг ББСБ-с зээл авахад тус болсон. Зээл авсны дараа надаас мөнгө зээлээч гэхээр нь зээл авахад тусалсан тусыг нь бодоод 12,0 сая төгрөгийг зээлүүлсэн. Үүнээсээ увуу цувуу 1 420 000 төгрөгийг буцааж өгсөн. Харин үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаа тул 10 580 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэсэн.

Харин хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...4,0 сая төгрөгийг *******ээс би зээлсэн. 8,0 сая төгрөгийг нь ажил бүтээсэн гэж хүмүүст өгсөн. ******* намайг -с зээл гаргаад өгвөл 7,0 сая төгрөг өгье гэсэн. -с зээл гараагүй, өөр газраас 30,0 сая төгрөгийн зээл гарсан бөгөөд би өөрийнхөө Эрдэнэт үйлдвэртэй хийсэн гэрээгээ үзүүлж байж би батлан дааж мөнгийг гаргуулсан, зээл гарч мөнгийг нь бүтээж өгсөн учир 8,0 сая төгрөгийг нь өгөхгүй... гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагчийн тайлбараас үзэхэд ******* нь *******тэй зуучлалын гэрээ байгуулсан гэж ойлгохоор байх ба Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Мөн Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээ байгуулахад зуучлахад зуучлалын гэрээний ерөнхий журам үйлчилнэ, мөн хуулийн 412.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээнд зуучлах гэрээг бичгээр хийнэ, 412.3.-т Гэрээнд зуучлалын хөлс, шагналын хэмжээ, зээлийн хэмжээ, хүү, төлөх хугацаа, төлбөрийн ханш, нэмэлт зардал, зээлдүүлэгчийн овог нэр, хаяг зэргийг заана, 412.4-т Зуучлуулагч зуучлалын дагуу зээл авсан тохиолдолд зээлийн зуучлагчид хөлс, шагнал төлнө гэж заасан байна.

Хуулийн дээрх заалтуудын дагуу хариуцагчийн тайлбар, татгалзал нотлогдохгүй байх ба *******ийг зээл авахад ******* зуучилсан, тэдний хооронд хөлс, шагнал өгөх талаар тохиролцоо байсан зэрэг нь нотлогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд ******* шаардах эрхтэй байна.

******* нь *******ээс 12,0 сая төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, 4,0 сая төгрөгийг нь зээлсэн, зээлсэн мөнгөнөөсөө буцааж төлөөд одоо нэг сая орчим төгрөг үлдсэн, 8,0 сая төгрөгийг зээл бүтээхэд хэрэглэсэн гэдэг боловч энэ тайлбар татгалзал нотлогдоогүй.

Харин нэхэмжлэгч нь *******ыг 1 480 000 төгрөгийг буцааж төлсөн гэж байх тул зээлийн үлдэгдэл 10 580 000 төгрөгийг *******аас гаргуулан *******д олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжаар 184 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч *******аас 10 580 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 184 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА