Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 108

 

Б..............ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч А..............т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/00753 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б..............ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А..............т холбогдох,

Зээлийн төлбөрт 10.580.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч А..............ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.............., хариуцагч А.............., нарийн бичгийн дарга О.Мөнх-од нар оролцов.

Нэхэмжлэгч Б.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Батцэрэн овогтой ............. би 2018 онд мөнгөний хэрэгцээ гарч зээл авах гэсэн боловч Эрдэнэтийн ББСБ-ууд миний хүссэн хэмжээгээр зээл өгөх боломжгүй гэсэн. А.............. гэх танилдаа хэлтэл Улаанбаатар хотын GS`P ББСБ-тай холбож зээл авахад тусалсан. GS`P ББСБ-аас 30.000.000 төгрөгний зээл гарч миний ажил бүтсэн. Зээл гарсны дараа А.............. надаас түр мөнгө зээлээч гэж гуйхаар нь зээлийг минь бүтээж өгсөн тусыг бодож 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр түүнд 12.000.000 төгрөгийг зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. Дээрх мөнгийг авахдаа 2 дугаар микрийн АТМ-ээс 800.000 төгрөгөөр 3 удаа зарлагдаж 2.400.000 төгрөгийг бэлнээр А.............. өөрийн найз болох Сугар-Эрдэнийн дансаар 3.500.000 төгрөгийг, өөрийн данс руу 4.100.000 төгрөгийг, мөн өөрийн ээж болох Ариунзаяагийн данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Үүнээс хойш мөнгөө авах гэж одоог хүртэл залгасан ч байнга шалтаг тоочин хойшлуулж өдийг хүрсэн. 2018 оны 12 дугаар сард биеэр уулзан бичгээр тодорхойлолт хийж өгсөн. А..............т мөнгө зээлдүүлэхэд түүнийг цааш нь юунд зарцуулах талаар асуугаагүй, тухайн үед надад тусалсан учраас хариу тус болох гэж мөн удаахгүй өгнө гэсэн учраас өгсөн. Иймд А..............аас зээлийн төлбөр 10.580.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б..............ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тэрээр надаас 12 сая /12.000.000/ төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Надад анх 8.000.000 төгрөгийг ажил бүтээлгэх шаардлагатай байна гээд өгсөн бөгөөд би уг мөнгийг тухайн дансанд нь шилжүүлсэн. Надад харин 4 сая төгрөгийг зээлсэн ба уг мөнгөнөөс үлдэгдэл 1 сая орчим төгрөг төлөх үлдсэн. Энэ мөнгийг харин би өгнө. Би нотлох баримтаа бүрдүүлж байж хуулийн дагуу нэмэлт тайлбараа гарган өгөх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 11 сая /11.000.000/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/00753 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч А..............аас 10.580.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б..............д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А..............аас 184.230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б..............д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.............. шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.............. нь 2018 онд надтай холбогдож мөнгөний хэрэгцээ гарсан зэл авах гэсэн боловч бүтэхгүй байна зээл хөөцөлдөөд гаргуулах юм бол шагнал өгнө гэсний дагуу би өөрийн таньдаг ББСБ-тай холбон зуучилж ГОК-той хийсэн гэрээгээ үзүүлэн байж 30 сая төгрөгийн зээлийг гаргуулсан үүнээс 8 сая төгрөгийг зуучлалын хөлс гэж зээл авахад тусалсан хүмүүст урамшуулал хэлбэрээр өгнө гэж тохиролцсон байсан.  Харин 4 сая төгрөгийг би мөнгөний хэрэг гарсан тул Б..............ээс зээлж авсан. Үүнээс 3 сая төгрөгийг буцааж төлсөн. Одоо 1 сая төгрөг буцааж төлнө. Тухайн үед мөнгө зээлж авахад Б..............ийн өмгөөлөгч хамт байсан ба бичилт хийж гарын үсэг зурсныг өмгөөлөгч гэрчилнэ. Энэ талаар гэрч оролцуулах хүсэлтэй байсан боловч өмгөөлөгч нь өвчтэй гээд байхгүй байсан. Б.............. миний тусламжтайгаар энэ зээлийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ч тухайн үед 12 сая төгрөгийг шилжүүлж байсан. Б.............. миний зуучилж өгсний дагуу зээлээ авсан тул надад хөлс төлөх ёстой. Иймд надаас 10.580.000 төгрөг гэснийг 1.000.000 төгрөг гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.............. нь хариуцагч А..............аас зээлийн гэрээний үүрэгт 10.580.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч А.............. нь Б.............. зээл хөөцөөлдүүлэхэд 8 сая төгрөгийг ажил бүтээсэн хүмүүст өгсөн. 4 сая төгрөгийг би өөрөө зээлэн авсан үүнийг төлсөөр байгаад нэг сая гаруй төгрөг үлдсэн гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч Б.............. нь А.............. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахад тус болсон, мөнгө авсны дараа надаас мөнгө зээлээч гэхээр нь надад тус болсныг нь бодоод 12 сая төгрөг зээлдүүлсэн. Үүнээс 1.420.000 төгрөг буцаан өгсөн гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Шүүх Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.1., 412.2., 412.3., 412.4.-т заасан заалтуудын дагуу хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байх ба Б..............ийг зээл авахад хариуцагч А.............. зуучилсан тэдний хооронд хөлс, шагнал өгөх талаар тохиролцоо байсан эсэх нь нотлогдоогүй, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж хариуцагч А..............ын төлсөн 1.420.000 төгрөгийг хасч зээлийн үлдэгдэл 10.580.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хавтаст хэргийн 4 дэх талд зохигчид 6.600.000 төгрөг төлөх талаар тохирч гарын үсэг зурж баталгаажуулсан баримт авагдсан нь хариуцагч А.............., нэхэмжлэгч Б.............. нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор зохигчид 6.600.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх ба анхан шатны шүүх тухайн нотлох баримтыг үнэлэх эсэх талаар шийдвэрт тусгаагүй байх тул 6.600.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1.420.000 төгрөгийг хасч үлдэх 5.180.000 төгрөгийг хариуцагч А..............аар төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/00753 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч А..............аас 10.580.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б..............д олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч А..............аас 5.180.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б..............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж

Шийдвэрийн 2 дахь заалтыг “... нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А..............аас 184.230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б..............д олгосугай...” гэснийг “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А..............аас 97.830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б..............д олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч А..............ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 184.230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ