Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/00917

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/00917

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Blue daimond хотхоны 804 тоотод оршин суух Жалайр овгийн Жанцангийн Амараа /регистрийн дугаар ДЭ78011807/-д холбогдох,

3 856 605 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө ******* өмчлөлийн Завхан аймаг Улиастай сумын Өлзийт багт байрлалтай 850 м2 талбайтай, гэрчилгээний 0271437 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* онлайнаар, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Ж. Амраа нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан(Цаашид Сан гэх)-аас 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 39 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3,000,000 /Гурван сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 0,5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:

1. Ц. Дашдэмбэрэлийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сумын Өлзийт багт байрлалтай 850 м.кв талбайтай, гэрчилгээний 0271437 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалуулан зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 19,232,868 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 3220 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч байгууллагын Хууль, тусгай активын хэлтсийн өр барагдуулах мэргэжилтэн С. Төгсбат албан томилолтоор Орхон аймагт ажиллахдаа хариуцагч ******* уулзан хаягийг тодруулсан. Хариуцагчийн одоо оршин сууж байгаа хаягаар нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд Сан зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: I. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, A. Үндсэн зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг Б. Зээлийн хүүгийн төлбөрт 527,057 төгрөг, B. 3ээлийн алданги 321,548 төгрөг Г. Нотариатын зардал 8,000 төгрөг, Нийт 3,856,605 гаргуулах.

II. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө Ц. Дашдэмбэрэлийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сумын Өлзийт багт байрлалтай 850 м.кв талбайтай, гэрчилгээний 0271437 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай' газраар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргасан 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна.

Нэхэмжлэлд дурдсан 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 39 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3,000,000 /гурван сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 0,5 хувийн хүүтэй зээлсэн гэснийг огт мэдэхгүй юм. 2008 оны УИХ-ын сонгуулиар Завхан аймагт нэр дэвшсэн Балдан-Очир нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны ажилд манай гэр бүлийн хүн болох Ч.Дашдэмбэрэл нь ажилласан бөгөөд сонгуулийн сурталчилгаанд ажилласан ажлын хөлс гэж 3,000,000 төгрөгийг тухайн үед цуг ажилласан гэх 3 хүн хувааж ав гэж өгсөн гээд авсан болно. Дараа нь авсан мөнгөн дээр баримт хэрэгтэй байна гээд баримтан дээр гарын үсэг зуруулж авсан санагдаж байна. Яг ямар бичиг баримтан дээр зурсан талаар сайн санахгүй байна. Тухайн мөнгийг ЖДҮ хөгжүүлэх сангаас авсан гэж огт мэдээгүй бөгөөд эргэн төлөх ёстой ч гэж бодоогүй ойлгоогүй хийсэн ажлын хөлсөө л авсан гэж бодсон болно.

Энэ 3,000,000 төгрөгийг бүгдийг нь аваагүй бөгөөд ажлын хөлс гэж бас тусдаа 2 хүнд 2,000,000 төгрөгийн тухайн үед өгсөн болно.

Энэ талаар анх 2019 оны хавар ******* гэдэг хүн ЖДҮ хөгжүүлэх сангаас явна гэж уулзаж танилцуулах хүртэл огт мэдээгүй байсан бөгөөд Хавар өөрийн биеэр хот орж ЖДҮ хөгжүүлэх сан орж асууж тайлбар хэлсэн болно. Өөрөөр энэ талаар ямар нэгэн мэдэх юм огт байхгүй байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь *******д холбогдуулан 3 856 605 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө ******* өмчлөлийн Завхан аймаг Улиастай сумын Өлзийт багт байрлалтай 850 м2 талбайтай, гэрчилгээний 0271437 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай

нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Ж. Амараа нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,0 сая төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 0,5 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн барьцаанд ******* өмчлөлийн Завхан аймаг Улиастай сумын Өлзийт багт байрлалтай 850 м.кв талбайтай, гэрчилгээний 0271437 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 19 232 868 төгрөгийг төлж барагдуулсан Зээлдэгч нь гэрээний дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүй, зээлийн хугацаа 3220 хоног хэтэрсэн, зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй. Хаяг байршил дээрээ байдаггүй байсан. Манай байгууллагын Хууль, тусгай активын хэлтсийн өр барагдуулах мэргэжилтэн С. Төгсбат албан томилолтоор Орхон аймагт ажиллахдаа хариуцагч ******* уулзан хаягийг тодруулсан. Иймд үндсэн зээлийн төлбөрт 3,0 сая төгрөг, зээлийн хүү 527 057 төгрөг, алданги 321 548 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 3 856 605 гаргуулна... гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...би энэ зээлийг огт мэдэхгүй байна. Намайг ийм зээлтэй гэдгийг 2019 оны 9 дүгээр сард эдний нэг ажилтан над руу утасдаж би өөрөө хөөцөлдөж байж өөрөө эдний ажил дээр Улаанбаатар хотод очиж уулзаж олж мэдсэн. Би ЖДҮ гэж юу байдгийг ч мэдэхгүй. Манай нөхөр УИХ-ын гишүүн ын сонгуулийн сурталчилгаанд 2008 онд явж байсан. Би ийм зээл аваагүй, хүлээн зөвшөөрөхгүй. Манайд ийм үл хөдлөх хөрөнгө ч байхгүй... гэсэн.

Хэрэгт 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гурван талт гэрээ гэх гэрээ авагдсан бөгөөд энэ гэрээнд зээлдэгчийг төлөөлж УИХ-ын гишүүн , гүйцэтгэгчийн төлөөлж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал гэж гарын үсэг зурсан байх ба, зээлдэгчийг төлөөлж гэдэг хэсэгт Жанцангийн Амараа гэсэн боловч гарын үсэг зурагдаагүй байна.

Зээлийн гэрээний хугацаа гэрээний 3.3-т зааснаар 5 жил буюу 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлдэгчид зээл төлөх талаар гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн гэх боловч энэ талаар хэзээ ямар ямар мэдэгдэл хүргүүлсэн нь нотлогдохгүй байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хаяг, утасны дугаар нь тодорхойгүй байсан гэсэн.

Уг Хамтран ажиллах гурван талт гэрээнд зээлдэгчийн хаяг болон холбогдох мэдээллүүд тусгагдаагүй, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан эсэх нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, хуулийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан байх ба, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлдэгч нь хүүгийн төлбөрт 19 232 868 төгрөгийг төлж барагдуулсан гэх ба, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүү төлсөн гэж тайлбарладаг.

Хэрэгт ирүүлсэн Зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаар ямар нэг төлөлт хийгдсэн нь нотлогдохгүй байх ба, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд 3 856 605 төгрөг гаргуулах Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан *******гаас 3 856 605 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА