Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                

 

                                 ЖДҮХС-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.А-д

                                 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00917 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ЖДҮХС,

Хариуцагч: Ж.А-д холбогдох,

Зээлийн төлбөр 3.856.605 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө Ц.Д-ийн өмчлөлийн Завхан аймаг, Улиастай сумын Өлзийт багт байрлалтай 850м2 талбайтай, гэрчилгээний 271437 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Төрийг төлөөл ж ахлах прокурор Ц.М, хариуцагч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.

Нэхэмжлэгч ЖДҮХС-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ж. А нь ЖДҮХС 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 39 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 0.5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Ц. Д өмчлөлийн Завхан аймаг Улиастай сумын Өлзийт багт байрлалтай 850 м2 талбайтай, гэрчилгээний 0271437 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 19.232868 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 3220 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч байгууллагын Хууль, тусгай активын хэлтсийн өр барагдуулах мэргэжилтэн С.Т албан томилолтоор Орхон аймагт ажиллахдаа хариуцагч Ж.А уулзан хаягийг тодруулсан. Хариуцагчийн одоо оршин сууж байгаа хаягаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, Үндсэн зээлийн төлбөрт 3.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 527.057 төгрөг, зээлийн алданги 321.548 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 3.856.605 гаргуулах, Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө Ц. Да өмчлөлийн Завхан аймаг Улиастай сумын Өлзийт багт байрлалтай 850 м.кв талбайтай, гэрчилгээний 0271437 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай' газраар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ж.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсан 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 39 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 0.5 хувийн хүүтэй зээлсэн гэснийг огт мэдэхгүй юм. 2008 оны УИХ-ын сонгуулиар Завхан аймагт нэр дэвшсэн Б -ийн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны ажилд манай гэр бүлийн хүн болох Ч.Д нь ажилласан бөгөөд сонгуулийн сурталчилгаанд ажилласан ажлын хөлс гэж 3.000.000 төгрөгийг тухайн үед цуг ажилласан гэх 3 хүн хувааж ав гэж өгсөн гээд авсан болно. Дараа нь авсан мөнгөн дээр баримт хэрэгтэй байна гээд баримтан дээр гарын үсэг зуруулж авсан санагдаж байна. Яг ямар бичиг баримтан дээр зурсан талаар сайн санахгүй байна. Тухайн мөнгийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан гэж огт мэдээгүй бөгөөд эргэн төлөх ёстой ч гэж бодоогүй, ойлгоогүй хийсэн ажлын хөлсөө л авсан гэж бодсон болно. Энэ 3.000.000 төгрөгийг бүгдийг нь аваагүй бөгөөд ажлын хөлс гэж бас тусдаа 2 хүнд 2.000.000 төгрөгийг тухайн үед өгсөн болно. Энэ талаар анх 2019 оны хавар С.Т гэдэг хүн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас явна гэж уулзаж танилцуулах хүртэл огт мэдээгүй байсан бөгөөд хавар өөрийн биеэр хот орж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан орж асууж тайлбар хэлсэн болно. Өөрөөр энэ талаар ямар нэгэн мэдэх юм огт байхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00917 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.А-с 3.856.605 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  ЖДҮХС-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүхээс Үндсэн зээлийн төлбөрт 3.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 527.057 төгрөг, зээлийн алданги 321.548 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч иргэн Ж.А-тай холбогдох утасны дугаар хаяг байршлын мэдээлэл санд хадгалагдаагүй байсан учир Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын өр барагдуулах мэргэжилтэн С.Т албан томилолтоор Орхон аймагт ажиллахдаа хариуцагчтай биечлэн уулзаж хаяг, утасны дугаар зэргийг тодруулсан учир эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээс татгалзсан байдаг. Сангийн зүгээс хариуцагчтай удаа дараа утсаар холбогдоход тийм хүн байхгүй, эсхүл одоогоор эзгүй байна дараа ярь гэх мэтээр хариу өгдөг байсан. Мөн 2019 онд сан дээр ирж уулзахдаа одоогоор боломжгүй байна боломжтой болоод төлнө гэсэн боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн санаачилгаар ирсэн мэтээр тайлбарласан. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлэхдээ зээлийн гэрээний дагуу төлбөр шилжсэнд маргаагүй. Гэвч зээлдэгч Ж.А-ийн хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Хагас болон бүтэн жилээр санхүүгийн тайлангаа санд ирүүлэх, тохирсон буюу зээлийн гэрээний графикийн дагуу зээлийн төлбөрөө төлөх, сар, улирал жилээр тооцоо нийлэх гэх мэт үүргүүдээ огт биелүүлээгүй. Хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж улсын төсөвт хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч төрийн алба хаагч бидний хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаснаар улсын төсөв, төр хохиролгүй болно. Энэхүү үйлдэл нь хувь хүн хоорондын харилцаа биш улсын төсвийн зарцуулалт, эргэн төвлөрүүлэлттэй холбоотой асуудал гэдгийг шүүх харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Зээлийн гэрээний үндсэн зарчим бол зээлдүүлэгч зээлийн төлбөрийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн төлбөрийг тохирсон хугацаанд бүрэн шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна. Монгол улсын иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. Зээлийн гэрээний үндсэн зарчмын хувьд зээлдүүлэгч ЖДҮХС нь зээлийн төлбөрийг бүрэн шилжүүлсэн байна. Уг төлбөрийг шилжүүлсэн эсэх дээр зээлдэгч нь маргадаггүй бөгөөд гэрээгээр хүлээсэн ерөнхий зарчим буцаан төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ. 

ЖДҮХС-ийн бүтэц 2009 оноос хойш 10 гаран удаа өөрчлөгдсөн байдаг бөгөөд тухай бүрт нь өр барагдуулах мэргэжилтэний орон тоо байгаагүй. Сангийн шинэ бүтэц 2019 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр батлагдаж Хууль, тусгай активын хэлтэс байгуулагдаж өр барагдуулах ажилд эрчимтэйгээр ажиллаж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ЖДҮХС нь хариуцагч Ж.А-с зээлийн гэрээний үүрэгт 3.856.605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ЖДҮХС нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 39 тоот “Хамтран ажиллах гурван талт гэрээ”, зээлийн барьцааны гэрээнд үндэслэн тодорхойлжээ. Зээлийн барьцааны болон “Хамтран ажиллах гурван талт гэрээ”-ээр 3 сая төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай “Хүнсний дэлгүүр ажиллуулах” төслийн санхүүжилтэд зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор зээлийн барьцаанд Ц.Д-ийн эзэмшлийн Завхан аймаг Улиастай сумын Өлзийт багт байрлах гэр бүлийн хэрэгцээний 850м2 талбай бүхий газрыг барьцаалсан байх ба хариуцагч Ж.А нь зээлийн гэрээгээр 3 сая төгрөг аваагүй, манай нөхөр УИХ-ын гишүүн Б-д 2011 оны сонгуулийн сурталчилгаанд ажиллаж 2 хүний хамт 3 сая төгрөг хувааж авсан, дараа нь баримт хэрэгтэй гэж нэг баримтан дээр гарын үсэг зуруулж байсан, зээл авснаа ч мэдээгүй, 2019 оны хавар Эрдэнэтэд  ЖДҮХС-с  Т гэдэг хүн ирж энэ талаар хэлсэн. Хотод ЖДҮХС дээр очиж зээлийн баримтуудыг үзсэн, зээл аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Хамтран ажиллах гурван талт гэрээ”-нд ЖДҮХС-ийн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Б, зээлдэгч Ж.А нар 3 сая төгрөгийг Монгол Улсын Иргэний хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нийцүүлэн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Тэргүүн шадар сайдын багцад тусгагдсан хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүний саналаар, сангаар дамжуулан иргэн хуулийн этгээдэд хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох, буцаан төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой гэрээ байгуулж, 3 тал гарын үсэг зуран баталгаажуулж, зээлийн барьцааны гэрээнд сангийн төлөөлөгч, Ж.А нар гарын үсэг зурсан байна. Харин зээл эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтад зээлдэгч Ж.А-ийн гарын үсэг зурагдаагүй, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч гэрээнд хариуцагчийн хаяг утас тодорхойгүй байгаа учраас хариуцагчийг эрэн сурвалжлуулж байсан гэх тайлбараа нотлоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор Ж.А зээл төлүүлэх талаар ямар нэгэн ажиллагаа хийсэн гэж үзэх боломжгүй байх ба сангийн төлөөлөгч Т 2019 оны хавар Эрдэнэтэд ирж Ж.А-тай уулзаж, зээл төлөх талаар шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдсан ч шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолох учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа 2019 онд шаардсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх нь зээлийн гэрээний 3.3-т зааснаар 5 жил буюу 2016 оны 06 сарын 30-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байна. Мөн хуулийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 76 дугаар зүйлийн 76.1 дэх зүйлд тус тус нийцжээ.     

Нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг шийдвэрлэлтийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлд заасан үндэслэлээр дүгнэж, шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/0917 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.А-с 3 856 605 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ЖДҮХС-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д гэсний дараа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-д заасныг тус тус баримтлан гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ