Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 50

 

 

 

Л.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолтой, Л.Т-д холбогдох, 2035000000121 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Т-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар оролцов.

Монгол Улсын иргэн, .... оны.... дугаар сарын ...-ны өдөр Увс аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн .... сумын ... дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Л.Т /Регистрийн дугаар: ....../.

Шүүгдэгч Л.Т нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутгаас 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө хохирогч Б.У-гийн нэг тооны үхэр хулгайлж 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т ургийн овогт Л.Т-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-д 6 /зургаа/ сар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Л.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие 0-3 насны 3 хүүхэдтэй, анх удаа эрүүгийн хэрэгт холбогдож үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж гэм буруугаа ойлгож байна. Хохирогчийн хохирлыг сайн дураараа төлж, уучлалт гуйсан. Дахин миний бие бусдын мал хулгайлахгүй, дахиж ийм буруу үйлдэл гаргахгүй гэдгээ та бүхэнд амлаж байна. Анх удаа хөнгөн төрлийн хэрэгт холбогдож буруугаа ойлгож гэмшиж байгаа, бага насны хүүхдүүдтэй, хохирлоо төлж арилгасан зэргийг харгалзан үзээд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө” үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Л.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэргийн учир холбогдлыг ойлгож ухамсарлаж гэмшиж байгаа. Хохирол 1.600.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан. Мөн 0-3 насны 3 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг байсан тул ар гэрт эхнэр нь нялх хүүхдүүдтэй хэцүү нөхцөл байдалтай амьдарч байна. Шүүгдэгч Л.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон. Дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд шүүгдэгч Л.Т-ын хувийн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажилд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсгийг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Л.Т-д холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу оролцож дүгнэлтээ гаргаж байна. Шүүгдэгч Л.Т нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутгаас 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө хохирогч Б.У-гийн нэг тооны үхэр хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Т-д 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Л.Т-ын зүгээс “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул ялыг минь тэнсэж өгнө үү” гэсэн агуулгатай гомдол гаргасан байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хохирол төлбөр төлсөн байдлуудыг харгалзан үзээд тухайн зүйл ангид оногдуулж болох ялын доод хэмжээг оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Л.Т-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр  шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Л.Т-ын гомдлыг үндэслэн түүнд  холбогдох 2035000000121  дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Л.Т нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутгаас хохирогч Б.У-гийн 1.000.000/ нэг сая/ төгрөгийн үнэ бүхий нэг тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий байх ба хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд нийцсэн гэж дүгнэв. 

      Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Т-ын гэм бурууг хянан хэлэлцэж,тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар   зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Т-ын давж заалдах журмаар гаргасан “Надад оногдуулсан хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж, хохирол төлбөрөө бүрэн арилгасан,0-3 насны гурван хүүхэдтэй  тул шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Л.Т-ын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал  зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу зургаан сар хорих ял оногдуулсан нь  эрүүгийн хариуцлага  тохирсон байх зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Л.Т нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа боловч өөрөө мал аж ахуй  эрхэлдэг, малчид амаргүй хөдөлмөрийн үр дүнд мал сүргээ  өсгөдөг, дан ганц малын ашиг шим амьдралынх нь эдийн засгийн эх үүсвэр болж байдгийг маш сайн мэддэг атлаа ашиг хонжоо олох зорилгоор бусдын малыг хулгайлж буй үйлдэл нь түүний хувийн гэмт зан, шунахай байдлыг илэрхийлж байна.

Иймд түүний хувийн зан байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүний үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй, өөрөөр хэлбэл түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх талаарх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзлээ.

      Давж заалдах шатны шүүхээс  ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

    Шүүгдэгч Л.Т-ын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаас 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 35 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Т-ын  гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус зааснаар шүүгдэгч Л.Т-ын  2020 оны 09 дүгээр  сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 35 /гучин тав / хоногийг ял эдлэх хугацаанд оруулан  тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                              Д.ЖАМБАЛСҮРЭН                                         

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

                                                                                  Н.МӨНХЖАРГАЛ