Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Л-ын Т-д холбогдох 2035000000121 дугаартай  эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 03-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Л-ын Т.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Т нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутгаас 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө хохирогч Б.Угийн нэг тооны үхэр хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Л.Тыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутгаас 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө хохирогч Б.Угийн нэг тооны үхэр алдагдсан гэх үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Угийн 1 тооны үхрийг шүүгдэгч Л.Т авсан  болох нь:

- Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Дын “...би нуугдмал гэмт хэргийн талаар мэдээ мэдээлэл олох зорилгоор иргэн Д-тэй уулзахад Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Б.У-ийн эзэмшлийн 1 тооны улаан зүсмийн 4 настай эр үхрийг тус аймгийн Сагил сумын 3 дугаар багийн иргэн Лхамжав овогтой Тогтохбаяр нь хулгайлан авсан талаар ярьсныг илтгэх хуудас болгон бичив” гэх илтгэх хуудас /хх-ийн 01-р тал/,

- малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4, 5-7-р тал/,

- хохирогч Б.Угаар хулгайд алдагдсан гэх үхрийг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15-р тал/,

- хохирогч Б.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутагт 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр манай хажуугийн айлын Д-ийн эхнэр над руу залгаж “Танайхан үхрээ хураагаад бүртгээрэй, Улаангомд Цагдаагийн газарт хулгайн байж болзошгүй үхэр байгаа юм байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь үхрээ хураагаад бүртгэж үзэхэд манай 4 настай, улаан зүсмийн эр үхэр байхгүй байсан юм. Манайх үхрээ бүртгэлгүй 3, 4 хонож байгаа бөгөөд өнөөдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үхрээ хулгайд алдсаныг мэдсэн юм. Миний хулгайд алдсан үхрийн зүүн талын чих нь үзүүрээсээ он имтэй. Улаан зүсмийн 4 настай эр үхэр байсан юм. Би үхрээ харвал танина. ...Манай хажуу айлын Д-ийн эхнэр М надад хэлэхдээ “манай урд айлын Л.Т гэдэг залуу манай манай хажуухнаас үхэр хулгайлсан байна. Цагдаагийн байгууллага шалгаж байна” гэж хэлсэн юм. Л.Тогтохоо гэдэг залуу манай ойролцоо байдаг юм. Би Л.Тыг танихгүй, түүнд зарж, худалдсан үхэр байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

- гэрч Н.Сайнсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 07-ны өглөө эрт 06 цагийн үед Улаан уулын араар дээшээ Арсаа явах замаар явж байхад хүрэн морьтой залуу зогсож байсан мөн хажууд нь улаан хоо зүсмийн 4 настай эр үхэр байсан. Тэгээд морьтой залуу нь Б.Дтай уулзаад цааш яваад нөгөө улаан хоо зүсмийн үхрээ сур, аргамж шидэж барьж авсан юм. Би машин дотроо сууж байсан. Б.Д болон үхэр тууж ирсэн хүн хоёр машины гадаа ярилцаад сууж байгаад үхэр тууж ирсэн залуу үхрээ бугуйлдаж бариад машинаа ачсан. Тэгээд би хөдлөөд явсан. Мөн үхэр тууж ирсэн морьтой залуу урд зүг рүү чиглээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,

- гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сард танил залуу болох Л.Т нь миний эзэмшлийн мотоциклыг худалдаж авахаар тохиролцоод Л.Т нь надад 5 настай 1.000.000 төгрөгийн үнэтэй үхэр өгөхөөр тохирсон юм. Тухайн үед би “за тохирлоо” гээд өөрийн эзэмшлийн мотоциклыг өгөөд явуулсан юм. Тухайн өдрөөс хойш би удаа дараа “үхрээ авъя” гэж асуухад “манайх цээртэй байна, цээр тавигдахаар болъё” гэдэг байсан. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Л.Т-аас тухайн үхрээ нэхэж авах зорилгоор яваад очиход Л.Т гэх залуу “маргааш манайд хүрээд ир, тэгээд үхрийг чинь өгнө” гэхээр нь би “за” гэж хэлсэн. Тухайн үед би танилын ах Шагдар гэх хүнээс 700.000 төгрөгөөр бух худалдаж авахаар тохиролцоод бэлэн 500.000 төгрөг өгөөд тухайн бухаа аваад явсан юм. Маргааш нь буюу 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн өглөөний 6 цагийн үед Л.Т-ын гэр рүү явж байтал Л.Т гэрээсээ 1 км зайтай газар улаан зүсмийн үхэр туучихсан ирж байсан юм. Тухайн үед би Л.Т-ыг өөрийн эзэмшлийн үхрээ надад өгч байна гэж бодсон юм. Тэгээд би тухайн үхрийг ачаад гэр рүүгээ явж байтал цагдаа ирээд зураг аваад байсан юм. Би тухайн үед юу болоод байгааг ойлгоогүй. Маргааш нь манай сумын цагдаа яриад хулгайн үхэр гэх талаар хэлсэн юм. Тэгээд би уг үхрийг 4 настай байсан гэх талаар мэдсэн”

шүүгдэгч Л.Т-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө манайх Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суудаг байсан юм. Би өмнө нь өөрийн найз нөхдийн холбоотой Б.Д гэх залуугаас “Даюун” загварын мотоциклыг нэг тооны үхэр өгнө гээд авсан юм. Тухайн үед үхрээ дараа өгнө гэж хэлээд авсан. Удалгүй Б.Д надаас нэг тооны үхрээ авъя гэхээр нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай гэрээс ирээд авчих гэж хэлсэн. 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 6 цагийн үед Б.Д манай гэрийн ойролцоо бага оврын Бонго гэх машинтай ирсэн юм. Өглөө эрт байсан учир бүх айлын үхэр харгана руу орчихсон байсан бөгөөд би үл таних нэг тооны улаан зүсмийн үхрийг нууцаар аргамж ашиглан барьж аваад Б.Д-д өгсөн юм. Тухайн үед Б.Д нь манай гэрээс 2 километр зайтай газарт үл таних хүний хамт ирээд үхрийг аваад явчихсан юм. Би тухайн үхрийг өгөхдөө өөрийн эзэмшлийн үхрээс барьж өгч байна гэж хэлээд өгч явуулсан. Би тухайн үхрийг Б.Д-д мотоциклын өрөнд өгөх зорилгоор хулгайлсан бөгөөд хулгайлж авсан үхрийг Б.У гэдэг хүний эзэмшлийн үхэр гэдгийг мэдээгүй. ...Би Б.Уд учирсан хохирлыг бүрэн гүйцэд төлж барагдуулсан. Хохирогчоос уучлалт гуйж, эвлэрсэн. Одоо ямар нэгэн хохирол байхгүй. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Тыг яллагдагчаар татаагүй байхдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын эрх зүйн байдлыг тодорхойлсон хуулийн агуулгыг буруугаар ойлгон, гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, Л.Таас гэрчийн мэдүүлгийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр /хх-ийн 36-р тал/ авсан бөгөөд шүүгдэгч Л.Тыг өөрийнх нь үйлдсэн хэрэгт гэрчээр байцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан “яллагдагч ... мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй”, “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг хааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно ...” түүнчлэн Монгол Улсын Олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 (g) хэсэгт заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийгөө буруутай гэж хүлээхийг албадан тулгахгүй байх” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд мөрдөх ёстой Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг зөрчсөн үйлдэл тул мөрдөн шалгах ажиллагаа хууль болон олон Монгол Улсын Олон улсын гэрээнд нийцээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна гэж дүгнэж шүүгдэгч Л.Тын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлээгүй болно.

“Увс Финанс Аудит” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 212 дугаартай “...2020 оны 7 дугаар сарын байдлаар Увс аймгийн Улаангом суманд 4 настай эр үхрийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.000.000 төгрөг болохыг тотдорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 45-р тал/-ээр тухайн 4 настай эр үхэр 1.000.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Т нь хохирогч Б.Угийн 1.000.000 төгрөгийн үнэтэй, 1 тооны эр үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Л.Т-ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Т нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

2. Шүүгдэгч Л.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Л.Т нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Т нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ч.Лын өгсөн “...Миний хүү Л.Т нь одоо эхнэр Нансалмаа болон хүү Т.Наранмандах, Т.Төрмандах, охин Т.Урнаа нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 50 гаруй бод мал, 100 гаруй бог мал маллаж амьдардаг юм. Тодорхой эрхэлсэн ажилгүй, ямар нэгэн унаа уналга байхгүй. Зан байдлын хувьд манай хүү Л.Т нь даруухан, ямар нэгэн илүү дутуу ааш зан, муу зуршилгүй, архи ууж тамхи татдаггүй. Мөн ах дүү хамаатан садан дундаа нэр хүндтэй хүүхэд юм. Мөн манай хүүгийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн өвдөж зовуурилах өвчингүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/, гэрч М.Н-ийн өгсөн  “...2017 онд бид хоёр танилцаад хамтран амьдрах болсон. Одоогоор бид хоёр дундаасаа хүү Т.Наранмандах, Т.Т, охин Т.У нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 50 гаруй бод мал, 100 гаруй бог мал маллаж амьдардаг юм. Бид хоёрт одоогоор ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажил байхгүй, ямар нэгэн унаа уналга байхгүй. Зан байдлын хувьд манай нөхөр Л.Т нь даруухан, ямар нэгэн илүү дутуу ааш зан, муу зуршилгүй. ... Мөн манай нөхрийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн өвдөж зовуурилах өвчингүй” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Хохирогч Б.У нь шүүгдэгч Л.Т-аар 1 тооны үхрийн үнийг төлүүлж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тодорхойлолт /хх-ийн 92-р тал/-ыг шүүхэд ирүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 600.000 төгрөгийн үнэ бүхий 3 настай, шар хээр морийг хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, хазаар, тохом, суран бугуйл, олсон цулбуур нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад худалдан борлуулах боломжгүй болж элэгдсэн тул улсын яллагч шүүгдэгчид буцаан олгох санал гаргасныг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Т овогт Л-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-д 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Л.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, хазаар, тохом, суран бугуйл, олсон цулбуурыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 600.000 төгрөгийн үнэ бүхий 3 настай, шар хээр морийг хурааж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Т-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ГАНСҮХ