Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 51

 

 

Я.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолтой, Я.Б-д холбогдох, 2035000000130 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг хохирогч А.Б-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Я.Б, хохирогч А.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 20-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 9Б-24 айл 113 тоотод оршин суух урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан Б овогт Я.Б /РД:......./.

Шүүгдэгч Я.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.Б-гийн зүүн гарын бугалга хэсэгт хутгалж, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б ургийн овогт Я.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-д 765 /долоон зуун жаран тав/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 765.000 /долоон зуун жаран таван мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Я.Б-ын цагдан хоригдсон 31 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон торгох ялаас нь хасаж, эдлэх торгох ялыг 300.000 төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан өдрөөс эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч А.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А овогтой Б миний бие гэр орондоо байж байгаад Я овогтой Б-д хутгалуулж эмнэлгийн байгууллагад хандаж оёдол тавиулсан бөгөөд шүүхэд гомдол гаргасан ба шүүх хурал 2020 оны 9 дүгээр сарын 25-нд болж, шүүх хурлаар 765.000 /долоон зуун жаран тав/ төгрөгөөр торгох шийдвэр гаргасныг 2020 оны 10 дугаар сарын 05-нд бичгээр хүлээн авлаа. Удаа дараа хэрэг хийж байгаа хүн дандаа торгуулаад салаад байдаг нь миний хувьд хуульд нийцэх үү гэдэгт эргэлзэж байна. Үүнээс гадна би зөндөө өвдөж зовж эм тариа хэрэглэж, бас сэтгэл санааны хохирол амсаж байхад шүүхийн шийдвэр дээр хохирол гаргах шаардлагагүй гэж бичсэнд гомдолтой байна. Иймд миний гомдлыг барагдуулж 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж өгнө үү. Шийдэхгүй бол дараагийн шатны шүүхэд гомдол гаргах болно” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч өөрт учирсан хохирлыг гаргуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Я.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас А.Б-гийн биед хөнгөн хохирол учирсан байдаг.

А.Б-д учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд өнөөдрийн байдлаар бүрэн эдгэрсэн боловч хохирогч А.Б-гийн хувьд группэд байдаг, өөрийгөө илэрхийлэх байдал дутмаг, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй. Шүүгдэгч Я.Б нь анхан шатны шүүх хуралдаанд хохирлоо төлсөн гэж хэлсэн байдаг боловч А.Б-гийн хэлснээр түүнд ганц ширхэг бинт авч өгсөн бөгөөд А.Б өөрийн группийн мөнгөөр эмчилгээний эм тариа авч хэрэглэж, хэрэг гарсан өдөр цус болсон хувцсаа шатааж, мөн өөрийн группийн мөнгөөр хувцас авч өмссөн гэж хэлдэг. Захаас хувцас худалдаж авахад баримт өгөх боломжгүй гэж хэлсэн тул нотлох баримт гаргаж өгч чадахгүй байгаа. Хэргийн бодит байдлын хувьд Я.Б-ын хувьд амьдрал нь боломжийн, эцэг эх нь зах дээр бизнес наймаа эрхэлдэг хүмүүс байдаг. Шударга ёсны зарчмын Я.Б нь хохирогч А.Б-д ядаж хувцасны хохирлыг төлөөд өгчихсөн бол шүүгдэгч гэмт хэрэгт гэмшиж байгаа нөхцөл байдал харагдах байсан юм болов уу гэж бодож байна.

Хохирогч нь шүүгдэгч Я.Б-с нэг ч төгрөг аваагүй ба эдийн засаг болон эрүүл мэндийн хувьд хохирсон тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Хохирогч А.Б нь группэд байдаг бөгөөд Улаанбаатар хот руу явж группээ сунгуулж, Увс аймагт амьдардаг. Уг гэмт хэрэг гарах үед хэргийн газарт байсан хохирогч А.Б-гийн төрлийн дүү болох Уянгад гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтуудыг авч ирээч гэж удаа дараа хандаж байсан боловч ямар нэгэн нотлох баримт авч ирээгүй. Хохирогч А.Б гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтын талаар ойлгож мэдэж өгдөггүй. Гэхдээ хохирогч А.Б-гийн хэлж байгаагаар өөрийнхөө группийн мөнгөөр эм тариа худалдан авсан, бас тухайн гэмт хэрэг гарах үед цус болсон хувцсыг шатааж шинэ хувцас худалдаж авсан гэдэг. Хохирогч А.Б-гийн амбулаториор эмчлүүлэгчийн карт хавтаст хэргийн 37-38 дугаар талд байгаа. Ийм учраас шүүхээс тодорхой хэмжээгээр хохирогч А.Б-гийн хохирлыг шүүгдэгч Я.Баас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул би эрүүгийн 2035000000130 дугаартай, шүүгдэгч Я.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.Б-гийн зүүн гарын бугалга хэсэгт хутгалж, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт хохирогч А.Б-гийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргаж байна.

Шүүгдэгч Я.Б-ын дээрх үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б ургийн овогт Я.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч А.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-д 765 /долоон зуун жаран тав/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 765.000 /долоон зуун жаран таван мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч А.Б өмгөөлөгчийн хамт оролцож гомдол, хүсэлтээ гаргахдаа шүүгдэгч Я.Баас 5.000.000 /таван сая/ төгрөгийн хохирол нэхэмжилсэн байдаг. Гэвч хавтаст хэрэгт болон анхан шатны шүүх хуралдаанд хохиролтой холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймээс анхан шатны шүүхээс тухайн нэхэмжилсэн 5.000.000/ таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-д хөнгөн хохирол учирсан. Гэвч тухайн хөнгөн хохирол нь хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй гэмтэл буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 /нэг/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаа өнгөрч гэмтэл нь эдгэрч хохирогчийн эрүүл мэнд хэвийн байдалдаа орсон тул хохирлыг гаргаж шийдвэрлээгүй. Мөн хохиролтой холбоотой ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байсан. Ийм учраас анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тулгуурлаж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор хийсэн байна гэж прокуророос дүгнэж байна. Анхан шатны шүүхийн 147 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Я.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт байрлах иргэн А.У-гын гэрт хохирогч А.Б-гийн зүүн гарын бугалга хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд “зүүн бугалгад хатгагдсан шарх, зүүн бугалгад цус хуралт “бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12 дугаар тал/, болон гэрч А.Уянга /хх-ийн 20-22 дугаар тал /, хохирогч А.Б /хх-ийн 18-19 дүгээр тал/ нарын мэдүүлгүүд, шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 521 дүгээртэй дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Я.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогч А.Б давж заалдах шатны шүүхэд  “Удаа дараа хэрэг үйлдэж байгаа хүн торгуулийн ял авсан нь хуульд нийцсэн эсэхэд эргэлзэж байна. Мөн тухайн үед эм тариа хэрэглэж, сэтгэл санааны хохирол амсаж байхад шүүх хохирол гаргах шаардлагагүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна“ гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчилсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Я.Б-д торгох ялын санкцийг сонгож, торгуулийн хэмжээг 765 /долоон зуун жаран тав/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 765.000 /долоон зуун жаран таван мянга/ төгрөгөөр тогтоож, өмнөх тогтоолоор болон энэ тогтоолоор оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл  тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд таван сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хохиролтой холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн атлаа, мөн агуулгын хувьд өөр буюу хохирогчийн биед гэмтэл учирснаас хойш 1 сар 25 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул хохирогчийн биед учирсан гэмтэл эдгэрсэн буюу хэвийн байдалд орсон гэж үзэх тул цаашид эмчилгээ хийлгэх, түүнтэй холбоотой зардал гарахгүй гэх дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар тодорхойлсон ба мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Я.Б хохирогч А.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсны улмаас оношилгоо, эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан шууд зардал болон мөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс учирсан эд хөрөнгийн хохирол буюу үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцох бөгөөд  хохирогч энэхүү хохирол / зардал/-оо нотлох баримтад үндэслэн нэхэмжлэх эрхтэй,  хохирогчийн энэхүү эрхийг түүний эрүүл мэндэд учирсан гэмтэл эдгэрсэн буюу хэвийн байдалд орсон гэх байдлаар шүүхээс хязгаарлах үндэслэлгүй болно.

Иймд хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хангах үүднээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолын 6 дугаар заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан хохирогч А.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан ,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

                                                                                                Д.ЖАМБАЛСҮРЭН