Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Хохирогч: А.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батгэрэл,

Шүүгдэгч: Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Яийн Б-д холбогдох эрүүгийн 2035000000130 хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 20-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 9Б-24 айл 113 тоотод оршин суух урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан Б овогт Яийн Б .

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Я.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.Бгийн зүүн гарын бугалга хэсэгт хутгалж, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Я.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Я.Б нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Бгийн зүүн гарын бугалга хэсэгт хутгалсан болох нь:

Хохирогч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дүү А.У болон түүний хүүхэд, мөн дүү А.У-ын хамтран амьдрагч Я.Б нарын хамт хамт А.У-ын гэрт байсан юм. Би тэр өдөр А.У-ын хүүхдийг харж гэртээ өнжсөн. Харин А.У, Я.Б хоёр өдөр гэрээс гараад гадуур явж байгаад орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн ба тэр хоёр хоёулаа архи уусанд байдалтай, А.У бага зэргийн согтуу, Я.Б нь нэлээн их согтсон байдалтай ирсэн юм. Би өдөр хийсэн хоолоо халааж өгөхөөр болсон. Тэр үед Я.Б надад уурлаад “энэ чиний гэр биш, А.У-ийн гэр, чи зайл” гэж надад дахин дахин хэлээд байсан юм. Тэгээд би хоолоо халаагаад Я.Бад өгөхөд надад “энэ балиар хоолоор чинь яадаг юм” гээд аягатай хоолоо над руу шидсэн юм. Тэгэхээр нь би гэрээс гараад цагдаад дуудлага дуудна гэж Я.Бад хэлэхэд тэр миний араас гарч ирээд яахаараа цагдаа дууддаг юм гээд миний хоолойг гараараа боохоор нь би арай гэж тэрнээс биеэ холдуулаад түүнээс салж, гэр рүү ороод гэрийн хаалга дотроос нь цоожилсон юм. А.У-н гэрийн хаалганы нэг талын цонх байдаггүй, онгорхой байсан учраас Я.Б хаалгаар гараа орууулаад гэрийн хаалга онгойлгосон юм. Тэгэхээр нь би айгаад баруун талын матрас дээр суусан юм. Тэр үед Я.Б орж ирээд хоолны шкафны нүд онгойлгоод дотор нь байсан хутгыг аваад “алнаа” гэж хэлээд гартаа байсан хутгаараа миний гарын булчин хэсэгт хутгалсан юм. Тэгээд миний хутгалагдсан гарнаас бүлээн болох мэдрэмж төрөөд цус гараад эхэлсэн тул би цусаа хараад ухаан алдсан юм. Хэсэг хугацааны дараа А.У намайг татаж сэрээсэн юм. Дахиад ухаан алдаад сэрэхэд эмнэлгийн хүмүүс ирсэн байсан юм. Тэгээд би хутгалуулсан гараа эмнэлэгт очиж эмчлүүлж, оёдол тавиулсан юм. Одоо миний хутгалуулсан гарын хэсэг тухайн гар талын дал нурууны хэсгээр өвдөөд байна. ... Би ямар ч байсан Я.Б-аар хутгалуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардлаа Я.Б-аар гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

Гэрч А.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний нагац ах А.Б 2020 оны 7 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотоос ирээд манай гэрт байсан. 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хамтран амьдрагч Я.Б-тай хамт гадуур гарсан ба хүүхдээ А.Б ахад үлдээгээд гарсан. Бид хоёр архи ууж байгаад буцаад гэрт 20 цагийн үед ирсэн. Бид хоёрыг ирэхэд А.Б ах миний хүүтэй цуг унтаж амрах гээд байж байсан. Я.Б ах руу уурлаад “эндээс зайл” гэх зэргээр хэлж эхэлсэн. Түүний хэлсэн ярьсан зүйлийг А.Б ах бид хоёр тоохгүй чимээгүй сонсоод байсан ба А.Б ах Я.Б-ад хоол халааж өгөхөд хоолыг харчихаад “идэхгүй” гэж уурлаад аягатай хоолоо шидсэн ба босож ахын цүнхтэй хувцсыг гэрээс гаргаж шидээд “одоо зайл” гээд уурлаад байсан. Үүнээс болоод А.Б ах болон Я.Б нар хоорондоо маргалдаж нэгэндээ уурласан. Тэр үед ах А.Б Я.Бад “би дүүгийнхээ гэрт байна” гэсэн чинь Я.Б “энэ гэр А.Уагийн гэр, чи төрөл садан руугаа яв” гээд байсан. Тэгтэл ах утсаа аваад “цагдаа дуудна” гээд гартал араас нь Я.Б “яасан их цагдаа дууддаг юм” гээд гарсан. Тэр хоёр гадна гараад юу болсныг хараагүй боловч гэрийн гадна А.Б ах орилоод “боож байна” гээд байсан. Удалгүй ах гаднаас гэр рүү орж ирээд хаалга дотроос нь түгжсэн. Араас нь Я.Б хаалганы гадна ирээд цонхны онгорхой хэсгээр гараа оруулаад хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэр үед би хүүхдэдээ нөгөө хоёрыг харуулахгүй гэж бодоод буруу харж суугаад хүүхдээ хөхүүлж байсан. Тэгтэл гэнэт А.Б ах уйлж байгаа юм шиг эвгүй дуугараад “намайг хутгалчихлаа” гэж орилсон. Би эргэж харахад А.Б ах тэр чигтээ цус болсон байсан. Харин Я.Б “хутга барьчихсан зогсож байсан” би тухайн байдлыг хараад орилсон чинь Я.Б над руу гүйхээр нь намайг хутгалах гэж байна гэж бодоод хүүгээ тэвэрсэн чигтээ газарт унасан. Тэгтэл Я.Б хутгаа голын орны араар шидчихээд гэрээс гараад явсан. Би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Би А.Б ах руу очиход ахын зүүн гарын булчин хэсэг зүсэгдсэн байдалтай цус гараад тогтохгүй байсан. Би цусыг тогтоох гээд хөвөнд спирт шингээж дарж тавьсан боловч цус тогтохгүй, хөвөнг нэвтэрч гарч ирээд байсан. Тэр үед цагдаа ирж байсан ба би хутгыг орны араас аваад шкаф дээр тавьсан. Цагдаа эмч нар ирээд анхны тусламж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 21-22-р тал/,

Шүүгдэгч Я.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр би хамтран амьдрагч А.У-ын хамт гадуур явж жаахан архи уучхаад Улаангом сумын 6-р багийн нутаг Улиасны хэвд байдаг гэрт нь 20 цагийн үед ирсэн юм, тэр үед миний хамтран амьдрагч А.У-ын төрсөн ах А.Б тэднийд байсан юм. Тэгээд намайг ирсний дараа хадам ах А.Б нь юу ч болоогүй байхад чамайг цагдаад дуудаж өгнө гэж хэлээд гар утсаа авсан. Тэгэхээр нь гар утсаа надад өг гэж А.Б-д хэлэхэд надад өгөхгүй байсан ба цагдаа дуудна гээд гэрээс гарсан юм. Би араас нь гарахад А.Б хашааны ар талд гар утсаар цагдаа руу залгах гэж байсан юм. Намайг яваад очиход надаас зугтаад гэр рүү орсон бөгөөд араас нь гэр рүү явж ороод хоолны шкаф дээр байсан шар иштэй ногооны хутга байсныг би аваад гартаа бариад... Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн “Үзүүлэгч А.Б-ийн биед зүүн бугалгад хатгагдсан шарх, зүүн бугалгад цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн бугалгад хатгагдсан шарх, зүүн бугалгад цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 521 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/-ээр хохирогч А.Б-гийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Я.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориудаар хутгалж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч А.Б-гийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Я.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Я.Б-аас нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах” гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэлд хамруулна гэж заасан байна. Хохирогч А.Б-гийн бие махбодид 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд түүнээс хойш 1 сар 25 хоног өнгөрсөн тул уг гэмтлийг хэвийн байдалд /эдгэрсэн/ орсон гэж үзэх тул цаашид эмчилгээ хийлгэх, түүнтэй холбоотой зардал гарахгүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Я.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Я.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Б урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай тогтоол /хх-ийн 91-105-р тал/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 107-111-р тал/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэж эхлээгүй байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Г.Я-ийн өгсөн: “Я.Б нь миний хоёр дахь хүү юм. Миний хүү Я.Б нь өөрт байсан зүйлээ ямар ч хүнд харамгүй өгдөг, хүнд тусархаг цайлган зантай, сургуульд байхдаа хүүхэд зодож зөрчил, гэмт хэрэг үйлдэж байгаагүй, даамын спортын мастер, архи дарс уудаггүй байсан. А.У гэдэг бүсгүйтэй хамт амьдардаг болсноос хойш түүнтэй хамт архи дарс уудаг болсон, гэрээсээ, дэлгүүрээсээ янз бүрийн зүйлийг шууд аваад л явдаг болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/, гэрч Л.Н /Увс аймаг дахь Цагдаагийн газрын НХЖХТ-ийн хэсгийн байцаагч/-ийн өгсөн: “...Миний хариуцан ажилладаг Улаангом сумын 3-р баг буюу Саруул-Өргөө байрны 116-р тоотод Я.Б нь оршин суудаг. Я.Б нь хэнэггүй зантай, аав ээжийнхээ үгэнд ордоггүй, урьд өмнө нь удаа дараа зөрчил гаргаж шалгагдаж байсан, засран хүмүүжихдээ муу хүн юм. Түүний эцэг эх нь хяналт болон анхаарал халамж муутай хүмүүс юм. Сүүлийн үед хотоос ирсэн А.У гэдэг эмэгтэйтэй хамт байгаад байдаг болсон ба тэр А.У гэх эмэгтэй нь ч Я.Б-ын адил архи уудаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/, гэрч Ш.Ү-ийн өгсөн “...Миний хүү Я.Б нь багадаа даруухан төлөв зантай хүүхэд байсан юм. Сүүлийн үед зан ааш нь эвдэрч “ална, сүйтгэнэ” гэсэн үгтэй хүн болсон. Бид нарын хувьд сүүлийн үед айдас түгшүүртэй байна. Миний хүү А.У гэдэг эмэгтэйтэй нийлснээс хойш зан ааш нь эвдэрч, архи дарс уудаг болсон юм. Гэртээ байсан үедээ гэрийнхээ болон өөрийнхөө хувцас хунарыг угаагаад ажил төрөл хийгээд байдаг байсан хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч эдэлж эхлээгүй байгаа, түүний хувийн байдлыг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Я.Б нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ЦХШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжаар 31 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Я.Б-ын цагдан хоригдсон 31 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон торгох ялаас нь хасаж тооцох үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн бор шаргал хуванцар бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Я.Бад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Яийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бад 765 /долоон зуун жаран тав/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 765.000 /долоон зуун жаран таван мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Я.Б-ын цагдан хоригдсон 31 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон торгох ялаас нь хасаж, эдлэх торгох ялыг 300.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/125 шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэж дууссан өдрөөс эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног хорих ялаар, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хохирогчийн 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал хуванцар бариултай хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Я.Б урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ГАНСҮХ