Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2020/01239

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2020/01239

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У*******-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******-ийн бие даасан шаардлагатай,

Талуудын хооронд байгуулагдсан №2018/000287/1431 тоот Цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5 566 418.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Иргэн ******* нь тус банктай 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр № 2018/000287/1431-н тоот Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 6,500,000.00 (зургаан сая таван зуун мянган) төгрөгийн зээлийг, сарын 1,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, кредит картын зээл хаах зориулалтаар авсан. Зээлдэгч ******* нь №2018/000287/1431-н тоот Цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч ******* нь Цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч нь 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээл: 4 988 088.19 (дөрвөн сая есөн зуун наян найман мянга наян найман төгрөг, арван есөн мөнгө) төгрөг; Зээлийн үндсэн хүү: 578 330.01 (таван зуун далан найман мянга гурван зуун гучин төгрөг, нэг мөнгө) төгрөг; Нэмэгдүүлсэн хүү: 6 274.28 (зургаан мянга хоёр зуун далан дөрвөн төгрөг, хорин найман мөнгө) төгрөг;

Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулагдсан № 2018/000287/1431-н тоот Цалингийн зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцалж, хариуцагч *******гаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5 566 418.20 (таван сая таван зуун жаран зургаан төгрөг дөрвөн зуун арван найман төгрөг, хорин мөнгө) төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр болох 104 012.69 (нэг зуун дөрвөн мянга арван хоёр төгрөг, жаран есөн мөнгө) төгрөгийг тус тус гаргуулж, Худалдаа, хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Худалдаа хөгжлийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч худалдаа хөгжлийн банкны Орхон салбараас цалингийн зээлийн гэрээ байгуулсан боловч уг зээлийн гэрээг олгох зээлийг бусад зээл болон бусдын зээлийг төлүүлэх зорилгоор зээл олгосон бичиг мэтээр баримт бүрдүүлсэн. Нөгөө талаас зээлийн дансанд шилжүүлсэн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дарааллыг хууль зөрчиж суутгасан авсан гэж үзэж байна. Мөн зээл олгох гэх нэрийн дор миний зөвшөөрөлгүйгээр элдэв шимтгэл, суутгал, даатгалын хураамж суутгаж авсан.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Миний бие ******* нь өөрийн хамт ажиллаж байсан танил эгч *******гийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний батлан даагчаар оролцож гэрээнд гарын үсэг зурсан ба миний бие түүний зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Гэтэл Худалдаа хөгжлийн банк нь миний цалингийн 407211914 дугаартай данснаас 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн хооронд нийт 962 000 төгрөгийг зөвшөөрөлгүй авсан. Энэ нь намайг шүүхийн шийдвэрийн дагуу *******гийн зээлийг төлөх шийдвэр гараагүй байхад авсан тул миний бие буцаан Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулан авах хүсэлтэй байна. Худалдаа хөгжлийн банк уг мөнгөө тэр зээлдэгчээсээ гаргуулан авах боломжтой байгаа тул миний бие худалдаа хөгжлийн банкнаас гаргуулан авах хүсэлтэй байна. Иймээс Худалдаа хөгжлийн банкнаас миний цалин, хөдөлмөрийн хөлснөөс авсан 962 000 төгрөгийг гаргуулан надад буцаан олгуулж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь *******д холбогдуулан №2018/000287/1431 тоот Цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5 566 418.20 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага,

******* нь Худалдаа хөгжлийн банкнаас 962 000 төгрөг гаргуулахаар бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч ******* нь Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2018/000287/1431 дугаартай Цалингийн зээлийн гэрээ байгуулан 6 500 000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, кредит карт хаах, хүүхдийн хичээлийн бэлтгэлийн зориулалтаар авсан байх ба уг зээлийг *******гийн Худалдаа хөгжлийн банкны 407194089 дугаартай дансанд шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк дээрх хууль, гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч мөн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч, *******г 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй гэсэн байх ба хариуцагчийн төлөөлөгч энэ талаар маргаагүй бөгөөд хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 225.2.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.

Хариуцагч ******* нь 2019 оны 02 дугаар сараас эхлэн зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр: ...уг зээлийг хамтран амьдрагч Баяржаргалын зээлийг хаах зориулалтаар өгсөн, өөрөө авч захиран зарцуулаагүй, ашиглаагүй, Баяржаргалын зээл хаагдсан байгаа гэж мэтгэлцсэн бөгөөд хэргийн 85 дугаар хуудас дахь *******гийн 407194089 дугаартай дансны хуулгаас үзэхэд хариуцагч нь 6 500 000 төгрөгийн зээлээ аваад цалингийн зээл 3 867 244,04 төгрөгийг хаасан, мөн өөрөө 1 014 342,93 төгрөгийн төлөлт хийсэн, Баяржаргалаас зээл төлөлт гэж 600 000 төгрөг төлөгдсөн, мөн 940 000 төгрөгийг *******д олгосон төлөвтэй байна. Тиймээс хариуцагчийн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын тухайд: ******* нь *******гийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний батлан даагчаар оролцож гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие түүний зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Гэтэл Худалдаа хөгжлийн банк нь миний цалингийн 407211914 дугаартай данснаас 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн хооронд нийт 962 000 төгрөгийг зөвшөөрөлгүй авсан. Шүүхийн шийдвэрээр *******гийн зээлийг төлөх шийдвэр гараагүй байхад авсан. Иймд Худалдаа хөгжлийн банкнаас миний цалин, хөдөлмөрийн хөлснөөс авсан 962 000 төгрөгийг гаргуулан надад буцаан олгуулж өгнө үү гэсэн.

Худалдаа хөгжлийн банк нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, харин *******ийн данснаас 962 000 төгрөгийг авсан гэдэгтэй маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1.-д Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно, 234.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ, 234.4.-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэжээ.

Гуравдагч этгээд ******* нь Худалдаа хөгжлийн банктай 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр *******гийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Цалингийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахаар уг гэрээнд баталгаа гаргаж Баталгааны гэрээ байгуулсан байна.

Баталгааны гэрээний 3.1.-д Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу Банкнаас зээлсэн мөнгөн хөрөнгө, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадна гэсэн баталгааг Баталгаа гаргагч нь гэрээнд гарын үсэг зурж Банкны өмнө гаргаж байгаа болно, Гэрээний 3.2.-т Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу Гэрээний 3.1.-д заасан төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд Баталгаа гаргагч нь уг төлбөр болон түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлнө, Гэрээний 4.2.1-д Зээлдэгч нь банкнаас авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй тохиолдолд Гэрээнд заасан нөхцлийн дагуу уг төлбөрийг өөрийн хөрөнгөөр Банкинд үл маргах журмаар төлнө гэжээ.

Мөн Баталгааны гэрээний 5.1.1.-д Зээлдэгч Зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй бол Зээлийн гэрээний үүргийг Баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардах, 5.1.2.-т Зээлдэгч Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баталгаа гаргагчийн хөрөнгөөс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний өр төлбөрийг үл маргах журмаар шилжүүлэн авч зээл, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг барагдуулах, 5.1.3.-т Баталгаа гаргагч Гэрээний 4.2.1.-т заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол Зээлдэгчийн зээл, нэмэгдүүлсэн хүүг Баталгаа гаргагчийн харилцах, хадгаламжийн /хугацаатай хадгаламжнаас суутгах тохиолдолд хадгаламж хүүг хугацаа алдалтын хүүгээр тооцох/ данснаас үл маргах журмаар гаргуулан авахаар тохиролцож гэрээ байгуулжээ.

Гуравдагч этгээд нь зээлдэгчийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн харилцах болон хадгаламжийн данснаас зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг суутган авахыг зөвшөөрч гэрээ байгуулсан байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 012.69 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжаар 104 012.69 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 638 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйдийн 453.1., 225 дугаар зүйлийн 225.1., 225.2.-д заасныг тус тус баримтлан Худалдаа хөгжлийн банк, ******* нарын хооронд байгуулагдсан №2018/000287/1431 тоот Цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *******гаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5 566 418.20 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банканд олгосугай.

2. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1., 234.4.-т заасныг тус тус баримтлан *******ийн Худалдаа хөгжлийн банкнаас 962 000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 012.69 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 104 012.69 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 638 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШЗ2020/04839 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА