Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 105

 

.............банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй, хариуцагч М..............д

 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00898 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: .............банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М..............д холбогдох,

Зээлийн төлбөр 1.550.249.06 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгө болон дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дамбаравжаа, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч .............банк ХХК-ийн Эрдэнэт салбарын захирал Ц.Булганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн М.............. нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус банктай №2017/000287/0028-н тоот Кредит карт эзэмших гэрээ, №2017/000287/0028-н тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 1.000.000.00 төгрөгийн зээлийн эрхийг, бэлэн мөнгө шилжүүлгийн гүйлгээнд сарын 3.0-н хувийн хүүтэй, худалдан авалтын гүйлгээнд сарын 2.0 хувийн хүүтэй, 24-н сарын хугацаатай зээлж авсан. Карт эзэмшигч нь карт эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ирсний улмаас 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар төлбөр нь 879.852.89 төгрөг, хүүгийн төлбөр 592.196.17 төгрөг, шүүхэд эрэн сурвалжлахад гарсан зардал 70.200 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 8.000 төгрөг, нийт 1.550.249.06 төгрөг. Карт эзэмшигч М.............. нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн зөрчлөө арилгах, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа болно. Иймд карт эзэмшигч М..............гаас картын эрхээс хэрэглэсэн төлбөр болох 1.550.249.06 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү? Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгө болон дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү? Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.754.00 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М.............. нь 2017 онд гэрээ байгуулж кредит карт авсан ба уг зээлээ 2018 онд төлж барагдуулан зээлийн гэрээг дуусгавар болгосон тул гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00898 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 452.2., 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч М..............гаас 1.438.173 төгрөг гаргуулан .............банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 112.075.17 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.754 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М..............гаас 37.961 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 898 дугаартай шийдвэрээр хариуцагчаас 1.438.173 төгрөг гаргуулж .............банкинд олгохоор шийдвэрлэсэн ба хариуцагчийн хувьд тус 879.852 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин үлдсэн 558.321 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан Кредит карт эзэмших гэрээ нь эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа, шаардах эрх үүссэн талаарх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж улмаар хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан гэрээг нарийвчлан зохицуулсан Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-24 дүгээр зүйлд заасны дагуу нхэмжлэгч зээлийн олгох ажиллагаа, зээлийн гэрээ, хүү тооцох нөхцөл, журмыг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн үнийн дүнгээс 558.321 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч .............банк нь кредит картны зээлийн төлбөр 1.550.249.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.Ганзориг “... хариуцагч кредит карт эзэмших гэрээ байгуулан авсан зээлээ 2018 онд төлж барагдуулж зээлийн гэрээг дуусгавар болгосон, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Шүүх хариуцагч М..............гаас төлбөр 1.438.173 төгрөг гаргуулж, үлдэх 112.075.17 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зээлийн хугацааг 541 хоногоор тооцсон нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагч М.............. нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч банктай “Кредит карт эзэмших гэрээ” байгуулж 1.000.000 төгрөгийн зээлийн эрх 24 сарын хугацаатай, бэлэн мөнгө шилжүүлгийн гүйлгээнд сарын 3.0 хувийн, худалдан авалтын гүйлгээнд сарын 2.0 хувийн хүүтэй зээлж авсан ба зээлийн хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тус банк 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч М..............гийн цалингийн зээлнээс 1.541.466.77 төгрөгийг шууд суутгаж кредит картны зээлийн дансанд шилжүүлсэн, 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч бэлэн мөнгөний гүйлгээ хийж 940.000 төгрөг авснаас хойш кредит картыг дахин ашиглаагүй, нэхэмжлэгч банк зээлийн хугацаа хэтрэлтийн шимтгэлийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тооцсон байх тул зээлийн хүүгийн хугацааг2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл буюу 365 хоногоор тооцох нь зүйтэй. /хх-ийн 44тал/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригын гаргасан “... Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-24 дүгээр зүйлд заасны дагуу нхэмжлэгч зээлийн олгох ажиллагаа, зээлийн гэрээ, хүү тооцох нөхцөл, журмыг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй ...” гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөр 879.852,89 төгрөг, зээийн хүү 321.146 төгрөг /879.852,89*3%*365 хоног/ нийт 1.200.999 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 349.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00898 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 452.2., 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч М..............гаас 1.438.173 төгрөг гаргуулан .............банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 112.075.17 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 452.2., 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч М..............гаас 1.200.999 төгрөг гаргуулан .............банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 349.250 төгрөг, хариуцагч сайн дураараа шийдвэрийг биелүүлээгүй бол эд хөрөнгө болон дансны орлогоос албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай ...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “... нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.754 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М..............гаас 33.374 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ