Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх  хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч З.Болдбаатар, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

иргэдийн төлөөлөгч Д.Бадамсүрэн,

улсын яллагч Б.Мөнх-Од,

шүүгдэгч Т.Жамъяншарав, түүний өмгөөлөгч Б.Билгүүн /ҮД:0448/,

хохирогч М.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ажилчны гудамж, 50 дугаар байрны 45 тоотод оршин суудаг, /РД:УУ90092234/ Гүен овогт Туулын Жамъяншаравт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021925 дугаартай 185/2017/0152/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Шүүгдэгч Т.Жамъяншарав танхайн сэдэлтээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2016 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай Трейд” шатахуун түгээх станцад “PGO BR150AN 3” маркийн 4 дугуйтай цасны мотоцикль ашиглан хохирогч М.Нарантуяаг дайрч санаатайгаар алахыг завдаж, түүний биед тархи доргилт, зүүн дунд чөмөгний доод булуу хэсгийн үхжил, зүүн өвдөгний үе, нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үе, нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгний зулгаралт зэргийн хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Жамъяншаравын: 2016 оны 7 дугаар сарын 5-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны бэлхийн “МТ” бензин колонк дээр Мөнхсайхан бид хоёр шөнийн 01 цагийн үед бензин авах гэж очсон. “PGO” маркийн 4 дугуйтай мотоцикльтой очсон. Би бие засчихаад ирэхэд Мөнхсайхан мөнгөө үлдээчихсэн байна гэсэн. Тэгээд түгээгч залууд утас, цагаа үлдээхээр ярьж байтал хохирогч болох Нарантуяа гарч ирээд тийм зүйл байхгүй гээд цагдаа дуудахаар орсон. Тэгэхээр нь би цагдаа дуудчихвал яах вэ утсаа үлдээчихээд явчих уу гэхэд түгээгч залуу наад эгчдээ хэлчихээд яв гэж байсан. Хохирогч гарч ирэхээр нь Мөнхсайхан та цагдаа дуудаагүй биз дээ бид хоёр явчихаад ирье гэхэд чи дуудаж чадахгүй гэж бодоод байна уу гээд Нарантуяа уурлаад хүрээд ирсэн. Хохирогч Нарантуяагаас гуйхад уурлаж байсан. Мобайл банкаар хийчихье гэхэд тийм зүйл байдаггүй юм гэсэн. Мөнхсайханд чи үлдчих би явчихаад ирье гэсэн. Тэгэхэд хохирогч урд талд зогсож байсан. Би зүүн талаар нь зай байсан болохоор нь хөдлөөд явахад эгч урдуур ороод түрэгдээд унасан. Тэгээд унахад нь би хойшоо ухраад зуслан руу явсан. Мөнхсайхан цагдаа хүрээд ирлээ би зохицуулчихъя гэсэн мессеж бичихээр нь би гайгүй юм байх гэж бодсон гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Нарантуяагийн: 2016 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд 4 дугуйтай мотоцикль унасан 2 залуу ирсэн. Манай эрэгтэй түгээгч гарч үйлчилсэн. Тэгэхэд тэр 2 залуу мөнгөө өгөхгүй байсан. 10-15 минут би байран дотроо харж зогсож байгаад  маргаан болох гэж байна гэж бодоод гарсан. Гараад очиход тэр хоёр залуу мөнгө байхгүй гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гээд буцаж орсон. Цагдаа дуудлаа гэвэл мөнгөө өгч магадгүй гээд хэсэг хүлээж байгаад гартал цагдаа дуудсан уу гээд Мөнхсайхан гэх залуу нь басамжлаад байсан. Анхнаасаа манай эрэгтэй түгээгчтэй юу ярьж байсныг нь би мэдэхгүй. Би явуулахгүй, мөнгөө өг гэдэг байр суурьтай л байсан. Тэгтэл нэг залуу нь мотоциклоосоо буугаад Жамъяншарав суугаад би тэгвэл чамайг дайрч ална гээд намайг дайрсан. Мотоциклийх нь урд байсан төмөрнөөс барьж ухарч явсаар байгаад унаад чирэгдсэн. Жамъяншарав мотоциклоо зогсоохоор нь холдох нь дээ гэтэл арагшаа ухраагаад зүүн гар тийшээ явсан. Хохиролд 5.000.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргээс: Мөрдөн байцаалтад гэрч Ц.Мөнхсайханы: ...Тэгээд ярилцаад байж байтал колонкийн дотуур байрнаас 40 гаран насны МТ шатахуун түгээгүүрийн дүрэмт хувцас өмссөн байсан эмэгтэй хүн гарч ирээд Жамъяншарав болон нөгөө түгээгч залуу бид гурав дээр ирээд яасан юу болсон юм бэ гэж хэлтэл нөгөө түгээгч залуу энэ хоёр 10.000 төгрөгөнд шатахуун авчихаад мөнгө байхгүй эд зүйлээ үлдээчихээд өглөө ирээд мөнгөө өгөөд авчихъя гээд байсан тэгтэл нөгөө эмэгтэй юу яриад байгаа юм тийм юм байхгүй нэг нь үлдээд нөгөө нь мөнгөө аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоциклоос буугаад Жамъяншарав мотоцикльдоо суугаад явах гэтэл нөгөө эмэгтэй явуулахгүй мотоциклийн урд зогсоод байсан. Тэгтэл Жамъяншарав шууд мотоциклийнхоо хаазыг нэмээд урагш явсан ба нөгөө түгээгч эмэгтэй хойшоо ухарч явсаар унасан. Тэгтэл Жамъяншарав мотоциклоо ухрааж маневр хийгээд хойшоогоо зуслан руу яваад далд орсон буцаж эргэж ирээгүй.  ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-127-129/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Отгон-Эрдэнийн: ...Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо бэлхийн эцсийн “МТ” шатахуун түгээх колонк дээр яваад очиход 40 орчим насны эмэгтэй хүн цэнхэр өнгийн дүрэмт хувцастайгаа колонкийнхоо байран дотор сандал дээр суучихсан байж байсан. Тэгээд тэр эгчээс за юу болсон бэ эгч ээ гэж асуухад 4 дугуйтай мотоцикльтой 2 залуу ирж шатахуун авчихаад мөнгөө өгөхгүй байсан гэсэн. Тэгэхээр нь тэр эмэгтэй мотоциклийх нь урд хааж зогсоод байж байтал нэг залуу нь шууд мөргөөд дээгүүр нь мотоциклоороо дайраад гарсан гэсэн ба бас жоохон чирэгдсэн гэж надад хэлсэн. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-97-98/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Булгантамирын: ...Сүхбаатар дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээгүүр дээрээ Нарантуяатай ээлжинд хамт гарсан. Тэгтэл оройны 23 цагаас 00:00 цагийн хооронд манай шатахуун түгээгүүр дээр саарал өнгөтэй 4 дугуйтай мотоцикль унасан дээгүүрээ ямар нэгэн хувцас өмсөөгүй мөн цээжин биеэрээ битүү шивээстэй 27, 28 орчим насны хоёр эрэгтэй хүн бензин түгээгүүр дээр ирээд мотоцикльтойгоо зогссон. …би гараад …тэр хоёр залууд хэдэн төгрөгөнд хийх вэ гэж асуутал 10 литр шатахуун хийчих гэж хэлээд хоёулаа мотоциклоосоо буугаад нойл руу яваад өгсөн. Тэгэхээр нь би 10 литр шатахууныг нь мотоциклийх нь банкинд хийж өгчихөөд буцаад ирэхээр нь тэр хоёрт мөнгөө өгөөрэй гэж хэлтэл нөгөө хоёр залуу надад хөгшөөн мөнгө байдаггүй ээ утсаа үлдээчихье гээд марк нь мэдэхгүй утас гаргаж ирж надад үзүүлээд өглөө ирээд мөнгөө өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй ээ гэж хэлээд мотоциклийг явуулахгүй байж байтал Нарантуяа эгч доторх байрнаас гарч ирээд юу болсон юм бэ яасан юм гэтэл би Нарантуяа эгчид энэ хоёрт мөнгө байхгүй гэнээ би шатахууныг нь хийгээд өгчихсөн юм тэгээд утсаа үлдээчихье гээд байна гэж хэлтэл Нарантуяа эгч нөгөө хоёр залууд юу яриад байгаа юм манайх ямар барьцааны байгууллага юм уу гэж хэлтэл нөгөө хоёр залуугийн арай махлагдуу биетэй залуу нь яасан сүртэй юм бэ эсхүл гэр лүү дагаж яваад авчих гэж хэлээд орилоод байсан. Тэр хоёр залуу нилээн согтолттой байсан ба Нарантуяа эгч нөгөө махлагдуу залууд нь чи тэгвэл найзыгаа мотоцикльтойгоо үлдээчихээд өөрөө гэрлүүгээ очиж мөнгөө авчихаад ир гэж хэлсэн. Тэгтэл нөгөө махлагдуу залуу би юу гэж алхаж явган явж байдаг юм гэж хэлээд шууд мотоциклоо асаасан. Тэгэхэд Нарантуяа эгч мотоциклийн урд тулж зогссон тэгэхэд нөгөө мотоциклоо асаасан залуу Нарантуяа эгчийг холд гэж хэлтэл Нарантуяа эгч үгүй холдохгүй гэж хэлэхэд нөгөө мотоцикль унасан залуу мотоциклийнхоо хаазыг нэмээд шууд Нарантуяа эгчийн өөдөөс мотоциклоороо түрээд урагш явахад Нарантуяа эгч хойшоо ухраагаар түрэгдэж ойролцоогоор 7, 8 алхам хойш түрэгдсээр хойшоо нуруугаар унаад өгсөн.Тэгэхэд нөгөө мотоцикль унасан залуу Нарантуяа эгчийг газарт унахад мотоциклоо зогсоохгүй урагш явсаар Нарантуяа эгчийн дээгүүр нь явсаар цээж хүртэл нь мотоциклоороо дайрчихсан. Харин Нарантуяа эгчийн толгой нь мотоциклийнх нь доороос цухуйчихсан ёо ёо гээд орилоод байсан. Тэгтэл нөгөө мотоцикль унасан махлаг залуу мотоциклоо хойш ухрааж Нарантуяа эгчийн дээрээс мотоциклоо гаргачихаад Нарантуяа эгчийг тойроод төв зам руу ороод хойш Сэлбэ зуслан руу хаазлаад алга болсон. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-134-136/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч А.Амгаланболдын: ...Зүүн дунд чөмөгний доод булуу хэсгийн үхжил гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа болно. Хохирогчид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл юм, учир нь шаант ясны түвшинд шаантны дотор давхралын доор 6,1x2, 2x7,9 см хэмжээтэй цус хуралттай байсан нь шинэ гэмтэл гэдэг нь тогтоогдож байна... ...Үе үүсгэгч гадаргууны мөгөөрслөг эдийн доорх ясны эд гэмтлийн улмаас бүтцээ алдах үйл явцыг үхжилт гэж хэлнэ. Үхжил нь анагаах ухааны ойлголтоор гэмтэл авсан тэр даруйдаа үүснэ. Хохирогч М.Нарантуяагийн зүүн дунд чөмөгний доод булуу хэсгийн үхжил нь 2016 оны 07 сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэмтэхэд үүсэх боломжтой... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-65-66, 101/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №9569 тоот:

1. М.Нарантуяагийн тархи доргилт, зүүн дунд чөмөгний доод булуу хэсгийн үхжил, зүүн өвдөгний үе, нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч А.Амгаланболд гэсэн дүгнэлт /хх-64/,

 

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/, хохирлын баримтууд /хх-19-21/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-32/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-33/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-34-35, 118-123/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-36-41/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-42/, “Мега Марз” ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээний тайлан /хх-148-149/, хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-196/, иргэний нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг /хх-

Шүүгдэгч Т.Жамъяншаравын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-78/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-79/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-81-85/, шүүгдэгч Т.Жамъяншаравын сэтгэцийг шалгасан Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-165-166/ зэрэг цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Жамъяншаравын: ...Мөнхсайханд чи үлдчих би явчихаад ирье гэхэд хохирогч урд талд зогсож байсан. Би зүүн талаар нь зай байсан болохоор хөдлөөд явахад эгч урдуур ороод түрэгдээд унасан. Тэгээд унахад нь би хойшоо ухраад зуслан руу явсан. Би дайрч ална гэж хэлээгүй ээ. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Нарантуяагийн: ...Анхнаасаа манай эрэгтэй түгээгчтэй юу ярьж байсныг нь би мэдэхгүй. Би явуулахгүй, мөнгөө өг гэдэг байр суурьтай л байсан. Тэгтэл нэг залуу нь мотоциклоосоо буугаад Жамъяншарав суугаад би тэгвэл чамайг дайрч ална гээд хөдлөхөөр нь би явуулахгүй гээд мотоциклынх нь урд байсан хөндлөн төмөрнөөс барьж ухарч явсаар байгаад 4 дугуйных нь хооронд чирэгдсэн.  …гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргээс, мөрдөн байцаалтад гэрч Ц.Мөнхсайханы: ...тэгтэл нөгөө эмэгтэй юу яриад байгаа юм тийм юм байхгүй нэг нь үлдээд нөгөө нь мөнгөө аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоциклоос буугаад Жамъяншарав мотоцикльдоо суугаад явах гэтэл нөгөө эмэгтэй явуулахгүй мотоциклийн урд зогсоод байсан. Тэгтэл Жамъяншарав шууд мотоциклийнхоо хаазыг нэмээд урагш явсан ба нөгөө түгээгч эмэгтэй хойшоо ухарч явсаар унасан. Тэгтэл Жамъяншарав мотоциклоо ухрааж маневр хийгээд хойшоогоо зуслан руу яваад далд орсон буцаж эргэж ирээгүй.  ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-127-129/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Булгантамирын: ...Нарантуяа эгч нөгөө махлагдуу залууд нь чи тэгвэл найзыгаа мотоцикльтойгоо үлдээчихээд өөрөө гэрлүүгээ очиж мөнгөө авчихаад ир гэж хэлсэн. Тэгтэл нөгөө махлагдуу залуу би юу гэж алхаж явган явж байдаг юм гэж хэлээд шууд мотоциклоо асаасан тэгэхэд Нарантуяа эгч мотоциклын урд тулж зогссон тэгэхэд нөгөө мотоциклоо асаасан залуу Нарантуяа эгчийг холд гэж хэлтэл Нарантуяа эгч үгүй холдохгүй гэж хэлэхэд нөгөө мотоцикл унасан залуу мотоциклийнхоо хаазыг нэмээд шууд Нарантуяа эгчийн өөдөөс мотоциклоороо түрээд урагш явахад Нарантуяа эгч хойшоо ухраагаар түрэгдэж ойролцоогоор 7, 8 алхам хойш түрэгдсээр хойшоо нуруугаар унаад өгсөн. Тэгэхэд нөгөө мотоцикль унасан залуу Нарантуяа эгчийг газарт унахад мотоциклоо зогсоохгүй урагш явсаар Нарантуяа эгчийн дээгүүр нь явсаар цээж хүртэл нь мотоциклоороо дайрчихсан.  ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-134-136/, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт хийсэн үзлэгээр шүүгдэгч Т.Жамъяншарав Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д заасан хохирогч М.Нарантуяаг танхайн сэдэлтээр санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Т.Жамъяншарав 2016 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай Трейд” шатахуун түгээх станцаас унаж явсан “PGO BR150AN 3” маркийн 4 дугуйтай цасны мотоцикльдоо бензин авч төлбөр тооцоогоо хийх талаар маргаж, унаж явсан цасны мотоциклоо асаахад хохирогч М.Нарантуяа уг тээврийн хэрэгслийн урд тал гарч голын төмөрнөөс барьж явуулахгүй гэхэд нь хөдлөхөд улмаар хохирогч түрэгдэн арагш явж буй нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Мөнхсайханы мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байгаа боловч хохирогч М.Нарантуяа, мөрдөн байцаалтад гэрч Ш.Булгантамирын мэдүүлгээр хохирогч нь уг тээврийн хэрэгслийн доогуур унаж чирэгдсэнээс тархи доргилт, зүүн дунд чөмөгний доод булуу хэсгийн үхжил, зүүн өвдөгний үе, нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үе, нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгний зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ¹9569 тоот дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.Жамъяншаравын үйлдлийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан “PGOBR150AN3” маркийн цасны мотоциклоор хохирогч М.Нарантуяагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан байна гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй гэж заасан дагуу прокуророос шүүгдэгч Т.Жамъяншаравт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 болгон өөрчилж зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Т.Жамъяншаравыг 2016 оны 7 сарын 06-наас 07-нд шилжих шөнө бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан “PGOBR150AN3” маркийн цасны мотоциклоор хохирогч М.Нарантуяагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар ял оногдуулав.

            Шүүгдэгч Т.Жамъяншаравын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Нарантуяагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан ба гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг нөхөн төлсөн нь хохирогч М.Нарантуяагийн мэдүүлэг, шүүгдэгч Т.Жамъяншаравын мэдүүлэг, хохиролд 5.000.000 төгрөг хүлээн авсан тухай баримтаар /хх-196/ тус тус тогтоогдов.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д …гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэж заасан байх тул шүүгдэгч Т.Жамъяншаравын гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн зэвсэг буюу түүний унаж явсан 2008 онд үйлдвэрлэгдсэн “PGO BR1500AN3” маркийн, А ангилалтай, цасны зориулалттай RFVBR2C5281001553 арлын дугаартай мөнгөлөг өнгийн УБ-7912 улсын дугаартай  4 дугуйтай цасны мотоцикль 1.600.000 төгрөгний үнэтэй ба “Бодиз автомотив” ХХКомпанийн эд хөрөнгө болох нь иргэний нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг, “Мега Марз” ХХКомпанийн үнэлгээний тайлангаар нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 23-ны өдрийн тогтоолыг  хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгож, шүүгдэгчээс 1.600.000 төгрөгийг гаргуулан хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй.  

Шүүгдэгч Т.Жамъяншарав ял шийтгэгдэж байгаагүй, сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-79/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №76 тоот дүгнэлтээр /хх-165-166/ нотлогдов. Шүүгдэгч Т.Жамъяншарав анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээж байгаа, хохирогч М.Нарантуяа шүүгдэгчид холбогдуулан гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байгаа, бусдад төлөх төлбөргүйг дурдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хуурцгийг /Си Ди/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Туулын Жамъяншаравт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн  хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 болгон өөрчилж зүйлчилсүгэй.
  2. Туулын Жамъяншаравыг тээврийн хэрэгслийг зэвсгийн чанартай хэрэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрч бусдад хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Туулын Жамъяншаравыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Т.Жамъяншаравт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хуурцгийг /Си Ди/ уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  6. Т.Жамъяншарав цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 23-ны өдөр “PGO BR-150 AN” маркийн, А ангилалтай, цасны зориулалттай 2008 онд үйлдвэрлэсэн RFVBR2C5281001553 арлын дугаартай мөнгөлөг өнгийн УБ-7912 улсын дугаартай цасны мотоцикль битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, УБ-7912 улсын дугаартай цасны мотоциклийг иргэний нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэлд олгож, Т.Жамъяншараваас 1.600.000 төгрөгийг гаргуулан хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Т.Жамъяншаравт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 05 сарын 17-ны  өдрөөс эхлэн тоолсугай.
  9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Жамъяншаравт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                        ШҮҮГЧИД                                                          З.БОЛДБААТАР

                                                                                                    Б.ДУЛАМСҮРЭН