Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00123

 

   Н.Е-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай            

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч  С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00619 дүгээр шийдвэртэй, Н.Е-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Өлгий сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Н.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:            

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 8.000.000.00 төгрөг, өмгөөллийн зардалд 3.000.000.00 төгрөг, нийт 11.000.000.00 төгрөг гаргуулах” тухай. Нэхэмжлэлд: “Миний бие 2008 оны 8 дугаар сард иргэн Г.Э-ээс 2005 оны гэрчилгээтэй 630 м.кв газрыг дээр нь баригдсан үл хөдлөх хөрөнгө буюу байшингийн хамт худалдан авч, гэр бүлээрээ амьдарч байгаа бөгөөд Өлгий сумын газрын алба гэрчилгээг шилжүүлэн олгосон буюу хуулиар олгосон газартаа л байшин барьсан, энэ үед уг газар өөр хэн нэгний мэдэлд байгаагүй. Гэтэл Газрын алба хөрш айл бидний дунд гарсан маргааныг зөв шийдвэрлэхгүй, миний барьсан байшингийн доорх газрыг иргэн А.Б, Б.Г нарт өмчлөн миний гэр бүлийн эрх ашгийг дордуулан хохироосон. Би анх 630 м.кв газрын гэрчилгээтэй газрыг худалдан авсан, Газрын алба надад түүнийг шилжүүлж өгч газар эзэмшүүлэх гэрээ хийсэн. Энэ хугацаанд Газрын алба хууль ёсоор газрыг эзэмшиж өмчилж байгааг шүүхэд мэдүүлж байсан боловч Газрын албаны хайнга, хариуцлагагүй ажиллагаанаас иргэн би гэр бүлийн хамт хохирч, барьсан байшингаа нураахаас өөр аргагүй байдалд хүрч, миний эрх ашиг хохирч байна. Миний байшинг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар нурааж, би байшинг Өлгий сумын Төрийн сангийн төлөөлөгчөөр үнэлүүлсэн ба 8 сая төгрөгийн үнэлгээ хийгдсэн. Газрын албаны буруутай үйл ажиллагаа, хүчин төгөлдөр гэх газар олгосон гэрчилгээ зэргийн улмаас би хохирч, өөрсдийн барьсан орон гэрээ аргагүй шахалтын улмаас өөрсдөө нурааж хохирсон тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд аймгийн Газрын албанаас 8 сая төгрөг, мөн энэ хугацаанд өмгөөлөгч авч гэр бүлийн эдийн засгийн хувьд хохирсон өмгөөллийн зардал 3 сая төгрөг нийт 11 сая төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгоно үү.” гэжээ. Нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтэд: “Өлгий сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай иргэн Г.Э-ээс 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0065113 дугаар гэрчилгээтэй 630 м.кв газар дээр нь баригдсан үл хөдлөх хөрөнгө буюу байшин 2 ширхэг амбаарын хамт худалдан авч, миний бие Өлгий сумын газрын албанд тухайн үед хуулийн дагуу хандаж Өлгий сумын Засаг даргын 68 дугаар захирамжийн дагуу, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0256007 дугаар бүхий гэрчилгээтэй 630 м.кв газрыг 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлж авсан. Хуулиар олгосон газарт байшин барьсан. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга болон газар хариуцсан газрын даамал зөв шийдвэр гаргаж хуулийн дагуу ажилласан бол иргэн миний бие хохиролгүй болох байсан. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргыг тус хэргийн хамтран хариуцагчаар татаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга болон Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 11.000.000.00 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б-ын тайлбарт: “Иргэн Г.Э-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.Е-т шилжүүлсэн шийдвэр Өлгий сумын Засаг даргын захирамж тул манай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцах боломжгүй.” гэжээ. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тайлбарт: “Одоогоор Н.Е-ийн эзэмшиж байгаа газрыг анх 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 74 дүгээр захирамжийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон хавсралтад заасан 50 иргэнд олгохоор зөвшөөрөн хавсралтын 6 дугаар баганад  бичигдсэн 0879 нэгж талбарын дугаартай Г.Э-т 0.042 хэмжээ бүхий газрыг 50 жилийн хугацаатай 0065113 гэрчилгээний дугаартай хэмээн тусгаж эзэмшүүлсэн байна. 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших гэрчилгээнд газрын хэмжээг 0.0630 м2 болгон өөрчилж захирамжийн хавсралтад заасан хэмжээнээс 0.210 м2 илүү тусгаж гэрчилгээг зассан байна. Энэхүү гэрчилгээ дэх газрын хэмжээнд хэн засвар хийж 0.0360 м2 газар болгож, 210 м2 газрыг илүү бичсэн эсэх нь хэний буруу үйлдэл болох нь тогтоогдоогүй байна. Иргэн Г.Э энэхүү эзэмшиж байсан газраа 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар захирамжийн дагуу Н.Е-т шилжүүлсэн үеэс эхлэн хөрш суух иргэн А.Б хоёрын хооронд газрын маргаан үүсэж шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэсэн байжээ. Харин Өлгий сумын Засаг даргаас Г.Э-ын эзэмшиж байгаа 0.042м2 газарт 210 м2 газар нэмж талбайн хэмжээг 0.0630 м2 болгож өөрчилсөн эсэх талаар захирамж гарч байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд хэн нэгний гэрчилгээ зассан явдалд Өлгий сумын Засаг дарга 13 жилийн дараа хариуцлага хүлээж төлбөр төлөх үндэслэлгүй тул Н.Е-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00619 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас хохирол байшингийн үнэ 8000000 (найман сая) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Е-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3000000 (гурван сая) төгрөг болон хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.                   

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн хүчин төгөлдөр байх тул дахин эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Өлгий сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр захирамжийн “Г.Э-т” холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн 0065113 дугаар гэрчилгээ, мөн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар захирамжийн Н.Е-т холбогдох хэсэг болон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0256007 дугаар гэрчилгээг, А.Б-т олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000040 дугаар гэрчилгээ зэргийг тус тус хүчингүй болгосон. Мөн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Өлгий сумын 1 дүгээр багт байрлалтай А.Б, Б.Г нарын өмчлөлийн 359.6м2 газрыг хариуцагч Н.Е, Б.Гү нарын эзэмшлээс чөлөөлсөн.2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар захирамжийн дагуу олгосон 000000040 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. Үүнээс авч үзэхэд хэрэв Газрын тухай хуулийн дагуу бусдын эзэмшлийн газрыг давхардуулан олгож Н.Е-т хохирол бий болсон хэмээн үзэхээр бол аймгийн Засаг дарга мөн адил хуулийн хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж байна. Н.Е нь 8x5 харьцаатай 40 м.кв блокон байшинг А.Б-ийн хууль ёсны өмчлөлтэй газарт барьсан явдлыг шүүх тогтоож, шийдвэр хүчин төгөлдөр болсон тул уг шийдвэрийг албадан гүйцэтгэсэн болно. Н.Е нь эрх ашиг нь зөрчигдөж, хохирсон гэж үзвэл Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөхөөс өмнө гомдол гаргаж хохирлоо барагдуулах бүрэн боломжтой байсныг дурдах нь зүйтэй байна. Иймд 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00619 дугаартай шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгаа тул энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, Н.Е-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.  Нэхэмжлэгч Н.Е нь  Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Өлгий сумын Засаг даргад холбогдуулан “төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 8.000.000.00 төгрөг, өмгөөллийн зардалд 3.000.000.00 төгрөг, нийт 11.000.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн  үндэслэлээ “2008 оны 8 дугаар сард Г.Э-ээс 630 м.кв талбайтай газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт худалдан авсан, Өлгий сумын газрын алба гэрчилгээг шилжүүлэн олгосон. Хуулиар олгосон газартаа  байшин барьсан. Газрын алба миний барьсан байшингийн доорх газрыг иргэн А.Б нарт олгож, миний гэр бүлийн эрх ашгийг хохироосон. Энэ байшинг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар нураасан тул би байшинг үнэлүүлсэн. Газрын албаны буруутай үйл ажиллагаа, надад олгосон хүчин төгөлдөр гэх газар эзэмшүүлэх гэрчилгээ зэргийн улмаас би хохирч, өөрсдийн барьсан орон гэрээ аргагүй шахалтын улмаас өөрсдөө нурааж хохирсон” гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж “Г.Э-аас 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0065113 дугаар гэрчилгээтэй 630 м.кв газрыг байшин, 2 амбаарын хамт худалдан авч, Өлгий сумын газрын албанд хандаж, Өлгий сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар захирамж, 0256007 дугаар гэрчилгээгээр 630 м.кв газар эзэмших эрхийг 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлж авсан. Хуулиар олгосон газарт байшин барьсан. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга болон сумын газрын даамал зөв шийдвэр гаргаж хуулийн дагуу ажилласан бол би  хохирохгүй байх байсан” гэж тус тус тайлбарлажээ. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь “Г.Э-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.Е-т шилжүүлсэн шийдвэр нь Өлгий сумын Засаг даргын захирамж байх тул манай байгууллага хариуцах боломжгүй” гэж, хариуцагч Өлгий сумын Засаг дарга нь “2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр захирамжаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон тул Г.Э-т 0,042 га газрыг 50 жилийн хугацаатай, 0065113 дугаар гэрчилгээтэй эзэмшүүлсэн, 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших гэрчилгээнд газрын хэмжээг 0,0630 га болгон өөрчилж, захирамжийн хавсралтад заасан хэмжээнээс илүү тусгаж гэрчилгээг зассан байна. Гэрчилгээг хэн засварласан нь тогтоогдоогүй. Өлгий сумын Засаг даргаас Г.Э-ын эзэмшиж байсан 0,0420 га газарт газар нэмж талбайн хэмжээг 0,0630 га болгож өөрчилсөн талаар захирамж гаргаж байгаагүй, хэн нэгний гэрчилгээ зассан явдалд Өлгий сумын Засаг дарга 13 жилийн дараа хариуцлага хүлээхгүй” гэж тус тус тайлбар гаргажээ. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр захирамжийн хавсралтаар иргэн Г.Э-т Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай 0,0420 га газрыг 50 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, түүнд Засаг даргын захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн 0065113 дугаар гэрчилгээ олгосон байна. Уг гэрчилгээнд бичигдсэн газрын хэмжээ нь “0,0630 /га/” гэж засварлагдсан нь хожим шинжээчийн 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаар дүгнэлтээр  тогтоогджээ. Нэхэмжлэгч Н.Е болон иргэн Г.Э нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Г.Э-ын 630 м.кв талбайтай газар эзэмших эрхийг Н.Е-т шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаар захирамжаар Г.Э-ын 031300779 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.Е-т шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Улмаар тус сумын 1 дүгээр баг, Жандосын хашааны доод талд, нэгж талбарын 031300779 дугаар бүхий 630 м.кв талбайтай дээрх газарт Өлгий сумын газрын даамлаас сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн 0256007 дугаар гэрчилгээг нэхэмжлэгч Н.Е-т 46 жилийн хугацаатай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгожээ. Мөн Өлгий сумын Засаг даргын захирамжийг үндэслэн Н.Е болон Өлгий сумын Газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан нарын хооронд 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна. Иргэн Г.Э нь 2005 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Өлгий сумын газрын даамалд газар авахыг хүсэж өргөдөл гаргахдаа /уг газрыг Н.Е-т шилжүүлэхээс өмнө/ эзэмших газрын нутаг дэвсгэрийн нэгжийн харьяаллыг тодорхой тусгаагүй, газрын хэмжээ засварлагдсан, газрын өргөн нь 630 м гэж бичсэн нь эргэлзээтэй, хүсэлтэд хавсаргасан багийн Засаг даргын тодорхойлолт засвартай байхад дээрх иргэний хүсэлтийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдийн 74 дүгээр захирамжаар иргэн Г.Э-т Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 0,042 га талбайтай газар эзэмшүүлж Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 32.5.-д заасныг зөрчсөн, энэ захирамжийг үндэслэн Г.Э-т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо газрын хэмжээг захирамжид зааснаар биш “0,0630 га” гэж засварлагдсан байгаагаас гадна нэгэнт хууль зөрчсөн шийдвэрээр гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-т заасныг зөрчсөн, 0065113 дугаар гэрчилгээг хүчин төгөлдөр бус болох нь Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр тогтоогджээ. Түүнчлэн иргэн Г.Эын газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.Е-т шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2.-т заасныг зөрчсөн тул Өлгий сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар захирамжийн Г.Э-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.Е-т шилжүүлсэн хэсэг нь хууль бус бөгөөд Н.Е-т гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон 0256007 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр бус байх тул Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Өлгий сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр захирамжийн хавсралтын Г.Э-т холбогдох хэсэг, Г.Э-ын нэгж талбарын 031300779 дугаартай газар эзэмших эрхийн 0065113 дугаар гэрчилгээ, мөн сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамжийн Г.Э, Н.Е нарт холбогдох хэсэг, Н.Е-ийн нэгж талбарын 031300779 дугаартай газар эзэмших эрхийн 0256007 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.Э-т газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.2.2.-т “иргэн газар эзэмших тухай хүсэлтэд эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг тусгах” гэж заасныг, 32.5.-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, ... нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.” гэж заасныг зөрчсөн, Өлгий сумын Засаг дарга 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Г.Эын газар эзэмших эрхийг иргэн Н.Е-т шилжүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.-т заасан үүргээ зөрчиж, мөн зүйлийн 38.3.2.-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”-ийг нягтлан шалгаагүй нь Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул Өлгий сумын Засаг даргыг дээрх шийдвэрүүдийг гаргахдаа албаны үүргээ зөрчсөн  буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Өлгий сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр захирамжийн хавсралтын Г.Э-т холбогдох хэсэгт газрын хэмжээг 0,0420 га гэж тэмдэглэсэн байхад Өлгий сумын газрын даамлаас 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Н.Е-т олгосон Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0256007 дугаар гэрчилгээ, мөн өдрийн газар эзэмшүүлэх гэрээнд газрын хэмжээг 630 м.кв гэж захирамжид зааснаас зөрүүтэй тусгасан нь тогтоогдож байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3.-т зааснаар сумын газрын даамал нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй ба энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс Н.Е нь төрийн албан хаагчийн дээрх хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан хохирлоо Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т зааснаар нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т заасныг баримтлан Н.Е-ийн блокоор татсан хашаа болон 8х5.80 хэмжээтэй байшин нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт байгаа нь нотлогдсон тул Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А.Б, Б.Г нарын өмчлөлийн 359.6 м.кв газрыг Н.Е, Б.Гү нарын хууль бус эзэмшлээс чөлөөлжээ. Хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр төлбөр төлөгч Н.Е-ийн А.Б-ийн газарт байрлаж буй 8х5м харьцаатай, 40 м.кв талбайтай зуны байшинг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэлж 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15:30 цагт бүрэн нурааж, А.Б-ийн газрыг чөлөөлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/70 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол үйлдсэн байна. Н.Е-ийн өмчлөлийн, 8х5 м харьцаатай, 40 м.кв талбайтай дээрх зуны байшинг тэрээр Өлгий сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамж гарч, нэгж талбарын 031300779 дугаартай газар эзэмших эрхийн 0256007 дугаар гэрчилгээг авсны дараа, иргэн Г.Э*аас эзэмших эрхийг нь шилжүүлэн авсан  630 м.кв талбайтай газар дээр, Г.Э-аас худалдаж авсан амбаарыг засан сайжруулж, шинээр барьсан нь нэхэмжлэгчийн тайлбар, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн газрын маргааны тухай тэмдэглэлд иргэн Н.С-ын “Н.Е нь 2008 онд маргаан бүхий газарт машины гараж, жижиг амбаар барьсан, 2010 онд хуучин байсан 2 амбаарыг нурааж шинээр зуны байшин барьсан боловч 2017 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгасан” гэж, Н.Е-ийн “анх худалдан авахад байсан 2 амбаарыг буулгаж талбайд нь шинээр зуны байшин барьсан боловч шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 12 дугаар сард албадан буулгасан” гэж тус тус тэмдэглүүлснээр, мөн Өлгий сумын архитекторч Х.С-ийн Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн “Бид газар дээр нь очиход Н.Е нь хашаагаа урагшаа сунгасан байсан. Хашааны сунгасан хэсгийг хасч хэмжихэд Н.Е-ийн газар нь гэрчилгээгээр олгосон газартай тохирч байсан. Н.Е-ийн амьдарч байгаа 2 өрөө байшингийн тэг дундуур нь хувааж А.Б-т газар олгосон байсан. Уг нь нэг айлын байшингийн оршин байгаа газрыг өөр айлд хувааж олгох нь зүйд нийцэхгүй. Харин байшинг барихаас өмнө маргаан гарсан бол зохицуулж болох байсан. Н.Е-ийн одоо амьдарч байгаа тэр байшин нь урьд Г.Э-аас худалдаж авах үед байсан гэж ярьсан ба хэрвээ урьд нь байсан бол уг газрыг Н.Е-ийн эзэмшлийн газар гэж үзэхээр байна. Н.Е нь хашаагаа урагшаа сунгасан нь зөрчил ба уг хашааг сунгаснаас болж А.Б-ийн эрх ашгийг зөрчихгүй” гэсэн гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Энэ талаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар шийдвэрийн үндэслэлд “Хариуцагч Н.Е-ийн ... 8 х 5,80 м хэмжээтэй байшин нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт байна.” гэж, тус аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар шийдвэрийн үндэслэлд “Нэхэмжлэгч Н.Е-ийн эзэмшлийнх гэх 730 м.кв газарт түүний иргэн Г.Э-аас худалдаж авсан гэх улсын бүртгэлийн Ү-213002462 дугаартай 90 м.кв талбайтай байшин оршдогоос гадна 2011 онд хашааны хойд хэсгийн гуравдагч этгээд А.Б-ийн байшин оршин буй газартай залгаа газарт 40 м.кв талбайтай байшин /зуны байшин гэх/, машины гараж, нүүрсний амбаар зэргийг шинээр барьжээ. ... түүнчлэн уг 100 м.кв /98.4 м.кв/ газарт нэхэмжлэгч Н.Е-ийн барьсан 40 м.кв талбайтай байшингийн /зуны байшин гэх/ 30 м.кв талбайтай хэсэг нь орсон буюу нэхэмжлэгч Н.Е-ийн барьсан байшингийн суурь газар байжээ” гэж тус тус дүгнэж байжээ. Хэргийн 112 талд авагдсан газар зохион байгуулалтын зураглал, хэргийн 175 дугаар талд авагдсан байшингийн зураг, 176 дугаар талд авагдсан газарт хэмжилт хийсэн зураглал, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүд зэргээс үзвэл, Н.Е-ийн шүүхийн шийдвэрийн дагуу болон өөрөө нураасан гэх зуны байшингийн зарим хэсэг нь иргэн А.Б-ийн эзэмшлийн газарт орж, зарим хэсэг нь Өлгий сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамж, газар эзэмших эрхийн 0256007 дугаар гэрчилгээгээр Н.Е-т олгосон 630 м.кв талбайтай газарт орж баригдсан нь тогтоогдсон байна. Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар захирамжийн А.Б-т холбогдох хэсэг, А.Б-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-02130002373 дугаартай 000000040 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай Н.Еийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон буюу А.Б-ийн газар эзэмших эрх хууль ёсны болох нь тогтоогджээ.            

Иймд шүүхийн шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдсон Өлгий сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр захирамж /Г.Э-т холбогдох хэсэг/, Г.Э-т олгосон газар эзэмших эрхийн 0065113 дугаар гэрчилгээ, мөн сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар захирамж /Г.Э, Н.Е нарт холбогдох хэсэг/, Н.Е-т олгосон газар эзэмших эрхийн 0256007 дугаар гэрчилгээний улмаас нэхэмжлэгч Н.Е-т учирсан хохирол буюу эрх бүхий албан тушаалтнаас олгосон дээрх газарт барьсан байшингийн үнэ 8.000.000.00 төгрөгийг албан үүргээ хууль ёсоор биелүүлээгүй буруутай албан тушаалтан Өлгий сумын Засаг даргаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т нийцсэн, үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтаар Н.Е-ийн нураасан байшингийн үнэлгээ 8000000.00 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй байна. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдсон үйл баримтуудаас үзвэл, хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй хийгээд тус байгууллагын үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид дээрх хохирол учирсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Е-ийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 3.000.000.00 төгрөг гаргуулах тухай зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлсэн байх тул хууль ёсны байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид төлсөн хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлс нь хариуцагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай, хууль бус үйлдлийн улмаас учирсан шууд хохирол биш, харин нэхэмжлэгч сайн дураараа хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхээ эдлэхдээ гаргасан зардал байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийг бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэв. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын давж заалдах гомдолд “Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар захирамжийн дагуу олгосон Г-0213002373 дугаартай 000000040 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд хэрэв Газрын тухай хуулийн дагуу бусдын зэмшлийн газрыг давхардуулан олгож Н.Е-т хохирол бий болсон хэмээн үзэхээр бол аймгийн Засаг дарга мөн адил хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.” гэжээ. Н.Е-ийн барьсан 8х5 м харьцаатай, 40 м.кв талбайтай зуны байшингийн зарим хэсэг нь А.Б-ийн эзэмшил газарт орж баригдсан нь тогтоогдсон боловч бусад хэсэг нь Өлгий сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар захирамж /Г.Э, Н.Е нарт холбогдох хэсэг/, Н.Е-ийн газар эзэмших эрхийн 0256007 дугаар гэрчилгээгээр олгосон 630 м.кв талбайтай газарт баригдсан нь мөн тогтоогдсон тул хариуцагч Өлгий сумын Засаг дарга нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хорыг арилгуулах тухай нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагчийн гомдолд дурджээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4.-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил.” гэж, 76 дугаар зүйлийн 76.1.-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно.” гэж, мөн зүйлийн 76.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ... үүснэ.” гэж  зохицуулсан байна. Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Н.Е-т газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нь өөрт нь уг хууль бус захиргааны актын улмаас хохирол учирсан бол шаардлага гаргах эрхтэйг мэдэх боломжтой байсан боловч Н.Е-ийн өмчлөлийн байшинг албадан буулгах тухай Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн шийдвэр 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гарч, албадан гүйцэтгэх журмаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байшинг нураасан, түүнчлэн нэхэмжлэгч өөрөө уг байшинг нураасан гэж тайлбарласан байх тул нэхэмжлэгчид бодитой хохирол учирсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход, хуульд заасан таван жилийн хугацаа өнгөрөөгүй байна гэж дүгнэв. Иймээс харицагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагч төсвийн байгууллага учир хуульд зааснаар давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00619 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                                                                

С.ӨМИРБЕК