Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00471

 

Н.Е-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00619 дүгээр шийдвэр,

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00123 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Н.Е-

          Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,

          Хариуцагч: Баян-Өлгий аймаг, Өлгий сумын Засаг даргад холбогдох

          Нийт 11 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагч Баян-Өлгий аймаг, Өлгий сумын Засаг даргын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2008-8 сард иргэн Г.Энхбаяраас 2005 оны гэрчилгээтэй 630 м.кв газрыг байшингийн хамт худалдан авч, гэр бүлээрээ амьдарч байгаа бөгөөд Өлгий сумын газрын алба гэрчилгээг шилжүүлэн олгосон буюу хуулиар олгосон газартаа л байшин барьсан. Энэ үед уг газар өөр хэн нэгний мэдэлд байгаагүй. Гэтэл Газрын алба хөрш айл бидний дунд гарсан маргааныг зөв шийдвэрлэхгүй, миний барьсан байшингийн доорх газрыг иргэн А.Болатбек, Б.Галыммурат нарт өмчлөн миний гэр бүлийн эрх ашгийг дордуулан хохироосон. Би анх 630 м.кв газрын гэрчилгээтэй газрыг худалдан авсан, Газрын алба надад түүнийг шилжүүлж өгч газар эзэмшүүлэх гэрээ хийсэн. Энэ хугацаанд Газрын алба хууль ёсоор газрыг эзэмшиж өмчилж байгааг шүүхэд мэдүүлж байсан боловч Газрын албаны хайнга, хариуцлагагүй ажиллагаанаас иргэн би гэр бүлийн хамт хохирч, барьсан байшингаа нураахаас өөр аргагүй байдалд хүрч, миний эрх ашиг хохирч байна. Миний байшинг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар нурааж, би байшинг Өлгий сумын Төрийн сангийн төлөөлөгчөөр үнэлүүлсэн ба 8 сая төгрөгийн үнэлгээ хийгдсэн. Газрын албаны буруутай үйл ажиллагаа, хүчин төгөлдөр гэх газар олгосон гэрчилгээ зэргийн улмаас би хохирч, өөрсдийн барьсан орон гэрээ аргагүй шахалтын улмаас өөрсдөө нурааж хохирсон тул нэхэмжлэл гаргаж байна. Тухайн үед БӨА-ийн Өлгий сумын Засаг дарга болон газар хариуцсан газрын даамал зөв шийдвэр гаргаж хуулийн дагуу ажилласан бол иргэн миний бие хохирохгүй байсан. Иймд БӨА-ийн Өлгий сумын Засаг дарга болон БӨА-ийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нийт 11 сая төгрөг гаргуулан хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төлөөлөгч тайлбартаа: Гэрчилгээ олгосон, гарын үсэг зурсан нь Өлгий сумын Засаг дарга гэдэг нь нотлогдож байна. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу нураасан асуудал болохоос манайх талаас очиж нураасан асуудал байхгүй. Үл хөдлөх хөрөнгө барьсан газрыг тухайн үед хэн ч эзэмшээгүй байсан. Хууль бус газарт өөрөө зөвшөөрөлгүй байсан барьсан. Манайхаас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэжээ.

         Хариуцагч Баян-Өлгий аймаг, Өлгий сумын Засаг дарга тайлбартаа: Одоогоор Н.Е-ийн эзэмшиж байгаа газрыг анх 2005-6-08-ны 74-р захирамжийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон хавсралтад заасан 50 иргэнд олгохоор зөвшөөрөн хавсралтын 6-р баганад бичигдсэн 0879 нэгж талбарын дугаартай Г.Энхбаярт 0.042 хэмжээ бүхий газрыг 50 жилийн хугацаатай ...... гэрчилгээний дугаартай хэмээн тусгаж эзэмшүүлсэн байна. 2005-6-13-ны өдрийн газар эзэмших гэрчилгээнд газрын хэмжээг 0.0630 м2 болгон өөрчилж захирамжийн хавсралтад заасан хэмжээнээс 0.210 м2 илүү тусгаж гэрчилгээг зассан байна. Энэхүү гэрчилгээ дэх газрын хэмжээнд хэн засвар хийж 0.0360 м2 газар болгож, 210 м2 газрыг илүү бичсэн эсэх нь хэний буруу үйлдэл болох нь тогтоогдоогүй байна. Иргэн Г.Энхбаяр энэхүү эзэмшиж байсан газраа 2009-5-08-ны өдрийн 68-р захирамжийн дагуу Н.Е-т шилжүүлсэн үеэс эхлэн хөрш суух иргэн А.Болатбек хоёрын хооронд газрын маргаан үүсэж шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэсэн байжээ. Харин Өлгий сумын Засаг даргаас Г.Энхбаярын эзэмшиж байгаа 0.042 м2 газарт нэмж талбайн хэмжээг 0.0630 м2 болгож өөрчилсөн эсэх талаар захирамж гарч байгаагүй. Иймд хэн нэгний гэрчилгээ зассан явдалд Өлгий сумын Засаг дарга 13 жилийн дараа хариуцлага хүлээж төлбөр төлөх үндэслэлгүй тул Н.Е-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00619 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас 8 сая төгрөг гаргуулан  Н.Е-т олгож, нэхэмжлэлээс 3 сая төгрөг болон Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00123 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

         Хариуцагч Баян-Өлгий аймаг, Өлгий сумын Засаг дарга хяналтын гомдолдоо: Хоёр шатны шүүх хууль зүйн хүчин төгөлдөр байх тул дахин эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй хэмээн үзсэн 2012-05-28-ны 23-р ЗХАШШ-ийн шийдвэрийн дагуу Өлгий сумын Засаг даргын 2005-06-08-ны 74-р захирамжийн Г.Энхбаярт холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн ......... дугаар гэрчилгээ, мөн Засаг даргын 2009-05-08-ны 68-р захирамжийн Н.Е-т холбогдох хэсэг болон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ...... дугаар гэрчилгээг, А.Болатбект олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ........ дугаар гэрчилгээ зэргийг тус тус хүчингүй болгосон. Мөн 2013-03-14-ний 188-р шүүхийн шийдвэрийн дагуу Өлгий сумын 1-р багт байрлалтай А.Болатбек, Б.Галыммурат нарын өмчлөлийн 359.6 м2 газрыг хариуцагч Н.Е-, Б.Гулжайна нарын эзэмшлээс чөлөөлсөн. 2013-12-16-ны 66-р шийдвэрээр аймгийн Засаг даргын 2011-10-13-ны 522-р захирамжийн дагуу олгосон Г-...... дугаартай .... тоот гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. Үүнээс авч үзэхэд хэрэв Газрын тухай хуулийн дагуу бусдын эзэмшлийн газрыг давхардуулан олгож Н.Е-т хохирол бий болсон хэмээн үзэхээр бол аймгийн Засаг дарга мөн адил хуулийн хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж байна. Н.Е- нь 8x5 харьцаатай 40 м.кв блок нь байшинг А.Болатбекийн хууль ёсны өмчлөлтэй газарт барьсан явдлыг шүүх тогтоож, шийдвэр хүчин төгөлдөр болсон тул уг шийдвэрийг албадан гүйцэтгэсэн болно. Н.Е- нь эрх ашиг маань зөрчигдөж хохирлоо гэж үзвэл Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөхөөс өмнө гомдол гаргаж хохирлоо барагдуулах бүрэн боломжтой байсныг дурьдах нь зүйтэй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

         Н.Е- 2018-01-31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Өлгий сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 11,000,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...эрх бүхий байгууллагын шийдвэрээр зохих журмын дагуу авсан өмчлөлийн газар дээр барьсан байшингаа нураалгасан тул байшингийн үнэ 8,000,000 төгрөг, өмгөөллийн зардалд 3,000,000 төгрөг төлсөн...” гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн /хх 38, 85/ байна.

        Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас 8,000,000 төгрөг гаргуулан Н.Е-т олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч Баян-өлгий аймгийн Өлгий сумын засаг даргын гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар Г.Энхбаярт Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай 0,0420 га газрыг 50 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн ...... дугаар гэрчилгээ олгогдсон байна. Уг гэрчилгээнд бичигдсэн газрын хэмжээ нь 0,0630 /га/ гэж засварлагдсан нь нотлогджээ. 

        Мөн сумын Засаг даргын 2009 оны 68 дугаар захирамжаар Г.Энхбаярын .... нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.Е-т шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн ..... дугаар гэрчилгээг Н.Е-т 46 жилийн хугацаатай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон хэдий ч маргаан гарсны улмаас нэхэмжлэлтэй холбоотой зарим үйл баримтын талаар шүүхийн шийдвэрүүд гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

        Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

         Өлгий сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр захирамжийн хавсралтын Г.Энхбаярт холбогдох хэсэгт газрын хэмжээг 0,0420 га гэж тэмдэглэсэн байхад Өлгий сумын газрын даамлаас 2009-05-12-ны өдөр Н.Е-т олгосон  ..... дугаар гэрчилгээнд газрын хэмжээг зөрүүтэй тусгасан нь тогтоогджээ.

         Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар хийсэн дүгнэлтээ тодорхой зааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00619 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00123 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймаг, Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ