Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2020/01182

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгч: *******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дэнж баг Оюутны гудамжинд байрлах Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги,

Хариуцагч: Зэст баг Их мандал төв 301 тоотод байрлах Тольдох оюуны өгөөж ХХК /регистрийн дугаар 4398157/-д холбогдох,

"Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Тольдох оюуны өгөөж ХХК-ийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..., 04 а тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2101008982 дугаартай, 64 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 384 м.кв талбайтай газар. Орхон аймгийн Жаргалант сум, тоотод байрлах улсын бүртгэлийн дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эдгээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул тогтоосон үнэлгээг хүчингүй болгож дахин шинжээч томилж өгнө үү.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн 142/ШШ2019/00923 дугаар шийдвэрээр хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг 20 115 385.63 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт олгож шийдвэрлэж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ,, 04 а тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2101008982 дугаартай, 64 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 384 м.кв талбайтай газар, Орхон аймгийн Жаргалант сум, тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 30 м.кв талбайтай бүхий 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх эд хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоохоор Тольдох оюуны өгөөж' ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд тухайн компани нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн бодит ханшинд нийцсэн бодит дүгнэлт болж чадсангүй. Бидний зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд саад учруулсан, хугацаа хожих гэсэн ямар нэгэн сонирхол байхгүй. Харин ч бүх үйл ажиллагаа шударгаар хуулийн дагуу явагдаасай гэсэн чин хүсэлтэй байна. Тольдох оюуны өгөөж ХХК-аас үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гаргаж, өөрийн хөрөнгөө шударгаар үнэлүүлэхийг л хүсэж байна.

Иймд надад илт хохиролгүй буюу миний хөрөнгийн үнийг илт дордуулсан, алдаатай буруу хийгдсэн Тольдох оюуны өгөөж ХХК-ийн дүгнэлтэд гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийг төлөөлж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч *******, ******* нар нь Тольдох оюуны өгөөж ХХКомпаний 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2100107 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийг татсан. Шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч *******гийн зүгээс төлбөр төлөгч *******, ******* нарт Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 913 дугаар шийдвэрт заагдсан төлбөрийг төлөхийг удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул хуульд заасны дагуу *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20140289/02, 20140289/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 20140289/05, 20140289/06 дугаартай тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас хураагдсан эд хөрөнгийн үнийн саналыг бичгээр авахад үнийн санал зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Тольдох оюуны өгөөж ХХКомпанийг шинжээчээр томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги нь хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь үнэлгээний дүгнэлтийг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлан эд хөрөнгийн үнэлгээг бие даан дүгнэлт гаргадаг болно.

Иймд *******, ******* нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Тольдох оюуны өгөөж ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тольдох Оюуны Өгөөж ХХК-ийн захирал Мэргэшсэн үнэлгээчин ******* миний бие нь Орхон аймаг ШШГГ- 437 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч *******гийн 2020 оны 05 сарын 15 ны өдрийн тогтоолоор ,,, тоотод байрлах Ү-21010198983 улсын бүртгэлийн 64 м.кв бүхий хувийн сууц, Г-2101001714 тоотод улсын бүртгэлийн гэрчилгээтэй 384 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Жаргалант сум, тоот тоотод байрлах 30 м.кв талбайтай, хоёр өрөө бүхий орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохоор хөндлөнгийн шинжээчээр оролцсон болно. Уг хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлохдоо:

1. Хувийн өмчлөл, эзэмшлийн барилга нь 2019-2020 онд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш харьцангуй байдлаар буурсан төлөвтэй байсан ба шинжээч миний бие зах зээлийн судалгааг Жаргалант сумын хоёр өрөө орон сууцыг, байршил, аймгийн төвөөс байрлах зайн итгэлцүүр зэргийг харьцуулсан байдлаар түүвэрлэж, ижил төстэй шинж чанар, засвар, байршил, давхар зэргийг нарийн харгалзан үзсэн болно.

2. ,,, тоотод байрлах Ү-21010198983 улсын бүртгэлийн 64 м.кв бүхий хувийн .сууц, Г-2101001714 тоотод улсын бүртгэлийн гэрчилгээтэй 384 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг ижил төстэй хөрөнгүүдтэй харьцуулан үзэж тооцоолсон ба уг 384 м2 талбай бүхий газар нь нүүрэн талд байршилтай 700м2 газрын зах зээлийн үнэ 25-30 сая төгрөгийн ханштай байсан ба нүүрэн талд байршилтай 1 м2 газрын үнэ 42,0-46 ,0 мянган төгрөгийн хооронд байсан бол нүүрэн тал бус газрын зах зээлийн үнэ 7,100-7,200 төгрөгний ханштай байсан болно.

3. Шинжээч дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тодорхойлохдоо Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын Стандартын дагуу хийж гүйцэтгэн, үнэлгээний тайланг үнэн зөв, хараат бус байдлаар тогтоосон болно гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* нар нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги, Тольдох оюуны өгөөж ХХК нарт холбогдуулан

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн 142/ШШ2019/00923 дугаар шийдвэрээр хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг 20 115 385.63 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол ,, 04 а тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2101008982 дугаартай, 64 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 384 м.кв талбайтай газар, Орхон аймгийн Жаргалант сум, тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэжээ.

ХААН банкны Орхон салбар шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 142/ШЗ2019/05196 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 788 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 437 дугаар нээлттэй хорих ангид хүргэгдсэнээр 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх үүсгэх тухай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...,, 04 а тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2101008982 дугаартай, 64 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 384 м.кв талбайтай газрын үнэлгээн дээр маргахгүй, харин Орхон аймгийн Жаргалант сум, тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ орон сууцны зах зээлийн үнэлгээ хэтэрхий бага байна. Харьцуулсан үнийн эх сурвалж тодорхойгүй, мөн Жаргалант суманд яг тийм 2 өрөө орон сууцыг 28,0 саяас яриад 23,0 саяд зарна гэсэн зар байсан. Жишиг үнийн баримжааг гаргахдаа итгэлцүүр тодорхойгүй байна... гэсэн.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудаас үнийн санал авч, талууд үнийн санал дээр санал зөрүүтэй байсан тул 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 05/05 дугаартай тогтоолоор Тольдох оюуны өгөөж ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Тольдох оюуны өгөөж ХХК уг тогтоолыг өдөрт нь хүлээж авсан байх ба дүгнэлтээ 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 437 дугаар нээлттэй хорих ангид хүргүүлсэн байна.

Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шинжээчээр томилогдсон Тольдох оюуны өгөөж ХХК нь төлбөр төлөгчийн зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Жаргалант сум, Жаргалант багийн 5-16 тоотод байрлах улсын бүртгэлийн дугаартай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 16 350 980 төгрөгөөр үнэлжээ.

Шинжээч нь дүгнэлт гаргахдаа 2019-2020 оны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш зах зээлийн судалгааг Жаргалант сумын хоёр өрөө орон сууцны байршил, аймгийн төвөөс байрлах зайн итгэлцүүр зэргийг харьцуулсан байдлаар түүвэрлэж, ижил төстэй шинж чанар, мөн засвар, байршил, давхар зэргийг нарийн харгалзан үзсэн байна.

Дээрх байдлаас дүгнэхэд шинжээч нь Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандарт болон холбогдох бусад хуулиудыг зөрчөөгүй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч: ... мөн Жаргалант суманд яг тийм 2 өрөө орон сууцыг 28,0 саяас яриад 23,0 саяд зарна гэсэн зар байсан гэж байгаа боловч зарсан байна гэж тайлбарлаагүй. Хэдийгээр хүн хөрөнгөө хэдэн төгрөгөөр зарахаа өөрөө шийдэх ч, зараад авч өгөлцсөн асуудал биш, зарна гэсэн зар нь зах зээлийн ханшийг тодорхойлохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгйүсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, мөн хуулийн 55.2.2.-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулжээ.

Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээн дээрээ тохиролцоогүй тул шинжээч томилсныг буруутгах үндэслэлгүй, шинжээчид шинжээч томилсон тогтоолыг танилцуулж, хуульд заасан эрхийг үүрэг танилцуулсан байх ба, шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги, Тольдох оюуны өгөөж ХХК-д холбогдох, Үнэлгээ хүчингүй болгуулах *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА