Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2021/00004

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 7 591 400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхүү, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, гэрч ******* онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь 2017 оны 01-р сарын 20-ны өдөр Honda CR-V /2003 2012/ 60-41 ОРО улсын дугаартай хар өнгийн бензин автомат RD51107127 арлын дугаартай автомашин барьцаалан 3.000.000 төгрөгийн зээлийг 4 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр NC-103206800 тоот зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар өдөр бүр утсаар ярьж, гэрийн хаягаар болон ажлын хаягаар байнга очиж уулзаж байсан боловч зээлийг төлөхгүй байгаа. Иймд үндсэн зээл 3.000.000 төгрөг, үндсэн хүү 3.830.600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 760.800 төгрөг нийт 7.591.400.00 төгрөгийг иргэн *******ын өмчлөлийн эд хөрөнгө талуудын байгуулсан Фидуцийн гэрээ-нд заасан эд хөрөнгө болон бусад эд хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн ******* надаас 7 591 400 төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахыг хүссэн "*******" ББСБ-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. 2017 оны 01 сарын 20-нд тус ББСБ-тай миний нэрээр 3,0 сая төгрөгийн Зээлийн гэрээ, мөн автомашин өмчлөл эзэмшилд шилжүүлсэн Фидуцийн гэрээ байгуулагдсан, миний нэр дээр Зээлийн данс нээгдэж энэ зээл уг дансанд орсон болох нь үнэн болно.

2. Энэ Зээлийн болон Фидуцийн гэрээг тус ББСБ-тай байгуулах, мөнгө зээлэх шаардлага, хүсэл сонирхол надад байгаагүй. Би энэ ББСБ-ын захирал ******* багаасаа нэг байранд өссөн мэддэг, зээлийн эдийн засагч *******ыг Эрдэнэт хотын 4 дүгээр 10 жилд манай доод ангид байхын зүс мэддэг, би өөрөө энэ ББСБ-аас зээл авч яваад тааралдаж нэгнээ сайн мэддэг найз нөхөд болсон юм. Энэ зээлийн тухайд ******* нэг залууг өөрийнхөө найз Ууган гэж танилцуулаад "Чи өөрийнхөө нэр дээр манай найзад 3.0 сая төгрөгийн зээл гаргаад өгчих, ямар ч асуудалгүй хугацаандаа төлнө, машинаа манайд тавих юм" гээд байхаар нь зөвшөөрч бэлдсэн байсан гэрээнд гарын үсэг зурсан. Түүнчлэн Фидуцаар шилжүүлсэн СR-V НОNDА маркийн 6041 ОРО дугаарын машиныг эхлээд миний нэр дэзр шилжүүлж, дараа нь 2017.01:20-нд "*******" ББСБ-ын нэр дээр бүртгэл хийгдсэн.

3. Банкны ажилтнуудын надад ойлгуулснаар *******ын найз залуу зээлээ төлөхгүй бол өмчлөлдөө шилжүүлсэн 6041 ОРО дугаарын машиныг ББСБ өмчлөлдөө шилжүүлэн авах замаар зээл, хүүгээ төлүүлэх ёстой. Миний дуулснаар энэ автомашины бичиг баримт "*******" ББСБ буюу энэ хэргийн нэхэмжлэгчид байгаа тул машин хөдөлгөөнд оролцох эрх хязгаарлагдмал гэж би ойлгож байгаа.

Зээлийг би данснаас бэлнээр гаргаж *******ын найзад өгсөн. Би ББСБ-ын ажилтнуудад итгэж энэ гэрээг хийсэн ба тэд банкны хууль тогтоомжоо зөрчиж намайг хохироох үйлдэл хийсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү, нийт 7 591 400 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр *******-тай байгуулсан 103206800 дугаартай зээлийн гэрээ, мөн адил дугаартай Фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 103206800 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг шаардлагаасаа татгалзсан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх үндсэн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

******* нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр *******-тай 103206800 дугаартай зээлийн гэрээ, мөн адил дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 3,0 сая төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлж авсан талаар талууд маргаагүй.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...*******-ын эдийн засагч ******* өөрийн найз мөнгө хэрэгтэй байна, чиний нэр дээр зээл асуудалгүй гарна. Машиныг барьцаанд тавьж байгаа, бараг машиныг нь аваад болох юм гэж надад ойлгуулсан, тэгэхээр нь би зээлийг авч өгсөн. Машиныг бол би хараагүй, харин гэрчилгээг нь миний нэр дээр шилжүүлээд, буцаагаад *******-ын нэр лүү шилжүүлсэн. Зээлийн гэрээ хуулийн дагуу байгуулагдаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна... гэдэг.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 103206800 дугаартай зээлийн гэрээ, мөн адил дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний нэхэмжлэгчийг төлөөлж салбарын захирлын гарын үсэг хэсэгт зурсан гарын үсгийг *******-ын Эрдэнэт салбарын захирал Э.Пүрэвжаргал зурсан эсэх талаар гарын үсгийн шинжээч томилжээ.

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 168 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 103206800 дугаартай Зээлийн гэрээ, 103206800 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний Салбарын захирал гэсний доор зурагдсан гарын үсгүүд харьцуулах загвараар ирүүлсэн *******-ын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн АК-03/046, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн АК-03/049, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн АК-03/058 дугаартай Автомашин хүлээлцэх актуудын Хадгалуулагч талыг төлөөлж гэсний ард зурагдсан гарын үсэгтэй гарын үсгийн бүтэц, дадал, хөдөлгөөнийг илэрхийлэх ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний хэлбэр, хэмжээ, чиглэл, байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна. Нэг хүн зурсан байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 103206800 Зээлийн гэрээ, 103206800 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний Салбарын захирал гэсний доор зурагдсан гарын үсгүүд харьцуулах загвараар ирүүлсэн *******-ын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЧБ-003/0172, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЧБ-003/0173 дугаартай албан бичигт зурагдсан гарын үсгийн болон гарын үсгийн туршилтын загварт зурагдсан гарын үсгүүдтэй гарын үсгийн бүтцээрээ тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарчээ.

Шүүхийн шинжилгээнд хэрэглэсэн *******-ын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн АК-03/046, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн АК-03/049, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн АК-03/058 дугаартай Автомашин хүлээлцэх актуудын Хадгалуулагч талыг төлөөлж гэсний ард зурагдсан гарын үсгүүд нь гарын үсгийн тайлалгүй, хэн зурсан нь тодорхойгүй байна.

Мөн шинжилгээнд хэрэглэсэн *******-ын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЧБ-003/0172, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЧБ-003/0173 дугаартай албан бичигт зурагдсан гарын үсгүүд туршилтын загварт зурагдсан гарын үсгүүдтэй гарын үсгийн бүтцээрээ тохирохгүй гэсэн байгаа нь эргэлзээтэй байна.

Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгч, манай захирал одоо гарын үсгээ өөрөөр зурдаг болсон, ЧБ-003/0172, ЧБ-003/0173 дугаартай албан бичгүүд, АК-03/046, АК-03/049, АК-03/058 дугаартай Автомашин хүлээлцэх актууд дээр зурагдсан гарын үсгүүд захирал Э.Пүрэвжаргалын гарын үсэг гэж тайлбарласан бөгөөд тухайн шинжилгээнд хэрэглэсэн дээрх албан бичгүүд, мөн Автомашин хүлээлцэх актууд дээр захирал Э.Пүрэвжаргал гарын үсэг зурсан бол шинжилгээгээр хоёр өөр хүн гарын үсэг зурсан юм шиг дүгнэлт гарах боломжгүй.

Тодруулбал захирал Э.Пүрэвжаргалын өөрийнх нь гарын үсгийн тайлалтай, өөрийнх нь гарын үсэг мөн байх боломжтой гарын үсэг нь шинжилгээгээр Э.Пүрэвжаргалын гарын үсэг биш гэж гарсан, харин гарын үсгийн тайлалгүй хэн зурсан нь тодорхойгүй АК-03/046, АК-03/049, АК-03/058 дугаартай Автомашин хүлээлцэх актууд дээр зурагдсан гарын үсгүүд захирал Э.Пүрэвжаргалын гарын үсгийн загвартай тохирсон гэсэн дүгнэлт гарсан нь дээрх баримтууд дээр салбарын захирал гарын үсэг зурсан гэж үзэх боломжгүй болж байна.

Нэхэмжлэгч байгууллагын захирал нь 2016 онд нэг өөр гарын үсэг зурж байсан, одоо нэг өөр гарын үсэг зурдаг болсон гэдгийг нотолсон зүйл байхгүй, нөгөөтэйгүүр шинжилгээнд хэрэглэсэн албан бичгүүд болон, Автомашин хүлээлцэх актууд дээр захирал Э.Пүрэвжаргал гарын үсэг зурсан л бол өөр өөр хүн гарын үсэг зурсан юм шиг дүгнэлт гарах боломжгүй юм.

Тиймээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 103206800 дугаартай Зээлийн гэрээ, 103206800 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнд салбарын захиралыг төлөөлж захирал Э.Пүрэвжаргал гарын үсэг гэж үзэх боломжгүй байх тул уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэжээ. Өөрөөр хэлбэл тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцэл гэж үзлээ.

Учир нь хариуцагч нь уг хэлцлийг хийх хүсэл сонирхол байгаагүй, нэхэмжлэгч байгууллагын эдийн засагч *******ын гуйлтаар А.Ууганбаатарын өмнөөс *******тай зээлийн болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдаж, А.Ууганбаатар 6041 ОРА улсын дугаартай Honda CR-V тээврийн хэрэгслийг 2017-01-19-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2017-01-20-ны өдөр *******ын нэр дээр шилжүүлээд мөн өдөртөө *******-ын нэр дээр шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.-д Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн, мөн Зээлийн үйл ажиллагааны журмын 5.5, 6.3. дахь заалтуудыг зөрчиж гэрээ байгуулжээ.

Тодруулбал уг зээлийг олгохдоо эрх бүхий этгээдийн шийдвэргүй, зээлийн хорооны шийдвэргүй байх ба нэхэмжлэгч тал үүнийгээ шуурхай зээлээр олгосон гэдэг. Шуурхай зээлийн журам гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Тиймээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 103206800 дугаартай Зээлийн гэрээ, 103206800 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэв.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д Энэ хуулийн 56.1.-д заасан талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэжээ.

Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцож, хариуцагч *******аас 3,0 сая төгрөг гаргуулан *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 103206800 дугаартай Зээлийн гэрээг хүчингүйд тооцож, үндсэн нэхэмжлэлээс 103206800 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 412 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 62 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 77 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5.-д заасныг тус баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцож, хариуцагч *******аас 3,0 сая төгрөг гаргуулан *******-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 4 591 400 төгрөгийг, мөн үндсэн нэхэмжлэлээс 103206800 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 103206800 дугаартай Зээлийн гэрээг хүчингүйд тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 412 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 62 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 77 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА