Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2018/00125

 

  “Б” ХХК-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00645 дугаар шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.А-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Т.Х, хариуцагч Х.А, орчуулагч А.Еркегүл  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг гаргуулах тухай. 

Нэхэмжлэлд: “Х.А нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Б” ХХК-иас Nissan bluberd маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 сарын хугацаатай хүүтэй 3,000,000 төгрөгийн зээл авч 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төлж өгөхөөр тохиролцон бичгээр гэрээ хийсэн. 2017 оны 7 дугаар сард нийт 2,300,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл мөнгийг одоо хүртэл төлж өгөхгүй элдэв шалтаг зааж хохироож байна. Эвлэрлийн журмаар шийдвэрлэхээс татгалзсан тул зээлийн мөнгө 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг төлүүлж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Хариуцагч миний бие 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Б” ХХК-иас Nissan bluberd маркийн машиныг барьцаалж 3 сая төгрөгийн зээлийг 1 сарын хугацаагаар 10 хувийн хүүтэй буюу 300,000 төгрөгийн хүүтэйгээр авсан. Үүнээс зээлийн гэрээний хугацаанд 2,300,000 төгрөг төлж өгсөн ба үлдэх 1,000,000 төгрөгийг Өлгий хотын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Музейн барилгын урьд талын зогсоолд тааралдаж “Б” ХХК-ны захирал Т.Х-ийн гарт нь өгсөн. X.А миний бие зээл болон хүүгийн хамт 3,300,000 төгрөгийг гэрээний хугацаанд бүрэн төлж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Үндсэн зээл болон хүүг гэрээний хугацаанд төлсөн тул барьцаат зээлийн гэрээний 3 дугаар заалтын дагуу 0.5 хувийн алданги төлөх учиргүй болно. Нэхэмжлэгч 2,300,000 төгрөгийн үндсэн зээлийг хугацаанд авсныг хүлээн зөвшөөрч байхад дахин үндсэн зээл 1,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан. Гэтэл зээлдэгч Т.Х нь 2,300,000 төгрөг авсныг хүлээн зөвшөөрч байхад дахин нийт 3,000,000 сая төгрөгийн 50 хувийн хэмжээнд анз нэхэмжилж байгаа нь буруу. Иймд “Б” ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00645 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х.А-ээс зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг гаргуулан “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн гомдолд: “Хариуцагч X.А миний бие “Б” ХХК-ны захирал Т.Хтэй 2017 оны 4 дүгээр сарын 19-ээс 2017 оны 5 дугаар сарын 19-ний хооронд 30 хоногийн хугацаагаар 3.000.000 (гурван сая) төгрөгийг 10% -ийн хүүтэй зээлж, зээлийн хугацаанд 3.300.000 (гурван сая гурван зуун мянга) төгрөг төлж өгөхөөр бичгийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Х.А миний бие зээлийн үндсэн төлбөр (хүүгийн хамт) 2.300.000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг зээл авснаас хойш 10 хоногийн дараа гэрээний хугацаанаас өмнө 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр төлж өгсөн. Энэ үед гэрээний зүйлээс 1,000,000 (нэг сая) төгрөг дутуу төлөгдсөнийг 2017 оны 5 дугаар сарын 19-ээс өмнө буюу зээлийн хугацаа дуусахаас өмнө зээлдэгч Т.Х-ий өөрт нь Өлгий хотын төв гудамж, Монгол банкны байрны урьд талын машины зогсоолд гардуулан өгч тооцоо дууссан болно.

Гэтэл анхан шатны шүүх Х.А надаар төлүүлэх шийдвэр гаргасныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хуралдаанд хариуцагч Х.А намайг биечлэн оролцуулж, нэхэмжлэгчтэй мэтгэлцэх, нотлох баримт гаргах эрхийг эдлүүлээгүй шүүх шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Тухайлбал: Шүүх хуралдаан болсон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Х.А миний бие аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд түүнээс өмнө хариуцагч Х.А би эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа баримтыг шүүхэд өгч, эмчлэгдэж гарах хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж гарсан. Намайг эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад шүүхийн зарлага (бичиг хүргэгч) Р.А очиж, шүүх хуралдааны товд гарын үсэг зуруулахдаа эмнэлэгт байгааг харсан ба би эмчлэгдэж байна, шүүх хуралдааныг хойшлуулсан гэдгийг хэлэхэд бичиг хүргэгч Р.А нь “Нэхэмжлэгч Х хот явсан байна. Шүүх хурал хойшлох болж байна. Та зүгээр гарын үсэг зур таны урьд гаргасан хүсэлт, өмнөх эмнэлгийн бичгээр хойшлуулна” гэж намайг төөрөгдүүлж гарын үсэг зуруулсан. Би дахин хүсэлт гаргах гэтэл, таны эмнэлгийн бичиг шүүхэд байгаа тул шаардлага байхгүй гэсэн хариу өгсөн болно. Шүүх хуралдаанд хариуцагч Х.А би заавал биеэр оролцож, мэтгэлцэх тухайгаа урьд шүүхэд хүсэлт болгож өгсөн. Шүүх хуралдаан болох талаар, шүүхийн туслах, шүүх хуралдааны нарийн бичиг нар урьдчилан утсаар мэдэгдээгүй, миний санал хүсэлтийг дахин лавлаж асуухгүйгээр шийдвэрлэсэн нь миний хуульд заасан эрхийг эдлүүлээгүй. 

Миний бие эмнэлгээс гарч шүүхийн шийдвэрийг гардуулсны дараа шүүх хуралдаанд намайг яагаад оруулаагүйг лавлахад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С нь: “Шүүхийн туслах Т нь танд утсаар мэдэгдэх шаардлагагүй гээд утсаар хэлүүлээгүй” гэж хэлсэн, шүүхийн бичиг хүргэгч Р.А-д бас тэгж хэлсэн байна.

Зээлийн гэрээний 12 дугаар зүйлд “зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд барьцааны зүйлийг (манай тохиолдолд авто машиныг) үл маргах журмаар худалдаж гэрээний биелэлтийг хангуулах эрхтэй байсан билээ. Зээлдэгч Х нь зээл 1,000,000 (нэг сая) төгрөг аваагүй бол барьцаанд өгсөн машиныг яагаад үл маргах журмаар аваагүй вэ. Энэ эрхийг хэрэгжүүлээгүй явдал нь зээлдэгч Т.Х нь зээлийг бүрэн авсныг баталж байна. Зээлдэгч Т.Х нь зээл дутуу төлөгдсөн, алданги ногдуулах үндэслэл байвал урьдчилж надад гомдлын шаардлага гаргах байсан. “Б” ХХК-г барьцаалан зээлдэх (Ломбард) биш учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан “анз” авах эрхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан “зээлийн гэрээ”-нд зөвхөн “хүү нэхэмжлэхээр тогтоосон болохоос “анз” төлүүлэх, “алданги” оногдуулах зохицуулалт байхгүй гэдгийг анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасныг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

           

Нэхэмжлэгч “Б” ХХК болон хариуцагч Х.А нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.-т зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ. Тус гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 3,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээнд заасан 1 сарын хугацаанд зээлдэгч нь тохирсон  10 хувийн хүүгийн хамт төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Дээрх гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон ба гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдэгч 2,300,000 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогджээ. Харин зээлдэгч буюу хариуцагч зээлийн гэрээний хугацаанд зээлийг бүрэн төлсөн бөгөөд үлдсэн 1,000,000 төгрөгийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн гарт нь өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтаар нотолж чадаагүй тул зээлийг бүрэн төлж дууссан гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “алданги 500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ. Талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд  төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцсон, энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтад нийцсэн учраас нэхэмжлэгчийн дээрх шаардлага үндэслэлтэй.

 

Гэрээний хугацаа дуусгавар болсон 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 438 хоног байх бөгөөд төлөгдөөгүй үнийн дүн болох 1,000,000 төгрөгийн 0,5 хувийг 438 хоногоор үржүүлэн тооцоход 2,190,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар алдангийн нийт дүн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хариуцагчаас алдангид 500,000 (1,000,000/2) төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол нотлох баримтад тулгуурлаагүй буюу үндэслэлгүй байна. Хариуцагч давж заалдах гомдолдоо “үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө буюу зээлийн хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч Т.Х-д өөрт нь Өлгий хотын төв гудамж, Монгол банкны байрны урд талын машины зогсоолд гардуулан өгч тооцоо дууссан” гэж тайлбарлах боловч ийм үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд намайг оролцуулаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэжээ. Анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товтой хариуцагч Х.А танилцаж гарын үсэг зурсан /хавтаст хэргийн 22 дугаар тал/ байх бөгөөд түүний хүсэлтээр шүүх хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж, товыг 2018 оны  9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Х.Ад танилцуулж гарын үсэг зуруулсан /хавтаст хэргийн 32 дугаар тал/  байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэв. Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

Д.КӨБЕШ