Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00940

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00645 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 212/МА2018/00125 дүгээр магадлалтай,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Х.А-эд холбогдох,

Зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөг, алданги 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Х.А-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.А- нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б ХХК-иас 10-45 БӨА улсын дугаартай Nissan bluberd маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 сарын хугацаатай хүүтэй 3,000,000 төгрөгийн зээл авч 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төлж өгөхөөр тохиролцон бичгээр гэрээ хийсэн. 2017 оны 7 дугаар сард нийт 2,300,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл мөнгийг одоо хүртэл төлж өгөөгүй. Эвлэрлийн журмаар шийдвэрлэхээс татгалзсан тул зээлийн мөнгө 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б ХХК-иас Nissan bluberd маркийн машиныг барьцаалж 3 сая төгрөгийн зээлийг 1 сарын хугацаагаар 10 хувийн хүүтэй буюу 300,000 төгрөгийн хүүтэйгээр авсан. Үүнээс зээлийн гэрээний хугацаанд 2,300,000 төгрөг төлж өгсөн ба үлдэх 1,000,000 төгрөгийг Б ХХК-ны захирал Т.Худайбергений гарт нь өгсөн. X.Асет миний бие зээл болон хүүгийн хамт 3,300,000 төгрөгийг гэрээний хугацаанд бүрэн төлж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Үндсэн зээл болон хүүг гэрээний хугацаанд төлсөн тул барьцаат зээлийн гэрээний 3 дугаар заалтын дагуу 0.5 хувийн алданги төлөх учиргүй болно. Нэхэмжлэгч 2,300,000 төгрөгийн үндсэн зээлийг хугацаанд авсныг хүлээн зөвшөөрч байхад дахин үндсэн зээл 1,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Гэтэл зээлдэгч Т.Худайберген нь 2,300,000 төгрөг авсныг хүлээн зөвшөөрч байхад дахин нийт 3,000,000 сая төгрөгийн 50 хувийн хэмжээнд анз нэхэмжилж байгаа нь буруу. Иймд Б ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00645 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х.А-ээс зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг гаргуулан Б ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.А-ээс 38.950 төгрөгийг гаргуулан Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 212/МА2018/00125 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8-р багт оршин суух "Шыбарайгыр” овогт Хапезийн Асет миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.01 -ний өдрийн 130/ШШ2018/00645 тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.27 -ны өдрийн 212/МА2018/00125 тоот магадлалыг эс зөвшөөрч, “хяналтын журмаар гомдол” гаргаж байна.

Иргэний хуулийн 282 -р зүйлийн 282.1-д: “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан юм. Хуулийн энэхүү зохицуулалтаар “зээлийн гэрээнд алданги төлүүлэх” тухай заалт байхгүй байхад Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.01-ний өдрийн 130/ШШ2018/00645 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018.11.27-ны өдрийн 212/МА2018/00125 тоот магадлалаар тус тус Иргэний хуулийн 232 -р зүйлийн 232.4, 232.6 -д зааснаар “алданги” төлүүлж байгаа нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн явдал гэж үзэж гомдол гаргаж байна. Би үндсэн зээлийн үлдэгдэл болох 1.000.000 (нэг сая) төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд Өлгий хотын 5-р багийн нутаг, Монгол банкны урьд байгаа машины зогсоолд зээлдүүлэгч Т. Худайбергений өөрийн гарт бэлэн өгсөн юм. Тухайн үед түүнд итгэл өгч, гарын баримт аваагүй байгаа юм. Хэрэв Т.Худайберген нь 2017 оны 05 -р сард “зээлийг бүрэн аваагүй” бол тухайн үед зээлийг нэхэмжлэх, гомдлын шаардлага гаргах байсан юм. Т.Худайбергентэй байгуулсан зээлийн гэрээнд 10% -ийн хүү тогтоосон болхоос бус Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.1-д заасан “анз” төлөх эрх зүйн үндэслэл байхгүй болно.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.01-ний өдрийн 130/ШШ2018/00645 тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.27-ны өдрийн 212/МА2018/00125 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, Т.Худайбергений нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг хариуцагч Х.А- эс зөвшөөрч, “...зээлийг бүрэн төлсөн” гэсэн тайлбар гаргажээ.

Зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 3.000.000 төгрөгийг 1 сарын хугацаагаар, 10 хувийн хүүтэй зээлэх, хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирчээ /хэргийн 4 дүгээр тал/.

Талууд хүү, алданги тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3., 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагад нийцсэн ба гэрээнд заасан мөнгийг хүлээн авснаа хариуцагч үгүйсгээгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрт 3.300.000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...2.300.000 төгрөгийг төлж, үлдэх 1.000.000 төгрөгийг төлөөгүй тул алданги 500.000 төгрөгийн хамт гаргуулна” гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1., 211.2.-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх ба үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцдог.

Зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн захирал Т.Худайбергенд өгсөн талаарх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба зээлийн төлбөрийг бүрэн төлсөн гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангахдаа хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.3-д заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00645 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 212/МА2018/00125 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Х.А-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ