Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2022/00224

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 02 16 142/ШШ2022/00224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-5-48 тоотод оршин суух Монгол овгийн Дамбадаржаагийн Уламбаатар /регистрийн дугаар ФМ60020512/-ийн нэхэмжлэлтэй, /Утас: 99351781/,

Хариуцагч:*******-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 41 033 177 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Маркетинг чанарын албанд чанарын мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020.07.02-ны өдөр ажлаас хууль бусаар халагдсан ба Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн 118 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2021.06.17 ны өдрийн 001/ХТ2021/00732 тоот тогтоолоор ажилд эгүүлэн тогтоогдсон. Ингээд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2021.10.26 ны өдрийн Б/1469 тоот тушаалаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Маркетинг чанарын албанд чанарын мэргэжилтнээр эгүүлэн ажилд тогтоосон. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.26- ны өдрийн 118 тоот магадлалаар ажилгүй байсан хугацааны цалинг 2020.07.02-ноос 2020.10.26 хүртэлх хугацааны буюу 3 сар 18 хоногийн цалин 9.511.639 төгрөгийг тогтоон олгохоор шийдвэрлэсэн. Иймд ажилд эгүүлэн тогтоолгосон тушаал гарах хүртэл хугацааны цалин хөлс болох 2020.10.26-наас 2021.10.26-ны хугацааны цалин хөлс 29 031 648 төгрөг, энэ хугацаанд нэмэгдэл бүх ажилчдын цалин 2 удаа буюу 2020 оны 7 сар болон 2021.07 сард 10 хувь нэмсэн /3 701 529 төгрөг/, урамшуулал /энэ хугацаанд бүх ажилчдын цалин 2 удаа буюу 2020 оны 8 сард 1 500 000 төгрөг болон 2021.07 сард 100 000 төгрөг урамшуулал/ 2 500 000 төгрөг, 13 дахь цалин 1 500 000 төгрөг, 2020 оны ээлжийн амралтын мөнгө 4 300 000 төгрөг нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 41 033 177 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч *******аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нийт 41 033 177 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. ******* нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехэд Маркетинг, чанарын албанд чанарын мэргэжилтнээр ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/918 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01127 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч гомдол гаргаснаар Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сар 18 хоногийн цалин 9 511 639 төгрөгийг түүнд олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/00732 тоот тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсний дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 10 дугаар сарын 26-ны Б/1469 тоот тушаалаар *******ыг ажилд нь эгүүлэн тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-д Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан. Мөн журмын 1.5-д Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан. Нэхэмжлэгч *******ын хөдөлмөрийн гэрээ цуцлахаас өмнөх сүүлийн 3 сарын цалин болох 2020 оны 04, 05, 06 дугаар сарын цалин хөлснөөс хоолны хөнгөлөлтүүдийг хасаж тооцоход 2020 оны 04 дүгээр сард 2 377 600 төгрөг, 05 дугаар сард 2 179 009 төгрөг, 06 дугаар сард 2 241 282 төгрөг буюу 3 сарын дундаж цалин хөлс 2 265 963 төгрөг байх тул нэхэмжлэгчид 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоосон 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн олговор болох 27 191 556 төгрөгийг олгох үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэлийн бусад шаардлага болох нэмэгдэл 3 701 529 төгрөг, урамшуулал 2 500 000 төгрөг, 13 дахь сарын цалин 1 500 000 төгрөг, 2020 оны ээлжийн амралтын олговор 4 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэмэгдэл 3 701 529 төгрөгийн хууль зүйн үндэслэл болон санхүүгийн тооцоо тодорхойгүй байх бөгөөд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/243 дугаар тушаалаар ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэхэд нэхэмжлэгч *******ын үндсэн цалин нэмэгдсэн болох нь түүний цалингийн хуудсаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шаардсан нэмэгдэл гэх 3 701 529 төгрөгийг олгох үндэслэлгүй байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Цалин хөлсний тухай журамд үйлдвэрийн газрын болон тухайн бүтцийн нэгжийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамт олон, ажилтны оруулж буй хувь нэмэр, ажлын гүйцэтгэл, үр дүн, идэвх зүтгэлийг бодитоор үнэлж, ажилтнуудыг идэвхжүүлэх зорилгоор сар бүрийн ажлын үр дүнгийн урамшуулал, жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь 2020, 2021 онд үйлдвэрийн газарт биечлэн ажил, үүрэг гүйцэтгээгүй, түүний ажлын үр дүнг үнэлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан урамшуулал болон 13 дахь сарын цалинг нөхөн олгох үндэслэлгүй байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолоор 2021 онд төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй, аливаа зардал гаргахгүй, хэмнэлт хийхийг даалгаснаар тус үйлдвэрийн газар нь 2021 онд энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2 500 000 төгрөгийн шагнал, урамшуулал олгогдоогүй байна. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ 2020 оны ээлжийн амралтын олговор 4 300 000 төгрөг олгуулахаар шаардсан байна. Ээлжийн амралт нь ажилтны тухайн жилд ажилласан хугацаанд олгогддог бөгөөд ээлжийн амралтын олговрыг тухайн амралтыг биеэр эдэлж байх хугацаанд ажилтанд олгохоор Хөдөлмөрийн тухай хуульд заасан тул ажилтны 2020 оны ээлжийн амралтыг нөхөн олгож, энэ хугацааны олговрыг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор дээр нэмж гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Ажилтанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох хуулийн зохицуулалт нь ажил олгогчийн шийдвэрийн улмаас ажилгүй байсан ажилтанд түүний урьд авч байсан цалин хөлс болох үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг хамруулан сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджийг ажилгүй байсан хугацаагаар нь тооцоолон зохих олговрыг нөхөн олгох зорилготой тул энэхүү олговор дээр ажилтны ажлын үр дүнгээс хамаарч байдаг урамшуулал, 13 дахь сарын цалин болон ажиллаагүй хугацааны ээлжийн амралтын олговор зэргийг нөхөн олгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан урамшуулал 2 500 000 төгрөг, нэмэгдэл 3 701 529 төгрөг, 13 дахь сарын цалин 1 500 000 төгрөг, 2020 оны ээлжийн амралтын олговор 4 300 000 төгрөгийн хууль зүйн үндэслэл болон санхүүгийн тооцоо тодорхойгүй байх тул эдгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү хариу тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эвлэрэн хэлэлцэх саналыг хариуцагчид хүргүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Нэхэмжлэгчээс: №0340767 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-4/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/1469 дугаартай тушаалын хуулбар /хх-5/, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаартай Магадлалын хуулбар /хх-6-8/, Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг 732 дугаартай Тогтоолын хуулбар /хх-9-11/, зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: *******ын 2020 оны 04,05,06 дугаар сарын цалингийн хуудас /хх-27-29/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/243 дугаар тушаалын хуулбар /хх-30-33/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н цалин хөлсний тухай журам болон Ажлын үр дүнг үнэлэх, урамшуулах аргачлал /хх-34-45/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын хүсэлтээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н Ерөнхий захирлын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/1469 дугаар тушаалын хуулбар /хх-55/, 2019 оны 10 дугаар сарын цалингийн хуудас /хх-62/, 2020 оны 07 сарын цалингийн хуудас /хх-58/, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/330 дугаартай ерөнхий захирлын тушаал /хх-59/ 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хамтын гэрээ /хх-63-75/ зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 41 033 177 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс 27 191 556 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгээс нь татгалзсан. Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Маркетинг чанарын албанд чанарын мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020.07.02-ны өдөр ажлаас хууль бусаар халагдаж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон. Ингээд 2021.10.26-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Маркетинг чанарын албанд чанарын мэргэжилтнээр ажилдаа орсон. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн 118 тоот магадлалаар ажилгүй байсан 2020.07.02-ноос 2020.10.26 хүртэлх хугацаа 3 сар 18 хоногийн цалинг 9 511 639 төгрөг олгосон. Иймд ажилд эгүүлэн тогтоолгосон тушаал гарах хүртэл хугацааны цалин 2020.10.26-наас 2021.10.26-ны хугацааны цалин хөлс 29 031 648 төгрөг, энэ хугацаанд бүх ажилчдын цалин 2 удаа буюу 2020 оны 7 сар болон 2021.07 сард 10 хувь нэмсэн /3 701 529 төгрөг/, урамшуулал /энэ хугацаанд бүх ажилчдын цалин 2 удаа буюу 2020 оны 8 сард 1 500 000 төгрөг болон 2021.07 сард 100 000 төгрөг урамшуулал/ 2 500 000 төгрөг, 13 дахь цалин 1 500 000 төгрөг, 2020 оны ээлжийн амралтын мөнгө 4 300 000 төгрөг нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 41 033 177 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...Нэхэмжлэгч *******ын хөдөлмөрийн гэрээ цуцлахаас өмнөх сүүлийн 3 сар буюу 2020 оны 04, 05, 06 дугаар сарын цалин хөлснөөс хоолны хөнгөлөлтүүдийг хасахад 2020 оны 04 дүгээр сард 2 377 600 төгрөг, 05 дугаар сард 2 179 009 төгрөг, 06 дугаар сард 2 241 282 төгрөг буюу 3 сарын дундаж цалин хөлс 2 265 963 төгрөг байх тул нөхөн олговор болох 27 191 556 төгрөгийг олгох үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ...нэмэгдэл 3 701 529 төгрөгийн хууль зүйн үндэслэл болон санхүүгийн тооцоо тодорхойгүй байх бөгөөд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/243 дугаар тушаалаар ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэхэд *******ын цалин нэмэгдсэн нь тогтоогдсон, ...******* нь 2020, 2021 онд үйлдвэрийн газарт биечлэн ажил, үүрэг гүйцэтгээгүй, түүний ажлын үр дүнг үнэлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан урамшуулал болон 13 дахь сарын цалинг нөхөн олгох үндэслэлгүй, ...тус үйлдвэрийн газар нь 2021 онд шагнал, урамшуулал олгоогүй, ...ээлжийн амралтын олговрыг тухайн амралтыг биеэр эдэлж байх хугацаанд ажилтанд олгохоор Хөдөлмөрийн тухай хуульд заасан тул ажилтны 2020 оны ээлжийн амралтыг нөхөн олгож, энэ хугацааны олговрыг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор дээр нэмж гаргуулах хууль зүйн үндэслэлгүй... гэжээ.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/918 дугаартай тушаалаар *******ыг өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулахаар шүүхэд хандсаныг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өөрчилж, *******ын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 9 511 639 төгрөг гаргуулан олгож... шийдвэрлэжээ.

Харин Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/00732 дугаартай тогтоолоор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаартай магадлалыг хэвээр үлдээсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Энэ талаар талууд маргадаггүй.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь *******ыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б/1469 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн авсан байх ба нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг жилийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, цалин хөлсөө авч чадаагүй болох нь талуудын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ, мөн хуулийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагчийн төлөөлөгч нөхөх олговрыг тооцохдоо хоолны мөнгийг хасаж тооцно гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд өмнө нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр *******ын дундаж цалин хөлсийг тогтоон түүнд нөхөх олговор олгосон байх тул шүүх дундаж цалин хөлсийг дахин нотлохгүй.

*******ын ажилгүй байсан 3 сар 18 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговрыг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 9 511 639 төгрөг гэж тогтоосон байгаагаас тооцож үзэхэд нэг өдрийн цалин 115 995 төгрөг, сарын цалин 2 493 892 төгрөг гэж тооцогдохоор байна. Иймд ажилгүй байсан хугацааны /2020-10-26-наас 2021-10-26-ны хүртэл/ цалинтай тэнцэх нэг жилийн хугацааны нөхөх олговор 29 926 704 төгрөг болж байгаа ч нэхэмжлэгч энэ хугацааны олговорт 29 031 648 төгрөг нэхэмжилсэн тул энэ хэмжээгээр гаргуулах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч ээлжийн амралтын мөнгө 4 300 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тухайн жилд ажиллаагүй... гэдэг үндэслэлээр татгалзсан тайлбар гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно гэжээ.

Ажилтан ******* нь ажил олгогчийн үндэслэлгүй тушаалын дагуу ажил хөдөлмөрөө эрхэлж чадаагүй болох нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байх тул түүний ээлжийн амралтын мөнгийг олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ээлжийн амралтын цалингаа яаж тооцоолсон нь тодорхойгүй байх ба 2018-2019 онд ээлжийн амралт 34 хоногийн мөнгө 3 177 734 төгрөг гарснаас НДШ, ОАТ суутган гар дээр 2 500 000 төгрөг олгосон нь нотлогдож байх тул энэ хэмжээгээр ээлжийн амралтын мөнгийг гаргуулж, нэхэмжлэлээс нийт 31 531 648 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч ажилгүй байх хугацаанд бүх ажилчдын цалин хоёр удаа нэмэгдсэн гэж /2020 оны 7 сар, 2021 оны 07 сард нэмсэн/ 3 701 529 төгрөг, мөн урамшуулал хоёр удаа өгсөн гэж /энэ хугацаанд бүх ажилчдын цалин 2 удаа буюу 2020 оны 8 сард 1 500 000 төгрөг, 2021 оны 7 сард 100 000 төгрөгийг урамшуулал өгсөн/ 2 500 000 төгрөг, 13 дахь сарын цалин 1 500 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх нэмэгдлүүдтэй холбоотой тушаал шийдвэрүүд хэрэгт ирээгүй бөгөөд хэзээний ямар тушаал шийдвэрүүдээр цалин хөлс нэмэгдсэн, урамшуулал олгосон гэдэг нь нотлогдоогүй, харин 2020 оны 7 дугаар сарын цалин дээр урамшуулал 500 000 төгрөг орсон болох нь цалингийн хуудсаар нотлогдсон, мөн 13 дахь сарын цалин 1 500 000 төгрөг гэснийг яаж тооцоолсон, яагаад ийм хэмжээтэй гарсан зэрэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлээс нийт 9 501 259 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлээс 31 531 648 төгрөгийн хэсгийг хангаж, үлдэх 9 501 529 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с улсын тэмдэгтийн хураамжаар 315 608 гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 31 531 648 төгрөг гаргуулан *******т олгож, нэхэмжлэлээс 9 501 529 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 116 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с улсын тэмдэгтийн хураамжаар 315 608 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА