Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2022/00196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.М /регистрийн дугаар /, /Утас: /

 

Нэхэмжлэгч:Б.Б/регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.М //-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 36 515 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Д.итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.м/цахимаар/

Хариуцагч Х.м

Хариуцагчийн өмгөөлөгч Д.о

Иргэдийн төлөөлөгч С.ш

Гэрч П.б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОЙРХОЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.м, Д.бнар нь Х.мт холбогдуулан гэм хорын хохиролд 36 515 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2017 оны 01 дүгээр сарын 19-ний орой 18 цаг 30 минутын орчим П.бнь Булган аймгийн Рашаант сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Пуужинбат хөшөө гэх газарт Х.мын эзэмшлийн DAEWOO маркийн 94-25 оро улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа З.Х.Д-ийн 11.7-д заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч миний өмчлөлийн Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 35 772 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Итгэл Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд үнэлгээний ажлын хөлс 736 000 төгрөг зарцуулсан. Баримтуудыг нотариатоор гэрчлүүлэхэд 7 000 төгрөг зарцуулсан. Иймд Х.маас нийт 36 515 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Х.м шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...Би энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь П.бнь техникийн эвдрэлийн улмаас гэнэт зайлшгүй зогсолт хийгээд байж байхад араас нь маш хурдтай нэг машин ирж манай машиныг мөргөөд тэр эрчээрээ эсрэг урсгалаар явж байсан LEXUS 570 маркийн машинтай мөргөлдсөн юм. П.бнь замаа чөлөөлөлгүй зогссон гэж буруутаад 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд араас мөргөсөн машинд сууж явсан хүмүүсийн 3 нь нас барж, тэдний оршуулгын зардал болон машины хохирлыг П.ббид хоёроор төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн. Харин энэ нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүс тухайн үедээ шинжээч томилуулж дүгнэлт гаргуулаагүй тул шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Өөрсдөө ч анхан шатны шүүх хуралдаанд ирж байгаагүй юм. Иймд тухайн үед Цагдаагийн байгууллагаар шинжээч томилуулж, машины эвдрэлийг тодорхойлуулаагүй, мөн би энэ хүний машинд эвдрэл учруулагүй, бас манай машиныг мөргөөд эсрэг урсгалд орсон тэр машины эзэмшигч хариуцах байх гэж бодож байна... гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд: 570 машины эвдрэл нь гайгүй гарсан байх гэж бодож байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

4. Нэхэмжлэгчээс: И.М ХХКийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-4-7/, 12-96 УНҮ улсын дугаартай автомашин тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.мгийн гадаад паспортын хуулбар /хх-8/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-9/, гэрч байцаасан тэмдэглэл /хх-10-11/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-12/, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-14/, зээлийн гэрээ /хх-15-16/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-17-30/, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 495 дугаартай тогтоол /хх-30-48/, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх-49-51/, Номин даатгалын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /хх-238/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Орхон аймгийн Авто тээврийн төвийн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн лавлагаа, өмнөх өмчлөгчийн мэдээлэл, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Х К ХХК-ийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Голомт банк ХХК, Хас банк ХХК, Богд банк ХХК, Төрийн банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК, Хаан банк ХХК-иас ирсэн Х.мын данс эзэмшдэг эсэх лавлагаа /хх-87-92, 95, 96/, Орхно аймгийн Авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-93-94/, Орхон аймгийн Улсын бүргэлийн хэлтсийн лавлагаа /хх-97-99/ зэрэг нотлох баримтын шүүх бүрдүүлсэн байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: 201706000034 дугаартай хэргээс Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчээр М.с, П.б, Х.м нарыг байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, сэжигтнээр Х.м, П.б, Ш.энарыг дахин байцаасан тэмдэглэл, хохирогчоор П.бнарыг байцаасан тэмдэглэл, зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, зээлийн гэрээ, яллагдагчаар П.быг байцаасан тэмдэглэл, Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 114 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл /хх-158-236/ зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.м, Д.бнар нь хариуцагч Х.мт холбогдуулан гэм хорын хохиролд 36 515 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлээс 23 150 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 13 365 000 төгрөгийн нэхэмжлэлийг, мөн нэхэмжлэгч Б.мгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...2017 оны 01 дүгээр сарын 19-ний орой 18 цаг 30 минутын орчим П.бнь Булган аймгийн Рашаант сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Пуужинтай хөшөө гэх газарт Х.мын эзэмшлийн DAEWOO маркийн 94-25 оро улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа З.Х.Д-ийн 11.7-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч миний өмчлөлийн Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 35 772 000 төгрөгийн хохирол учирсан. Итгэл Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд үнэлгээний ажлын хөлс 736 000 төгрөг, баримтуудыг нотариатоор гэрчлүүлэхэд 7 000 төгрөг зарцуулсан тул Х.маас нийт 36 515 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь П.бнь техникийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийгээд байж байхад араас нь маш хурдтай нэг машин ирж манай машиныг мөргөөд тэр эрчээрээ эсрэг урсгалаар явж байсан LEXUS 570 маркийн машинтай мөргөлдсөн. ...би энэ хүний машинд эвдрэл учруулаагүй, бас манай машиныг мөргөөд эсрэг урсгалд орсон тэр машины эзэмшигч хариуцах байх гэж бодож байна... гэжээ.

5. П.бнь Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Пуужинтай хөшөө гэх газарт 2017 оны 01 дүгээр сарын 19-ний оройн 18 цаг 30 минутын орчимд Х.мын эзэмшлийн Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тоормосны хийн даралтын гуурс нь салж асфальтан зам дээр зайлшгүй зогсолт хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслийг замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс бүрэн гаргалгүй зогссоны улмаас зам дээр зорчиж явсан жолооч Н.Баасанжаргал араас нь мөргөж, улмаар замын эсрэг урсгал руу орж Т.сгийн жолоодож явсан Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсний улмаас А.Гансүхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.Идэр, Н.Баасанжаргал, М.Гантулга нарын амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон байна.

6. Дээрх гэмт хэрэгт П.быг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, мөн 3 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.4., 505 дугаар зүйлийн 505.1., 508 дугаар зүйлийн 508.1.-д зааснаар шүүгдэгч П.б, иргэний хариуцагч Х.м нараас хувь тэнцүүлэн хохирол гаргуулж хохирогч нарт олгож, ...иргэний нэхэмжлэгч Д.Батболд... нар нь учирсан хохиролоо нотлох баримтаа хангалттай бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэснийг,

7. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад: Daewoo загварын 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилснийг хохиролд тооцон олгож, Toyota Estima загварын 47-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэнд нь буцаан олгосугай гэснийг Daewoo загварын 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Toyota Estima загварын 47-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Д.Батжаргалд буцаан олгож, Тогтоох хэсгийн 9 дэх заалтад ...17 190 969 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаярт... гэснийг ...15 040 969 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаярт... гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг,

8. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019-10-14-ний өдрийн тогтоолоор дээрхи шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

10. Дээрх гэмт хэрэгт П.бнь гэм буруутай болохыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019-02-01-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-05-07-ны өдрийн 2019/ДШМ/423 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019-10-14-ний өдрийн 495 дугаартай тогтоолоор тогтоосон байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

11. Тиймээс гэм буруугийн асуудлыг шүүх дахин нотлохгүй юм.

12. Иргэний хуулийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмй хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.4.-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

13. П.бнь Х.мын эзэмшлийн Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан, хариуцагч Х.м нь жолоогоо сайн дураар П.бт шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул хариуцагч буюу Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Х.м нь бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.

14. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа И Э ХХК-ийн үнэлгээнд үндэслэн хохирол төлбөрт 35 772 000 төгрөг, үнэлгээ гаргуулахад ажлын хөлсөнд төлсөн 736 000 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөг, нийт 36 515 000 төгрөг нэхэмжилсэн.

15. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарынн 29-ны өдрийн 44 дугаартай магадлалд: Хэрэгт авагдсан И Э ХХК-ийн шинжээчийнн дүгнэлт, ЛХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т заасан шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

16. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж Х К ХХК-иар хохиролын үнэлгээг гаргуулсан.

17. Хариуцагч тал: ЛХХК нь Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 5 483 750 төгрөгөөр үнэлсэн. Бид ЛХХК-ийн үнэлгээний 50 хувиар тооцож хохирлыг төлөх саналтай байна... гэсэн.

18. Хэдийгээр ЛХХК, И Э ХХК-иуд нь шүүхээс томилогдсон шинжээч биш ч ЛХХК нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоолд үндэслэн, харин И Э ХХК нь захиалагч Д.Батболдын хүсэлтэд үндэслэн тус тус үнэлгээ гаргасан нь тогтоогдож байна.

19. Шүүх хохирлыг тооцохдоо шүүхээс томилогдсон Х К ХХК-ийн хохирлын үнэлгээг ЛХХК, И Э ХХК-иудын дүгнэлтэд бичигдсэн тухайн тээврийн хэрэгслийн /Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд/ ямар эд анги эвдэрснийг харьцуулан үзсэн болно. Өөрөөр хэлбэл ЛХХК нь Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөрдөгчийн тогтоолоор хохирлын үнэлгээг гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт гаргасан бол, И Э ХХК нь Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргахдаа тухайн тээврийн хэрэгсэлд ямар ямар эд анги эвдэрсэн болохыг үзэж харж дүгнэлт гаргасан байна.

20. Тиймээс дээрх гурван шинжээчийн дүгнэлтэд эвдэрсэн гэж тодорхойлогдсон /давхцсан/ машины эд ангиудын хохирлыг Х К ХХК-ийн үнэлгээгээр гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Үүнд: урд буфер 850 000 төгрөг, урд хоёр их гэрэл 760 000 төгрөг, моторын хамгаалалт 350 000 төгрөг, копуд 2 200 000 төгрөг, радиатор 1 800 000 төгрөг, урд салхины шил 1 500 000 төгрөг, зүүн толь дохио 200 000 төгрөг, зүүн баруун урд хоёр крило нийт 700 000 төгрөг, урд камер 1 450 000 төгрөг, лого 200 000 төгрөг, зүүн талын хаалганы никель 400 000 төгрөг, урд нүүр 1 200 000 төгрөг, нэмэлт гэрэл 400 000 төгрөг, урд гэрэл цэвэрлэгч 900 000 төгрөг, зай мэдрэгч 1,0 сая төгрөг, доод элгэвч хамгаалалт 600 000 төгрөг нийт 23 150 000 төгрөгийг хариуцагч Х.маас гаргуулан нэхэмжлэгч Д.болгож нэхэмжлэлээс үлдэх 13 365 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

21. Орхон аймгийн автотээврийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар осол гарах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Д.ббайсан нь тогтоогдсон.

22. Тодруулбал Д.б шүүхэд ...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.м нь өөрийн өмчлөлийн хөрөнгө болох 12-96 УНҮ улсын дугаартай Lexus 570 маркийн автомашинаа фидуцийн гэрээний дагуу барьцаалан надаас 25 000 000 төгрөгийг зээлж авч улмаар эргүүлэн төлж 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгчийн аав болох Д.Батболдын нэр дээр шилжүүлэн авсан. 2016 оны 06 дугаар сарын 15-нд Д.бнь дээрхи автомашинаа фидуцийн гэрээний дагуу барьцаалан зээл авч зээлийн төлбөрөө барагдуулан автомашинаа 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буцаан шилжүүлэн авсан. Тухайн автомашин нь миний өмчлөлийн эд хөрөнгө биш тул өмчлөлийн маргаан байхгүй болно. Тиймээс тухайн автомашины өмчлөгч нь Д.бмөн гэсэн тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн байна.

23. Д.Бн автомашины өмчлөгчийг тодорхойлсон үйл баримт нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, Орхон аймгийн автотээврийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар тус тус нотлогдсон.

24. Иймд нэхэмжлэгч Д.Батболдыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэж, харин тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Б.м биш тул нэхэмжлэгч Б.мгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

25. Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 525 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 273 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

26. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагчийн өмгөөлөгчийн саналыг дэмжсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.4., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Х.маас 23 150 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 365 000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч Б.мгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 525 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 273 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.болгосугай.

 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ