Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2022/00320

 

 

 

 

 

 

 

 

 

2022.03.03 142/ШЗ2022/01326

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Шатахуун зээлээр худалдан авсны үлдэгдэл төлбөр 16 631 559 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г нь *******оос шатахуун зээлээр авсны үлдэгдэл төлбөр 16 631 559 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станц ажиллуулдаг болно. Тус сумын нутаг дэвсгэрт хувиараа уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 19 931 559 төгрөгийн шатахуун, тос материал 14 хоногийн хугацаанд эргүүлэн төлнө хэмээн хэлж барьцаагүй зээлээр худалдан авсан болно. ******* нь зээлээр худалдан авсан шатахууны төлбөр тооцоог төлөхгүй байсаар 2019 оны 2 дугаар сараас утсаа салгаж, сураггүй алга болсон. Ингээд 8 сар орчмын дараа буюу 2019 оны 10 дугаар сард миний бие Даланжаргалан сумын цагдаад гомдол гаргасны дагуу цагдаа *******ыг утсаар дуудаж ирүүлсэн. Энэ үед ******* нь төлбөр тооцоог хүү алдангийн хамт 1 сарын хугацаанд барагдуулна хэмээн хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулах хэлцэл бичгээр үйлдсэн. Гэвч энэхүү Төлбөр барагдуулах хэлцлийг байгуулснаас хойш 2 жил гаруйн хугацаа өнгөрөхөд ******* нь 2021 оны 7 дугаар сард 3 300 000 төгрөг төлж, үлдэгдэл 16 631 559 төгрөгийг төлж барагдуулахгүй мөн л утсаа салгаж, сураггүй алга болоод байна. Иймд *******оос зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийн үлдэгдэл болох 16 631 559 төгрөгийг гаргуулан өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г-ийн нэхэмжилсэн 16 631 559 төгрөгөөс 9 987 706 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөгийг түлшний үлдэгдэл тооцоон дээр 12 287 706 төгрөгийн түлш нэмж авсан. Уг түлшийг, , нарын хамт хувааж төлөх тохиролцоотой авч байсан. Өөрт оногдох 3 300 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлд бичсэнчлэн 19 931 559 төгрөгийн шатахуун бол аваагүй юм. 2019 он 11 дүгээр сард Даланжаргалан сумын цагдаад гомдол гаргасан байсан. Би очиж уулзсан. Өмгөөлөгч мөн дахин утасдахад нь ярьсан. Ингээд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж шийдүүлэх эрх байгаа биз дээ. Хэрэг үүсгээгүй байхад яагаад утасдаад ирэхийг шаардаад төлбөр төл гээд шаардаад байгаа юм бэ гэсэн. Цагдаа өмгөөлөгчөөс миний хаягийг асуусан байсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 03-нд Орхон аймгийн СДИХАШШ-д нэхэмжлэл гаргасан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 9 987 706 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5813 дугаартай шүүгчийн захирамж /хх-5-6/, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл /хх-7-8/, шатахуун олгосон жагсаалт /хх-9-15/, Г-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-17/, Г-ийн дүрэм /хх-18-19/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г нь *******од холбогдуулан шатахуун зээлээр худалдан авсны үлдэгдэл төлбөр 16 631 559 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 9 987 706 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгээс нь татгалзсан.

3. Шүүх Г-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 12 472 509 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 4 159 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 19 931 559 төгрөгийн шатахуун, тослох материалыг 14 хоногийн хугацаанд эргүүлэн төлнө хэмээн хэлж барьцаагүй зээлээр худалдан авсан. ...2021 оны 7 дугаар сард 3 300 000 төгрөг төлж, үлдэгдэл 16 631 559 төгрөгийг төлөхгүй, утсаа салгаж алга болсон тул үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү... гэж шаардах эрхээ тодорхойлсон.

5. Хариуцагч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан. Үүнд: ...би 2018 оны 5 сараас хойш Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт жонш олборлож эхлээд эдний Г-с хамт ажилладаг хүмүүстэйгээ түлш авдаг байсан. 2018 оны 12 дугаар сард тооцоо хийж 1,0 сая төгрөгийг үлдэгдэлтэй болж, түүнээс хойш 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 12 287 700 төгрөгийн түлш авсан. Энэ түлшийг, Ж., Д. бид дөрөв хамт авсан., Ж., Д. нар нь өөрсдөө гарын үсгээ зурсан. Би өөрт ногдох 3 300 000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 9 987 706 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, энэ төлбөрийг, Ж., Д. нар төлөх ёстой... гэсэн.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019-11-01-ний өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл, шатахуун олгосон жагсаалт, төлбөр тооцоо барагдуулах тухай нэхэмжлэгч компанийн албан бичиг, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдсон.

7. Хариуцагч ******* нь Г-ийн захирал *******тай ярьж шатахуун, тослох материал зээлээр худалдан авахаар тохиролцож, авч байсан байх ба 2018 оны 12 дугаар сард ******* нь төлбөр тооцоогоо хийгээд 1,0 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн. Үүн дээр 2019 оны 01 дүгээр сарыг дуустал дахин шатахуун, тослох материал зээлээр худалдан авсан, мөн ******* нь 2021 оны 7 дугаар сард 3 300 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэдэг дээр талууд маргахгүй байна.

8. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

9. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

10. Зохигчид төлөх үнийн дүн дээрээ маргаантай байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ хүү, алдангийн хамт 19 931 559 төгрөг төлнө гэж төлбөр барагдуулах хэлцэл дээр тохирсон гэдэг.

11. Харин хариуцагч нь нийт 13 287 700 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдэг.

12. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

13. Талууд хүү болон алданги авах талаар харилцан тохиролцож бичгийн гэрээ байгуулаагүй байх тул хүү алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

14. Зохигчийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр харилцан тохиролцож Төлбөр барагдуулах хэлцэл хийсэн байх ба уг хэлцэлд: ...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бичиг баримтаар 15 772 507 төгрөгийн тооцоо үүссэн ба хүү алдангийн хамт 19 931 559 төгрөг болсон тухай харилцан зөвшөөрөн энэхүү хэлцлийг байгуулав... гэжээ.

15. Дээрх төлбөр барагдуулах хэлцэлд талууд төлбөрийг 15 772 507 төгрөг гэж харилцан зөвшөөрсөн байх тул энэ үнийн дүнгээс хариуцагч *******ын төлсөн 3 300 000 төгрөгийг хасаж тооцон хариуцагчаас 12 472 509 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

16. Нэхэмжлэгч тал: ...анх *******ын гуйсны дагуу шатахууныг зээлээр олгохоор харилцан тохиролцсон. Бусад хүмүүсийг бид танихгүй, ******* өөрөө манай машинууд байгаа юм, ийм ийм дугаартай, ийм машинууд шатахуун авна гэж хэлж тэр дагуу нь бид шатахуунаа өгч байсан. Төлбөр тооцоогоо ч ******* өөрөө хийдэг байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй, маргаж мэтгэлцээгүй.

17. Мөн хариуцагч тал ...Төлбөр тооцоо барагдуулах тухай албан бичигт: ...13 287 706 төгрөгийн шатахуун зээлээр авсан гэж... бичсэн гэж мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******: ...******* нь та нэг ийм бичиг хийгээд өгөөч, би, Ж., нарт үзүүлэх гэсэн юм гэж л тэгж бичүүлж авсан гэснийг хариуцагч мөн үгүйсгэж, няцаагаагүй. Энэ бичгийг, Ж., нарт үзүүлсэн тухай хариуцагч тайлбарласан.

18. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас 12 472 509 гаргуулан нэхэмжлэгч Г-д олгож, нэхэмжлэлээс 4 159 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

19. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжаар 214 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г-д олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 12 472 509 төгрөг гаргуулан Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 159 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 108 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжаар 214 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г-д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА