Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2022/00060

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2022/00060

 

 

 

 

Говь Оюу Уул ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******од холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2022/00320 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь Оюу Уул ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******од холбогдох,

Шатахуун зээлээр худалдан авсны үлдэгдэл төлбөр 16.631.559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Жаргалсайханы гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь Оюу Уул ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Говь Оюу Уул ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станц ажиллуулдаг болно. Тус сумын нутаг дэвсгэрт хувиараа уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн Мөнхбат овогтой Гэрэлт-Од (РД:ГЙ87011815) нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 19.931.559 төгрөгийн шатахуун, тос материал 14 хоногийн хугацаанд эргүүлэн төлнө хэмээн хэлж барьцаагүй зээлээр худалдан авсан болно. ******* нь зээлээр худалдан авсан шатахууны төлбөр тооцоог төлөхгүй байсаар 2019 оны 2 дугаар сараас утсаа салгаж, сураггүй алга болсон. Ингээд 8 сар орчмын дараа буюу 2019 оны 10 дугаар сард миний бие Даланжаргалан сумын цагдаад гомдол гаргасны дагуу цагдаа *******ыг утсаар дуудаж ирүүлсэн. Энэ үед ******* нь төлбөр тооцоог хүү алдангийн хамт 1 сарын хугацаанд барагдуулна хэмээн хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулах хэлцэл бичгээр үйлдсэн. Гэвч энэхүү Төлбөр барагдуулах хэлцлийг байгуулснаас хойш 2 жил гаруйн хугацаа өнгөрөхөд ******* нь 2021 оны 7 дугаар сард 3.300.000 төгрөг төлж, үлдэгдэл 16.631.559 төгрөгийг төлж барагдуулахгүй мөн л утсаа салгаж, сураггүй алга болоод байна. Иймд *******оос зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийн үлдэгдэл болох 16.631.559 төгрөгийг гаргуулан өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Говь Оюу Уул ХХК-ийн нэхэмжилсэн 16.631.559 төгрөгөөс 9.987.706 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийг түлшний үлдэгдэл тооцоон дээр 12.287.706 төгрөгийн түлш нэмж авсан. Уг түлшийг Т.Алтансүх, Алтанбагана, Алтансүх нарын хамт хувааж төлөх тохиролцоотой авч байсан. Өөрт оногдох 3.300.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлд бичсэнчлэн 19.931.559 төгрөгийн шатахуун бол аваагүй юм. 2019 он 11 дүгээр сард Даланжаргалан сумын цагдаад гомдол гаргасан байсан. Би очиж уулзсан. Өмгөөлөгч мөн дахин утасдахад нь ярьсан. Ингээд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж шийдүүлэх эрх байгаа биз дээ. Хэрэг үүсгээгүй байхад яагаад утасдаад ирэхийг шаардаад төлбөр төл гээд шаардаад байгаа юм бэ гэсэн. Цагдаа өмгөөлөгчөөс миний хаягийг асуусан байсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 03-нд Орхон аймгийн СДИХАШШ-д нэхэмжлэл гаргасан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 9.987.706 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2022/00320 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 12.472.509 төгрөг гаргуулан Говь Оюу Уул ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.159.050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.108 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжаар 214.510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Говь Оюу Уул ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Жаргалсайхан шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүх Шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 12, 13 дахь хэсэгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ. Талууд хүү болон алданги авах талаар харилцан тохиролцож бичгийн гэрээ байгуулаагүй байх тул хүү алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй... хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 4.159.050 (дөрвөн сая нэг зуун тавин есөн мянга тавин) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлох эрх зүйн харилдааг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Манай компани болон иргэн *******ын хооронд 2018 оны 12 дугаар сараас, 2019 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд нийтдээ 15,772,502 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууныг зээлээр худалдах, худалдан авах харилцаа үүссэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний төрөлд хамаарч байгаа. Үүний дараа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж үндсэн төлбөр 15.772.502 төгрөг байсан бөгөөд уг төлбөрийн алдангид тооцон 4.159.052 төгрөг төлөх зохицуулалт бүхий Төлбөр барагдуулах хэлцэл-ийг бичгээр үйлдэж, уг хэлцлээ нотариатаар гэрчлүүлсэн. Тус гэрээнд 7.500.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны дотор, 8.272.507 төгрөгийг 11 дүгээр сарын 30-ны дотор төлсөн тохиолдолд, алданги авахгүй байхаар хэлцлийн 1 дэх заалтад, энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алдангийн хамт нийт 19.931.559 төгрөгийг төлөхөөр хэлцлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан. Энэ хугацаанд 3.300.000 төгрөг төлж. үлдэгдэл төлбөрийг огт төлөөгүй тул 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах хэлцэл-ийн үүргийн гүйцэтгэлийг шаардаж нийт 16.631.559 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байхад шүүх энэ гэрээнээс өмнө хийгдсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардсан мэтээр манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг буруугаар тайлбарлан нэхэмжлэлээс 4.159.050 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь ногоо тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэж заасанд нийцээгүй. Хариуцагч ******* нь уг Төлбөр барагдуулах хэлцлийг баталгаажуулан гарын үсгээ зурсан, уг хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Иймд уг хэлцлийн дагуу хариуцагч тал нь харилцан тохиролцсон төлбөрийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2022/00320 дугаар Шийдвэрт хэрэгсэхгүй шийдвэрлэсэн 4.159.050 (дөрвөн сая нэг зуун тавин есөн мянга тавин) төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Говь Оюу уул ХХК нь хариуцагч *******оос шатахуун зээлээр худалдан авсны үлдэгдэл төлбөр 16.631.559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөхийг зөвшөөрч заримыг төлөхгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Говь Оюу уул ХХК-ийн шатахуун түгээх станцаас хариуцагч ******* нь тус аймгийн нутаг дэвсгэрт хувиараа уул уурхайн үйл ажиллагаа явуулж байхдаа 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 19.931.559 төгрөгийн шатахуун зээлээр худалдан авсан. Шатахууны төлбөр тооцоог төлөхгүй утсаа авахгүй салгаж сураггүй алга болсныг 2019 оны 10 дугаар сард Даланжаргалан сумын цагдаад гомдол гаргаж дуудан ирүүлснээр төлбөр тооцоогоо 1 сарын хугацаанд хүү, алдангийн хамт төлж барагдуулах тухай зөвшөөрч хэлцэл бичгээр хийсэн. 2021 оны 07 дугаар сард 3.300.000 төгрөг төлж үлдэгдэл 16.631.559 төгрөгийг төлөөгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч ******* нь 16.631.559 төгрөгөөс 9.987.706 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийн үлдэгдэл дээр 12.287.706 төгрөгийн түлш нэмж зээлээр авсан. Энэ түлшийг Т.Алтансүх, Алтанбагана, Алтансүх нарын жолооч нартай хувааж төлөх тохиролцоотой. 3.300.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлд дурдсан 19.931.559 төгрөгийн шатахуун аваагүй гэсэн тайлбар тус тус гаргаж мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч Говь Оюу Уул ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ компанийн захирал Р.Жаргалсайхан, хариуцагч ******* нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн төлбөр барагдуулах хэлцэл гэх баримтад үндэслэн тодорхойлжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч Говь Оюу Уул ХХК-ийн захирал Р.Жаргалсайхантай шатахуун зээлээр худалдан авахаар амаар тохиролцож, шатахуунаа авч байсан, 2018 оны 12 дугаар сарын тооцоогоор 1.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, түүн дээр нэмж 12.287.700 төгрөгийн шатахуун авсан. Төлбөр барагдуулах хэлцэл хийснээс хойш 3.300.000 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ, 263.4.-т Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1.-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 263.1.-д заасан бичгийн хэлбэрээр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийн шаардсанаар хүү, алданги тооцох боломжгүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хүү, алданги нэхэмжлэгчийн төлсөн 3.300.000 төгрөгийг хасч хариуцагч *******оос 12.472.509 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Зохигчдын хооронд байгуулагдсан үндсэн гэрээ болох зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул дараа нь өр төлбөрөө тооцон дүгнэж хийсэн төлбөр барагдуулах хэлцэл гэсэн баримтыг үндэслэн хүү, алданги тооцох боломжгүй юм. Ийм учраас хариуцагч *******оос шатахуун зээлээр худалдан авсан үндсэн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хуульд нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2022/00320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Р.Жаргалсайханы гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Жаргалсайханы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.495 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ