Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2018/00126

 

    “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот

үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00665 дугаар шийдвэртэй, “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /цаашид “ОНӨААТҮГ” гэх/-ын нэхэмжлэлтэй, М.Н-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч У.С, түүний өмгөөлөгч Х.Тилеугавыл, хариуцагч М.Н  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: М.Н-ийг халуун усны байрнаас албадан нүүлгэж, түрээсийн төлбөр 1,370,000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: ““Х’’ ОНӨААТҮГ нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн М.Н-тэй харилцан тохиролцож нийтийн халуун усны барилгыг суурилагдсан тоног төхөөрөмж, газрын хамт түрээслэх эрхийн харилцаа үүсгэж нэг жилийн хугацаатай түрээсэлж, тухайн үед түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 4 1, 4.4-т заасныг түрээслэгч М.Н нь  зөрчиж, халуун усны байрны түрээсийн төлбөрийг төлөөгүй тул уг албан тушаалд шинээр томилогдсон У.С миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаснаар тус аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 212\МА2017\00147 тоот шүүхийн магадлалаар хариуцагч М.Н сайн дурын үндсэн дээр шүүхийн тогтоосон 4.270.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж дуусгана гэж эвлэрлийн гэрээ байгуулсан боловч одоо хүртэл төлөгдөөгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албадан гүйцэтгэх шатанд явж байна. Түрээслүүлэгч М.Н нь шүүхийн шийдвэрийн дараах төлбөр болох 2017 оны 9, 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн үлдэгдэл 200.000 төгрөг, 2018 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сар хүртэлх 9 сарын түрээсийн төлбөр 1,170,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, түрээсийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй манай байгууллагад их хэмжээний хохирол учруулж байна.

Түрээслүүлэгч байгууллагын хувьд түрээслэгчид төлбөрөө төлөх талаар 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр №21 албан тоотоор, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр №24 албан тоотоор удаа дараа бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч түрээслэгч нь уг шаардлагыг биелүүлэхгүй байна.Түрээслэгч М.Н нь түрээсийн гэрээний 5.1-т “түрээсийн төлбөрөө 3 удаа нэг сараас илүү хугацаагаар хожимдуулсан тохиолдолд түрээсийн гэрээгээ цуцлах’’-аар гэрээндээ тодорхой зааж хоёр тал гарын үсэг зурж уг гэрээг нотариатаар баталгаажуулсан болно. Түрээслүүлэгчийн талаас төлбөрөө төлөх, түрээсийн гэрээг дуусгавар болох талаар түрээслэгч М.Н-д 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр №24 албан тоотоор мэдэгдсэн боловч энэ хооронд түрээслэгч М.Н нь ямар нэгэн хариу ирүүлээгүй тул түрээсийн гэрээг хүчингүй болгож өөр хүнтэй гэрээ байгуулсан.

М.Н нь бидний ажилд саад учруулж нийтийн халуун усны барилга, суурилагдсан тоног төхөөрөмж, газрыг сайн дураар хүлээлгэж өгөхгүй байгаа тул М.Н-ийг уг байрнаас албадан нүүлгэж, төлөгдөөгүй байгаа 4 сарын үлдэгдэл 200,000 төгрөг, 2018 оны 9 сарын түрээсийн төлбөр 1.170.000 төгрөг, нийт 1.370.000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “2017 оны 9,10,11,12 дугаар саруудын түрээсийн үлдэгдэл 200.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сар хүртэлх 9 сарын түрээсийн төлбөр 1.170.000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн албадан нүүлгэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний хариуцан ажиллаж байгаа халуун усны газрыг менежментийн гэрээгээр ажиллуулах асуудал Баян-Өлгий аймгийн ИХТ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр хуралдаанаар хэлэлцэгдээд мөн өдрийн 48 дугаар тогтоолоор Өлгий сумын 1 дүгээр багийн “М” халуун усны газрыг М.Н надад менежментийн гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дээрх тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд түүнийг хүчингүй болгосон, өөрчилсөн өөр ямар нэгэн тогтоол, шийдвэр гараагүй. Нэгэнт тухайн халуун усны газрыг миний бие дээрх тогтоолын дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа учир намайг албадан нүүлгэх үндэслэлгүй. Мөн албадан нүүлгэх асуудлаар нэхэмжлэгч 2017 онд шүүхэд хандаж байсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 212/МА2017/00147 дугаар магадлалаар ...“Алданги 741.000 төгрөг гаргуулах, хариуцагч М.Н-ийг нийтийн халуун усны барилгаас албадан нүүлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус магадлалын 4 дэх заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг баримтлан зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсан. Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн түрээстэй холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00665 дугаар шийдвэрээр:

“1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын түрээсийн төлбөр 1,370,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Н нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Өлгий сумын 01 дүгээр багт байрлах нийтийн халуун усны барилгыг хариуцагч М.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн гомдолд: “Хариуцагч М.Н нь нийтийн халуун усны газрыг 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” 48 дугаар тогтоолын хавсралтаар Өлгий сумын 01 дүгээр багт байрлах “М” нэртэй халуун усны газрыг М.Н-тэй 3 жилийн хугацаагаар, менежментийн гэрээ байгуулан ажиллахыг аймгийн Орон нутгийн өмчийн алба, “Х” ОНӨААТҮГ-т зөвшөөрсөн байх ба өнөөдөр хүртэл уг тогтоол хэрэгжээгүй, хариуцагчтай менежментийн гэрээ байгуулаагүйд М.Н-ийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ гэснийг эс зөвшөөрч байна. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлд 58.1, 58.2, 58.3, 58.4-т заасныг зөрчсөн байна. Энэ хуулийн 58 дугаар зүйлийн 3-д “Менежментийн гэрээг төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр хуульд өөрөөр заагаагүй бол 3 хүртэл жилийн хугацаагаар бичгээр байгуулна” гэж хариуцагч М.Н-д ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай" 48 дугаар тогтоолын дагуу зөвшөөрсөн ч түрээсийн гэрээтэй ажиллаж байгаа.“Х” ОНӨААТҮГ-тай түрээсийн гэрээний талаарх үүссэн өр авлагыг бүрэн барагдуулж дуусгаж чадаагүй байна. Хариуцагч М.Н нь төсөл сонгон шалгаруулалтад оролцож, 3 жилийн хугацаагаар менежментийн гэрээг бичгээр хийж байгаагүй гэдгийг удаа дараагийн шүүх хуралдааны явцад тодорхой тайлбарласан. Энэ нь тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга А.Д-ны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №194 дугаартай албан тоот, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 \277 дугаартай албан тоотуудаар тогтоогдож байна. 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр М.Н-тэй байгуулсан түрээсийн гэрээ нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа нь дээрх нотлох баримтуудаар батлагдаж байна. Иймд “Х” ОНӨААТҮГ нь Өлгий сумын 01 дүгээр багт байрлах “М" нэртэй халуун усны газрын жинхэнэ өмчлөгч мөн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “өмчлөгч хөрөнгө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”. Мөн хуулийн 106.2, 106.3-т заасан зохицуулалтын хүрээнд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нэхэмжлэл, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Түрээслэгч, хариуцагч М.Н нь тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №212\МА2017\00147 тоот шүүхийн магадлалаар 4.270.000 төгрөг, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130\ШШ2018\00665 шийдвэрээр 1,370,000 төгрөг нийт 5,640,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. “Х" ОНӨААТҮГ нь тухайн түрээснээс олсон санхүүжилтээс бусад алба хаагч нарыг цалинжуулах байсан боловч түрээсийн төлбөр төлөгдөөгүйн улмаас цалин хөлс тавьж чадахгүй байдалд хүрч, манай байгууллага их хэмжээний өр авлагад орсон. Энэ талаар хавтаст хэрэгт хангалттай нотлох баримтууд авагдсан боловч нотлох баримтыг дутуу үнэлсэн байна.

Иймд гэрээний үүргээ зөрчсөн байдлыг харгалзан үзэж албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130\ШШ2018\00665 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвтгөн өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь: 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Х” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ОНӨААТҮГ гэх/ нь хариуцагч М.Н-д холбогдуулан түрээсийн төлбөр 1,370,000 төгрөг гаргуулах, тус газрын эзэмшлийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах нийтийн халуун усны барилгыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч үндэслэлээ “2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн М.Н-тэй түрээсийн гэрээ байгуулж, Өлгий сумын 1 дүгээр багт байрлах, тус газрын эзэмшлийн нийтийн халуун усны газрыг тоног төхөөрөмж, газрын хамт түрээслүүлсэн бөгөөд түрээслэгч нь сар бүр түрээсийн төлбөрийг төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон боловч нэг ч удаа түрээсийн төлбөр төлж байгаагүй тул миний бие шүүхэд хандаж, давж заалдах шатны шүүх дээр эвлэрсэн боловч одоог хүртэл түрээсийн төлбөрийг барагдуулалгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлж байгаа. Түүнээс хойш дахин түрээсийн төлбөрөө төлөхгүй байх тул М.Н-ийг уг халуун усны байрнаас албадан нүүлгэж, түрээсийн төлбөрийг гаргуулан өгнө үү” гэж тайлбарлан, хариуцагч “нэхэмжлэлийн шаардлагын түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, Баян-Өлгий аймгийн ИХТ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр хуралдаанаар хэлэлцэгдээд мөн өдрийн 48 дугаар тогтоолоор Өлгий сумын 1 дүгээр багийн “М” халуун усны газрыг М.Н надад менежментийн гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Мөн албадан нүүлгэх асуудлаар нэхэмжлэгч 2017 онд шүүхэд хандаж байсан бөгөөд бид давж заалдах шатны шүүх дээр эвлэрч, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул энэ шаардлага нь үндэслэлгүй” гэж маргажээ.

Түрээслүүлэгч “Х” ОНӨААТҮГ болон түрээслэгч М.Н нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-т зааснаар нийтийн халуун усны газрыг тоног төхөөрөмж, барилга, газрын хамт аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслэгчид ашиглуулахаар түрээсийн гэрээ байгуулагджээ. Түрээслэгч түрээсийн төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түрээслүүлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2.-т зааснаар түрээслэгчээс хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг болон мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6.-д зааснаар алдангийг тус тус шаардах эрхтэй бөгөөд түрээслэгч М.Н нь түрээсийн төлбөртэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Талууд 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад түрээслэгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн эзэмшиж, ашигласаар байсныг түрээслүүлэгч татгалзаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар, тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзэх тул хариуцагч нь халуун усны газрыг ашигласан хугацааны түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч М.Н нь тус халуун усны газрыг 2014 оноос хойш хууль ёсоор эзэмшиж байсан бөгөөд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” 48 дугаар тогтоолын хавсралтаар Өлгий сумын 1 дүгээр багт байрлах “М” нэртэй халуун усны газрыг эзэмшигч М.Н-тай 3 жилийн хугацаагаар, менежментийн гэрээ байгуулан ажиллахыг аймгийн Орон нутгийн өмчийн алба, “Х” ОНӨААТҮГ-т зөвшөөрсөн байна. Иймд М.Нийг 2016 оноос хойш 3 жилийн хугацаагаар тус халуун усны газрыг хууль ёсоор эзэмшиж үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд гэж үзнэ. Нэхэмжлэгч “Х” ОНӨААТҮГ нь М.Н-тэй менежментийн гэрээ байгуулаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд гэрээний үүргээ зөрчсөн байдлыг харгалзан үзэж, М.Нийг халуун усны байрнаас албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00665 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                        Д.КӨБЕШ