Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 665

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, “Х-” Орон нутгийн өмчит тооцоот үйлдвэрлэлийн газар /захирал С/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суух, Нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С, түүний өмгөөлөгч Т, хариуцагч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Н-ийг халуун усны байрнаас албадан нүүлгэж, түрээсийн төлбөр 1370000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Хи Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Х-” Орон нутгийн өмчит тооцоот үйлдвэрлэлийн газрын захирал С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Нийн ажиллуулж байгаа “М” халуун усны газар нь “Х-и” орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /цаашид ОНӨААТҮГ/-ын харьяа халуун усны газар байгаа. “М” халуун усны газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлалтай. Тус халуун усны газар нь анх орон нутаг хөгжүүлэх сангийн мөнгөөр баригдсан бөгөөд анх Өлгий сумын 1 дүгээр багийн оршин суугч болох Нд нэг жилийн хугацаагаар түрээслүүлсэн. Түрээсийн гэрээний 3.4-т “түрээслэгч, түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түрээслэн авсан хөрөнгийн /барилга байгууламж, ажлын байр/ гадна болон дотоод төлөвлөлтөд өөрчлөлт оруулах, зуухны пийшинд янз бүрийн хог хаягдал, машины дугуй шатаахыг, барилгад өргөтгөл, шинэтгэл хийхийг хориглоно" гэх заалт, 4.1, 4.4-т “түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 130000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг сар бүрийн 28-ны дотор Төрийн банкан дахь дансанд шилжүүлэх"-ээр заасан ба 4.5-д “төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутам 0.5%-аар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлөх”-өөр үүрэг хүлээж гэрээг байгуулсан. Гэвч хариуцагч Н түрээсэлж аваад манай байгууллагад их хэмжээний өр үүсгээд түрээсийн төлбөрөө төлөхгүй ирсэн. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бид нар давж заалдах шатны шүүхэд эвлэрээд Н манай байгууллагын түүнээс нэхэмжилсэн мөнгийг төлж өгч, цаашид бид нартай хамтран ажиллаж сар болгон түрээсийн төлбөрийг төлж байхаар тохиролцсон. Гэвч Н тухайн мөнгийг төлөөгүй. Бид нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд 4270000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж өгнө гэсэн боловч төлж өгөөгүй учир бид нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Түрээслүүлэгч байгууллагын хувьд түрээслэгчид төлбөрөө төлөх талаар 2218 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр №21 албан тоотоор, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр №24 албан тоотоор удаа дараа бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч түрээслэгч нь уг шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг нэхэмжилж шүүхэд хандсан. Мөн цаашид хариуцагч Нтэй хамтран ажиллах боломжгүй болсон учир түүнийг тус газраас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Өлгий сумын Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаад Нтэй байгуулсан гэрээг цуцалж, өөр хүнтэй гэрээ байгуулахаар болсон. Гэрээ цуцалсан шалтгаан нь гэвэл, Нтэй байгуулсан түрээсийн гэрээнд түрээслүүлэгч 3 сараас дээш хугацаанд төлбөрөө төлөөгүй бол түрээслүүлэгч байгууллага гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан. Мөн түрээслүүлэгч Н нь тус халуун усны газарт дур мэдэн өргөтөл хийж авсан. Өргөтөл хийхийн тулд холбогдох байгууллагаас буюу ямар нэгэн зөвшөөрөл авалгүй хийсэн. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл олгосон талаар ямар нэгэн эрх зүйн актгүйгээр өргөтөл хийсэн байгаа. Түрээсийн гэрээний 5.1-д ямар нэгэн өргөтөл хийх, халуун усны барилгын бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглосон боловч Н дур мэдэн өргөтөл хийсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар бид нар эвлэрээд Н төлөх ёстой мөнгө тодорхой хугацаанд төлж өгөхөөр болсон боловч энэ үүргээ биелүүлээгүй. Нтэй байгуулсан түрээсийн гэрээний төлбөр хугацаанд нь төлөгдөхгүй байна. Түүнчлэн дур мэдэн өргөтгөл хийсэн. Иймд хариуцагч Нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 1170000 төгрөг, 2017 оны үлдэгдэл түрээсийн төлбөр болох 2017 оны 9, 10, 11, 12 дугаар сарын төлбөр 200000 төгрөг, нийт 1370000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Нийг тус халуун усны газраас албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Н шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын надаас нэхэмжилж байгаа 2017 оны 9, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 200000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 1170000 төгрөг, нийт 1370000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлэгч нь бид нартай албан ёсоор гэрээ байгуулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэлийн  хоёр дахь шаардлага болох тус халуун усны газраас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг халуун усны газрыг менежментийн гэрээгээр ажиллуулах асуудлыг Баян-Өлгий аймгийн ИХТ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр хуралдаанаар хэлэлцэгдээд мөн өдрийн 48 дугаар тогтоолоор Өлгий сумын 1 дүгээр багийн “М” халуун усны газрыг Н надад менежментийн гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дээрх тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд түүнийг хүчингүй болгосон, өөрчилсөн өөр ямар нэгэн тогтоол, шийдвэр гараагүй. Нэгэнт тухайн халуун усны газрыг миний бие дээрх тогтоолын дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа учир намайг албадан нүүлгэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн албадан нүүлгэх асуудлаар нэхэмжлэгч 2017 онд шүүхэд хандаж байсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 212/МА2017/00147 дугаар магадлалаар ...“Алданги 741000 төгрөг гаргуулах, хариуцагч Нийг нийтийн халуун усны барилгаас албадан нүүлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус магадлалын 4 дэх заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг баримтлан зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг” дурдсан. Ийм учраас нэхэмжлэгч намайг албадан нүүлгэх талаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд “Хи” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тайлбарлахдаа намайг дур мэдэн өргөтгөл хийсэн гэж байна. Би тухайн үед албан ёсоор зөвшөөрөл авч, менежментийг сайжруулах үүднээс нэмж өргөтгөл барьсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Хи Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь тус шүүхэд хариуцагч Нд холбогдуулан Өлгий сумын 01 дүгээр багт байрлах (М нэртэй) нийтийн халуун усны барилгыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 2017 оны 09-12 дугаар сарын буюу 4 сарын мөн 2018 оны 01-09 дүгээр сар дуусталх 9 сарын түрээсийн төлбөр нийт 1370000 (200000+1170000) төгрөг гаргуулахыг хүссэн тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр хариуцагч Н нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох   түрээсийн төлбөр 1370000 төгрөгийг төлж өгөхөөр болж, зөвшөөрснөө илэрхийлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх эрхтэй тул хариуцагч Н-ийн нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр болох 1370000 төгрөгийг төлж өгөхөөр болж зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нийтийн халуу усны газрыг хариуцагч Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагын тухайд:

-Нэхэмжлэгч Хи Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь хариуцагч Нд холбогдуулан нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэж, 39 сарын түрээсийн төлбөр 4940000 төгрөг, алданги 741000 төгрөг, нийт 5681000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 632 дугаартай шийдвэрээр Нээс түрээсийн төлбөр, алдангийн хамт нийт 1670000 /сая зургаан зуун далан мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хи орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3341000 /гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож мөн 2 дахь заалтаар  хариуцагч Нийг Өлгий сумын 1 дүгээр багт байрлалтай нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хи орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байжээ.

Уг нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдлыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд 212/МА2017/00147 дугаартай магадлалаар “Түрээслэгч Н нь 4940000 төгрөгөөс өмнө төлсөн 670000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 4270000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 31-ний хүртэл төлж дуусгана.” гэсэн эвлэрлийн гэрээг, нэхэмжлэгч нь “алданги 741000 төгрөг гаргуулах, хариуцагч Нийг нийтийн халуун усны барилгаас албадан нүүлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Хи Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар урьд нь хариуцагч Нд холбогдуулан гаргасан нийтийн халуун усны барилгаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дурны үндсэн дээр татгалзаж, талууд эвлэрснийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2017/00147 дугаартай магадлалаар баталсан ба уг магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй болно гэснийг нэхэмжлэгч зөрчсөн байна.

Мөн нөгөөтээгүүр хариуцагч Н нь уг нийтийн халуун усны газрыг 2014 оны 6 дугаар сараас хойш хууль ёсоор эзэмшиж байсан ба 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” 48 дугаар тогтоолын хавсралтаар Өлгий сумын 1 дүгээр багт байрлах “М” нэртэй халуун усны газрыг Нтэй 3 жилийн хугацаагаар, менежментийн гэрээ байгуулан ажиллахыг аймгийн Орон нутгийн өмчийн алба, “Хи” ОНӨААТҮГ-т зөвшөөрсөн байх ба өнөөдөр хүртэл уг тогтоол нь хэрэгжээгүй, хариуцагчтай менежментийн гэрээ байгуулаагүйд Нийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Хи” ОНӨААТҮГазрын Өлгий сумын 01 дугаар багт байрлах (М нэртэй) нийтийн халуун усны барилгыг хариуцагч Нийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох түрээсийн төлбөр 1370000 төгрөгийг хариуцагч Н төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллагын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107070 (36870+70200) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 36870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хи Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын түрээсийн төлбөр 1370000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Н нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Өлгий сумын 01 дүгээр багт байрлах нийтийн халуун усны барилгыг хариуцагч Нийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Хи орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107070 (36870+70200) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Нээс улсын тэмдэгтийн хураамжид  36870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хи орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.ЖАРХЫНГҮЛ