Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1410

 

                  

 

 

 

  2020        11             5                                               2020/ДШМ/1410                               

Б.Аод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Г.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/880 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Б.Аын гаргасан гомдлоор түүнд холбогдох 1808033430372 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.А, 1991 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 16 дугаар гудамжны 10 тоотод оршин суудаг, /РД:ЖИ91090618/;

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 696 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ял эдэлж дууссан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 236 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон оногдуулсан хорих ялыг 2 жил 10 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 218/ХМШЗ/14 дугаартай захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 7 сар 8 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 7 дугаар сарын 12-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 16 дугаар гудамжны 10 тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, Э.Энхбаатартай таксины мөнгөнөөс болж марган улмаар нуруун тус газар нь 1 удаа хутгалж “хэвлийн хөндий рүү нэвтэрч дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн 1.2 литр цус, бөөрний дээд булчирхай болон бүдүүн гэдэсний арын хана, дэлүүний буланд үүссэн цусан хураа, их сэмж, хэвлийн өмнөд хана, уруудах гэдэсний булан, дэлүү, ходоод, өрцний наалдац салгах, дэлүүг тайрсан мэс засал” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Б.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Аыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Аод энэ тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 8 /найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 /долоон/ жил 7 /долоон/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Аын цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийн хорих ялыг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Аын эдлэх ялыг 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үнэн зөв гарсан бөгөөд маргах зүйл байхгүй. Миний бие хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул эдгээр байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялаас хасч өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Г.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон гэж үзэж байгаа тул ямар нэг маргаан байхгүй. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа хувийн байдал гэх шалтгаанаар ял оногдуулахдаа хүндрүүлж үзэж байгаа юм шиг харагдаж байна. Би өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг учир дутагдалтай гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж 7 жил 7 сар 8 хоногийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байсан бөгөөд тэнсэнтэй байх хугацаандаа уг гэмт хэргийг үйлдсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлж алга болсон тул эрэн сурвалжилж шүүхэд шилжүүлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.А нь 2018 оны 7 дугаар сарын 12-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 16 дугаар гудамжны 10 тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, Э.Энхбаатартай таксины мөнгөнөөс болж марган улмаар нуруун тус газар нь 1 удаа хутгалж “хэвлийн хөндий рүү нэвтэрч дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн 1.2 литр цус, бөөрний дээд булчирхай болон бүдүүн гэдэсний арын хана, дэлүүний буланд үүссэн цусан хураа, их сэмж, хэвлийн өмнөд хана, уруудах гэдэсний булан, дэлүү, ходоод, өрцний наалдац салгах, дэлүүг тайрсан мэс засал” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь:

хохирогч Э.Энхбаатарын “...Ариунболд гэнэт уурлаад “чи манайхыг хүндэлдэггүй гэсэн үү” гэж хэлээд миний зүүн талаас нь дараад авах шиг болох үед зүүн нуруунд хүнд оргиод байхаар нь гараараа дартал Ариунболд миний нуруунд хутга зоочихсон сугалж аваагүй байхаар нь би “чи намайг хутгалчихлаа ш дээ” гэсэн чинь цаанаас Соронзонболд “тоглоод байгаа юм уу” гээд босч ирээд “Ариунболдыг чи хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд надаас Ариунболдыг салгаад гараас нь хутгыг нь авах гээд ноцолдож байх шиг байсан. Тэр үед би ухаан алдаад, түүнээс хойш юу болсныг мэдээгүй. ...” /1хх-74-76, 115-116, 202-208/,

гэрч  Э.Соронзонболдын “...2018 оны 7 дугаар сарын 12-ны орой Ариунболд, Энхбаатар бид 3 Ариунболдын гэрт нэг шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архи уусан. ...Унтаад сэрсэн чинь тэр хоёр маргалдаад байх шиг байсан. Ариунболдын гэр гэрэлгүй байсан. ...Би босоод юу болов гэсэн чинь Энхбаатарын биеэс цус гараад байсан. Би Ариунболдыг “чи яаж байгаа юм бэ” гээд бариад авсан чинь шууд миний нурууг зүссэн.Тэгээд би цагдаа дуудсан. ...” /1хх-7-8, 24, 119-120/,

Б.Аын яллагдагчаар өгсөн “...Соронзонболд болон Энхбаатарын биед учирсан гэмтлийг би гэрэл засч байсан хутгаараа хутгалсан байсан. Тэгэхэд учирсан гэмтэл мөн байна. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. . ...” /1хх-210-216/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Энхбаатарын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн 1.2 литр цус, бөөрний дээд булчирхай болон бүдүүн гэдэсний арын хана, дэлүүний буланд үүсэн цусан хураа, их сэмж, хэвлийн өмнөд хана, уруудах гэдэсний булан, дэлүү, ходоод, өрцний наалдац салгах, дэлүүг тайрсан хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” 1256 дугаартай дүгнэлт /1хх-63-65/, дуудлагын лавлагааны хуудас /1хх-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-4-6/, Э.Энхбаатарын өвчний түүх /1хх-35-61/, хохирлын баримтууд /1хх-159-168/, хохирол төлсөн баримтууд /1хх-175/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Б.Аын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Аыг 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх тул шүүгдэгч Б.Аын “...надад оногдуулсан хорих ялаас хасч өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/880 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/880 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ