Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2019/00345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Г.Б

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Б , түүний өмгөөлөгч Ж.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Б миний бие 1968 оны 07 сарын 14-нд төрсөн.Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэр-ийн Баяжуулах фабрикт /БФ/ 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар /цахилгааны слесарь/ ажиллаж байгаад 1993 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс ТИС-д суралцах болсон тул ажлаас халагдсан. 1998 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс Баяжуулах Фабрикийн өөрөө нунтаглах хэсэгт цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байгаад 1999 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс Хаягдлын аж ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар шилжин үргэлжлүүлэн ажиллаад 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс Баяжуулах фабрикийн ээлжийн жижүүрийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар шилжин ажилласан. Г.Б миний бие 2018 оны 10 дугаар 10-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул Нийгмийн даатгалын хэлтэс ажиллсан байдлыг хянаж үзээд хортой нөхцөл биш хүнд нөхцөлд ажиллаж байсан байна гэж тодорхойлсон. Миний бие 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс Хаягдлын аж ахуй биш Баяжуулах фабрикийн ээлжийн жижүүрийн цахилгааны засварчнаар ажиллуулах тухай *** дугаар тушаалын дагуу өнөөдрийг хүртэл тус ажлыг хийж байна. Фабрикийн цахилгааны засварчин нь НХХ Сайдын 77-р тушаалын 2.27-д заасан хортой нөхцлийн ажлын байр юм. 2005 оны *** тоот тушаалаас өөр ажлын байр өөрчилсөн тухай тушаал байдаггүй. Энэхүү тушаалын дагуу хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласаар байна. Гэтэл үйлдвэрийн хүний нөөцийн хэлтэс нийгмийн даатгалын дэвтэрт 2005 оны тушаалыг огт бичээгүй хаягдлын аж ахуйд 2008 оны 01 сарын 01-нээс цахилгааны засварчнаар ажиллаж байгаа гэж бичилт хийснээс үүдэн НД хэлтэс ажлын байрыг хүнд нөхцөл гэж тодорхойлж байна. Би баяжуулах үйлдвэрт нийт 22 жил 06 сар 04 өдөр ажиллаж, тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах НХХСайдын 2004 оны 05 дугаар сарын 3-ны 77-р тушаалын 2.27 дахь заалтын дагуу хөдөлмөрийн хортой нөхцлийн ээлжийн жижүүрийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчны ажлыг 13 жил 03 сар 14 өдөр, 4.2 дахь заалтын дагуу хөдөлмөрийн хүнд нөхцлийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар/ цахилгааны слесарь/ 09 жил 02 сар 10 өдөр ажилласан болно. Иймд намайг 2005 оноос хойш Баяжуулах фабрикийн ээлжийн жижүүрийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар 13 жил 03 сар 14 өдөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, гэрчийн тодорхойлолт хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Жаагийнхан овогт Гявын Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Г.Б нь Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн даргын 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1 тушаалаар өөрөө нунтаглах хэсэгт 3 дугаар зэргийн цахилгааны засварчинаар, 1993 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 85к тушаалаар дээд сургуульд элсэн суралцах болсон тул ажлаас чөлөөлжээ.

Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн даргын 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2 тушаалаар өөрөө нунтаглах хэсэгт цахилгаан тоног төхөөрөмжийн 5 дугаар зэргийн засварчнаар ажиллуулж, мөн даргын 1999 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 3 тушаалаар Г.Б ыг Хаягдлын аж ахуйд 5 дугаар зэргийн цахилгааны засварчнаар шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжаар Хаягдлын аж ахуйн 5 дугаар зэргийн цахилгааны засварчин Г.Б ыг 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс технологийн ээлжинд жижүүрийн цахилгааны засварчнаар үйлдвэрлэлийн шаардлагаар түр томилон ажиллуулахаар болсон байна. Ийнхүү томилогдсон ажилтан Г.Б нь өнөөдрийн хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт ээлжийн жижүүрийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байгаа болох нь түүний шүүхэд мэдүүлсэн тайлбар, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 351033 дугаартай 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Политехникийн сургалтын төвийн захирал Р.Лхагвасүрэнгийн олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 4 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Т-5 дугаартай ажлын газрын тодорхойлолт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 6 , 7дугаартай архивын лавлагаа, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 8дугаартай архивын лавлагаа, ажлын байрны тодорхойлолт, хамт олноороо авахуулсан гэх фото зураг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн №306, №9, 10 дугаартай ээлжийн амралтын хуудсуудаар тус тус нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Г.Б ы шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан учир шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Иймд Жаагийнхан овогт Гявын Б ыг Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд ээлжийн жижүүрийн цахилгааны засварчнаар 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа болохыг тогтоох үндэслэлтэй байна. Тэрээр одоог хүртэл дээрхи албан тушаалд ажиллаж байгаа болох нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Отгоны баталсан 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтоор давхар нотлогдож байгааг шүүхийн шийдвэрт дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Жаагийнхан овогт Гявын Б ыг Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд ээлжийн жижүүрийн цахилгааны засварчнаар 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Б ы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ