Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2019/00067

 

*******ы хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00345 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: *******ы хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

******* миний бие 1968 оны 07 сарын 14-нд төрсөн.Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэр-ийн Баяжуулах фабрикт /БФ/ 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар /цахилгааны слесарь/ ажиллаж байгаад 1993 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс ТИС-д суралцах болсон тул ажлаас халагдсан. 1998 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс Баяжуулах Фабрикийн өөрөө нунтаглах хэсэгт цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байгаад 1999 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс Хаягдлын аж ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар шилжин үргэлжлүүлэн ажиллаад 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс Баяжуулах фабрикийн ээлжийн жижүүрийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар шилжин ажилласан. ******* миний бие 2018 оны 10 дугаар 10-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул Нийгмийн даатгалын хэлтэс ажилласан байдлыг хянаж үзээд хортой нөхцөл биш хүнд нөхцөлд ажиллаж байсан байна гэж тодорхойлсон. Миний бие 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс Хаягдлын аж ахуй биш Баяжуулах фабрикийн ээлжийн жижүүрийн цахилгааны засварчнаар ажиллуулах тухай 220 дугаар тушаалын дагуу өнөөдрийг хүртэл тус ажлыг хийж байна. Фабрикийн цахилгааны засварчин нь НХХ Сайдын 77-р тушаалын 2.27-д заасан хортой нөхцөлийн ажлын байр юм. 2005 оны 220 тоот тушаалаас өөр ажлын байр өөрчилсөн тухай тушаал байдаггүй. Энэхүү тушаалын дагуу хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласаар байна. Гэтэл үйлдвэрийн хүний нөөцийн хэлтэс нийгмийн даатгалын дэвтэрт 2005 оны тушаалыг огт бичээгүй хаягдлын аж ахуйд 2008 оны 01 сарын 01-нээс цахилгааны засварчнаар ажиллаж байгаа гэж бичилт хийснээс үүдэн НД хэлтэс ажлын байрыг хүнд нөхцөл гэж тодорхойлж байна. Би баяжуулах үйлдвэрт нийт 22 жил 06сар 04 өдөр ажиллаж, тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах НХХСайдын 2004 оны 05 дугаар сарын 3-ны 77-р тушаалын 2.27 дахь заалтын дагуу хөдөлмөрийн хортой нөхцөлийн ээлжийн жижүүрийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчны ажлыг 13 жил 03 сар 14 өдөр, 4.2 дахь заалтын дагуу хөдөлмөрийн хүнд нөхцөлийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар/ цахилгааны слесарь / 09 жил 02 сар 10 өдөр ажилласан болно. Иймд намайг 2005 оноос хойш Баяжуулах фабрикийн ээлжийн жижүүрийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар 13 жил 03 сар 14 өдөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00345 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Жаагийнхан овогт Гявын Батсайханыг Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд ээлжийн жижүүрийн цахилгааны засварчнаар 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 345 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан *******ыг Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд ээлжийн жижүүрийг цахилгааны засварчнаар 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа болохыг тогтоосугай гэсэн тогтоох хэсгийн хаягдлын аж ахуйд гэх хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ******* нь баяжуулах Фабрикийн технологийн ээлжийн жижүүрийн цахилгааны засварчнаар 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар мөн хэрэгт авагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн лавлагаагаар тодорхой харагдаж байна. Анхан шатны шүүх нь *******ы ажлын байдлыг зөв тодорхойлсон бөгөөд шийдвэрийг нийгмийн даатгалын хэлтэст аваачиж үзүүлэхэд шүүхийн шийдвэрт хаягдлын аж ахуй гэсэн үг орсон учраас хортой нөхцөлд тооцон тэтгэвэрт гарах боломжгүй байна гэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж Баяжуулах фабрикийн технологийн ээлжийн жижүүрийн цахилгааны засварчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь ...2005 оноос хойш Баяжуулах фабрикийн ээлжийн жижүүрийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар 13 жил 03 сар 14 өдөр ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жаагийнхан овогт Гявын Батсайханыг Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд ээлжийн жижүүрийн цахилгааны засварчнаар 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байгаа ажлын байрны нэр, нөхцөлөөс шалтгаалж өндөр насны тэтгэвэрт орох хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн тул нэхэмжлэгч нь 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойш буюу 13 жил 03 сар 14 өдөр Уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн жижүүрийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан нь хуульд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* Монгол-Зөвлөлтийн хамтарсан Уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цахилгааны засварчнаар, 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс Технологийн ээлжинд жижүүрийн цахилгааны засварчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Гэвч шүүх нэхэмжлэгч *******ы шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ Уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар 13 жил 03 сар 14 хоног ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх байтал хүсэлт гаргагчийн гаргасан шаардлагыг өөрчилж Хаягдлын аж ахуйд 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж Баяжуулах фабрикийн технологийн ээлжийн жижүүрийн цахилгааны засварчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/345 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Жаагийнхан овогт Гявын Батсайханыг Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд ээлжийн жижүүрийн цахилгааны засварчнаар 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа болохыг тогтоосугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Жаагийнхан овогт Гявын Батсайханыг Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн технологийн ээлжийн жижүүрийн цахилгааны засварчнаар ээлжийн жижүүрийн цахилгааны засварчнаар 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа болохыг тогтоосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ