Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2019/00348

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ӨСӨХ

Хариуцагч: Б.Ц

142 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол улсын Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Б.Ц нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Ө хорооллын 102 дугаар байрны *** тоот орон сууцанд оршин сууж байна. Ө хорооллын оршин суугчдын хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу харуулын албаны хөлс нь 1 /нэг/ сард 7 500 төгрөг байхаар тогтсон байдаг. Б.Ц нь 102 дугаар байрны *** тоот орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдрах хугацаандаа буюу нийт 2 жилийн хугацааны харуул хамгаалалтын хөлс 142 500 төгрөг төлөөгүй байна. Уг 142 500 төгрөгийг задлаж үзвэл 2017 онд 52 500 төгрөг, 2018 онд 90 000 төгрөг нийт 142 500 төгрөг. Энэхүү үйлдэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заагдсан сууц өмчлөгчийн үүргээ зөрчсөн үйлдэл юм. Иймээс Б.Ц гээс Ө хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс болох 142 500 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна.Үүнд:

1.Ө СӨХ надаас харуул хамгаалалтын төлбөр гэж 142 500 төгрөг нэхэмжлэхдээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэлээ болгожээ. Дээрх хуулийн 4-р зүйлийн 4.1.4-т сууц өмчлөгчид ногдох хэсэг гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээг,

2. Мөн хуулийн 16-р зүйлийн 16.1-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хувиарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоно гэжээ.

З. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэжээ. Хуулийн дээрх заалтаас харахад тухайн СӨХ-ны харуулын цалинг хариуцах үндэслэлгүй болох нь харагдаж байна.

4. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.5-д Орон сууцны ашиглалтын хэвийн, аюулгүй байдлыг хангах, урсгал засвар хийлгэхээс бусад асуудлаар санал өгөөгүй өмчлөгч уг асуудлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээд уг арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд бий болсон зүйлийг ашиглахаар шаардах эрхгүй гэжээ хуулийн энэ заалтаас харахад СӨХ-ыг харуулчин авч ажиллуулахыг би хүсээгүй, харуул нь юуг харж хамгаалдаг болохыг мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Ц д холбогдуулан Ө хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 142 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Ц түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ө сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...оршин суугчдын хурлаар дундын эд хөрөнгийн хамгаалалтын зардал 1 сард 7 500 төгрөг байхаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Оршин суугч Б.Ц нь 2017 онд 52 500 төгрөг, 2018 онд 90 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул нийт 142 500 төгрөг гаргуулахаар, хариуцагч түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: хуульд заагаагүй төлбөрийг хариуцан төлөхгүй гэж мэтгэлцэж байна.

Хариуцагч Б.Ц нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Ө хороололын 102 дугаар байрны *** тоотын оршин суугч бөгөөд Ө сууц өмчлөгчдийн холбоонд харъяалагддаг болох нь зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байна.

Ө сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын ирц бүрдээгүй тул хурлыг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 30 минутад товлож, хуралд биечлэн оролцох боломжгүй сууц өмчлөгч, түүний төлөөлөлөөс хурлаар хэлэлцэх, шийдвэрлэх асуудлаар саналыг бичгээр авч дараагийн хуралд танилцуулах, эчнээ санал хураалтаар оролцож санал өгсөн гэж тооцохоор шийдвэрлэсэн байна.

2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Ө сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар 207 өрхөөс 50 өрх биечлэн оролцож, цаашид харуул хамгаалалттай байхыг 50 хүний 48 нь дэмжиж дундын эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтын байдлыг харгалзан цаашид гэрээт харуул ажиллуулж, хөлсийг сард нэг өрх 7 500 төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, 7.2-т Дараахь асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ: 7.2.7-д байшин болон орцны харуул хамгаалалтын асуудал, Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэжээ.

Ө сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээс 207 өрхийн 50 өрх хуралд биечлэн оролцсон байгаа нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн, харуул хамгаалалтын асуудлыг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хуралд оролцсон 50 өрхийн биечлэн оролцсон гишүүн тодорхойгүй, ирц бүртгүүлж саналын эрхтэй оролцож байгаа өрхийн төлөөлөл нь гарын үсэг зураагүй, саналыг эчнээ хэлбэрээр зохион байгуулсан гэж байгаа боловч асуулгын зорилго нь бүх гишүүдийн хурлын эчнээ санал өгөх хэлбэртэй нь нийцээгүй байна.

Хэдийгээр Б.Ц харуул хамгаалалт шаардлагатай, айл бүрт зардлыг адилаар хувиарлуулах тухай санал асуулгад оролцсон боловч бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцоогүй хурлаар шийдвэрлэсэн шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 4 925 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.7, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хариуцагч Б.Ц гээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 142 500 төгрөг гаргуулах тухай Ө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4 925 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ