Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2019/00070

 

******* сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй, хариуцагч *******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00348 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 142.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэний гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөний шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. ******* нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ******* хорооллын 102 дугаар байрны 45 тоот орон сууцанд оршин сууж байна. ******* хорооллын оршин суугчдын хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу харуулын албаны хөлс нь 1 /нэг/ сард 7 500 төгрөг байхаар тогтсон байдаг. ******* нь 102 дугаар байрны 45 тоот орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдрах хугацаандаа буюу нийт 2 жилийн хугацааны харуул хамгаалалтын хөлс 142 500 төгрөг төлөөгүй байна. Уг 142.500 төгрөгийг задалж үзвэл 2017 онд 52.500 төгрөг, 2018 онд 90.000 төгрөг нийт 142.500 төгрөг. Энэхүү үйлдэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заагдсан сууц өмчлөгчийн үүргээ зөрчсөн үйлдэл юм. Иймээс *******гээс ******* хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс болох 142.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбараа:

******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* СӨХ надаас харуул хамгаалалтын төлбөр гэж 142.500 төгрөг нэхэмжлэхдээ сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэлээ болгожээ. Дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т сууц өмчлөгчид ногдох хэсэг гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээг, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоно гэжээ. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэжээ. Хуулийн дээрх заалтаас харахад тухайн СӨХ-ны харуулын цалинг хариуцах үндэслэлгүй болох нь харагдаж байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.5-д орон сууцны ашиглалтын хэвийн аюулгүй байдлыг хангах, урсгал засвар хийлгэхээс бусад асуудлаар санал өгөөгүй өмчлөгч уг асуудлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээд уг арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд бий болсон зүйлийг ашиглахаар шаардах эрхгүй гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад СӨХ-ыг харуул авч ажиллуулахыг би хүсээгүй, харуул нь юуг харж хамгаалдаг болохыг мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00348 дугаар шийдвэрээр:

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.7, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хариуцагч *******гээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 142.500 төгрөг гаргуулах тухай ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4.925 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий , хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж хуульчилсан байдгаас үзэхэд нэхэмжлэгч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалттай холбогдон гарсан зардлыг оршин суугчдаас шаардах эрхтэй. ******* хорооллын оршин суугчид Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлж байхаар хуульчилсан. Харин дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын зардлын талаар нарийн хуульчлагдаагүй байдаг. Энэ нь хувийн эрх зүйн зарчим болох хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчимд хамаарах асуудал тул ******* хорооллын оршин суугчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь хуульд тусгагдаагүй буюу хэрхэн шийдвэрлэхийг оршин суугчдад нээлттэй үлдээсэн байдаг. Оршин суугчдад дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг өөрсдөө хамгаалах, харуулын албанд тодорхой хөлс төлж хамгаалуулах, огт хамгаалалтгүй байх ч эрх нь байгаа. Гэвч уг асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурал, түүнийг үндэслэн гаргасан шийдвэрээр шийдвэрлэх боломжтой. Уг асуудлаар ******* сууц өмчлөгчдийн холбооноос 2013 онд бүх гишүүдийн хурлыг хэсэгчлэн хуралдуулж 100%-ын саналаар оршин суугчид харуул хамгаалалтын алба ажиллуулах нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн. Мөн уг асуудлын талаар 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд оршин суугчдаас бичгээр санал хураах ажлыг зохион байгуулсан. Уг санал асуулга 4 асуулт, чөлөөтэй санал илэрхийлэх нэмэлт 1 хэсгээс бүрдэх санал асуулгаар дамжуулан оршин суугчдын саналыг авах зорилгоор явагдсан. Уг санал асуулгад дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, арчлалт хэр зэрэг байгааг дүгнэвэл, харуул хамгаалалт цаашид ажиллуулах шаардлагатай эсэх, харуул хамгаалалтын зардлыг яаж хувиарлавал зүйтэй талаар, цаашид СӨХ ямар ажил зохион байгуулах талаар /нөхөж бичих хэсэг/, бүх гишүүдийн хурлыг хэзээ зарлах талаар асуусан байдаг. ******* СӨХ-с бүх гишүүдийн хурлаар хэлэлцэгдэх асуудлуудын дагуу дээрх асуулгыг бичгэн хэлбэрээр бэлтгэж оршин суугчдаас саналыг авсан. Уг саналын хуудсанд ойлгомжгүй, тодорхойгүй, хоёр утга агуулсан асуулт нэг ч байхгүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын талаар оршин суугчид харуул хамгаалалтын албаар дамжуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтыг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн нь хэрэгт авагдсан байгаа. Иймээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 142/ШШ2019/00348 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 142.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.7, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хариуцагч *******гээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 142.500 төгрөг гаргуулах тухай ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг ******* хорооллын 102 дугаар байрны 45 тоот байранд оршин суудаг байна.

Хариуцагч ******* нь дундын эд хөрөнгийн хамгаалалтын зардал 1 сарын 7.500 төгрөг, 2017 онд 52.500 төгрөг, 2018 онд 90.000 төгрөг нийт 142.500 төгрөг төлөөгүй болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******гээс зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудал буюу ...бүх гишүүдийн хурал... талаар дүгнэлт хийсэн нь буруу байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3.-т заасан ... дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.9.-т зааснаар хариуцагч ******* нь хамгаалалтын хөлс болох 142.500 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.930 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00348 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.7, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хариуцагч *******гээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 142.500 төгрөг гаргуулах тухай ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3., 13.2.9.-д зааснаар хариуцагч *******гээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 142.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай...гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4.925 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй... гэснийг ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4.925 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжинд 4.925 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.930 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР