Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2019/00411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ӨСӨХ

Хариуцагч: Д.Ч

135 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г , хариуцагч Д.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол улсын Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Д.Ч нь 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл Ө хорооллын 101 дугаар байрны 1 тоот орон сууцанд оршин сууж байна. Ө хорооллын оршин суугчдын хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу харуулын албаны хөлс нь 1 /нэг/ сард 7 500 төгрөг байхаар тогтсон байдаг. Д.Ч нь 101 дугаар байрны 1 тоот орон сууцанд амьдардаг 2017 онд 45 000 төгрөг, 2018 онд 90 000 төгрөг нийт 135 000 төгрөг төлөх ёстойгоос огт төлөөлт хийгээгүй. Энэхүү үйлдэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заагдсан сууц өмчлөгчийн үүргээ зөрчсөн үйлдэл юм. Иймээс Д.Ч аас Ө хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс болох 135 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэв

Хариуцагч Д.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Харуулын 130 000 төгрөгийг төлөхөөс татгалзсан. Харуулын мөнгө төлөхөөс татгалзсан шалтгаан нь хууль эрх зүйн орчин бүрдээгүй нөхцөлөөр мөнгө хурааж байгааг эсэргүүцсэн хэлбэр. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2, 9.3-р заалт 8.5-р заалт зөрчиж сууц өмчлөгчдийн хурлын ирц 50 хувь хүрээгүй нөхцлөөр хуралдсан. /Протокол үзсэн иргэн Д.Эрдэнэ баталж, нотолсон/ Хурлын ирц 50 хувь хүрээгүй байхад дахин хуралдуулах тов тогтоогоогүй. Хурлын тов, хурлаас гарах шийдвэрийн тухай төсөл хэлбэрийн бичиг баримтаар нь өгөөгүй. Хүчин төгөлдөр бус хурлаас хурлын тогтоол бичиж 7 500 төгрөг хурааж байгааг хууль эрх зүйн үндэс бүрдээгүй гэж үзэж байна. Хууль эрх зүйн үндэс бүрдээгүй гэж үзэж байна. Хууль эрх зүйн үндэс бүрдсэн нөхцөлд харуулын хөлс 7 500 төгрөгийг төлнө. Ө хотхоны харуул төдийлөн сайн ажиллахгүй байгааг оршин суугчдын хэн нь ч хэлнэ. Шөнө, орой орцонд архидсан, тамхи татсан ул мөр үе үе ажиллагддаг. Шөнө манай машиныг мөргөсөн байсан. Өглөө ямар машин мөргөснийг мэдээгүй байсан. Энэ тухай камерт бичигдээгүй байсан. Хэлсээр байж хөөцөлдсөний эцэст хохирлоо дутуу дулимаг төлүүлсөн. Байранд хулгай орох асуудал байж л байдаг. Харуулын 7 500 төгрөгийг бэлнээр авдаг нь буруу. Шилэн дансны хууль хэрэгждэггүй. Харуулын 7 500 төгрөгийг ийм замаар авч болохгүй байгаа нь ямар учиртай юм бол. Харуулын 135 000 төгрөгийг төлөх эрх зүйн үндэс бүрэн бүрдсэн нөхцөлд төлнө. Төлөхгүй байгаа нь буруу үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа тэмцэл хэлбэр гэж ойлгож болно гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Ч ад холбогдуулан Ө хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 135 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ө сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Оршин суугч Д.Ч нь хамгаалалтын хөлс 2017 онд 45 000 төгрөг, 2018 онд 90 000 төгрөг төлөөгүй тул нийт 135 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Оршин суугчдын хурлаар дундын эд хөрөнгийн хамгаалалтын зардал 1 сард 7 500 төгрөг байхаар хэлэлцэн шийдвэрлэсэн гэж тайлбарладаг.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Хууль эрх зүйн орчин бүрэлдээгүй, оршин суугчдын ирц 50 хувьдаа хүрээгүй, хурлаас гарах шийдвэрийн төслөө танилцуулаагүй тул шийдвэр үндэслэлгүй гарсан. Хэрэв хурал хүчинтэй байгаад эдийн засгийн тооцоог үндэслэлтэй гаргасан тохиолдолд харуулын мөнгийг төлнө гэж мэтгэлцэж байна.

Хариуцагч Д.Ч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Ө хороололын 101 дүгээр байрны 1 тоотын оршин суугч бөгөөд Ө сууц өмчлөгчдийн холбоонд харъяалагддаг болох нь зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байна энэ талаар зохигчид маргаагүй.

Ө сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын ирц бүрдээгүй тул хурлыг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 30 минутад товлож, хуралд биечлэн оролцох боломжгүй сууц өмчлөгч, түүний төлөөлөлөөс хурлаар хэлэлцэх, шийдвэрлэх асуудлаар саналыг бичгээр авч дараагийн хуралд танилцуулах, эчнээ санал хураалтаар гишүүд оролцож санал өгсөн тул ирц 89.3 хувьтай гэж тооцон бүх гишүүдийн хурал хийсэн болох нь Ө сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлд бичигджээ.

Ө сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар нийт 207 сууц өмчлөгч өрхөөс 50 сууц өмчлөгч өрх биечлэн оролцож, Ө сууц өмчлөгчдийн холбооны 2015 оны тайлан, 2016 оны төлөвлөгөөг баталж, дундын эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтын байдлыг харгалзан цаашид гэрээт харуул ажиллуулж, хөлсийг сард нэг өрх 7 500 төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, 7.2-т Дараахь асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ: 7.2.7-д байшин болон орцны харуул хамгаалалтын асуудал, Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно,

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д Гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаархи саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно. Бичгээр урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна гэжээ.

Ө сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээс 207 өрхийн 50 өрх хуралд биечлэн оролцсон, 185 өрх бичгээр санал өгсөн байгаа нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 4 700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.7, 8 дугаар зүйлийн 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хариуцагч Д.Ч аас дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 135 000 төгрөг гаргуулах тухай Ө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4 700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ