Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2019/00075

 

******* сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй хариуцагч *******ад

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00411 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ад холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 135.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэний гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******ад нь 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл ******* хорооллын 101 дугаар байрны 32 тоот орон сууцанд оршин сууж байна. ******* хорооллын оршин суугчдын хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу харуулын албаны хөлс нь 1 /нэг/ сард 7 500 төгрөг байхаар тогтсон байдаг. ******* нь 101 дугаар байрны 32 тоот орон сууцанд амьдардаг 2017 онд 45.000 төгрөг, 2018 онд 90 000 төгрөг нийт 135.000 төгрөг төлөх ёстойгоос огт төлөлт хийгээгүй. Энэхүү үйлдэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заагдсан сууц өмчлөгчийн үүргээ зөрчсөн үйлдэл юм. Иймээс *******аас ******* хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс болох 135.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэв

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбараа:

Харуулын 130.000 төгрөгийг төлөхөөс татгалзсан. Харуулын мөнгө төлөхөөс татгалзсан шалтгаан нь хууль эрх зүйн орчин бүрдээгүй нөхцөлөөр мөнгө хурааж байгааг эсэргүүцсэн хэлбэр. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2, 9.3-р заалт 8.5-р заалт зөрчиж сууц өмчлөгчдийн хурлын ирц 50 хувь хүрээгүй нөхцөлөөр хуралдсан. /Протокол үзсэн иргэн Д.Эрдэнэ баталж, нотолсон/ Хурлын ирц 50 хувь хүрээгүй байхад дахин хуралдуулах тов тогтоогоогүй. Хурлын тов, хурлаас гарах шийдвэрийн тухай төсөл хэлбэрийн бичиг баримтаар нь өгөөгүй. Хүчин төгөлдөр бус хурлаас хурлын тогтоол бичиж 7 500 төгрөг хурааж байгааг хууль эрх зүйн үндэс бүрдээгүй гэж үзэж байна. Хууль эрх зүйн үндэс бүрдээгүй гэж үзэж байна. Хууль эрх зүйн үндэс бүрдсэн нөхцөлд харуулын хөлс 7.500 төгрөгийг төлнө. ******* хотхоны харуул төдийлөн сайн ажиллахгүй байгааг оршин суугчдын хэн нь ч хэлнэ. Шөнө, орой орцонд архидсан, тамхи татсан ул мөр үе үе ажиглагддаг. Шөнө манай машиныг мөргөсөн байсан. Өглөө ямар машин мөргөснийг мэдээгүй байсан. Энэ тухай камерт бичигдээгүй байсан. Хэлсээр байж хөөцөлдсөний эцэст хохирлоо дутуу дулимаг төлүүлсэн. Байранд хулгай орох асуудал байж л байдаг. Харуулын 7.500 төгрөгийг бэлнээр авдаг нь буруу. Шилэн дансны хууль хэрэгждэггүй. Харуулын 7.500 төгрөгийг ийм замаар авч болохгүй байгаа нь ямар учиртай юм бол. Харуулын 135.000 төгрөгийг төлөх эрх зүйн үндэс бүрэн бүрдсэн нөхцөлд төлнө. Төлөхгүй байгаа нь буруу үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа тэмцэл хэлбэр гэж ойлгож болно гэв.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00411 дугаар шийдвэрээр:

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.7, 8 дугаар зүйлийн 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хариуцагч *******аас дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 135 000 төгрөг гаргуулах тухай ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4.700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/ дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах , сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж хуульчилсан байдгаас үзэхэд нэхэмжлэгч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалттай холбогдон гарсан зардлыг оршин суугчдаас шаардах эрхтэй. ******* хорооллын оршин суугчид Монгол улсын иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлж байхаар хуульчилсан. Харин дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын зардлын талаар нарийн хуульчлагдаагүй байдаг. Энэ нь хувийн эрх зүйн зарчим болох хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчимд хамаарах асуудал тул ******* хорооллын оршин суугчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь хуульд тусгагдаагүй буюу хэрхэн шийдвэрлэхийг оршин суугчдад нээлттэй үлдээсэн байдаг. Оршин суугчдад дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг өөрсдөө хамгаалах, харуулын албанд тодорхой хөлс төлж хамгаалуулах, огт хамгаалалтгүй байх ч эрх нь байгаа. Гэвч уг асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурал, түүнийг үндэслэн гаргасан шийдвэрээр шийдвэрлэх боломжтой. Уг асуудлаар ******* сууц өмчлөгчдийн холбооноос 2013 онд бүх гишүүдийн хурлыг хэсэгчлэн хуралдуулж 100%-ын саналаар оршин суугчид харуул хамгаалалтын алба ажиллуулах нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн. Мөн уг асуудлын талаар 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд оршин суугчдаас бичгээр санал хураах ажлыг зохион байгуулсан. Уг санал асуулга 4 асуулт, чөлөөтэй санал илэрхийлэх нэмэлт 1 хэсгээс бүрдэх санал асуулгаар дамжуулан оршин суугчдын саналыг авах зорилгоор явагдсан.

Уг санал асуулгад:

-СӨХ-ны үйл ажиллагааг үнэлж дүгнэвэл

-Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, арчлалт хэр зэрэг байгааг дүгнэвэл

-Харуул хамгаалалт цаашид ажиллуулах шаардлагатай эсэх

-Харуул хамгаалалтын зардлыг яаж хуваарилбал зүйтэй талаар

-Цаашид СӨХ ямар ажил зохион байгуулах талаар /нөхөж бичих хэсэг/

-Бүх гишүүдийн хурлыг хэзээ зарлах талаар асуусан байдаг.

******* СӨХ-с бүх гишүүдийн хурлаар хэлэлцэгдэх асуудлуудын дагуу дээрх асуулгыг бичгэн хэлбэрээр бэлтгэж оршин суугчдаас саналыг авсан. Уг саналын хуудсанд ойлгомжгүй, тодорхойгүй, хоёр утга агуулсан асуулт нэг ч байхгүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын талаар оршин суугчид харуул хамгаалалтын албаар дамжуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтыг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн нь хэрэгт авагдсан байгаа. Иймээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 10-ний өдрийн 142/ШШ2019/00411 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч: *******ад холбогдуулан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 135.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...хууль эрх зүйн орчин бүрдээгүй нөхцөлөөр мөнгө хурааж байгааг эсэргүүцэж сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2, 9.3-р заалт 8.5-р заалтыг зөрчиж сууц өмчлөгчдийн хурлын ирц 50 хувь хүрээгүй нөхцөлөөр хуралдсан тул харуулын 135.000 төгрөгийг төлөх эрх зүйн үндэс байхгүй... гэсэн үндэслэлээр шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх ...207 өрхөөс 50 өрх биечлэн оролцсон, 185 өрх бичгээр санал өгсөн байгаа нь хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч ******* Сууц Өмчлөгчдийн холбоо нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүх гишүүдийн хурал хийж улмаар дундын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын байдлыг харгалзан гэрээт харуул ажиллуулах, нэг сард-7.500 төгрөгийн хөлс олгож байхаар шийдвэр гаргаж баталсан ба уг хурлын шийдвэр хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болж зохих журмаар хэрэгжсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Орон сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн хурал гишүүдийн ирц бүрдээгүйгээс хурал хийх боломжгүй болсон тул цаашид гишүүдээс хуралд хэрхэн оролцох талаар бичгээр санал авахаар шийдвэрлэсний дагуу хариуцагч ******* бүх гишүүдийн хуралд бичгээр санал өгч оролцсон, хурлаар хэлэлцсэн гэрээт харуул ажиллуулах, сард -7500 төгрөгийн хөлс олгох тухай шийдвэрийг зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан зохигчдын гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар судалсан ******* сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын материал 2015 оны баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч ******* уг орон сууц өмчлөгчдийн холбооны гишүүний хувьд гэрээт харуулын хөлс бүгд 135.000 төгрөг төлөөгүй ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэсэн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж хариуцагч *******аас харуулын хөлс бүгд 135.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00411 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.7, 8 дугаар зүйлийн 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хариуцагч *******аас дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 135.000 төгрөг гаргуулах тухай ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3., 148.3., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3., 13.2.9.,-д зааснаар хариуцагч *******аас харуулын хөлс бүгд 135.000 төгрөг гаргуулж ******* СӨХ-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн 2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4.700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэсний дараа *******аас Улсын тэмдэгтийн хураамж 4.700 төгрөг гаргуулж ******* СӨХ-д олгосугай гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.700 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ