Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/00474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ОАЦГ

Гуравдагч этгээд: М.Б

М.Б ыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Г.Э , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг, Баян-Өндөр сумын Б Хуучин хороо 3-1 тоотод оршин суух М ын Б нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журам байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрхи үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүүмүүжихгүй, эмнэлэгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Б нь Орхон аймаг дахь цагдаагийн газраас гаргасан албадан эмчилгээнд явуулах шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажлаасаа 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гарсан бөгөөд цалингийн зээлтэй юм. Би өдрөөр ажил хийхийн тулд найзын машиныг барьцаанд тавьж мөнгө зээлээд ажилаа эхлүүлж байсан. Иймд намайг явбал ажил зогсож, өрхийн орлого байхгүй болж, өрөө дарж чадахгүй. Иймд миний бие өөрөө архины хэрэглээгээ зогсооно гэдгээ Орхон аймгийн шүүхэд амлаж байна. Хүсэлтийг харгалзан үзэж албадан эмчилгээнд хамруулахгүй байлгаж өгнө үү гэв.

Зохигчдынн тайлбар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймаг дахь Цагдаагийн газар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн баривчлагдсан нийтийн хэв журам байнга зөрчиж дээрхи үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлэгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул М.Б ыг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б нь албадан эмчилгээнд явахыг эс зөвшөөрч байна.

М.Б нь байнга архидан согтуурч, эрүүлжүүлэгдэн баривчлагдаж байсан, архи ууж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан нийгмийн хэв журам зөрчдөг болох нь цагдаагийн байгууллагаас гаргасан хүсэлт тайлбар, түүнийг байнга эрүүлжүүлэгдэж байсныг нотолсон Цагдаагийн байгууллагын хайлтын системийн тодорхойлолт, эрүүлжүүлэн баривчлах байрны эмчийн тодорхойлолт, Б баг хариуцсан хэсгийн байцаагчийн тодорхойлолт, Б багийн Засаг даргын тодорхойлолт, М.Б нь архинд донтох өвчтэй бөгөөд эрүүл мэндийн хувьд эмчилгээнд хамрагдахад саад болох зүйлгүй талаар Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

М.Б нь архины эмчилгээнд өөрийн сайн дураар эмчлүүлэхээс татгалзаж, архины хэрэглээгээ багасгана, эхнэр ажилгүй 3 хүүхдээ тэжээн тэтгэх, зээл төлөх шаардлагатай тул ажил хийнэ гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр архидан согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, гэр орондоо хэрүүл маргаан үүсгэж танхайрдаг бөгөөд түүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлт нь үндэслэл бүхий байх тул архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэв.

Согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, албадан эмчлүүлж байгаа хүнд сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор захиргааны журмаар эмчилгээ үйлчилгээ үзүүлдэгээрээ албадан эмчилгээний онцлог оршино.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Ухаа овогт М ын Б /г архины албадан эмчилгээнд явуулсугай.

2.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар М.Б ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ