Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2019/00068

 

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 474 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй

Гуравдагч этгээд: ******* холбогдох,

Албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг,

Гуравдагч этгээд М.Баянбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбат, гуравдагч этгээд М.Баянбаатар, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан хүсэлттэй:

Орхон аймаг, Баян-Өндөр сумын Баянцагаан Хуучин хороо 3-03 тоотод оршин суух Мягмарын Баянбаатар нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журам байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Баянбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие М.Баянбаатар нь Орхон аймаг дахь цагдаагийн газраас гаргасан албадан эмчилгээнд явуулах шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажлаасаа 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гарсан бөгөөд цалингийн зээлтэй юм. Би өдрөөр ажил хийхийн тулд найзын машиныг барьцаанд тавьж мөнгө зээлээд ажлаа эхлүүлж байсан. Иймд намайг явбал ажил зогсож, өрхийн орлого байхгүй болж, өрөө дарж чадахгүй. Иймд миний бие өөрөө архины хэрэглээгээ зогсооно гэдгээ Орхон аймгийн шүүхэд амлаж байна. Хүсэлтийг харгалзан үзэж албадан эмчилгээнд хамруулахгүй байлгаж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 474 дугаар шийдвэрээр:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Ухаа овогт Мягмарын Баянбаатар /ЧА82010893/-ыг архины албадан эмчилгээнд явуулж, согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар М.Баянбаатарыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд: М.Баянбаатар давж заалдсан гомдолдоо:

Миний бие Мягмар овогтой Баянбаатар нь анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 474 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар 2019 оны 04 дүгээр сарын 01-нд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Миний бие Миний бие Тангад тэнгэр ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байшин барих гэрээ байгуулж урьдчилгаа 2.550.000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд багаж хэрэгслээ бэлдэж ажлаа эхэлж байхад шүүхээс намайг албадан эмчилгээнд явуулах шийдвэр гарсан. Энэ нь манай гэр бүлд маш хүнд дарамт болж байна. Иймд гэрээнд заасан хугацаанд ажлаа хүлээлгэн өгөх, ар гэрт учрах санхүүгийн асуудлыг нааштайгаар шийдэх шаардлагатай байгааг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь ******* холбогдуулан түүнийг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Ухаа овогт Мягмарын Баянбаатар /ЧА82010893/-ыг архины албадан эмчилгээнд явуулж шийдвэрлэжээ.

М.Баянбаатар нь архинд донтох өвчтэй бөгөөд эрүүл мэндийн хувьд эмчилгээнд хамрагдахад саад болох зүйлгүй талаар согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт гарчээ.

М.Баянбаатар нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн баривчлагдаж байсан, архи ууж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан нийгмийн хэв журам зөрчиж байсан болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж ...тэрээр архидан согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, гэр орондоо хэрүүл маргаан үүсгэж танхайрдаг бөгөөд түүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлт нь үндэслэл бүхий байх тул архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, зөв байна.

Гуравдагч этгээд М.Баянбаатар давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

М.Баянбаатар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 474 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд М.Баянбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Гуравдагч этгээд М.Баянбаатар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР