Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2019/00590

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, шүүгч Б.Дэлгэрцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Э

Хариуцагч: Б.О

Гэм хорын хохиролд 1 699 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э , хариуцагч Б.О , иргэдийн төлөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Э миний бие нь ТЗ  тавилгын үйлдвэрээр 1 700 000 төгрөгийн үнэ бүхий тавилга хийлгэсэн. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа иртэл хананд зүүсэн стенк нь бэхэлгээ муу хийснээс болж даахгүй доошоо унаж 55 инчийн Skywort брендийн телевизор унаж дэлгэц нь хагарсан. Тухайн үед тавилгын үйлдвэртэй холбогдсон боловч ирж үзээгүй бөгөөд наад барилгын хана чинь муу гэж хэлсэн. Ямар ч муу хана стенк даахгүй байна гэж үгүй, стандартын дагуу бэхэлгээ хийгээгүйгээс 1 699 000 төгрөгийн үнэтэй телевизор эвдэрсэн. Механик гэмтлийг хариуцахгүй гэсэн тул хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагч ТЗ тавилгын үйлдвэрийн эзэн Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Э.Э нь 2018 оны 11 дүгээр сард манай тавилгын цех ТЗ үйлдвэрээр 1 700 000 төгрөгөөр стенк, гал тогооны тавилга хийлгэсэн нь үнэн. 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой 17 цагийн үед утасдаж стенкийн тавиур унаж зурагт хагалсан ирж зураг аваад зурагт төл гэсэн би очоогүй. Манай цех 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан нэг ч ийм зүйл гарч байгаагүй гаргах ч үгүй. Мэдээж ямарваа нэгэн зүйлд даацын хэм хэмжээ гэж байгаа мөн манайх буруу хэмжээ авч дур мэдэн ажлын хананд орж зоохгүй өөрсдийн хэлсэн газарт нь тогтоосон. 100 хувь гүйцэтгээд үлдэгдэл болох 500 000 төгрөгөө шилжүүлж авсан. Иймд өөрийн буруутай даац хэтрүүлэх эсвэл хэт нойтон чийгтэй арчиж цэвэрлэх дээр нь дарсан ямар ч байдлаар ашигласан, хэрэглэсэн байж болохыг мэдэхгүй байна. Удахгүй гал тогоо маань уначихлаа гэж хэлэх үү гэхээс бас их сэрэмжилж байна. Манай хийсэн тавилга тавиурт даац хэтрүүлж өөрсдийн буруутай үйлдлээс тавилга унасан, дээд тавиур стенк 8-13 кг юм тавихад унах зүйл байхгүй. ТЗ тавилгын үйлдвэр маань энэ айлаас болж 6-17 дугаар байранд дахин нэг ч захиалга ирээгүй, аваагүй. Иймд нэр төрд хүчтэй нөлөөлсөн гомдол гаргана гэдгээ мэдэгдэж байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч ТЗ тавилгын үйлдвэрт холбогдуулан гэм хорын хохиролд 1 699 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.О ТЗ тавилгын үйлдвэрийн эзэн бөгөөд манайх аж ахуйн нэгж биш иргэнээр үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн өөрсдийн буруугаас болж тавилга унасан тул төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарлаж байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ТЗ тавилгын үйлдвэрт нэхэмжлэгч Э.Э нь гал тогооны тавилга, том өрөөний стенк хийлгүүлэхээр захиалга өгч 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр захиалсан тавилгаа хүлээн авч гэртээ суурилуулсан бөгөөд 1 700 000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хариуцагчийн Хаан банкны **** дансны гүйлгээгээр нотлогдож байна.

Талууд захиалга өгсөн хийгээд хугацаа, захиалгат тавилгын төлбөрийн талаар маргаагүй, харин том өрөөний стенкийг стандартын дагуу суурилуулаагүйгээс болж дээр нь байсан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шинээр худалдан авсан 1 699 000 төгрөгийн үнэ бүхий скайворт телевизор унаж гэмтсэн тул уг телевизорын үнийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч манай тавилгын даацыг хэтрүүлснээс эсвэл нэхэмжлэгч нарын буруутай үйлдлээс болж тавилга унасан. Үүнд бидний буруу байхгүй тул телевизорын үнийг хариуцан төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 1 700 000 төгрөгийн өртөг бүхий тавилга захиалж хүлээн авсан бөгөөд төлбөрөө хэсэгчилэн төлсөн мөн 1 699 000 төгрөгийн үнэ бүхий телевизорыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр худалдан авсан болох нь төлбөрийн баримт баталгааны хуудсаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

Мөн хуулийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.

Хариуцагч ТЗ тавилгын үйлдвэрийн эзэн Б.О манай буруугаас болж телевизор унаж гэмтээгүй тул хариуцан төлөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолж чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч уг үүргээ биелүүлээгүй. Тодруулбал тухайн тавилга даац хэтэрснээс болж унасан эсэх, хэрэглэгчийн буруутай үйлдэл байсан эсэхийг нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэжээ.

Нэхэмжлэгч Э.Э нь тавилгыг стандарт зөрчиж тогтоосноос болж унасан, өөрөөр хэлбэл тэлэгчийг тавилгын хамтаар тогтоосон нь буруу, захиалга өгөхөд хэмжээ алдсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаархи доголдлыг мэдэх боломжтой, мэдсээр байж хүлээн авсан нь буруутай байх тул хохиролын хэмжээг 30:70 хувиар зохигчдод хариуцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хариуцагч Б.О гоос 1 189 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 509 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Б.О гоос 1 189 300 /нэг сая нэг зуун наян есөн мянга гурван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 509 700 /таван зуун есөн мянга долоон зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 42 148 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О гоос 33 093 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э т олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ

 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Р.ҮҮРИЙНТУЯА