Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 104

 

2019       06         25                                    104

 

 

Э-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Т тавилгын үйлдвэрийн

эзэн иргэн О-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч, М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00590 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т тавилгын үйлдвэрийн эзэн иргэн О-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1.699.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Т тавилгын үйлдвэрийн эзэн иргэн О-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э, хариуцагч О-, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э- миний бие нь Т тавилгын үйлдвэрээр 1.700.000 төгрөгийн үнэ бүхий тавилга хийлгэсэн. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа иртэл хананд зүүсэн стенк нь бэхэлгээ муу хийснээс болж даахгүй доошоо унаж 55 инчийн Skywort брендийн телевизор унаж дэлгэц нь хагарсан. Тухайн үед тавилгын үйлдвэртэй холбогдсон боловч ирж үзээгүй бөгөөд наад барилгын хана чинь муу гэж хэлсэн. Ямар ч муу хана стенк даахгүй байна гэж үгүй, стандартын дагуу бэхэлгээ хийгээгүйгээс 1.699.000 төгрөгийн үнэтэй телевизор эвдэрсэн. Механик гэмтлийг хариуцахгүй гэсэн тул хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т тавилгын үйлдвэрийн эзэн О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Э- нь 2018 оны 11 дүгээр сард манай тавилгын цех Т үйлдвэрээр 1.700.000 төгрөгөөр стенк, гал тогооны тавилга хийлгэсэн нь үнэн. 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой 17 цагийн үед утастаж стенкийн тавиур унаж зурагт хагалсан ирж зураг аваад зурагт төл гэсэн би очоогүй. Манай цех 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан нэг ч ийм зүйл гарч байгаагүй гаргах ч үгүй. Мэдээж ямар нэгэн зүйлд даацын хэм хэмжээ гэж байгаа мөн манайх буруу хэмжээ авч дур мэдэн ажлын хананд орж зоохгүй өөрсдийн хэлсэн газарт нь тогтоосон. 100 хувь гүйцэтгээд үлдэгдэл болох 500.000 төгрөгөө шилжүүлж авсан. Иймд өөрийн буруутай даац хэтрүүлэх эсвэл хэт нойтон чийгтэй арчиж цэвэрлэх дээр нь дарсан ямар ч байдлаар ашигласан, хэрэглэсэн байж болохыг мэдэхгүй байна. Удахгүй гал тогоо маань уначихлаа гэж хэлэх үү гэхээс бас их сэрэмжилж байна. Манай хийсэн тавилга тавиурт даац хэтрүүлж өөрсдийн буруутай үйлдлээс тавилга унасан, дээд тавиур стенк 8-13 кг юм тавихад унах зүйл байхгүй. Т тавилгын үйлдвэр маань энэ айлаас болж 6-17 дугаар байранд дахин нэг ч захиалга ирээгүй, аваагүй. Иймд нэр төрд хүчтэй нөлөөлсөн гомдол гаргана гэдгээ мэдэгдэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00590 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч О-гоос 1.189.300 /нэг сая нэг зуун наян есөн мянга гурван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 509.700 /таван зуун есөн мянга долоон зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 42.148 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О-гоос 33.093 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т тавилгын үйлдвэрийн эзэн иргэн О- давж заалдсан гомдолдоо:

Э- гэдэг хүн манай төвөөр 2018 оны 11 дүгээр сард тавилга хийлгэсэн юм. Тэгтэл түүнээс хойш 3 сар орчмын дараа гэнэт мөнгө төгрөг нэхээд шүүх түүнийг нь надаар төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Э- нь 2019 оны 12 сарын 18-нд телевизор худалдаж аваад тэр өдөртөө тавилга нурж зурагтыг эвдсэн гэхэд итгэхгүй байна. Тавилга нурснаас болж телевизор эвдэрсэн гэдгийг Э- нь харин өөрөө нотолж чадаагүй гэж үзэж байна. Эвдэрсэн зурагт нь байхгүй.эвдэрсэн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Өөр эвдэрхий телевизор төлүүлэх гэж байгаа ч юм бил үү. Хамгийн гол нь нэхэмжлэгч өөрөө эхлээд нэхэж байгаа зүйлийнхээ үнэн зөв, эргэлзээгүй, гарцаагүй баримтаар нотлох ёстой. Ингэж нотлоогүй байхад намайг зөвшөөрөхгүй байгаагаа нотлоогүй гэж шүүх үзсэнд гомдолтой байна. Шүүх тавилгыг стандарт зөрчиж тогтоосон гэж үзсэн бөгөөд ямар нотлох баримтаар юуг үндэслэж стандарт зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, тийм нотлох баримт байхгүй юм байна лээ. Тэр стенк унаж эвдэрсэн байдлыг бидэнд үзүүлээгүй, дэлгэц хагарсан зурагтыг ч үзээгүй, шүүх ч өөрөө үзээгүй байж яагаад намайг 70%-ийн буруутай гэж үзэж байгаа юм бэ. Телевизорын дээрээс юм унахад дэлгэц нь яагаад ч хагарахгүй шүү дээ. Өөр шалтгаанаас болж зурагтын дэлгэц хагарсан байх магадлалтай. Шүүх үүнийг анхаарсангүй. Энэ өргөдлийг шүүх хүлээж аваад 1 сарын дотор шийдсэн юм байна. Би УБ хотод хүнд өвчтэй төрсөн эгчийгээ сахиж байгаад эгч маань нас бараад 5 сарын 9-ний өдөр оршуулсан. Оршуулахынхаа урьд өдөр нь Эрдэнэтэд ирж хуралд ороод яаран буцсан. Янз бүрийн бичиг дээр гарын үсэг зуруулаад л байсан. Би хуулийн хүнээс зөвлөгөө туслалцаа авна гэдгийг ойлгоогүй. Надад үгээр хэлж ойлгуулаагүй. Гарын үсэг зуруулсан бичгийг унших ч боломж байгаагүй. Уншаад ч ойлгох чадваргүй явсан. Энэ байдлаасаа болж би өөрийгөө буруугүй гэдгийг нотлох баримт бүрдүүлж чадаагүй юм байна гэдгийг шийдвэрээс уншиж ойлголоо. Иймд шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Шүүх хуралд намайг оролцуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э- хариуцагч “Т” Тавилгыг үйлдвэрт холбогдуулан хохирол 1.699.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “...нэхэмжлэгч өөрийн буруутай даац хэтрүүлэх эсвэл хэт нойтон чийгтэй арчиж цэвэрлэх, дээр нь дарсан ямар ч байдлаар ашигласан, хэрэглэсэн байж болохыг мэдэхгүй байна. Т тавилгын үйлдвэр маань энэ айлаас болж захиалга аваагүй, ирээгүй хохирсон, үйлдвэрийн нэр төрд хүчтэй нөлөөлсөн...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч Э-ын захиалгын дагуу хариуцагч “Т” Тавилгын  үйлдвэрийн хийсэн ханын тавилганы бэхэлгээ /тэлэгч/ мурийж унаснаас болж нэхэмжлэгчийн 1.699.000 төгрөгийн үнэ бүхий skyword маркийн телевизор эвдэрсэн болох нь тогтоогдсон ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй байна. 

Хариуцагч “Т” тавилгын эзэн О- 2019 оны 4 дүгээр 15-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч шүүхэд тайлбараа ирүүлж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд хуульд заасан эрхийн дагуу шүүхэд ямар нэг хүсэлт гаргаагүй байх тул шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж Э-ын гаргасан хохирол-1.699.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагчаас хохирол 1.189.300 төгрөг гаргуулж, үлдэх 509.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул хариуцагч Т Тавилгын үйлдвэрийн эзэн О-гийн гаргасан “...төрсөн эгч маань нас барсан байсан, олон баримтанд гарын үсэг зурсан ч уншаад ойлгох чадваргүй явсан, өөрийгөө буруугүй гэдгээ нотлох баримт бүрдүүлж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг “Т” Тавилгын үйлдвэрт холбогдуулан явуулсан атлаа О-гоос хохирол 1.189.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00590 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд “...хариуцагч О-гоос...” гэснийг “...хариуцагч Т тавилгын үйлдвэрийн эзэн О-гоос...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Т тавилгын үйлдвэрийн эзэн иргэн О-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34.000 төгрөгийг төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                    М.ХҮРЭЛБААТАР

Б.ОЮУНЦЭЦЭГ