Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2019/01069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Д

Хариуцагч: М.Ц

3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Д нь 2019 оны 02 дугаар сарын 26-нд зарын дагуу И багийн **** тоот хашаа байшинг хувь лизингээр худалдан авахаар урьдчилгаа 2 000 000 төгрөгийг төлж хашаа байшиндаа нүүж орсон. М.Ц нь тухайн хашаа байшинг 17 000 000 төгрөгөөр зарахаар надтай тохиролцож урьдчилгаа өгч худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд үлдэгдэл 15 000 000 төгрөгийг сар болгон 500 000 төгрөг төлөхөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ингэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 01-нд 500 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 27-нд 500 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн бөгөөд нийт 3 000 000 төгрөгийг М.Ц д өгсөн юм. Тухайн гэрээний дагуу дараагийн сард буюу 5 сард 3 000 000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч ар гэрийн шалтгааны улмаас хугацаанд төлж чадаагүй учир М.Ц тай ярьж хэд хоногоос төлөхөө хэлж гуйсан хэдий ч хурдхан байшин султгаад өгчих дараагийн хүмүүстээ зараад мөнгийг чинь буцаагаад өгчихье гэсэн. Ингээд бид бусдад хүдрэл учруулаад яахав гэж бодоод байшинг суллан өгч нүүсэн. Гэвч тухайн байрнаас гараад сар гаруйн хугацаа өнгөрөхөд тухайн байрны эзэн нь бидний мөнгийг өгөлгүй, өгнө гээд худлаа ярьж утсаа ч авахгүй өдийг хүрлээ. Түүнчлэн тухайн байшин нь сайн халдаггүй их удаж байж халдаг байсан. Би эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Одоо эхнэр маань бие давхар би ганцаараа ар гэрээ тэжээдэг. Байрны эзэнд хамаг шалтгаанаа тоочин учирлаж ярьсан боловч утсаа авахаа больж шүүхдээд ав гээд хэл амаар доромжлох болсон. Иймд М.Ц аас 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: Нэхэмжлэгч А.Д аас 3 сая төгрөгийг би гардаж аваагүй бөгөөд А.Д ын эхнэр Ц.Э нь манай эхнэрт бэлнээр 2 удаа 1 000 000 төгрөг, дансанд нь 1 000 000 төгрөг хийж нийтдээ 3 000 000 төгрөг өгсөн нь үнэн болно. Нэхэмжлэлд дурьдсан байгаа намайг утсаа авахгүй шүүхдээд ав гэсэн нь худлаа бөгөөд харин манай эхнэр Д.Ц нь эдгээр хүмүүст тусалж орон гэртээ болгочихмоор байна энэ залуу хүмүүсийг гээд надаас гуйж байгаад хашаа байшингаа зээлээр худалдсан юм. Гэтэл энэ эхнэр нөхөр 2 сар бүр 500 000 төгрөгийг өгч чадна гэж худлаа ярьж хүний эд хөрөнгөнд орж амьдарчихаад хэдэн сар хүний хашаа байшинд үнэгүй суучихаад хүнийг буруутгаад байгаа нь хүн чанаргүй нь харагдаж байна. Хэрвээ энэ 2 залуу сар бүр 500 000 төгрөгийг өгч чадахгүй байсан бол яах гэж худлаа ярьж гэрээ хийж намайг хохироож байгаа юм. Би энэ хүмүүсийг ийм байдал гаргаагүй байсан бол өөр хүмүүс миний хашаа байшинг авахаар болж байсан. Эдгээр хүмүүсд итгэж найдаад сар бүр 500 000 төгрөгөө өгчихье гээд байхаар нь хүүхдүүдийг нь бодоод хашаа байшингаа худалдсан. Одоо тэгсэн чинь өгсөн мөнгөө буцааж авна гээд шүүхэд хандсан нь надад эвгүй сэтгэгдэл төрж байна. Манай эхнэр Д.Ц нэхэмжлэгчийн эхнэр Ц.Э хоёрын хооронд мөнгө өгөлцөж авалцсан бөгөөд авсан мөнгөө эргүүлж төлөх нь мэдээж. Гэхдээ мөнгө өгсөн гэх Ц.Э нь манай эхнэр Д.Ц мөнгөө нэхэж нэхэмжлэл гаргамаар юм. Би мөнгийг нь аваагүй болохоор өгсөн хүнээсээ мөнгөө нэхэмжлэл гэж хэлмээр байна. Хэрвээ надаас мөнгөө авмаар байгаа бол хашаа байшингаа зарж байгаад мөнгийг өгнө гэж бодож байна. Би тэтгэврийн зээлтэй энэ хүмүүсд одоо өгөх мөнгө байхгүй. Манай эхнэр нэхэмжлэгчийн эхнэр Ц.Э хашаа байшингаа зарж байгаад мөнгийг чинь өгье гэж хэлсэн гэсэн. Би энэ айлыг 3 сар үнэгүй суулгана гэж байхгүй 3 сарын төлбөр 600 000 төгрөг, дулаан ашигласны зардал 28 000 төгрөгийг өгсөн мөнгөнөөс нь хасуулж тооцуулна. Эхнэр нь тэг гэж зөвшөөрч байсан. Мөн цонхны хөшгийг минь авсан байна лээ хөшиг болон хөшигний тогтоогчоо авмаар байна. Иймд би нэхэмжлэгч А.Д аас 3 000 000 төгрөг гардаж аваагүй ба авсан өгсөн хүмүүсийн хооронд иргэний харилцаа үүссэн байх тул А.Д нь надаас мөнгө нэхэмжлэх ёсгүй гэжээ.

Нэхэмжлэгч А.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зарын дагуу И багийн **** тоот хашаа байшинг хувь лизингээр худалдан авахаар урьдчилгаанд 2 000 000 төгрөг төлж хашаа байшиндаа нүүж орсон. Үлдэгдэл төлбөрийг сар бүр 500 000 төгрөг төлөхөөр тохирсон байсан. Нүүж орсны дараагаас М.Ц  гуай өөр хүнд зарахаар болсон та нар гарчих гэх болсон. Бид 2 сар суугаад хүний ажлыг үрээд яахав гээд гарахаар болсон. Мөнгийг маань өгнө гэсэн боловч өгөхгүй байсан тул шүүхэд хандсан. 8 дугаар сард 2 000 000 төгрөг өгсөн одоо үлдэгдэл 1 000 000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Тогны зардалд 28 000 төгрөг гарсан байх үүнийг төлөхөд татгалзах зүйлгүй. Мөн хөшиг болон тогтоогчийг өгнө. Хашаа байшинд суусан хөлсийг 200 000 төгрөөр тооцсон нь үндэслэлгүй юм гэв.

Хариуцагч М.Ц шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч М.Ц д холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нь 2 000 000 төгрөгийг төлсөн тул үлдсэн 1 000 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч М.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбараа ирүүлжээ.

Зохигчид 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, И баг Шандын ** гудамжны 07 тоотод байрлах 77 м.кв талбайтай хувийн сууц, 620 м.кв талбайтай газрыг нийт 17 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаанд 2 000 000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 25-ны дотор 500 000 төгрөг төлөх, 2019 оны 05 дугаар сарын 25-ны дотор 3 000 000 төгрөг төлөхөөр тохирч, хамтран өмчлөгчөөр Ц.Э ийг оролцуулан гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж хувийн сууцандаа нүүж орсон байна.

Нэхэмжлэгч А.Д болон хамтран өмчлөгч Ц.Э нар Хаан банкны 2 дугаарын дансаар хариуцагч М.Ц ын эхнэр /өөрийнх нь тайлбараар/-ийн 1 дугаарын дансанд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Ц.Э ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв.

Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчилэн төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байна.

Талууд гэрээнд заасны дагуу хэлэлцэн тохиролцсон ёсоор худалдагч М.Ц эд хөрөнгийг шилжүүлж, худалдан авагч А.Д , Ц.Э нар төлбөрөө хэсэгчилэн төлж байсан болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар батлагдаж байна.

Хариуцагч М.Ц хашаа байшингаа бусдад бэлэн мөнгөөр зарахаар болсон тул чөлөөлж өгөх тухай хүсэлтийг удаа дараа гаргасны дагуу нэхэмжлэгч А.Д хашаа байшинг чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч А.Д нь хариуцагч М.Ц түүний эхнэрийн дансаар шилжүүлсэн мөнгөө шаардах эрхтэй.

Зээлээр худалдах худалдан авах гэрээний худалдан авагч тал болох Ц.Э ийн данснаас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах төлбөрт 1 000 000 төгрөг /500 000 төгрөгөөр 2 удаа/ төлөгдсөн болох нь банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч М.Ц ын манай эхнэр Д.Ц гийн дансаар орсон гэсэн тайлбараар нотлогдож байх тул 1 000 000 төгрөгийг хариуцагч М.Ц аас гаргуулан нэхэмжлэгч А.Д т олгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ц аас ирүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтанд 2 000 000 төгрөгийг Д.Ц байшин гэсэн гүйлгээний утгатай Ц.Э ийн 2 дугаарын дансаар шилжүүлсэн байх тул 2 000 000 төгрөгийн үүргийг хариуцагч М.Ц гүйцэтгэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч А.Д хэрэглэсэн тогны мөнгө 28 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, хөшиг болон тогтоогчийг буцааж өгнө гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

Хариуцагч Ц.Ц шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлт, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ц аас 62 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Д т олохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч М.Ц аас 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ц аас 62 950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Д т олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ