Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 207/МА2019/00150

 

*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч

*******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01069 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Хашаа байшингийн урьдчилгаа төлбөр 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь 2019 оны 02 дугаар сарын 26-нд зарын дагуу Их Залуу багийн 27б-7 тоот хашаа байшинг хувь лизингээр худалдан авахаар урьдчилгаа 2.000.000 төгрөгийг төлж хашаа байшиндаа нүүж орсон. ******* нь тухайн хашаа байшинг 17.000.000 төгрөгөөр зарахаар надтай тохиролцож урьдчилгаа өгч худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд үлдэгдэл 15.000.000 төгрөгийг сар болгон 500.000 төгрөг төлөхөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ингэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 01-нд 500.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 27-нд 500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн бөгөөд нийт 3.000.000 төгрөгийг *******д өгсөн юм. Тухайн гэрээний дагуу дараагийн сард буюу 5 сард 3.000.000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч ар гэрийн шалтгааны улмаас хугацаанд төлж чадаагүй учир *******тай ярьж хэд хоногоос төлөхөө хэлж гуйсан хэдий ч хурдхан байшин султгаад өгчих дараагийн хүмүүстээ зараад мөнгийг чинь буцаагаад өгчихье гэсэн. Ингээд бид бусдад хүндрэл учруулаад яахав гэж бодоод байшинг суллан өгч нүүсэн. Гэвч тухайн байрнаас гараад сар гаруйн хугацаа өнгөрөхөд тухайн байрны эзэн нь бидний мөнгийг өгөлгүй, өгнө гээд худлаа ярьж утсаа ч авахгүй өдийг хүрлээ. Түүнчлэн тухайн байшин нь сайн халдаггүй их удаж байж халдаг байсан. Би эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Одоо эхнэр маань бие давхар би ганцаараа ар гэрээ тэжээдэг. Байрны эзэнд хамаг шалтгаанаа тоочин учирлаж ярьсан боловч утсаа авахаа больж шүүхдээд ав гээд хэл амаар доромжлох болсон. Иймд *******аас 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: Нэхэмжлэгч *******аас 3 сая төгрөгийг би гардаж аваагүй бөгөөд *******ын эхнэр Ц.Эрдэнэчимэг нь манай эхнэрт бэлнээр 2 удаа 1.000.000 төгрөг, дансанд нь 1.000.000 төгрөг хийж нийтдээ 3.000.000 төгрөг өгсөн нь үнэн болно. Нэхэмжлэлд дурьдсан байгаа намайг утсаа авахгүй шүүхдээд ав гэсэн нь худлаа бөгөөд харин манай эхнэр Д.Цэзэн нь эдгээр хүмүүст тусалж орон гэртээ болгочихмоор байна энэ залуу хүмүүсийг гээд надаас гуйж байгаад хашаа байшингаа зээлээр худалдсан юм. Гэтэл энэ эхнэр нөхөр 2 сар бүр 500.000 төгрөгийг өгч чадна гэж худлаа ярьж хүний эд хөрөнгөнд орж амьдарчихаад хэдэн сар хүний хашаа байшинд үнэгүй суучихаад хүнийг буруутгаад байгаа нь хүн чанаргүй нь харагдаж байна. Манай эхнэр Д.Цэзэн нэхэмжлэгчийн эхнэр Ц.Эрдэнэчимэг хоёрын хооронд мөнгө өгөлцөж авалцсан бөгөөд авсан мөнгөө эргүүлж төлөх нь мэдээж. Гэхдээ мөнгө өгсөн гэх Ц.Эрдэнэчимэг нь манай эхнэр Д.Цэзэнгээс мөнгөө нэхэж нэхэмжлэл гаргамаар юм. Би мөнгийг нь аваагүй болохоор өгсөн хүнээсээ мөнгөө нэхэмжлэл гэж хэлмээр байна. Хэрвээ надаас мөнгөө авмаар байгаа бол хашаа байшингаа зарж байгаад мөнгийг өгнө гэж бодож байна. Би энэ айлыг 3 сар үнэгүй суулгана гэж байхгүй 3 сарын төлбөр 600 000 төгрөг, дулаан ашигласны зардал 28 000 төгрөгийг өгсөн мөнгөнөөс нь хасуулж тооцуулна. Мөн цонхны хөшгийг минь авсан байна лээ хөшиг болон хөшигний тогтоогчоо авмаар байна. Иймд би нэхэмжлэгч *******аас 3 000 000 төгрөг гардаж аваагүй ба авсан өгсөн хүмүүсийн хооронд иргэний харилцаа үүссэн байх тул ******* нь надаас мөнгө нэхэмжлэх ёсгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01069 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

Аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 14/ШШ2019/01069 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь: Нэгдүгээрт: Иргэн *******, түүний эхнэр Эрдэнэчимэг нар нь анхнаасаа бид нарыг залилж, зарын дагуу манай хашаа байшинг зээлээр худалдаж авна гэж худалдах худалдан авах гэрээ хийж өөрсдийн таньдаг наториат дээр дагуулан очиж хүний итгэлийг далимдуулсан.

Хоёрдугаарт: Гэрээнд заасан хугацаандаа мөнгөө өгөлгүй худлаа шалтаг тоочоод эхэлсэн учраас бид нар аргагүй эрхэнд хашаа байшингаа буцааж авсан. Энэ хүмүүс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 4 сар амьдарсан. Өөрсдийнхөө хэрэгцээг хангаж өвлийн хүйтэнд амьдарчаад сүүлд нь мөнгөө өгч чадахгүй болохоор байр нь хүйтэн удаан халдаг байсан, шүүхэд хандаад мөнгөө аваарай гэж доромжилсон гэх мэтээр бид нарыг гүтгэсэнд үнэхээр гомдолтой байна. Манайх тэр байшинд 10 гаруй жил амьдарсан. Үнэхээр хүйтэн байдаг байсан бол тэр олон хүүхэдтэй айл эртхэн учраа хэлээд гарч болох л байсан. Эд нар худлаа ярьж гуйж ороогүй байсан бол бид нар өөр хүнд түрээслүүлээд сар сард нь мөнгийг нь авч болох л байсан. Мөн зарах хугацаа ч байсан. 4 сар гаруй хүний бэлэн байранд амьдарчихаад нэг ч мөнгө өгөхгүй, өгсөн мөнгөө буцааж авна гээд шүүхдээд явж байдаг үнэхээр хүний мөсгүй хүмүүс юм байна. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг төлж чадахгүй, суусан хугацааных нь мөнгийг суутгаж авна гэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдол гаргасан хариу тайлбартаа:

*******ын гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

******* миний бие эхнэр Эрдэнэчимэгийн хамт бусдыг залилан хууран мэхэлсэн үйлдэл байхгүй. Бид зарын дагуу хашаа байшинг зээлээр худалдаж авахаар тохиролцож нотариат орж худалдах худалданг авах гэрээ хийсэн. Бидний гэрээг баталсан нотариотичийг бид огт танихгүй бөгөөд бидэнд танидаг хүн Эрдэнэтэд ховор байдаг. Бид заасан хугацаанд төлбөрийг төлж яваад сүүлдээ хугацаандаа төлөх боломжгүй болоод үнэн учраа хэлээд хүлээж байхыг гуйсан боловч дараагийн авах хүнд зарна хурдан гар хашаа байшин сулал гэж хэлсний дагуу хашаа байшинг суллаж өгсөн. Үүнээс хойш төлсөн 3 000 000 төгрөгөө нэхэж залгахаар хашаа байшингаа зарчихаад өгнө гэж байснаа сүүлдээ чаддаг юм бол шүүхдээд ав гэж хэл амаар доромжпох болсон. Миний хувьд 0-9 насны зургаан хүүхэд эхнэрийн хамт амьдрах гэж яваа залуу гэр бүл. Бид хүнийг хууран мэхэлж, гүтгэж, залилдаг хүмүүс бишээ.

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн анхан шатны шүүхийн 14/ШШ2019/01069 тоот шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий үнэн зөв гаргасан гэж үзэж байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь хашаа байшингийн урьдчилгаа төлбөр 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...байшинд суусан төлбөрийг хасч тооцно гэх тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч байрны урьдчилгаа төлбөрт 3.000.000 төгрөг хариуцагчид төлж тухайн хашаа байшинд 4 сар амьдарсан, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон тул хашаа байшинг буцааж хариуцагчид хүлээлгэж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.000.000 төгрөг буцааж өгсөн болох нь тогтоогдсон ба шүүх талуудын хооронд зээлээр худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж хариуцагчаас үлдэх 1.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Зохигчид хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах болон байрыг буцаан шилжүүлэн авах үедээ орон сууцанд амьдарсан хугацааны хөлсийг хэдэн төгрөгөөр хэрхэн тооцох талаар тохиролцоогүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг татгалзаж буй тайлбар, татгалзлалыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн гаргасан ...хашаа байшинд 4 сар амьдарсан хугацааны мөнгийг суутгаж авна... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ/2019/01069 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлын хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.549 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ