Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2019/00001

 

     Т.Ө-ний нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2018/00696 дугаар шийдвэртэй, Т.Ө-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Т.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын  2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлүүлэх тухай” Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай.

 

            Нэхэмжлэлд: “Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн "Ажлаас чөлөөлүүлэх тухай Б/51 тоот тушаалаар багийн нарийн бичгийн даргын бүтэц, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.” гэж заасан. Гэтэл 2018 оны төсвийн жил дуусаагүй байхад батлагдсан орон тоог хасаж ажлаас чөлөөлсөн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасныг ажил олгогч ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т зааснаар иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас баталсан төсвийг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар зориулалтын дагуу зарцуулах, 41 дүгээр зүйлийн 41.2.2-д заасан батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэг хүлээсэн төсвийн шууд захирагч хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчиж, багийн нарийн бичгийн орон тоог хууль бусаар хасаж, батлагдсан цалингийн санг зориулалтын бус зарцуулж байгаад гомдож байна. Өлгий сумын нийт 13 багийн нарийн бичгийн дарга нарын ажлын ачааллыг жигдрүүлж, хоёр багийн хооронд нэг нарийн бичгийн дарга ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1-т зааснаар орон тоо цөөрүүлэх зохицуулалт байхад “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм. Төсвийн тухай хуулийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан орон тоо, цалин хөлс тогтооно.” гэж заасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан цалингийн сан, орон тооны бүтэц хэвээр байхад орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. Багийн нарийн бичгийн даргын орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлсөн атлаа тухайн орон тоонд дахин сонгон шалгаруулалт зарласан нь орон тоо хасагдаагүй гэдгийг баталж байна. Багийн Засаг даргын нарийн бичгийн албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТҮ-4 зэрэгт хамаарч, цалин хөлс тооцож олгож байгаа тул төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалд хамаарах ба уг орон тоонд сонгон шалгаруулалт явуулах хуулийн зохицуулалт байхгүй. Эдгээр үндэслэлүүд нь Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн дарга ажилтай намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг баталж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлүүлэх тухай” Б\51 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар захирамжийн дагуу багийн Засаг дарга нарын ажлыг чиглүүлэн удирдах, хяналт тавьж ажлын удирдамжаар хангах зорилгоор багийн ажлын алба байгуулагдаж, тухайн захирамжийн хавсралтаар багийн ажлын албаны бүтэц орон тоог баталсан. 2018 оны багийн ажлын албаны төсөв нь тухайн бүтцийн дагуу батлагдсан ба уг бүтэц орон тоонд багийн Засаг даргын нарийн бичиг гэсэн орон тоо хасагдсан байсан. 2018 оны эхнээс шинэ бүтэц орон тоо багийн Засаг дарга нарын нарийн бичгийн орон тоо, цалин төсөв нь тусгагдаагүй учраас шинэ бүтэц нэмж ирсэн 6 нийгмийн ажилтны цалин хөлсийг 12 багийн Засаг даргын нарийн бичиг нарт хувааж олгож ирсэн. Өлгий сумын Засаг даргын зүгээс батлагдсан төсөв хөрөнгийг зориулалтаар нь зарцуулах талаар үүрэг өгсний дагуу 12 нарийн бичиг нарт урьдчилан хурал хийж, нөхцөл байдлыг танилцуулан ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, 45 хоногийн дараа цомхотголд орох болсныг албан ёсоор мэдэгдэж, мэдэгдэх хуудсыг тарааж өгсөн. Ингэхдээ багийн ажлын албад шинээр бий болсон 6 нийгмийн ажилтны орон тоонд ажиллаж байгаа 12 нарийн бичгийн дундаас 6 хүнийг сонгон авч ажиллуулахаар шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар багийн нарийн бичгүүдийн дундаас 6 нийгмийн ажилтан сонгон шалгаруулж аван ажиллуулж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тушаалыг нь гаргаж, нэг сарын тэтгэмжийг олгож шийдвэрлэсэн. Мөн энэ талаар Өлгий сумын Засаг даргатай зөвшилцөж шийдвэрлэсэн. Багийн нарийн бичгийн орон тоо хасагдсан явдалд ямар нэгэн улс төрийн зорилго байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Учир нь 6 нийгмийн ажилтныг зөвхөн өмнө нь ажиллаж байсан 12 багийн нарийн бичгүүдийн дунд тэгш эрхтэйгээр сонгон шалгаруулалт явуулж авсан. Энэхүү шалгаруулалтад орохоос татгалзсан Т.Ө-ыг нийгмийн ажилтнаар томилох боломжгүй. Иймд холбогдох баримтуудыг үндэслэн Т.Ө-ыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2018/00696 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлүүлэх тухай” Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Т.Ө-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

           

Т.Ө-ний давж  заалдах гомдолд: “1. Өлгий сумын “Багийн Засаг даргын нарийн бичгийн дарга” гэх орон тоог 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаанаар 12 хүний ажлын орон тоогоор баталсан. Үүнийг үндэслэж Өлгий сумын ЗДТГ-ын даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/31 тоот тушаалаар Өлгий сумын 12 багт, “нарийн бичгийн дарга" гэх орон тоонд албан тушаалтнуудыг томилсон. Тухайн “багийн нарийн бичгийн дарга” гэх 12 орон тоог 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2018 оны төсөв батлах тухай” 18 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар 13 орон тоотой болгож баталж өгсөн. Энэ нь 2018 оны жилийн төсвөөр Өлгий сумын багийн нарийн бичгийн дарга орон тоо хэвээр батлагдсан байхыг нотолж байна.

            2. 13 “багийн нарийн бичгийн орон тоо” Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны “2018 оны төсөв батлах тухай” 18 дугаар тогтоолоор орон тоо, цалингийн сан хэвээр батлагдсан, төсвийн жил дуусаагүй байхад 2018 оны төсөвт батлагдсан “багийн нарийн бичиг” гэсэн орон тоог цомхотгох, хасах боломжгүй.

            3. Төсвийн ерөнхийлөн захирагч болох Өлгий сумын Засаг дарга X.Б төсвийн шууд захирагч болох Ш.Б нар нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэг хүлээсэн албан тушаалтан болохоос бус, Өлгий сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийг өөрчилж, батлагдсан орон тоо, бүтцийг өөрчилж цалингийн санг зориулалтын бус зүйлд зарцуулах эрхгүй. Анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ 2018/00696 тоот шийдвэрээр Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасан заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж, гомдол гаргаж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс хууль хэрэглээний алдааны талаар дүгнэлт хийгээгүй байна.

            4. Өлгий сумын ЗДТГ-ын “Ажлаас чөлөөлөх тухай” Б/51 тоот тушаалыг гаргахдаа Өлгий сумын 2017 оны 12 дугаар 28-ны өдрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны “2018 оны төсөв батлах тухай” 18 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан багийн засаг дарга гэх багцад удирдах ажилтан (багийн Засаг дарга) -13, гүйцэтгэх ажилтан (багийн нарийн бичиг)-13 гэж баг бүрд нэг нарийн бичгийн даргын орон тоог баталсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар “орон тоо хасагдсан” гэж хууль бус эрхийн акт гаргасан тул гомдол гаргаж байна.

            5. Өлгий сумын Засаг дарга Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т заасныг үндэслэн “Багийн ажлын алба” байгуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, Засаг дарга эрх хэмжээг урвуулан ашиглаж, хууль бус эрхийн акт гаргасан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх зохицуулалтаар сумын Засаг дарга бие даан шийдвэр гаргаж, “Алба байгуулах” эрх хэмжээ байхгүй. Уг захирамжид үндэслэл болгосон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т заасан “Баг хорооны засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах” гэсэн заалт нь “Засаг даргад төрийн алба байгуулах” эрх олгосон хуулийн зохицуулалт биш.

6. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “б”-д зааснаар дээрх асуудлыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх ёстой. Хэрэв багийн нарийн бичгийн даргын орон тоонд өөрчлөлт оруулах бол Өлгий сумын Засаг дарга Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, Хурлаас шийдвэр гаргасны дараа бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах журамтай. 

            7. Өлгий сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаар хуралдаан, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “2018 оны төсөв батлах тухай" 18 дугаар тогтоолоор Багийн нарийн бичгийн даргын 13 орон тоо хэвээр батлагдсан тул Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр, тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж заасан тул заавал биелэгдэх журамтай.

            8. Өлгий сумын Засаг даргын 63 тоот захирамж нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т заасныг зөрчсөн. Засаг дарга өөрт эрх олгогдоогүй асуудлаар захирамж гаргасан тул Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар” засаг дарга “Алба байгуулсан” тул илт хууль бус захиргааны акт юм. Мөн хуулийн 47.2 -т “Илт хууль бус Захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан тул анхан шатны шүүх тухайн захирамж “хүчин төгөлдөр байна” гэж үнэлсэн нь бодит байдалд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Засаг даргаас эрх хэмжээний хүрээнд гаргаагүй” тул биелүүлэх үүрэггүй, Захиргааны Ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.2-т зааснаар эрх зүйн үйлчлэлгүй тул тухайн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Алба байгуулах тухай” 63 тоот захирамжийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

            9. Өлгий сумын ЗДТГ-аас “нийгмийн ажилтан” гэсэн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалт явуулж байгаа нь хууль бус. “Сонгон шалгаруулалт” явуулах тухай хүчин төгөлдөр журмаар сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл зарлаж, явуулах ёстой гэж үзэж байна.

            10. Мөн “Нийгмийн ажилтан” гэх орон тоо нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд багтдаг, ажлын байрны тодорхойлолтоор “Төрийн захиргааны” албан тушаалтан учраас сумын ЗДТГ нь сонгон шалгаруулах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Ө миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар  үнэлээгүй байх тул шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын /цаашид “ажил олгогч” гэх/ 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар[1] багийн нарийн бичгийн даргын ажилд томилогдон ажиллаж байсан Т.Ө-нийг /цаашид “ажилтан” гэх/ ажил олгогчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар[2] Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар, “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлж, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг[3] цуцалжээ.

 

            Ажилтан ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Ажил олгогчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлүүлэх тухай” Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан журамд нийцсэн байна.

 

            Хариуцагч ажилтны гомдлыг эс зөвшөөрч “сумын  Засаг даргын шийдвэрээр багийн ажлын алба байгуулагдан багийн нарийн бичгийн даргын орон тоо хасагдсан тул хуульд заасан журмаар 45 хоногийн өмнө ажилтанд урьдчилан мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж шүүхэд хариу тайлбар[4] ирүүлэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Алба байгуулах тухай” 63 дугаар захирамж[5], ажил олгогчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Орон тоо, ажил албан тушаалын жагсаалт, цалингийн сан батлах тухай” А/04 дүгээр тушаал[6], 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ажилтанд мэдэгдэх хуудас гардуулсан тухай баримт[7], мөн өдрийн хурлын тэмдэглэл[8] зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн бичмэл баримтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолоор[9] 2016 оны төсөв батлахдаа багийн Засаг дарга нарын харьяа ажиллах орон тооны хязгаарыг 22 /26 гэх засвартай/ хүнээр, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолоор[10] 2017 оны төсөв батлахдаа 27 /26 гэх засвартай/ хүнээр, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоолоор[11] 2018 оны төсөв батлахдаа 27 хүнээр тус тус тогтоож санхүүжилтийг баталсан ба 2016 оноос хойш сүүлийн гурван жилийн хугацаанд багийн Засаг дарга нарын харьяа ажиллах гүйцэтгэх, үйлчлэх ажилтны орон тоог жил бүр нэмэгдүүлэн тогтоож, санхүүжилтийг нь баталсаар байхад ажил олгогчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар багийн ажлын албаны бүтэц, орон тоог нийт 23 хүнээр тогтоон, багийн нарийн бичгийн даргын орон тоог хассан шалтгаан, үндэслэл тодорхойгүй байна.

           

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал, ажил олгогчийн баталсан бүтэц, орон тооны жагсаалтаас Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын орон тоо хасагдсан үндэслэл шалтгаан нь тодорхойгүйгээс гадна хариуцагчийн “Өлгий сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар захирамжаар багийн Засаг дарга нарын ажлын алба байгуулагдсан” гэх тайлбар багийн нарийн бичгийн даргын орон тоо хасагдсан гэх үндэслэлд хамааралгүй гэж үзнэ. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн байгууллагын буюу ажил олгогчийн бүтцээс багийн нарийн бичгийн ажил, албан тушаалын байр байхгүй болсныг ойлгох ба ажил олгогчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар Өлгий сумын багийн ажлын албаны бүтэц, орон тоог батлахдаа ажлын албаны дарга-1, нийгмийн ажилтан-6, зохион байгуулагч-1, бичээч-1 гэх мэт шинэ орон тоог бий болгосон зэргээс үзвэл, багийн нарийн бичгийн ажил, албан тушаалын байр үгүй болсон гэж үзэх үндэслэлгүй.

Харин ажил олгогч байгуулалтын дотоод бүтцэд зохицуулалт хийн өөрчилсөн буюу урьд нь ажиллаж байсан гүйцэтгэх, үйлчилгээний ажилтнуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, багийн ажлын алба байгуулсан боловч урьд нь ажиллаж байсан багийн нарийн бичгийн даргын ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдсан нь зохигчийн тайлбар, тухайн ажлын байрны онцлог зэргээр тогтоогдсон байх тул уг ажил, албан тушаалыг байхгүй болсон гэж үзэхээргүй байна.

 

Хариуцагчаас “Өлгий сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар захирамжаар багийн ажлын албаны бүрэлдэхүүнийг нийт 23 /багийн Засаг дарга нарыг оролцуулан/ орон тоотой баталснаар нарийн бичгийн даргын орон тоо хасагдсан” гэж тайлбарлах боловч Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоолоор 2018 оны төсөв батлахдаа багийн Засаг дарга нарын харьяа ажиллах гүйцэтгэх, үйлчлэх ажилтны орон тоог 27 хүнээр /багийн Засаг дарга нарыг оролцуулан/ баталсан байхад ажил олгогчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/04 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар 23 хүний бүрэлдэхүүнтэй баталж, нарийн бичгийн даргын орон тоог хассан нь үндэслэлгүй, энэ талаарх ажилтны анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул ажилтны гомдлыг хангаж, ажил олгогчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлүүлэх тухай” Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, Т.Ө-нийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын “Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын албан тушаалд” эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

            Ажилтан гомдол гаргахдаа хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2018/00696 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/51 дугаартай тушаалыг хүчингүй болгож Т.Ө-нийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Т.Ө-ний гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Ө-ний давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч Т.Ө давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                                          

С.ӨМИРБЕК

 


[1] Хэргийн 4 дүгээр тал.

[2] Хэргийн 3 дугаар тал.

[3] Хэргийн 5 дугаар тал.

[4] Хэргийн 24 дүгээр тал.

[5] Хэргийн 26 дугаар тал.

[6] Хэргийн 28 дугаар тал.

[7] Хэргийн 31 дүгээр тал.

[8] Хэргийн 32 дугаар тал.

[9] Хэргийн 71 дүгээр тал. “удирдах ажилтан-13 /багийн Засаг дарга нар/, гүйцэтгэх ажилтан /үүнд багийн нарийн бичгийн дарга нар багтаж байсан/-8 /12 гэх засвартай/, үйлчилгээний ажилтан-1, нийт ажиллагсдын тоо-22 /26 гэх засвартай/” гэж тогтоосон.

[10] Хэргийн 74 дүгээр тал. “удирдах ажилтан-13 /багийн Засаг дарга нар/, гүйцэтгэх ажилтан /үүнд багийн нарийн бичгийн дарга нар багтаж байсан/-13 /12 гэх засвартай/, үйлчилгээний ажилтан-1, нийт ажиллагсдын тоо-27 /26 гэх засвартай/” гэж тогтоосон.

[11] Хэргийн 79 дүгээр тал. “удирдах ажилтан-13 /багийн Засаг дарга нар/, гүйцэтгэх ажилтан-13, үйлчилгээний ажилтан-1, нийт орон тооны хязгаарыг 27 хүнээр тогтоосон.