Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00616

 

Т.Ө-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2018/00696 дугаар шийдвэр,

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00001 дүгээр магадлалтай,

Т.Ө-ы нэхэмжлэлтэй,                  

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Ажлаас чөлөөлүүлэх тухай Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайыпийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ө-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны төсвийн жил дуусаагүй байхад батлагдсан орон тоог хасаж ажлаас чөлөөлсөн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасныг ажил олгогч ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т зааснаар иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас баталсан төсвийг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар зориулалтын дагуу зарцуулах, 41 дүгээр зүйлийн 41.2.2-д заасан батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэг хүлээсэн төсвийн шууд захирагч хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчиж, багийн нарийн бичгийн орон тоог хууль бусаар хасаж, батлагдсан цалингийн санг зориулалтын бус зарцуулж байгаад гомдож байна. Өлгий сумын нийт 13 багийн нарийн бичгийн дарга нарын ажлын ачааллыг жигдрүүлж, хоёр багийн хооронд нэг нарийн бичгийн дарга ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1-т зааснаар орон тоо цөөрүүлэх зохицуулалт байхад орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм. Багийн нарийн бичгийн даргын орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлсөн атлаа тухайн орон тоонд дахин сонгон шалгаруулалт зарласан нь орон тоо хасагдаагүй гэдгийг баталж байна. Иймд Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ажлаас чөлөөлүүлэх тухай Б\51 тоот тушаалыг хүчингүй болгож,  Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.       

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар захирамжийн дагуу багийн Засаг дарга нарын ажлыг чиглүүлэн удирдах, хяналт тавьж ажлын удирдамжаар хангах зорилгоор багийн ажлын алба байгуулагдаж, тухайн захирамжийн хавсралтаар багийн ажлын албаны бүтэц орон тоог баталсан. 2018 оны багийн ажлын албаны төсөв нь тухайн бүтцийн дагуу батлагдсан ба уг бүтэц орон тоонд багийн Засаг даргын нарийн бичиг гэсэн орон тоо хасагдсан байсан. 2018 оны эхнээс шинэ бүтэц орон тоо багийн Засаг дарга нарын нарийн бичгийн орон тоо, цалин төсөв нь тусгагдаагүй учраас шинэ бүтэц нэмж ирсэн 6 нийгмийн ажилтны цалин хөлсийг 12 багийн Засаг даргын нарийн бичиг нарт хувааж олгож ирсэн. Өлгий сумын Засаг даргын зүгээс батлагдсан төсөв хөрөнгийг зориулалтаар нь зарцуулах талаар үүрэг өгсний дагуу 12 нарийн бичиг нарт урьдчилан хурал хийж, нөхцөл байдлыг танилцуулан ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, 45 хоногийн дараа цомхтголд орох болсныг албан ёсоор мэдэгдэж, мэдэгдэх хуудсыг тарааж өгсөн. Ажиллаж байгаа 12 нарийн бичгийн дундаас 6 хүнийг сонгон авч ажиллуулахаар шийдвэрлэсэн. Учир нь 6 нийгмийн ажилтныг зөвхөн өмнө нь ажиллаж байсан 12 багийн нарийн бичгүүдийн дунд тэгш эрхтэйгээр сонгон шалгаруулалт явуулж авсан. Энэхүү шалгаруулалтад орохоос татгалзсан Т.Ө-ыг нийгмийн ажилтнаар томилох боломжгүй. Иймд холбогдох баримтуудыг үндэслэн Т.Ө-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2018/00696 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ажлаас чөлөөлүүлэх тухай Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч РД:БЭ70080612 Жадик овогт Төлеугийн Өмиржаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00001 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2018/00696 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/51 дугаартай тушаалыг хүчингүй болгож Жадик овогт Төлеугийн Өмиржаныг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Т.Ө-ы гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Ө-ы давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч Т.Ө- давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2012/МА2019/00001 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоолоор 2018 оны төсөв батлахдаа 27 хүнээр тус тус тогтоож санхүүжилтийг баталсан учраас орон тоо нь хасагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг Даргын Тамгын Газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн А/04 дугаар "Орон тоо, ажил албан тушаалын жагсаалт цалингийн сан батлах тухай" тушаалын хоёрдугаар хавсралтаар "Өлгий сумын БАА-ны бүтэц орон тоо, ажил албан тушаалын жагсаалт"-ыг баталсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох багийн нарийн бичгийн дарга гэх орон тоо батлагдаагүй хасагдсан болох нь нотлогдож байна. 13 багийн Засаг даргад 12-н Засаг даргын нарийн бичгийн дарга байсан ба эдний ажлын байрын тодорхойлолт ч байхгүй байснаас гадна орон тоо багийн Засаг даргын нарийн бичгүүдийн чиг үүрэг нь давхардсан байсан тул хэвээр хадгалагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Баян-Өлгий аймгийн Өлгий сумны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Даулетбекийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандаж ирүүлсэн 1-01/96 тоот албан бичигт "Өлгий сумын ЗДТГ-ын БАА-ын жилийн бүтэц орон тоог Өлгий сумын ИТХ-аас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд БЗД-ын нарийн бичгүүдийн цалингийн сан, төсвийг нэмж тодотголд оруулахын тулд 18 тоот тогтоол гаргаж байсан боловч аймгийн ИТХ-аас дэмжлэг авч чадаагүй, Өөрөөр хэлбэл аймгийн ИТХ-ын 2017 оны 5 дугаар хуралдааны 26 дугаар тогтоолоор баталсан бүтэц орон тоо, төсвийн дагуу цалинжиж байгаа" гэжээ. Харин аймгийн ИТХ-ын 2017 оны 5 дугаар хуралдааны 26 дугаар тогтоолоор баталсан Өлгий сумын Багийн засаг дарга нарын 2018 оны төсвийн суурь зарлагад ажиллагсад бүгд-22, үүний удирдах ажилтан-13, гүйцэтгэх ажилтан -9 гэж баталсан байдаг. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг Даргын Тамгын Газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/04 дугаар "Орон тоо, ажил албан тушаалын жагсаалт цалингийн сан батлах тухай" тушаал гарахаас өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаартай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1- д заасныг үндэслэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын "Алба байгуулах тухай" захирамж болон энэхүү захирамжийн "Өлгий сумын БАА-ны бүтэц орон тоо, ажил албан тушаалын жагсаалт батлах тухай" хавсралтад багийн Засаг дарга-13, багийн ажлын албаны дарга-1, багийн нийгмийн ажилтан-6, БАА- ны зохион байгуулагч-1, БАА-ны бичээч-1, БАА-ны цэвэрлэгч-1, нийт 23 орон тоог баталсан юм. Үүнээс үзвэл маргаан бүхий орон тоо хасагдсан болох нь төсөв хөрөнгө нь хүрэлцэхгүй учраас Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасны дагуу батлагдсан төсвийн дагуу бүтэц орон тоог батлан ажиллуулсан байна. Үүний дагуу 12 багийн нарийн бичгийг орон тооны цомхтголд оруулахдаа хуульд заасны дагуу 45 хоногийн өмнө мэдэгдсэн, Хөдөлмөрийн тухайн хуулийн дагуу тушаалыг нь гаргаж, нэг сарын тэтгэмжийг олгож шийдвэрлэсэн нь хууль нийцсэн юм. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2012/МА2019/00001 дугаартай магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25- ны өдрийн 130/ШШ2018/00696 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Т.Ө-ы “...тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хариуцагч Баян-өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газар эс зөвшөөрч, маргажээ.

Ажил олгогч 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б/51 дүгээр тушаал гаргаж, нэхэмжлэгч Т.Ө-ыг багийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан орон тоо хасагдсан гэсэн үндэслэл дурджээ /хэргийн 3 дугаар тал/.  

Хуулийн дээрх зохицуулалтаар аж ахуйн нэгж,  байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй хэдий энэхүү байдал тогтоогдсон байх шаардлагатай.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.-т зааснаар Сумын иргэдийн хурал нь сумын төсвийг хэлэлцэж батлах бүрэн эрхтэй бөгөөд Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 18 дугаар тогтоолоор тус багийн засаг даргын төсвийг удирдах, гүйцэтгэх, үйлчлэх ажилтан 27 хүний бүрэлдэхүүнтэй баталжээ. 

Гэтэл Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн А/04 дүгээр тушаал гаргаж, багийн ажлын албаны бүтцийг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, бичээч гэсэн 23 орон тоогоор баталж, уг тушаалыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ /хэргийн 28-30, 77-79 дүгээр тал/.

Хариуцагч нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан орон тоог 23 болгож багасгахдаа өмнө байсан нарийн бичгийн даргын орон тоог хассан үндэслэл, шалтгаан тодорхой бус байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг байхгүй болсон, орон тоо хасагдсан гэх тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн маргааны талаар шүүхэд мэдүүлэх хөөн хэлэлцэх хугацаа, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах тодруулбал, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн зэрэг эрх зүйн асуудлаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00001 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайыпийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ