Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/01248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Л

Хариуцагч: С.Л

Зээлийн гэрээний үүрэг 4 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Л , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , хариуцагчийн өмгөөлөгч М.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Л  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн С овогтой Л д 2 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн. Мөн 02 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн хүүд 02 дугаар сарын 14-ний өдөр 250 000 төгрөг, 03 дугаар сарын 10-ны өдөр 100 000 төгрөг тус тус авсан. Үүнээс хойш хүү болон үндсэн мөнгөө төлөөгүй бөгөөд мөнгөө авах талаар удаа дараа шаардсан боловч одоохондоо мөнгөгүй, боломжгүй байна. Говьд том бизнес эрхэлж байгаа мөнгө ороод ирэхээр бүгдийг нь төлчихөнө, санаа зоволтгүй гэж явсаар 8 сар болсон. Харин 9 сарын 3-ны өдөр 2 000 000 төгрөг төлсөн. Үүний 1 000 000 төгрөгийг сүүлд авсан 1 000 000 төгрөгийн үндсэн төлбөрт тооцож, 1 000 000 төгрөгийг зээлийн хүүний төлбөрт тооцсон. Одоо үндсэн зээлд 2 500 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1 100 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, нийт 4 850 000 төгрөгийг иргэн С.Л ас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Л гийн нэхэмжлэлтэй С.Л д холбогдох зээл, зээлийн хүү, алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдэрлэх ажиллагаанд оролцож байна. Б.Л нь зээлийн гэрээний ард гэрээний сунгалт гэсэн хэсгийг сүүлд буюу шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө надаар гарын үсэг зуруулан авсан бөгөөд миний бие нөхөж бичээгүй хоосон хэсэг дээр гарын үсгүүд зуруулсан. Тэрхүү хэсгийг ашиглаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Барьцаат зээлийн гэрээ гэх 1 000 000 төгрөгний зээлийг миний бие авсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бэлнээр нэхэмжлэгчид өгч хаалгасан. Энэ талаар гэрээний дор Б.Л бичилт хийж гэрээг хаасан болно. Гэтэл хаасан атлаа төлөөгүй мэтээр бичсэн байна. Миний бие үндсэн мөнгө 2 500 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч С.Л д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 2 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч хүү, алдангийн төлбөрийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулан 2 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгээр, мөн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай байхаар тохирч барьцаат зээлийн гэрээ №59 гэсэн хэвлэмэл баримтанд гарын үсэг зурж, Гөнжөөт ХХК-ний тамга дарсан гэрээнүүдийг байгуулжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 удаагийн зээлийн гэрээгээр нийт 3 500 000 төгрөг Б.Л гээс авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүүний төлбөрт 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 250 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 100 000 төгрөг төлсөн. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 2 350 000 төгрөг төлсөн гэдэгт хэн аль нь маргаагүй.

Харин зээлийн гэрээний сунгалтын дагуу хүү авах эрхтэй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нөхөж бичээгүй хоосон хэсэг дээр гарын үсэг зуруулсан, зээлийн гэрээний сунгалт анх байгуулсан хэлбэрээр хийгдэх ёстой тул хүчин төгөлдөр биш гэж мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн болон 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 2 000 000 төгрөгөөр 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр авсан 1 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг хааж дуусгасан гэж тайлбарладаг. Энэ нь нотлох баримтаар ирүүлсэн барьцаат зээлийн гэрээ №59 гэсэн баримтанд хөх өнгийн балаар бичигдсэн бичвэрээр нотлогдож байна.

Иймд 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр авсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч гүйцэтгэсэн гэж үзнэ. Энэ баримтанд зээлийн хугацааг эхлэх, дуусах огноогоор тодорхойлсон байх бөгөөд хүү гэсэн хэсэгт 100 000 төгрөг гэж бичсэн ба 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 100 000 төгрөгийг авсан болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Мөн хуулийн 232.3.-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.4.-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь алдангийн төлбөрийг шаардах эрхтэй байна. /2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүрэг 201 хоног, 1 хоног=12 500 төгрөг, 12 500*201=2 512 500 төгрөг боловч 50 хувиас хэтрэхгүй тул 1 250 000 төгрөгөөр алдангийн төлбөрийг тооцсон болно/

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 2 000 000 төгрөгийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 2 500 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасч, үндсэн зээл 1 500 000 төгрөг, алдангийн төлбөр 1 250 000 төгрөг нийт 2 750 000 төгрөгийг хариуцагч С.Л ас гаргуулан нэхэмжлэгч Б.Л д олгох нь зүйтэй.

Гэрээний сунгалт 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 2 500 000 төгрөгийн хүү 250 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 2 500 000 төгрөгийн хүү 250 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 500 000 төгрөгийн хүү 350 000 төгрөг гэж талууд гарын үсэг зурсан байна. Мөн Барьцаат зээлийн гэрээ №59-д сунгалт гэсэн хэсэгт 03 сарын 07-ноос 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хүү 10 000 сунгав гэжээ.

Гэрээний сунгалт хэсгийг үндэслэн хүүний төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь гэрээний сунгалтыг гэрээний нэгэн адил анх үйлсэн хэлбэрээр гэрээний хугацаа дуусахаас өмнө байгуулах бөгөөд гэрээнд заасан нөхцөл хэвээр байгаа эсэх, эсхүл өөрчлөгдсөн бол хэрхэн яагаад өөрчлөгдсөн, хүү тогтоосон бол хэмжээг тодорхой тусгах ёстой бөгөөд талууд хүсэл зорилгоо илэрхийлж гарын үсэг зурсан байх ёстой юм. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбараар зээлийн гэрээний сунгалтыг хугацаа хоцорч байгуулсан бөгөөд хамгийн сүүлийн сунгалтанд 2 гэрээний үнийн дүнг нэгтгэж тооцсон нь буруу байна. Мөн барьцаат зээлийн гэрээний сунгалт хэсэгт хариуцагч С.Л гарын үсэг зураагүй болно. Иймд зээлийн гэрээний хүүний төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Л ас 2 750 000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 100 000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92 550 /ерэн хоёр мянга таван зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч С.Л ас 58 950 /тавин найман мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Л д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ