Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2020/00088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.С

Хариуцагч: С.Э

Хариуцагч: С.Ж

1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.С , хариуцагч С.Э , хариуцагч С.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЛ.С миний бие С.Э , С.Ж нарын гуйлтаар 1 000 000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлдүүлсэн. Энэ хүмүүс нь Орхон аймаг Хулс төвийн бүжгийн клубын шалыг плитадах гээд 14 хоногийн хугацаатай зээлж авсан юм. Би өөрөө энэ клубт бүжгийн багшаар ажилладаг. Хамт ажилладаг болохоор тус болъё гээд 1 000 000 төгрөг зээлдүүлсэн. Гэтэл энэ хоёр хүн мөнгийг минь өгөхгүй бүтэн 6 сар намайг хохироож байна. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Э ийн Хаан банкны 1 дугаарын дансанд өөрийнхөө Хаан банкны 2 дугаарын данснаас 1 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн баримт байна. Иймд Ж , Э нараас 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.С  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж Хулс төвтэй гэрээ хийж түрээслүүлэн ажиллуулдаг байсан. Би сар бүр 30 000 төгрөг өгч түрээсэнд нь нэмэрлэдэг байсан болохоос хамтран ажиллаагүй, цаашид ч гэсэн хамтран ажиллахгүй. Өглөө 10-12 цагийн хооронд л бүжиг заадаг. Тийм их ашиг орлого олсон зүйлгүй. Энэ хүнд тус болж хүүхдээсээ 1 000 000 төгрөг авч өгсөн юм. Гэтэл тус болсон биш одоо шүүх цагдаадаа хүрээд байна. Э ийн дансаар мөнгө өгсөн болохоор хариуцагчаар оролцуулсан юм гэхдээ энэ 1 000 000 төгрөгийг Ж аас гаргуулж авна гэв.

Хариуцагч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С , Санжаа нартай 2018 оны 12 дугаар сараас Хулс төвийн цэнгээнт бүжгийн зааланд хамтран түрээслэж ажилласан. 2018 оны 06 дугаар сард шалны пилтаг шинээр сольсон. Ажлын хөлс плита нийлээд 3 000 000 төгрөгөөс 3 450 000 төгрөг болсон. Үүнээс 1 000 000 төгрөг Санжаа, С гаргасан. Нэхэмжлэлд гаргасан 1 000 000 төгрөгийг эргэж гаргахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Харин С , Санжаа хоёр шинээр плита сольсон бүжгийн зааланд хамтран ажиллаж түрээсээс илүү гарсан ашигаа хувааж, ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой гэжээ.

Хариуцагч С.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хулс төвд цэвэрлэгээ хийдэг, бүжгийн билет тасалдаг ажилтай. Миний дансаар 1 000 000 төгрөг С гаас орж ирснийг шалны плита авахад шууд шилжүүлсэн гэв.

Хариуцагч С.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа С , Санжаа нартай 2018 оны 12 дугаар сараас Хулс төвийн цэнгээнт бүжгийн заалыг хамтран түрээслэж ажилласан. 2018 оны 06 дугаар сард шалны плитаг шинээр сольсон. Ажлын хөлс плитаны зарал 3 450 000 төгрөг болсон. Үүнээс 1 000 000 төгрөгийг С гаргасан. Бүжгийн залыг С нь өөрийн юм шиг ашиглаж гадна, дотор хоёр түлхүүрийг өөртөө авч өчнөөн хүмүүст бүжиг зааж ашиг олсон. Нэхэмжлэлд гаргасан 1 000 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид хоёр хувьдаа ашиглаагүй адилхан үйл ажиллагаа явуулж байсан заалны шаланд плита, ажлын хөлсөнд зарцуулсан. Харин эдгээр 2 хүн ба С нь үргэлжлүүлээд засвар хийсэн зааландаа хамтран ажиллах боломж эрхтэй гэжээ.

Хариуцагч С.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Хулс төвийн бүжгийн заалыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. С өмнө нь уг төвд бүжгийн багш хийдэг бүжиг заах ёстой өмнө нь ийм байсан гээд гадна дотор хамаг түлхүүр авчихсан бүжиг зааж ашиг олж байсан. 9 сараас хойш болилоо гээд явсан. Бид 6 сард шал янзлан плитадсан. Энэ үед С г тусла гэхэд 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Хамтран үйл ажиллагаа явуулж адилхан ашиг орлого олж байгаа тул 1 000 000 төгрөгийг өгөх боломжгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч С.Ж , С.Э нарт холбогдуулан 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт уг мөнгийг хариуцагч С.Ж аас гаргуулна гэж тодруулж байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардалагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Хариуцагч С.Ж нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Хулс төвийн бүжгийн заалыг түрээслүүлэн ажиллуулсан байна.

Тус төвд өмнө нь бүжгийн багш хийж байсан нэхэмжлэгч Л.С нь 10-12 цагийн хооронд бүжиг заахаар болж үйл ажиллагаагаа 2019 оны 9 сар хүртэл /8 дугаар сарын 28 хүртэл/ явуулсан байна.

Хулс төвийн бүжгийн заалны шалыг солих зайлшгүй шаардлагатай байсан тул туслаач гэж С.Ж гуйсны дагуу би тус болж 1 000 000 төгрөгийг хүүхдээсээ авч С.Э ийн дансаар шилжүүлсэн. Энэ мөнгийг 14 хоногийн хугацаатай хэрэглэнэ гэж авчихаад одоо болохоор өгөхгүй байгаа тул С.Ж аас гаргуулан авна. С.Э ийн дансаар өгсөн учраас түүнийг хариуцагчаар татсан байсан. 1 000 000 төгрөгийг С.Ж аас гаргуулж өгнө үү, цаашид хамт ажиллахгүй гэж нэхэмжлэгч Л.С тайлбарлаж байна.

Хариуцагч С.Э миний дансаар 1 000 000 төгрөг орж ирсэн нь үнэн. Уг мөнгийг шалны плитаны төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Хариуцагч С.Ж Хулс төвийн шалыг плитагаар солиход 3 450 000 төгрөгийн зардал гарсан уг мөнгийг шал солиход хэрэглэсэн. Л.С нь бүжиг зааж өөрөө ашиг олоод явж байсан. Би хувьдаа ашиглаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Хулс төвийн бүжгийн заалны түрээслэгч С.Ж нь бүжгийн багш хийж тодорхой ашиг олдог гэх Л.С д шал солиход гарсан зардлын 1 000 000 төгрөгийг хариуцуулна гэж тайлбарлаж байх боловч Л.С нь тухайн зардлыг хариуцах субъект биш байна гэж шүүх дүгнэв.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээхээр хуульчилсан байна.

Иймд Хулс төв нь бүжгийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоо биелүүлэхэд нь зориулж шаардлага хангахуйц заал талбайг С.Ж д түрээслүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв засан сайжруулалтыг түрээслэгч өөрөө хийсэн бол энэ талаар гарсан зардлаа түрээсийн төлбөрт тооцуулах эсхүл буцаан авах эрхтэй байна. Харин Л.С г ашиг орлого олж үйл ажиллагаа эрхлэдэг гэсэн үндэслэлээр түүнд дээрхи зардлыг хариуцуулах үндэслэлгүй.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул С.Ж аас 1 000 000 төгрөг гаргуулан Л.С д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.С 1-7 сард, сар бүр 30 000 төгрөгийг заал талбай ашигласны төлбөрт хэмээн С.Ж д өгсөн гэж тайлбарласан бөгөөд тэрээр үйл ажиллагаагаа 9 сард /8 сарын 28-нд/ зогсоосон гэж үзвэл 1 сарын төлбөрөө төлөөгүй байна. Иймд 1 000 000 төгрөгийн төлбөрөөс төлөх ёстой 30 000 төгрөгийг хасч үлдэх 970 000 төгрөгийг хариуцагч С.Ж аас гаргуулан Л.С д олгож, хариуцагч С.Э ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хариуцагч С.Э ийн дансаар зөвхөн мөнгө шилжүүлэх үйлдэл хийгдсэн бөгөөд уг мөнгийг өгсөн талаар талууд маргаагүй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Ж аас 970 000 төгрөг /есөн зуун далан мянга/ гаргуулж, нэхэмжлэгч Л.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 төгрөг /гучин мянга/ болон хариуцагч С.Э ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ж аас 20 918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.С д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ