Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01417

 

 

Л.Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00088 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр магадлалтай,

 

Л.Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй,

*******,******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээ-ний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч*******ы хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Сүнжидмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Сүнжидмаа миний бие *******,******* нарын гуйлтаар 1,000,000 төгрөгийг 2019.05.28-ны өдөр зээлдүүлсэн. Энэ хүмүүс нь Орхон аймаг Хулс төвийн бүжгийн клубын шалыг плитадах гээд 14 хоногийн хугацаатай зээлж авсан юм. Би өөрөө энэ клубт бүжгийн багшаар ажилладаг. Хамт ажилладаг болохоор тус болъё гээд 1,000,000 төгрөг зээлдүүлсэн. Гэтэл энэ хоёр хүн мөнгийг минь өгөхгүй бүтэн 6 сар намайг хохироож байна. 2019.05.28-ны өдөр *******ийн Хаан банкны 5090268636 дугаарын дансанд өөрийнхөө Хаан банкны 5094259265 дугаарын данснаас 1,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн баримт байна. Иймд*******, ******* нараас 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүнжидмаа, Санжаа нартай 2018 оны 12-р сараас Хулс төвийн цэнгээнт бүжгийн заалыг хамтран түрээсэлж ажилласан. 2018 оны 06-р сард шалны пилтаг шинээр сольсон. Ажлын хөлс плита нийлээд 3,000,000 төгрөгөөс 3,450,000 төгрөг болсон. Үүнээс 1,000,000 төгрөг Санжаа, Сүнжидмаа гаргасан. Нэхэмжлэлд гаргасан 1,000,000 төгрөгийг эргэж төлөхийг бид зөвшөөрөхгүй. Харин Сүнжидмаа, Санжаа хоёр шинээр плита сольсон бүжгийн зааланд хамтран ажиллаж түрээсээс илүү гарсан ашгаа хувааж, ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой гэжээ.

 

Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Сүнжидмаа, Санжаа нартай 2018 оны 12-р сараас Хулс төвийн цэнгээнт бүжгийн заалыг хамтран түрээсэлж ажилласан. 2018 оны 06-р сард шалны плитаг шинээр сольсон. Ажлын хөлс плитаны зардал 3,450,000 төгрөг болсон. Үүнээс 1,000,000 төгрөгийг Сүнжидмаа гаргасан. Бүжгийн заалыг Сүнжидмаа нь өөрийн юм шиг ашиглаж гадна, дотор хоёр түлхүүрийг өөртөө авч өчнөөн хүмүүст бүжиг зааж ашиг олсон. Нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Бид хоёр хувьдаа ашиглаагүй адилхан үйл ажиллагаа явуулж байсан заалны шаланд плита, ажлын хөлсөнд зарцуулсан. Харин эдгээр 2 хүн ба Сүнжидмаа нь үргэлжлүүлээд засвар хийсэн зааландаа хамтран ажиллах эрхтэй гэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00088 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч*******аас 970,000 төгрөг /есөн зуун далан мянга/ гаргуулж, нэхэмжлэгч Л.Сүнжидмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,000 төгрөг /гучин мянга/ болон хариуцагч *******ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 20,918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Сүнжидмаад олгож шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч*******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 01-р сараас цэнгээнт бүжгийн зааланд хамтран үйл ажиллагаа явуулж байсан. Заалны шалыг солиход 3,450,000 төгрөг болсон, үүнээс 1 сая төгрөгийг Сүнжидмаа шалны плита ав гэж хэлсэн. Гэтэл Сүнжидмаа нь шалны плита сольсноос хойш 8 сард гэнэт өөр бүжгийн зааланд очихоор болж 1 сая төгрөгөө авахаар болсон. Энэ 1 сая төгрөгийг би өөрөө хэрэглээгүй, хамтран үйл ажиллагаа явуулж буй заалны шалны материалд зарцуулсан учир 500,000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү. Адилхан тэр зааланд үйл ажиллагаа явуулж ашиг олж байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Л.Сүнжидмаа нь хариуцагч *******,******* нарт холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг харуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч*******аас 970,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000 төгрөг, хариуцагч *******ид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбараар хариуцагч******* 2019 оны 01 дүгээр сараас Орхон аймгийн Хулс төвийн бүжгийн клубыг түрээслэн ажиллуулсан, ******* тус зааланд цэвэрлэгээ хийж, мөнгө хураадаг бөгөөд 2019 оны 06 дугаар сард клубын шалыг плитагаар солих явцад Л.Сүнжидмаагаас 1,000,000 төгрөгийг авч, засварын ажилд зарцуулсан талаар маргаагүй, гагцхүү нэхэмжлэгч нь ...С.Жаргалсайхан гуйж, би хүүгээсээ 1,000,000 төгрөгийг зээлж, 14 хоногийн хугацаатай хариуцагчид зээлж, дансанд нь шилжүүлсэн... гэж, хариуцагч нар ...нэхэмжлэгч нь бүжгийн багш хийдэг, засвар хийсэн зааландаа үргэлжлүүлэн ажиллах боломжтой тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр ...зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, Л.Сүнжидмаа нь тухайн заалны засварын зардлыг хариуцах субъект биш тул тэрээр зээлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй, харин бүжгийн багш хийж заал талбай ашигласны зардалд сар бүр 30,000 төгрөгийг төлж байсан бөгөөд сүүлийн буюу 2019 оны 9 сарын зардлыг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 30,000 төгрөгийг хасч үлдэх 970,000 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулахаар, хариуцагч *******ид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Шүүхийн дээрх шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч*******ы гомдлоор хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Л.Сүнжидмаа нь Хулс төвийн заалны засварын зардлыг хариуцах үүрэггүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хасуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааны үйл баримтад хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00088 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******ы гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******аас 2020.03.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД