Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2020/00101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б

Хариуцагч: Б.О

Гэм хорын хохиролд 17 644 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц , иргэдийн төлөөлөгч П.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О ийн Б миний бие 2018 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө С аймгийн Б сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О овогтой М ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хариуцлагагүй, буруутай үйлдлээс болж авто тээврийн осолд орсон. Уг осолд оросны улмаас миний биед гавал тархины битүү гэмтэл, 2 хөлийн дунд чөмөгний битүү хугарал, зүүн хөлийн шилбэний хоёрлосон ил хугарал, аарцаг ясны хугарал, нүүрний зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан болохыг шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №01 дүгнэлтээр тогтоогдсон. Энэхүү авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг С аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж шүүгдэгч О.М ад 1 жилийн тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ авч мөн миний цаашид гарах зайлшгүй эмчилгээний зардал болон гэм хорын хохиролыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн. О.М нь ачааны автомашин жолоодож явсан уг ба тээврийн хэрэгслээрээ миний араас дайрч улмаар миний хувьд одоо ажил эрхлэх боломжгүй болж, хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар тогтоогдож, гэртээ хэвтрийн дэглэмд байна. Осол болох үед миний хүү Б.А д төрөөд 20 хонож байсан, эхнэр нярай хүүхэдтэй тул цалин орлогогүй бүх л зээл байрны түрээс болон хэрэглээний зардлууд нэмэгдсээр байна. Гэтэл уг асуудлаар О.М тай холбогдох гэж гар утсаар нь залгасан боловч утсаа авахгүй, ямар нэг хариу өгөхгүй байна. Иймээс миний бие шүүхэд хандахаас өөр аргагүй болоод байгаа тул уг нэхэмжлэлийг гаргаж байна. Гэм бурууг тогтоосон эрүүгийн шүүх хуралдаанаас хойш гарсан эрүүл мэндийг сэргээхтэй холбоотой эм тарианы зардал, шүүх хуралдаанаас хойш одоог хүртэлх хугацааны цалин, цалингийн зөрүүг дараах байдлаар нэхэмжилж байна.

Үүнд:

1.   2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрөөс хойших хугацааны эмчилгээний зориулалтаар эм тариа авсан зардал нийт 800 000 /найман зуун мянган/ төгрөг.

2.   2019 оны 03, 04, 05, 06, 07, 08 дугаар сарын цалин сар бүрийн 1 950 000 төгрөгөөр 6 нийт 11 700 000 /арван нэгэн сая долоон зуун мянган/ төгрөг.

3.   2019 оны 09 сард тахир дутуугийн тэтгэвэрт 171 000 олгосон ба цалингийн зөрүүнд тооцож 1 779 000 /нэг сая долоон зуун далан есөн мянган/ төгрөг.

4.   2019 оны 10, 11 дүгээр сарын цалингийн зөрүүнд сар бүр авахаар тогтсон 270 000 төгрөгний тэтгэврийг хасаад 3 360 000 /гурван сая гурван зуун жаран мянган/ төгрөг.

Нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний хөлсөнд төлсөн 5000 төгрөг нийт 17 644 000 /арван долоон сая зургаан дөчин дөрвөн мянган/ төгрөгийг нэхэмжилж байсан харин нийгмийн даатгалын газраас олгосон 1 262 302 мөнгийг хасаад одоо 16 381 698 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч О.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Б гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч О.М миний бие нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийг нотлох баримтуудыг гаргаж байгаа хэдий хэмжээгээр хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөхийг шийдэх учир одоогоор өөр тайлбар гаргах боломжгүй байна. Сүүлд дэлгэрэнгүй тайлбарыг гаргах болно гэжээ.

Хариуцагч О.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэм буруугийн асуудлаар болон эмчилгээний төлбөрийн талаар маргаан байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна. Бууруулсан мөнгөн дүнгээр маргах байсан боловч нэхэмжлэгч татгалзаж байгаа тул хүсэлт гаргахгүй. Харин ЭАЗ  ХХК нь 2019 оны 3 дугаар сараас хойш үйл ажиллагаагаа явуулаагүй нь нийтэд илэрхий болсон үйл баримт байгаа бөгөөд төрөөс үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалсан байгаа. Энэ үйл явдал нь хариуцагчтай хамааралгүй тул 2019 оны 03 дугаар сараас хойшхи хугацааны цалин гаргуулах нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б  нь хариуцагч О.М ад холбогдуулан гэм хорын хохиролд 17 644 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа 1 262 302 төгрөгөөр бууруулж, 16 381 698 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч О.М түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зам тээврийн ослын улмаас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны эм тариа авсан зардал 800 000 төгрөг, 2019 оны 03, 04, 05, 06, 07, 08 дугаар сарын цалин сар бүрийн 1 950 000 төгрөгөөр тооцож 11 700 000 төгрөг2019 оны 09 сард тахир дутуугийн тэтгэвэрт 171 000 олгосон ба цалингийн зөрүүнд тооцож 1 779 000 төгрөг2019 оны 10, 11 дүгээр сарын цалингийн зөрүүнд сар бүр авахаар тогтсон 270 000 төгрөгний тэтгэврийг хасаад 3 360 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 5000 төгрөг нийт 17 644 000 төгрөг үүнээс нийгмийн даатгалын шимтгэлээр олгосон 1 262 302 төгрөгийг хасч 16 381 698 төгрөг болгон бууруулж байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч түүний төлөөлөгч Р.Ц : Гэм буруу болон эмчилгээний төлбөр, 2019 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн талаар маргаан байхгүй харин нэхэмжлэгчийн ажиллаж байсан ЭАЗ  ХХК-д 3 дугаар сард осол болж үйл ажиллагааг төрөөс зогсоосон мөн нэхэмжлэгч 5 дугаар сараас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул цалинг бүтэн гаргуулах үндэслэлгүй, компаний үйл ажиллагаа зогссон нь хариуцагчийн үйлдэлтэй холбоогүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч О.М нь 2018 оны 11 дүгээр сарын 29-30 нд шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Мицибуши Пусо загварын 12 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Улаанбаатар хотоос Булган аймгийн Хангал сум орохоор замын хөдөлгөөнд оролцож яваад С аймаг Б сумын Гонир 3 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгийн чиглэлийн төв засмал замын 150-151 дэх километрийн заалтын орчимд тоёота приус 20 загварын 4 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажийг онгойлгон ослын гурвалжин тэмдэг гаргах гээд зогсож байсан О.Б г мөргөж зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь С аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор болон зохигчдын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч О.Б осолд орохын өмнө ЭАЗ  ХХК-д экскаватор оператор-2000 албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 1 950 000 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс авдаг байсан ба ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдаж улмаар 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

Хариуцагч О.М ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч О.Б гийн эрүүл мэндэд хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байх тул хариуцагч гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

ЭАЗ  ХХК-ний үйл ажиллагааг 3 дугаар сараас эхлэн зогсоосон, О.Б нь 5 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан тул 2019 оны 03 дугаар сараас хойшхи хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний зөрүүг тооцохгүй гэж хариуцагч маргаж байх боловч ЭАЗ  ХХК-наас ирүүлсэн тодорхойлолтонд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа гэсэн байна. Мөн О.Б нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас ажлын байрнаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь илэрхий юм.

Харин нийгмийн даатгалын сангаас 1 044 664 төгрөг, ажил олгогчоос 217 638 төгрөг нийт 1 262 302 төгрөгийг 5 дугаар сар хүртэл авсан нь О.Б гийн 789 дугаартай нийтгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас 3 786 906 төгрөг /1 262 302*3сар/-ийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О.Б 1 262 302 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсныг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч О.М аас 12 594 792 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 786 906 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч О.М аас 12 594 792 /арван хоёр сая таван зуун ерэн дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 786 906 /гурван сая долоон зуун наян зургаан мянга есөн зуун зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.   Нэхэмжлэгч О.Б 1 262 302 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсныг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч О.М аас 216 467 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Л.АРИУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН

Р.ҮҮРИЙНТУЯА