Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 40

 

О.Б-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч О.Мад холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00101 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Мад холбогдох,

“Гэм хорын хохиролд 17.664.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч О.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Оюунгэрэлийн Биндэръяа миний бие 2018 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Отгончулуун овогтой Мөнхбатын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хариуцлагагүй, буруутай үйлдлээс болж авто тээврийн осолд орсон. Уг осолд оросны улмаас миний биед гавал тархины битүү гэмтэл, 2 хөлийн дунд чөмөгний битүү хугарал, зүүн хөлийн шилбэний хоёрлосон ил хугарал, аарцаг ясны хугарал, нүүрний зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан болохыг шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №01 дүгнэлтээр тогтоогдсон. Энэхүү авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж шүүгдэгч О.Мад 1 жилийн тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ авч мөн миний цаашид гарах зайлшгүй эмчилгээний зардал болон гэм хорын хохиролыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн. О.М нь ачааны автомашин жолоодож явсан уг ба тээврийн хэрэгслээрээ миний араас дайрч улмаар миний хувьд одоо ажил эрхлэх боломжгүй болж, хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар тогтоогдож, гэртээ хэвтрийн дэглэмд байна. Осол болох үед миний хүү Б.Ананд төрөөд 20 хонож байсан, эхнэр нярай хүүхэдтэй тул цалин орлогогүй бүх л зээл байрны түрээс болон хэрэглээний зардлууд нэмэгдсээр байна. Гэтэл уг асуудлаар О.Мтай холбогдох гэж гар утсаар нь залгасан боловч утсаа авахгүй, ямар нэг хариу өгөхгүй байна.

Иймээс миний бие шүүхэд хандахаас өөр аргагүй болоод байгаа тул уг нэхэмжлэлийг гаргаж байна. Гэм бурууг тогтоосон эрүүгийн шүүх хуралдаанаас хойш гарсан эрүүл мэндийг сэргээхтэй холбоотой эм тарианы зардал, шүүх хуралдаанаас хойш одоог хүртэлх хугацааны цалин, цалингийн зөрүүг дараах байдлаар нэхэмжилж байна. 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрөөс хойших хугацааны эмчилгээний зориулалтаар эм тариа авсан зардал нийт 800.000 /найман зуун мянган/ төгрөг, 2019 оны 03, 04, 05, 06, 07, 08 дугаар сарын цалин сар бүрийн 1.950.000 төгрөгөөр 6 нийт 11.700.000 /арван нэгэн сая долоон зуун мянган/ төгрөг, 2019 оны 09 сард тахир дутуугийн тэтгэвэрт 171.000 олгосон ба цалингийн зөрүүнд тооцож 1.779.000 /нэг сая долоон зуун далан есөн мянган/ төгрөг, 2019 оны 10, 11 дүгээр сарын цалингийн зөрүүнд сар бүр авахаар тогтсон 270.000 төгрөгний тэтгэврийг хасаад 3.360.000 /гурван сая гурван зуун жаран мянган/ төгрөг, нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний хөлсөнд төлсөн 5000 төгрөг нийт 17.644.000 /арван долоон сая зургаан дөчин дөрвөн мянган/ төгрөгийг нэхэмжилж байсан харин нийгмийн даатгалын газраас олгосон 1.262.302 мөнгийг хасаад одоо 16.381.698 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч О.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

О.Б-гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч О.М миний бие нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийг нотлох баримтуудыг гаргаж байгаа хэдий хэмжээгээр хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөхийг шийдэх учир одоогоор өөр тайлбар гаргах боломжгүй байна. Сүүлд дэлгэрэнгүй тайлбарыг гаргах болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Гэм буруугийн асуудлаар болон эмчилгээний төлбөрийн талаар маргаан байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна. Бууруулсан мөнгөн дүнгээр маргах байсан боловч нэхэмжлэгч татгалзаж байгаа тул хүсэлт гаргахгүй. Харин “Эко алтан заамар” ХХК нь 2019 оны 3 дугаар сараас хойш үйл ажиллагаагаа явуулаагүй нь нийтэд илэрхий болсон үйл баримт байгаа бөгөөд төрөөс үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалсан байгаа. Энэ үйл явдал нь хариуцагчтай хамааралгүй тул 2019 оны 03 дугаар сараас хойшхи хугацааны цалин гаргуулах нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00101 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч О.Маас 12 594 792 /арван хоёр сая таван зуун ерэн дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 786 906 /гурван сая долоон зуун наян зургаан мянга есөн зуун зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О.Б- 1 262 302 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч О.Маас 216 467 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч О.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 3.786.906 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 12.594.792 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч О.Б-гийн осолд орохоосоо өмнө ажиллаж байсан “Эко алтан заамар” ХХК-ийн Төв аймгийн Заамар суманд байлах Баянголын эх уурхайн үйл ажиллагааг зогсоосон байна. Харин тус компани нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь Их тохойролын уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн гэж тодорхойлолт гаргасан ч энэхүү Их тохойролын уурхайн үйл ажиллагааг хэзээ эхлүүлсэн нь тодорхойгүй байна. Мөн Төв аймгийн Заамар суманд байрлах Баянголын эх уурхайд ажиллаж байсан ажилчид нь бүгд Их тохойролын уурхайд шилжин ажилласан эсэх нь тодорхойгүй байна. Энэ тухай нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх шийдвэрлээгүй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн эм тарианы зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн нэхэмжлэийн осолд орохоос өмнө ажиллаж байсан “Эко алтан заамар” ХХК-ийн Төв аймгийн Заамар суманд байрлах Баянголын эх уурхайн үйл ажиллагаа зогсохоос өмнөх буюу 2019 оны 03 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөхөд татгалзахгүй байгаа бөгөөд хариуцагч нь 2019 оны 05 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн тул цалин хөлсийг бүтэн гаргуулах үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан компанийн үйл ажиллагаа зогссон нь хариуцагчийн үйлдэлтэй холбоогүй юм.

Иймд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00101 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2019 оны 03  дугаар сараас хойшхи хугацааны цалин хөлс гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Б- нь хариуцагч О.Маас гэм хорын хохиролд 17.644.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О.М нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч О.Б- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг, Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт болсон авто ослын улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн О.Мад холбогдох хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоол болон тухайн осол болсон үйл баримтанд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч О.М нь 2018 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн мицибуши-пусо маркийн 27-70 БУА улсын дугаартай автомашин жолоодож явахдаа нэхэмжлэгч О.Б-г машины арын хаалга онгойлгохоор зогсож байхад нь мөргөж түүний биед хүнд зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар шийгэх тогтоолоор нотлогджээ.

Тухайн ослын улмаас нэхэмжлэгч О.Б-гийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн цусархаг няцрал, 2 хөлийн дунд чөмөгний битүү хугарал, зүүн хөлийн шилбэний хоёрлосон хугарал, аарцаг ясны хугарал, нүүрний зулгаралт зэрэг хүнд хохирол учирснаас хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдаж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч О.Б- нь Эко алтан заамар ХХК-д эксковаторын операторчноор 1.950.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан байх ба хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож /сарын 270.000 төгрөг/ 2019 оны 05 дугаар сард өөрийн хүсэлтээр тухайн ажлаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч О.Маас эмчилгээний зардал, цалин тэтгэврийн зөрүүд 12.594.792 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.2.-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж гэм хор учруулснаас үүссэн хариуцлага хүлээх зарчмыг тодорхойлсон ба хариуцагч О.М нь өөрийн гэм буруугүй болохоо нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ажиллаж байсан Эко алтан заамар ХХК нь 2019 оны 03 дугаар сараас үйл ажиллагаа нь зогссон, Булган аймгийн Бүрэгхангай суманд ажиллахдаа бүх ажилчдаа ажиллуулсан эсэх нь тодорхойгүй учир цалингийн хохирол гаргуулах үндэслэлгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд энэ талаар гаргасан хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч О.Б- нь хариуцагч О.Мын буруутай үйлдлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул түүний ажиллаж байсан байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхээс үл хамааран түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00101 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдсан гомдыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 219.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                        С.УРАНЧИМЭГ