Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2020/00308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Л.Э

690 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б , хариуцагч Л.Э , гэрч Б.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.Б нь Л.Э д 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 390 000 төгрөгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн *** гэсэн данснаас Л.Э гийн 456 гэсэн данс руу мобайлдаж шилжүүлсэн юм. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгийг минь эргүүлж өгөхгүй байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Мөн Л.Э гийн Чанар гэдэг гурилын цехэд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цехийн ажилтнаар ажилд орж байсан бөгөөд 1 сарын цалинг өдрийн 10 000 төгрөгөөр тохиролцож 300 000 төгрөгөөр ажиллахаар болсон юм. Би өөрийн саналаараа ажлаас гарсан ба тэгээд сарын цалингаа нэхэхэд өгч чадахгүй шүүхээрээ хөөцөлдөж аваарай гэсэн. Иймд Л.Э гийн данс руу шилжүүлсэн 390 000 төгрөг, гурилын цехэд 1 сар ажилласан цалин 300 000 төгрөг нийт 690 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Л.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Б ын нэхэмжилж байгаа 690 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ж.Б нь манайд ажилладаг Х ын найз залуу байсан бөгөөд хийх ажилгүй гэхээр нь 2019 оны 10 дугаар сарын 20-нд сарын 200 000 төгрөгөөр харилцан

тохиролцож 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Энэ хугацаанд хувийн болон ажлаас хамааралтайгаар 11 хоног амарч, 19 хоног ажилласан бөгөөд сарын 200 000 төгрөг, өдрийн 6 600 төгрөгөөр ажиллаж 125 000 төгрөгийн цалин гарсан. Тухайн үед Ж.Б нь ажлаараа батлан дааж хувь лизингээр унах авто машин олоод өгөөч гэж надаас гуйсан. Тэгээд би зараар Toyota ist маркийн машин олсон бөгөөд Ж.Б од хэлж зургийг нь үзүүлэхэд Ж.Б авахаар болж, намайг аваад өг гэж миний данс руу 390 000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг нь аваад машины эзэнтэй уулзаж машиныг нь үзье, байгаа мөнгө нь 390 000 төгрөг гэтэл, одоо машин Хялганатад байгаа, нэг юм нь эвдэрсэн засчихаад холбогдъё гэж хэлээд 20 гаран хоног хүлээж байж уулзтал миний хэрчсэн гурилын үйлдвэрийн компанийн тамга тэмдэг болон нотариатаар орж намайг өөрөө батлан даавал машинаа өгье гэхэд нь би Ж.Б ыг сайн таньж мэдэхгүй учраас батлан даахаас татгалзсан. Тэр үед би жирэмсэн 8 сартай байсан. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Тухайн үед Ж.Б оос авсан мөнгө болон ажилласан цалинг бүрэн гүйцэт тооцож дууссан. Тодруулбал: Ж.Б нь тосгонд байр түрээслэсний төлбөрт 115 000 төгрөг, эрүүлжүүлэхэд 14 хоног хоригдоход 100 000 төгрөг, надаас гурилын тоног төхөөрөмж авна гэж худал хэлэн түрээслэж байсан газар 14 хоног ажиллуулсны төлбөр болох 220 000 төгрөг, ачааны машины хөлсөнд 15 000 төгрөг, такси унааны мөнгө гэж цувуулж авсан 35 000 төгрөгийг тус тус надаас авсан мөн 60 000 төгрөгийн үнэ бүхий бэлэн гурил авч явсан. Эдгээр мөнгөнүүд бүгд дансаар гүйлгээ хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Л.Э д холбогдуулан машин худалдан авахад зориулж дансаар шилжүүлсэн 390 000 төгрөг, 1 сарын хугацаанд хэрчсэн гурилын цехэд ажилласан цалин хөлс 300 000 төгрөг нийт 690 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Л.Э нь нэхэмжлэгч Ж.Б оос 390 000 төгрөгийг дансаар авсан гэдгийг хүлээн зөвшөөрч мөн ажлын хөлс 200 000 төгрөг гэж тохирсноос түүний бусдад төлөх төлбөр, бэлэн авсан мөнгийг хассан тул тооцоо дууссан гэж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэг: Ажлын хөлс гаргуулах нэхэмжлэлийн тухайд.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Л.Э гийн ажиллуулдаг Чанар гурилын цехэд 30 хоног ажилласан ажлын хөлс 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч Л.Э нэхэмжлэгч Ж.Б ыг бүтэн 30 хоног ажиллаагүй, 19 хоног л ажилласан. Ажлын хөлсийг сарын 200 000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь Чанар гурилын цехэд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан ба сарын цалинг 300 000 төгрөг буюу өдрийн 10 000 төгрөг байхаар тохиролцсон гэсэн нь гэрч Б.Х ын ... Би 500 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Ж.Б ыг миний туслахаар өдрийн 10 000 төгрөгийн цалинтай авч ажиллуулсан. Нэг сарын хугацаанд 19 хоног л ажилласан гэсэн мэдүүлэг, 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 000 төгрөг байсан зэрэг нөхцөл байдалтай уялдан өдөрт 10 000 төгрөгөөр тохирсон гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ж.Б дурдсан хугацаанд өдөр бүр ажил хөдөлмөр эрхлэж байсан болох нь нотлогдохгүй, гэрч болон хариуцагчийн тайлбараар 19 хоног ажилласан гэдгийг няцаагаагүй тул түүнийг 19 хоног ажилласан гэж үзвэл 190 000 төгрөгийн хөлсийг авах эрхтэй байна. Харин 14 хоног баривчлагдсаны төлбөр 100 000 төгрөгийг Б.Х аар дамжуулан Л.Э гаас авсан гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчаас 90 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хоёр: 390 000 төгрөг дансаар шилжүүлсэн нэхэмжлэлийн тухайд.

Нэхэмжлэгч Ж.Б нь өөрийн Хаан банкны *** тоот данснаас хариуцагч Л.Э гийн Хаан банкны 456 тоот дансанд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 390 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнийгээ зээллэсэн гэж тайлбарладаг.

Хариуцагч Л.Э өөрийн дансаар 390 000 төгрөгийг Ж.Б оос авсан болохоо хүлээн зөвшөөрдөг боловч намайг машин олж өг гээд шилжүүлсэн мөнгө. Би зараас машин олсон боловч эзэн нь баталгаа өг гэсэн учраас тэр машиныг авч чадаагүй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг.

Хуулийн дээрхи зохицуулалтаас харвал зохигчдын хооронд зээлийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь мөнгө зээлдүүлэх зорилгогүй, хариуцагчийн өмчлөлд ямар нэгэн автомашин байгаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д даалгаварын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчээс машин олж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу хариуцагч Хялганатад байдаг хүнтэй холбогдсон. Өөрөө батлан даах шаардлагатай гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул уг машиныг худалдан авах боломжгүй болсон. Миний дансаар 390 000 төгрөг шилжиж ирсэн нь үнэн гэсэн хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч Ж.Б ын Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ж.Б ын даалгавар биелэгдээгүй нөхцөл байдал зэргийг харгалзан 390 000 төгрөгийг хариуцагч Л.Э гаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Л.Э байрны төлбөр, ажлын байрны түрээсийн төлбөр, бэлэн өгсөн мөнгөнүүд болон бүтээгдэхүүний төлбөрийг түүний цалин хөлс, шилжүүлсэн мөнгөнөөс хасч тооцон төлөх төлбөргүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Уламмандахын ...Б.Х ын байрны түрээсэнд 115 000 төгрөгийг Л.Э гаас хүлээн авсан нь үнэн болно. Х ын цалинд тооцсон, ...гурилын цехийн түрээсийн төлбөрт 220 000 төгрөг хүлээн авч Сарантуяад өгсөн гэсэн тайлбараар Х ын цалингаас дээрхи төлбөр төлөгдсөн байх ба зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, энэ талаар хэлэлцэн тохирсон асуудалгүй, бусдын өмнөөс үүрэг гүйцэтгэхийг хариуцагч Л.Э д даалгаагүй, хэд хичнээн төгрөг хэдний өдөр бэлнээр өгсөн хийгээд хэдэн кг бэлэн бүтээгдэхүүнийг хэдний өдөр авч явсан энэ талаар баримт байхгүй тул хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд нийт 480 000 төгрөг /90 000+390 000/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 210 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар хариуцагч Л.Э гаас 480 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 210 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21 110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э гаас 15 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ