Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2020/00053

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Л*******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00308 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л*******д холбогдох,

Зээлийн төлбөр 390.000 төгрөг, цалин 300.000 төгрөг, нийт 690.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Л*******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь Л*******д 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 390.000 төгрөгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн 5556328646 гэсэн данснаас Л.Энхнарагийн 5096135655 гэсэн данс руу мобайлдаж шилжүүлсэн юм. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгийг минь эргүүлж өгөхгүй байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Мөн Л*******гийн Чанар гэдэг гурилын цехэд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цехийн ажилтнаар ажилд орж байсан бөгөөд 1 сарын цалинг өдрийн 10.000 төгрөгөөр тохиролцож 300.000 төгрөгөөр ажиллахаар болсон юм. Би өөрийн саналаараа ажлаас гарсан ба тэгээд сарын цалингаа нэхэхэд өгч чадахгүй шүүхээрээ хөөцөлдөж аваарай гэсэн. Иймд Л*******гийн данс руу шилжүүлсэн 390 000 төгрөг, гурилын цехэд 1 сар ажилласан цалин 300.000 төгрөг нийт 690.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Л******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******ын нэхэмжилж байгаа 690.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* нь манайд ажилладаг Хонгорзулын найз залуу байсан бөгөөд хийх ажилгүй гэхээр нь 2019 оны 10 дугаар сарын 20-нд сарын 200.000 төгрөгөөр харилцан тохиролцож 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Энэ хугацаанд хувийн болон ажлаас хамааралтайгаар 11 хоног амарч, 19 хоног ажилласан бөгөөд сарын 200.000 төгрөг, өдрийн 6.600 төгрөгөөр ажиллаж 125.000 төгрөгийн цалин гарсан. Тухайн үед ******* нь ажлаараа батлан дааж хувь лизингээр унах авто машин олоод өгөөч гэж надаас гуйсан. Тэгээд би зараар Toyota ist маркийн машин олсон бөгөөд *******од хэлж зургийг нь үзүүлэхэд ******* авахаар болж, намайг аваад өг гэж миний данс руу 390.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг нь аваад машины эзэнтэй уулзаж машиныг нь үзье, байгаа мөнгө нь 390.000 төгрөг гэтэл, одоо машин Хялганатад байгаа, нэг юм нь эвдэрсэн засчихаад холбогдъё гэж хэлээд 20 гаран хоног хүлээж байж уулзтал миний хэрчсэн гурилын үйлдвэрийн компанийн тамга тэмдэг болон нотариатаар орж намайг өөрөө батлан даавал машинаа өгье гэхэд нь би *******ыг сайн таньж мэдэхгүй учраас батлан даахаас татгалзсан. Тэр үед би жирэмсэн 8 сартай байсан. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Тухайн үед *******оос авсан мөнгө болон ажилласан цалинг бүрэн гүйцэт тооцож дууссан. Тодруулбал: ******* нь тосгонд байр түрээслэсний төлбөрт 115.000 төгрөг, эрүүлжүүлэхэд 14 хоног хоригдоход 100 000 төгрөг, надаас гурилын тоног төхөөрөмж авна гэж худал хэлэн түрээслэж байсан газар 14 хоног ажиллуулсны төлбөр болох 220.000 төгрөг, ачааны машины хөлсөнд 15.000 төгрөг, такси унааны мөнгө гэж цувуулж авсан 35.000 төгрөгийг тус тус надаас авсан мөн 60.000 төгрөгийн үнэ бүхий бэлэн гурил авч явсан. Эдгээр мөнгөнүүд бүгд дансаар гүйлгээ хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00308 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар хариуцагч Л*******гаас 480.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 210.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21.110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л*******гаас 15.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхин шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн хооронд баримт тэр болгон үйлдээд байдаггүйтэй холбогдуулан төлсөн мөнгийг ахин төл гэж байна. Төлсөн мөнгөний баримтаа хавсаргаад өгсөн тул үнэн зөвөөр ахин шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* зээл 390.000 төгрөг, сарын цалин 300.000 төгрөг нийт 690.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Л******* ... сарын 200.000 төгрөгийн цалин олгохоор тохирч ажиллуулсан, 19 хоног ажилласан, мөнгө зээлж аваагүй, машин авахын тулд 390.000 төгрөг шилжүүлсэн боловч байрны түрээсийн төлбөр болон бусад зардалд мөнгө өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* хариуцагч Л*******гийн дансанд машин худалдаж авахад тооцож 390.000 төгрөг шилжүүлсэн, цехэд 19 хоног ажилласан болох нь тогтоогдсон ба шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах болон даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт нэхэмжлэгч *******ын гурилын цехэд ажилласан нэг хоногийн цалинг 10.000 төгрөгөөр тооцож цалин 190.000 төгрөг, машины урьдчилгаа төлбөрт тооцож шилжүүлсэн 390.000 төгрөг нийт 480.000 төгрөгийг хариуцагч Л*******гаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 210.000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах гэж тус тус заасны дагуу хариуцагч Л******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй байна.

Шүүх нотлох чиг үүргийг талуудад тэнцүү хэмжээгээр хариуцуулсаныг буруутгах боломжгүй байх тул хариуцагч Л*******гийн гаргасан ...иргэд хоорондоо тэр болгон баримт үйлдээд байдаггүй, нэхэмжилсэн мөнгийг төлсөн байхад дахин төл гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л*******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн дүгээр зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Л*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.050 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ