Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1344

 

 

 

 

 

 

      2020          10            22                                        2020/ДШМ/1344

 

Н.Н, Б.Б, Ш.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбат, Ш.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Д.Ренченхорол, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Б-ын өмгөөлөгч Д.Ганбат, Ш.Уранчимэг нарын хамтарч гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн Н.Н, Б.Б, Ш.Б нарт холбогдох эрүүгийн 1804 0003 00021 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Б.Б нь ганцаараа 6 удаагийн үйлдлээр:

  1. 2017 оны 9 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ... дугаар байрны подвальд хохирогч Б.С-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай хувцас захиалгын газрын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Монгол дээлийн хурган дотор 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг 7, эрэгтэй хүний хантааз 2 ширхэг, биеийн тамирын өмд 3 ширхэг, эмэгтэй жинсэн өмд 1 ширхэг, эмэгтэй хүний улбар шар өнгийн даавуун өмд 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2017 оны 9 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах … дүгээр байрын подвальд хохирогч Б.Б, С.Х нарын үйл ажиллагаа явуулах зориулалттай оёдлын газрын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хохирогч С.Х-ын эмэгтэй хүний драпан пальто 6 ширхэг, эмэгтэй хүний өвлийн куртик 7 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн эсгүүрийн машин 1 ширхэг, хаалганы цоож 1 ширхэг, хохирогч Б.Б-ын “Ай фоне-4” гар утас, мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан,
  3. 2017 оны 10 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах … дугаар байрны подвальд хохирогч Д.О-ы байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай гэрэл зургийн студид нэвтэрч Никон маркийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг, Сони маркийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан,
  4. 2017 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах … дугаар байрны подвальд хохирогч Т.Х-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай алт, мөнгөний дархны газарт нэвтэрч мөнгөн аяга 17 ширхэг, мөнгөн аяганы ёроол 39 ширхэг, бор хүрэн өнгийн алтан нуухтай манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.655.000 төгрөгийн хохирол учруулсан,
  5. 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын … тоот хохирогч А.М-ын байнга амьдрах зориулалттай байшинд цонхоор нь нэвтэрч, 32 инчийн зурагт 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 731.000 төгрөгийн хохирол учруулсан,
  6. 2018 оны 3 дугаар сарын 31-ээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хороо ... дугаар байрны өргөтгөлд хохирогч А.Г-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Оригинал” пүүзний засвар, худалдааны газарт цонхоор нь нэвтэрч 12 хос пүүз, гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б, Ш.Б нар бүлэглэн 1 удаагийн үйлдлээр:

  1. 2018 оны 03 дугаар сарын 27-оос 29-нд шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн ... тоотод оршин суух Ц.А-ын байнга амьдрах зориулалттай орон байрны вакум цонхыг хагалан нэвтэрч, орчин үеийн шармал домбо 2 ширхэг, хуучны мөнгөн оруулгатай домбо 2 ширхэг, мөнгөн оруулгатай дээлийн мөнгөн бүс 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, “Лойд” брендийн бугуйн цаг 1 ширхэг, “Ролекс” брендийн бугуйн цаг 1 ширхэг, малгайн мөнгөн тоноглол 1 ширхэг, Зегнабрендийн арьсан цүнх 1, төмөр сейф 1 ширхэг, “Лексус 570”, “Ланд 200” загварын тээврийн хэрэгслийн түлхүүр тус бүр 1 ширхэг, эмэгтэй хүний хувцас, америк доллар зэрэг 71.979.096 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, их хэмжээний хохирол учруулсан,

Б.Б нь Г.Б, Д.Л нартай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр:

  1. Учрах саадыг арилгах зорилгоор ... улсын дугаартай “Соната-6” загварын тээврийн хэрэгсэл ашиглан, 2018 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо 24 дүгээр байрны 17 тоотод байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Н” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын байранд нэвтэрч гар утас 12 ширхэг, Никон Д90 мэргэжлийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг, монетон ээмэг өрөөсөн 2 ширхэг, монетон кулон 2 ширхэг, монетон бөгж 4 ширхэг, монетон гинж, кулоны 1 хос , мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн аяга 25 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, зөөврийн компьютрийн цүнх 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 11.609.450 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2018 оны 1 дүгээр сарын 26-ны шөнө Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... дүгээр байрны … тоот хохирогч Б.Б-ын байнга амьдрах зориулалттай орон байранд вакум цонхоор нь нэвтэрч “НР” брендийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Nike” брендийн “Zebra” нэртэй пүүз 1 хос зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 480.000 төгрөгийн хохирол учруулсан,
  3. 2018 оны 1 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р баг Мааньзавын ... дугаар байрны подвальд хохирогч Ц.Э-ын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай Алт мөнгөний дархны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 10 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг үндсэн тагш, 8 лан аяганы мөнгө, 7 лан хар мөнгө, 5 грамм цэвэр алт, 3 ширхэг мөнгөн бугуйвч, 5 ширхэг мөнгөн гинж, 29 ширхэг бөгж, 6 ширхэг эрэгтэй бөгж, 8 ширхэг мөнгөн зүүлт, 7 ширхэг мөнгөн бөгж, 52 ширхэг мөнгөн бөгж, 32 ширхэг мөнгөн хослол 1,12 ширхэг мөнгөн ээмэг, 48 ширхэг тогтоогч суурь, төмөр сейф 1 ширхэг, монетон бугуйвч 1 ширхэг, сийлбэртэй мэлхий 1 ширхэг, 700 грамм мөнгө зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 14.058.000 төгрөгийн хохирол учруулсан;

   Б.Б, Н.Н нар бүлэглэн, 7 удаагийн үйлдлээр:

  1. 2018 оны 4 дүгээр сарын 30-аас 2018 оны 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, Хуучин хорооллын ... дугаар байрны подвальд хохирогч Т.Б-ын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “З” алт мөнгөний газрын хаалгыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн төмрийг зэвсгийн чанартай хэрэглэж эвдэн, нэвтэрч 4 лан мөнгө, даваа толгойтой, мөнгөн нуухтай манан хөөрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2018 оны 4 дүгээр сарын 30-аас 2018 оны 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн … байрны “И” худалдааны төвийн дунд байрлах вагончикт хохирогч Л.Б-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай алт мөнгөний дархан, гутал засварын газрын байранд хаалгыг нь учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн төмрийг зэвсгийн чанартай хэрэглэж эвдэн, нэвтэрч эмээлийн мөнгөн даруулга 4 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, чонын мөнгөлсөн соёо 1 ширхэг, чонын мөнгөлөөгүй соёо 1 ширхэг, чонын мөнгөлсөн шагай 1 ширхэг, чонын мөнгөлөөгүй шагай 1 ширхэг, байгалийн гаралтай хос ээмэг, сувдан бугуйвч, хүзүүний зүүлтний хос, бөгж сунгах зориулалттай төмөр 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.640.000 төгрөгийн хохирол учруулсан,
  3. 2018 оны 4 дүгээр сарын 30-аас 2018 оны 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар баг, ... дугаар байранд хохирогч Г.С-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Х” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт хаалгыг нь учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн төмрийг зэвсгийн чанартай хэрэглэж эвдэн, нэвтэрч 67 ширхэг гар утас, Асер Айе-7 загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 10.523.000 төгрөгийн хохирол, мөн хохирогч Д.Н-ий байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай цахим тоглоомын газрын хаалгыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн төмрийг зэвсгийн чанартай хэрэглэж эвдэн, нэвтэрч бэлэн 110.000 төгрөг, 250 гигабайтын багтаамжтай зөөврийн хард 1 ширхэг, зөөврийн компьютрийн хар өнгийн цүнх 1 ширхэг, төмөр сейф болон модон хаалганы цоожны гол 2 ширхэг цоож, зүүдэг том цоож зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
  4. 2018 оны 5 дугаар сарын 17-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн ... дугаар хэсгийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.А-ийн байнга үйл ажиллагаа явуулдаг “Х” барааны дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтэрч, жижиг сейф 1 ширхэг 200.000 төгрөг, гэрэл зургийн аппарат 1 ширхэг, товчлууртай гар утас 1 ширхэг, түрийвч 2 ширхэг 20.000 төгрөг, “Самсунг” загварын дэлгэдэг гар утас 2 ширхэг, “Айпоне-3” загварын гар утас 1 ширхэг, хаалганы цоож 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
  5. 2018 оны 5 дугаар сарын 17-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Ш-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Д” барааны дэлгүүрийн цонхоор нэвтэрч, жинсэн өмд 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 110.000 төгрөгийн хохирол учруулсан,
  6. 2018 оны 5 дугаар сарын 17-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.С-ын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Г” хүнс, барааны дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтэрч, кассын процессор 1 ширхэг, “Самсунг Жи-2” загварын гар утас 1 ширхэг, Кока кола ундаа 1 ширхэг, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.152.000 төгрөгийн хохирол учруулсан,
  7. 2018 оны 5 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд хохирогч С.С, Ц.Б нарын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Ж” дэлгүүрт учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн отверткыг зэвсгийн чанартай хэрэглэж эвдэн, нэвтэрч 3 ширхэг эрэгтэй монетон гинж, эрэгтэй монетон бөгж 2 ширхэг, эмэгтэй монетон бөгж 9 ширхэг, унждаг хар шигтгээтэй ээмэг, бөгж, кулоны хослол, монетон ээмэг 10 ширхэг, 11 ширхэг мөнгөн аяга, зэс аяга 2 ширхэг, мөнгөн бугуйвч 10 ширхэг, эрэгтэй хүний 8 ширхэг мөнгөн кулон, мөнгөн хослол, даваа толгойтой дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, даваа толгойтой дунд гарын цагаан хаш хөөрөг 2 ширхэг, даваа толгойтой Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, даваа толгойтой бага гарын манан хөөрөг 6 ширхэг, эрэгтэй 8 ширхэг мөнгөн гинж, 10 хос мөнгөн бөгж, 1 ширхэг сурагч цүнх, хяналтын камерын бичигч төхөөрөмж 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 18.016.140 төгрөгийн,

Н.Н нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр:

  1. 2017 оны 8 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ... дүгээр байрны … дүгээр орцны подвальд хохирогч Ш.Э-ын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай хувцас захиалга, гоо сайхны салонд цонхоор нь нэвтэрч гелэн лак 50 ширхэг, хумсны суурь лак 3 ширхэг, хатаагч аппарат 1 ширхэг, хумсны топ бэхжүүлэгч лак 3 ширхэг, лак арилгагч 1 ширхэг, хумсны тип 3 ширхэг, хумсны саа 3 ширхэг, DVD тоглуулагч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 599.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2017 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 хорооны ... дугаар байрны … дүгээр орцны … тоотод хохирогч Н.С, Б.У нарын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай мужааны цехийн хаалгыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн төмрийг зэвсгийн чанартай хэрэглэж эвдэн, нэвтэрч хохирогч Н.С-ын “Кен” брендийн түрдэг хөрөө 1 ширхэг, Лейяа брендийн баттерейтэй дрилл 1 ширхэг, “Кен” брендийн таслагч 1 ширхэг, уран хөрөө 1 ширхэг, шинэ далд цоож 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 296.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Б.У-ын сийлбэрийн машин 2 ширхэг, дрилл 1 ширхэг, таслагч 1 ширхэг, хуучин Солонгос цоож зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 578.200 төгрөгийн хохирол учруулсан,

Ш.Б нь:

  1. Н.Н, Б.Б нартай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулах зориулалттай “Ж” дэлгүүрт нэвтэрч, мөнгөн аяга, монетон гинж, хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 17.839.140 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдийг мэдсээр байж түүнийг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт худалдан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.Н-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Прокуророос шүүгдэгч Ш.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ш.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 7 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Н-д 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ий цагдан хоригдсон 789 хоног, Н.Н-ий цагдан хоригдсон 761 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй отвертка 1 ширхэг, отвертканы иш 1 ширхэг, эвдэрсэн бахь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 25 см урттай төмөр 1 ширхгийг хохирогч Л.Б-д, 1 ширхэг саарал чулуутай, дээрээ толботой хөөргийг хохирогч С.С-д, 1 ширхэг улаан толгойтой, цагаан өнгийн чулуутай хөөргийг Ш.Б-т, “Ролекс” цагны брендийг тодорхойлсон бичиг баримтыг хохирогч Ц.А-д тус тус буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-ээс нийт 105.783.148 төгрөгийг гаргуулан хохирогч З.О-д 3.303.149 төгрөг, хохирогч Ц.Э-т 2.599.333 төгрөг, хохирогч Б.Б-д 160.000 төгрөг, хохирогч Т.Б-д 140.000 төгрөгийг, хохирогч Л.Б-д 820.000 төгрөг, хохирогч Ц.А-д 170.000 төгрөг, хохирогч Д.Ш-д 55.000 төгрөг, хохирогч Я.С-д 1.076.000 төгрөг, хохирогч Ц.Б, С.С нарт 7.583.070 төгрөг, хохирогч Г.С-д 5.261.500 төгрөг, хохирогч Д.Н-д 180.000 төгрөг, хохирогч Б.С-д 1.410.000 төгрөг, хохирогч Б.Б-д 1.105.000 төгрөг, хохирогч С.Х-т 125.000 төгрөг, хохирогч А.М-т 731.000 төгрөг, хохирогч А.Г-д 1.980.000 төгрөг, хохирогч Т.Х-д 5.655.000 төгрөг, хохирогч Д.О-д 1.450.000 төгрөг, хохирогч Ц.А-д 71.979.096 төгрөг,

шүүгдэгч Н.Н-ээс нийт 16.758.770 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Б-д 140.000 төгрөг, хохирогч Л.Б-д 820.000 төгрөг, хохирогч Ц.А-д 170.000 төгрөг, хохирогч Д.Ш-д 55.000 төгрөг, хохирогч Я.С-д 1.076.000 төгрөг, хохирогч Ц.Б, С.С нарт 7.583.070 төгрөг, хохирогч Г.С-д 5.261.500 төгрөг, хохирогч Д.Н-д 180.000 төгрөг, хохирогч Ш.Э-д 599.000 төгрөг, хохирогч Н.С-т 296.000 төгрөг, хохирогч Б.У-д 578.200 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-аас 17.839.140 төгрөгийг гаргуулан Улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Б-ын өмгөөлөгч Ш.Уранчимэг, Д.Ганбат нар хамтран гаргасан давж заалдсан гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Б нь Б.Б-ийг өмнө нь шоронд ял эдэлж байхдаа сургалтад хамрагдаж дархан, чулуугаар эд зүйл хийдэг болсон гэж сонсож байсан учир толгой, нуух, халбагагүй 1 ширхэг шинэ чулуун хөөрөг бэлгэнд, мөн толгой нуухгүй, халбагагүй чулуун хөөрөг хэлсэн үнээр нь авсан байдаг. Эдгээр хөөргөө хэрэг шалгаж байх явцад мөрдөгчид хураалгасан. Гэтэл эдгээр хөөрөг нь хэн гэдэг хохирогчийх болох нь одоо ч тогтоогдоогүй. Гэтэл шүүхээс Ш.Б-ыг Б.Б-тэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 27-оос 29-нд шилжих шөнө Ч.А-ын орон байранд нэвтэрч 71.979.769 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэж Б.Б-ий мэдүүлэг, хэрэг шалгах явцад цугларсан аль ч нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон. Мөн түүнтэй яг ижил Н.Н, Б.Б нарыг бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Ж” дэлгүүрт нэвтэрч 17.839.140 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэдгийг мэдсээр байж дээрх эд зүйлүүдийг худалдан авсан гэм буруутай хэмээн зөвхөн Б.Б, Н.Н нарын мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримт байхгүй, мөн хэрэгт цугларсан ямар ч баримтаар нотлогдож тогтоогдоогүй байхад биеэс нь, машинаас нь нэг ч эд зүйл илэрч гарч ирээгүй, Ш.Б-ыг дээрх хулгайн эд зүйлсийг худалдаж болон бэлгэнд авч байхыг харсан гэх гэрчгүй, өөрөөр хэлбэл ямар ч нотлох баримт байхгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж шийдвэрлэсэн. Шүүх сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээс өөр ямар нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-аас 17.839.140 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх шийдвэр гаргасан үндэслэл нь ойлгомжгүй байх тул шийтгэх тогтоолыг өөрчилж, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг өөрчилж цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ш.Б-ын өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ямар ч нотлох баримт байхгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч Ш.Б-ыг дээрх зүйл, хэсгээр яллаж гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ш.Б-ын өмгөөлөгч Ш.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Б нь Өмнөговь аймагт нэг ч удаа очиж үзээгүй байхад тухайн газарт хулгай хийсэн гэж ялласан тул үүнийг шүүх гэмт хэргийн шинжгүй гэж гэж үзэж хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх шүүгдэгч Ш.Б-аас 17.839.140 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх шийдвэр гаргасан үндэслэл нь ойлгомжгүй. Хэрэв Ш.Б ийм хэмжээний хохирол учруулсан, уг хохирлыг улсын төсөвт тушаахаар шийдвэрлэж байгаа тохиолдолд түүнийг иргэний хариуцагчаар татах ёстой. Гэтэл энэ талаар гаргасан мөрдөгч, прокурор, шүүхийн шийдвэр байхгүй. Иймд анхан шатны шүүхийн Ш.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг өөрчилж цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Б, Н.Н нарт гомдолтой байна. Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дууссаны дараа намайг хүнд гэмт хэрэгт гүтгэсэнд нь холбогдуулж гомдол гаргах саналтай байна. Намайг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд би Солонгос улсад байсан бөгөөд хилээр орж гарсан бүх баримтаа хэрэгт хавсаргасан. Урьд нь би хар тамхины хэргээр хоригдож байх хугацаандаа Б.Б-тэй танилцаж, ар гэрийнхэнд нь тусалж, хоол цайны мөнгө өгдөг байсан. Б.Б надаас хөөрөг авахыг гуйгаад байхаар нь авсан. Гэвч түүнийгээ буцааж өгсөн. Өөр ямар ч хөөрөг, эд зүйл аваагүй, худалдан борлуулсан зүйл байхгүй. Намайг худал гүтгэж 17.839.140 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч Ш.Уранчимэгээс Ш.Б нь Өмнөговь аймагт нэг ч удаа очиж үзээгүй тул тухайн газар хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэж ярьж байна. Ш.Б-ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Өмнөговь аймагт буюу С нарыг дэлгүүрт орж эд зүйл хулгайлсан гэх үйлдэлд буруутгаагүй. Харин Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Өлзийт хороололд байх иргэн А-ын гэрт орж эд зүйл хулгайлсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Мөн Ш.Б-ыг иргэний хариуцагчаар татах ёстой байсан гэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчаар ямар хүнийг татах ёстой талаар заасан. Үүнд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд гэж заасан. Гэтэл Ш.Б энэ эрүүгийн хэрэгт бусдын хулгайн гэмт хэргийн замаар олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдан авсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан тул иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байсан. Өмгөөлөгч Д.Ганбат Ш.Б-ийг хулгайн гэмт хэрэг хамтран үйлдсэн Л нарыг шалгаж тогтоогоогүй гэж байна. Гэтэл эдгээр хүмүүст холбогдох хэрэг Дорноговь аймгийн цагдаагийн газар, Багануур дүүрэг тус бүр 3 хэрэг бүртгэлтийн хэрэг тусгаарлагдаж шалгагдаж байгаа бөгөөд Дорноговь аймагт шалгагдаж байгаа Л нь олдож, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Дээрх хүмүүс Б.Б-тэй хамтран үйлдсэн нь тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосон, эсхүл холбогдуулан шалгаж орхисон зүйл байхгүй. Холбогдогч нар олдохгүй байсан учир хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн. Ш.Б нь Б.Б-ийг хулгайн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсныг мэддэг, хамт хорих байгууллагад хоригдож байсан. 5 ширхэг мөнгөн аяга худалдан авч, үүнийгээ бусдад худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Энэ үйлдлийн цаана Ш.Б нь хулгайлах гэмт хэргийн үйлдлийн улмаас олсон эд зүйлийг бусдад худалдан борлуулдаг болох нь тогтоогдож байна. Учир нь, Б.Б мөнгөн аяга хийдэг, алт мөнгөний дархан болохыг нь Ш.Б мэддэг тул хулгайн гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг борлуулдаг. Нөгөө талаас С дархны “Ж” хүнсний дэлгүүрт орж хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо Ш.Б-т худалдсан асуудлыг зөвхөн Б.Б, Н.Н нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаагаар нотолдог. Энэ ажиллагаагаар Ш.Б гэх хүний гэрийг зааж өгдөг. Гэтэл гудамжинд таарч хөөрөг бэлэглэсэн гэж ярьж байгаа нь логикийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтыг үнэлж дүгнэж байгаа нөхцөл байдлуудаар тогтоогдсон гэж үзсэн. Ш.Б хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд гадаадад байсан гэж байна. Гэвч энэ хэрэгт үйлдэгдсэн даруйд хилээр гарсан лавлагаа байдаг. Түүнээс Ш.Б-ыг Солонгос улсад байхад нь хэрэгт холбогдуулж шалгасан зүйл байхгүй. 17.839.140 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэж заасан. Б.Б, Н.Н нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг худалдаж авсан, улмаас худалдаж авсан төлбөрийг төлөөгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 хоногийн дараа Б.Б, Н.Н нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Ш.Б нь эд зүйлийг авч, өөрт ашиг орлогыг бий болгосон гэж үзсэн тул анхан шатны шүүхээс дээрх мөнгийг гаргуулж улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах нөхцөл байдлууд тогтоогдож байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Н.Н, Ш.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Прокуророос шүүгдэгч Ш.Б-ыг “Н.Н, Б.Б нартай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулах зориулалттай “Ж” дэлгүүрт нэвтэрч, мөнгөн аяга, монетон гинж, хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 17.839.140 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт худалдан авсан” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг энэ үйлдэлд гэм буруутайд тооцжээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны прокурорын тогтоолоор Ш.Б-ыг дээрх үйлдэлд холбогдуулан яллагдагчаар татахдаа гэмт хэрэг гарсан огноог бичээгүй бөгөөд харин яллах дүгнэлтэд “2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт мөнгө угаасан” гэж дүгнэснээр анхан шатны шүүх энэ гэмт хэргийн цаг хугацааг “2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн” гэж тогтоосон байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбарлахдаа “Ш.Б-ын холбогдсон бүх хэргүүд 2019 оноос өмнөх үйлдэл” гэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Б-ыг “2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр  мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж үзсэн атлаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг буруу хэрэглэжээ.

  Монгол Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, энэхүү хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталсан нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн өөрчлөлтийг оруулсан бөгөөд шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдалтай холбоотой хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй тухай зохицуулалт Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд үйлчилж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайлбал шүүгдэгч Б.Б-ий 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах үнэт эдлэл зардаг хүнсний дэлгүүр рүү Н.Н-тэй цуг орж ...мөнгөн аяга 7 ширхэг, монет болон мөнгөн ээмэг, бөгж, гинж, 10 ширхэг хөөрөг зэрэг зүйлс хулгайлсан. Тэгээд хулгайлсан зүйлээ Ш.Б-т Баянзүрх дүүрэгт байрлах гэрийх нь гадаа өгсөн...” /10 хх 73/, гэрч Б.Батжаргалын “...2017 оны 10 дугаар сарын дундуур шиг санагдаж байна, ...Б.Б цүнхтэй эд зүйл авч гарч ирээд...гадаа очиход хип хопын Баавар гарч ирээд “Виз гарсан байна. Солонгосын элчин орно. Дагаад явчих” гээд Солонгос элчин орсон. Солонгосын элчингээс гарч ирээд тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад дахиад Баавар “дагаад яв” гэхээр нь дагаж яваад 3 дугаар цахилгаан станцын ард талд очиж Баавар нь Б-ий надтай уулзахдаа авч явж байсан цүнхтэй зүйлийг 3 дугаар станцын хажууд байх тоосгон хашаатай, 2 давхар урт байшинтай газар руу авч ороод, орсныхоо дараа Баавар нь Б-рүү утсаар залгаад юмны үнэ хөлсний талаар яриад байх шиг байсан. Тэгээд 30-40 минут болоод гарч ирсэн. Гарч ирээд машинд суугаад Б.Б-д бараан өнгийн гялгар уутанд боодолтой мөнгөн дэвсгэрт боосон болов уу гэмээр төө хэрийн зузаантай зүйл өгсөн...” /15 хх 151-152/, шүүгдэгч Н.Н-ий мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлд “...Ш.Б-тай уулзсан газрыг зааж өгье, Цагдаагийн академийн хойд талд Харуул алтай гэдэг хотхон байсан гэсэн тул уг хотхоны гадаа очиход ...114 дугаартай байрыг “Ш.Б-ын байшин байна, энэ байр руу сүүлд нь орохоор явсан. Гадна хашааных нь гадаа уулзсан. Хашааны гадна талд уулзаад дэлгүүрээс хулгай хийхдээ тэнд байсан ногоон өнгийн сурагч цүнхэнд эд зүйлүүдийг хийгээд очсон бөгөөд Ш.Б нь хүүхдээрээ гэрээсээ тор авчруулж эд зүйлүүдийг бүгдийг нь хийгээд миний дансыг авч “маргааш нь мөнгө хийнэ” гэж хэлээд аваад орсон. Цүнхнээс түүний авчихсан торонд шилжүүлж хийгээд цүнхийг нь Б.Б үүрээд явсан” гэж тайлбарлаж ярилаа.” гэх тэмдэглэл /10 хх 183-188/ зэргээр гэмт хэрэг гарсан цаг хугацааны талаар харилцан зөрүүтэй нотлох баримт, тайлбарууд авагдсан байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр гэмт хэрэг “2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэснээ болон бусад нотлох баримтыг үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөв тодорхойлоогүйгээс хэргийн хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож шүүгдэгч Ш.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

   Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Б-ын холбогдсон “Б.Б-тэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 27-оос 29-нд шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн … тоотод оршин суух Ц.А-ын байнга амьдрах зориулалттай орон байрны вакум цонхыг хагалан нэвтэрч, орчин үеийн шармал домбо 2 ширхэг, хуучны мөнгөн оруулгатай домбо 2 ширхэг, мөнгөн оруулгатай дээлийн мөнгөн бүс 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, “Лойд” брендийн бугуйн цаг 1 ширхэг, “Ролекс” брендийн бугуйн цаг 1 ширхэг, малгайн мөнгөн тоноглол 1 ширхэг, Зегнабрендийн арьсан цүнх 1, төмөр сейф 1 ширхэг, “Лексус 570”, “Ланд 200” загварын тээврийн хэрэгслийн түлхүүр тус бүр 1 ширхэг, эмэгтэй хүний хувцас, америк доллар зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, их хэмжээний хохирол 71.979.096 төгрөгийн хохирол учруулсан” хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Анхан шатны шүүх уг шийдвэрийг гаргахдаа “...шүүгдэгч Б.Б нь уг гэмт хэргийг Ш.Б-тай хамт үйлдсэн талаар мэдүүлэх бөгөөд уг мэдүүлэг нь өөр бусад баримтаар нотлогдохгүй байна...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, “2018 оны 3 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө  Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 13 дугаар гудамжны ... тоотод оршин суух хохирогч Ц.А-ын байнга амьдрах зориулалттай орон байранд вакум цонхыг хагалан нэвтэрч эд зүйлс хулгайлан авахдаа шүүгдэгч Ш.Б-тай бүлэглэн үйлдсэн” талаар удаа дараа мэдүүлсэн шүүгдэгч Б.Б-ий мэдүүлгүүд, тухайлбал 2018 оны 11 дүгээр сарын 02, 17-ны өдөр гэрчээр, мөн сарын 21, 24-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд “...Ш.Б над руу залгаад уулзъя гээд уулзсан. ... Өлзийт хороололд 2 давхар байшинтай айлын гадаа очсон. ...энэ айлд домбо байгаа ороод аваад ирээч гэж байсан...” /10 хх 27, 30, 70, 73-74/ гэх,

дээрх мэдүүлгүүд нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /10 хх 76-82/, хохирогч Ц.А-ын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ хийсэн баримтууд, гэрч Х.Түмэнбаяр, Б.Батжаргал, Б.Хүүхнээ, Ж.Энх, М.Лхагвабаяр нарын мэдүүлгүүд, мөн шүүгдэгч Б.Б, Ш.Б нарын утасны ярианы лавлагаа зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн талаар дүгнээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” буюу анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ... эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ нь 5 жил хорих ял, дээд хэмжээ нь 12 жил хорих ял оногдуулах заалттай байгаагаас чухам ямар нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-д 7 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Н-д 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах болсон үндэслэлийн талаар дүгнэж бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг зөрчсөн байна.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгч Ш.Б-ын өмгөөлөгч Д.Ганбат, Ш.Уранчимэг нарын хамтарч гаргасан “...Ш.Б-ын хэргийг хэрэгсэхгүй болгосныг өөрчилж цагаатгаж өгнө үү...” гэх давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, гомдлуудыг хэлэлцэлгүй орхисон болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Б, Б.Б, Н.Н нарт холбогдох 1804 0003 00021 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Б, Н.Н нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Ш.Б-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                     ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ