Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2019/00002

 

  Б.М-ын хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2018/00774 дүгээр шийдвэртэй, Б.М-ын хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, хүсэлт гаргагч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлтийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 1 жил 5 сар 4 хоног хөдөлмөрийн харилцаанд байснаар тооцож, мөн хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай.

 

            Хүсэлтэд: “Миний бие 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр томилогдож, төрийн захиргааны албан хаагч болсон. Гэтэл уг орон тоо нь Хөдөлмөрийн сайдын 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар хасагдсан. Намайг мэргэжил мэргэшлийн дагуу тус хэлтэст бий болсон өөр ажлын байранд томилох байсан боловч ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүйгээс болж миний эрх ашиг хохирсон тул би Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл шинээр бий болсон орон тооны ажилд ажиллах байсан ба ажиллуулах үүргээ Хөдөлмөрийн хэлтсийн дарга биелүүлээгүй гэх үндэслэлээр /2015 оны 2, 3 дугаар сарыг оруулахгүйгээр/ ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулан олгож, мөн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хэлтсийн дарга асан Х.Х-ны 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажилд томилсноор хөдөлмөрийн харилцаа үүсэж, би өөр орон тооны ажилд томилогдон 2015 оны 3 сарыг дуустал ажиллаж 2 сарын цалинг бүрэн авч байсан. Харин Б/04 тоот тушаал хүчин төгөлдөр байсныг тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 19 дүгээр шийдвэрээр тогтоосон болно. Гэтэл миний би Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар дахин хангагдах эрхтэй байсан боловч баталгаагаар хангагдах асуудал зөвхөн хөдөлмөрийн харилцаанд байж, ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай байх тул энэ эрхийг эдэлж чадахгүй байдалд хүрч хохироод байна. Миний ажиллаж байсан 2015 оны 2, 3 дугаар сарыг оролцуулахгүйгээр бусад ажилгүй байсан үеийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 10 дугаар сард Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас төлж барагдуулсан болно.

Иймд намайг тус Хөдөлмөрийн хэлтэст 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 1 жил 5 сар 4 хоног хөдөлмөрийн харилцаанд байснаар тооцож, мөн хугацаанд ажиллаж байсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлд заасны дагуу онцгой ажиллагааны журмаар тогтоож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2018/00774 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 1 жил 5 сар 4 хоног хөдөлмөрийн харилцаанд байснаар тооцож, мөн хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

           

Б.М-ын давж  заалдах гомдолд: “Би тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 774 тоот шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй тул хуульд заасан үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нь зарим зүйлийг мэдсээр байж хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлэн, хуулийг зориуд, санаатай худал тайлбарлан дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Үүнд:

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Захиргааны хэргийн шүүхийн 19 дүгээр шийдвэрээр дүгнэлт хийгдсэн асуудлыг үгүйсгэн тайлбарлаж миний эрх ашгийг дордуулан дүгнэлт хийжээ. Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 23 дахь талд “Нэхэмжлэгч уг Б/04 тоот тушаалын дагуу ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж 2015 оны 2, 3 дугаар сарын цалинг авсан байх тул 2015 оны 4 дүгээр сарын 01-ээс 6 сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны 2 сар 21 хоногийн цалин хөлсийг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулах нь зүйтэй” гэж дүгнэлт хийснийг шүүгч “Хүсэлт гаргагч Б.М нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар  сарын 29-ний хүртэл нийт 1 жил 5 сар 4 хоног бодит байдал дээр хөдөлмөрийн харилцаанд орж ажиллаж байгаагүй болох нь тогтоогдсон байна” гэж санаатай мушгин тайлбарлаж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Харин Б/04 тоот тушаалын үйлчлэл сэргээсэн талаар мөн уг шийдвэрээр тогтоосон байгааг шүүгч анхаараагүй. Мөн Б.М нь Аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 1 жил 5 сар 4 хоног хөдөлмөрийн харилцаанд орж ажиллаж байсан үйл явдал болоогүй байх тул түүнийг онцгой ажиллагааны журмаар сэргээн тогтоох үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгч нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг буруу тайлбарлажээ. Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор баталсан “ажилласан хугацааг тооцох журмын” хоёрдугаар бүлгийн “м” хэсэгт ажиллагсдын ажлаас буруу халагдаж ажилдаа эгүүлэн тогтоогдсон хугацааг тухайн байгууллагад ажиллаж байсан хугацаанд оруулан тооцохоор зохицуулагдсан.

Улсын дээд шүүхийн 1991 оны 3 дугаар тогтоолоор батлагдсан иргэдийн ажиллаж байсныг шүүхээс тогтоох журмын 2 дугаарт цалин хөлс авч байсан баримт болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлыг тухайн иргэний ажиллаж байсныг тогтоох нотлох баримтад оруулан тооцож байхаар тусгажээ. Тогтоолын 4 дэх заалтад шүүх хүсэлт гаргагчийн ажиллаж байсныг тогтоохдоо шийдвэртээ иргэн аль байгууллагад ямар албан тушаалыг хэдий хугацаагаар хашиж байсныг тодорхой заах ёстой. Энэ журмыг хэрэглээгүй зөвхөн миний ажиллаж байсан тухай шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх байдлаар дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүхийн 774 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг хангах эсвэл анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Б.М нь шүүхэд “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 1 жил 5 сар 4 хоног хөдөлмөрийн харилцаанд байснаар тооцож, мөн хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ “2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хуульд зааснаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн сул орон тоонд ажиллах байсан боловч ажил олгогч ажиллуулах үүргээ биелүүлээгүйг Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дүгээр шийдвэрээр тогтоосон, 2015 оны 2, 3 дугаар сарыг оруулахгүйгээр дээрх ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчоос гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул хүсэлтийг хангаж өгнө үү” гэж тайлбарлажээ.

 

            Б.М-аас анхан шатны шүүхэд дээрх хүсэлтийг гаргасан зорилго, ач холбогдлын талаар тодруулахад, тэрээр 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хөдөлмөрийн харилцаатай байснаар тооцуулж, мөн хугацаанд ажиллаж байсан гэж тогтоолгосноор 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс хойш Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4.-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн  байна.

Түүнчлэн хүсэлт гаргагчийн нэмэлт тайлбарт “Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дүгээр шийдвэрээр тогтоосон үйл баримтыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 406 дугаар тогтоолоор “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4.-т заасан баталгаагаар хангагдах эрх нь хөдөлмөрийн харилцаанд байсан төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай...” гэж дүгнэн үгүйсгэсэн байх тул дээрх хугацаанд аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хөдөлмөрийн харилцаанд байснаар тооцож, мөн хугацаанд ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хүсэлтийн үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дүгээр шийдвэрээр дараах үйл баримтууд нэгэнт тогтоогдсон байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар орон тоо нь хасагдсан тул Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар тус хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан Б.М-ыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар ажлаас нь чөлөөлжээ. Б.М нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4.-т зааснаар тухайн үед аймгийн Хөдөлмөрийн хэлтэст байсан “ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн”-ий сул  орон тоонд ажиллах байсан боловч ажил олгогч түүнийг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Дэлүүн сум хариуцсан мэргэжилтнээр, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр тус тус томилж, тус байгууллагад сул байсан “ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоонд ажлын байрны шаардлага хангаж байгаа Б.М-ыг шилжүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүй байна.

Б.М нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөний дараа захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн”-ий сул орон тоонд шилжүүлэн ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн “хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий сул орон тоонд томилох шийдвэр гаргахыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.  Учир нь Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар түүний шилжин ажиллавал зохих “ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо хасагдсан байна.

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүх Б.М-ыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4.-т заасан нэмэлт баталгаагаар хангагдах эрхтэй боловч аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн “хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий сул орон тоонд тавигдах шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр түүний “хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий сул орон тоонд томилох шийдвэр гаргахыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.М-ын ажиллаж байсан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн “хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн”-ий орон тоо хасагдсанаар түүнийг тухайн үед тус хэлтэст байсан “ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн”-ий сул орон тоонд шилжүүлэн ажиллуулаагүй хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тул 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 7027071 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1866790 төгрөг, нийт ажилгүй байсан хугацааны олговорт 8893861 төгрөгийг, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор тус тус нөхөн төлүүлж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоосон байна.

 

Хуулийн хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэр болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.М-ын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 1 жил 5 сар 4 хоног Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хөдөлмөрийн харилцаатай байснаар тооцуулах, мөн хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Б.М нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус хэлтсийн “шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдож, 2015 оны 2, 3 дугаар сарын цалинг авсан нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр болон ажил олгогчийн тушаалаар тогтоогдсон бөгөөд энэ нь түүний “Хөдөлмөрийн хэлтэстэй хөдөлмөрийн харилцаатай байснаар тооцуулах” тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугааар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14.-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дүгээр шийдвэрээр Б.М-ын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацааны олговорт 8893861 төгрөгийг, түүнчлэн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар албан бичигт дурдсанаар дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нөхөн төлсөн, энэ хугацаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцогдох тул хүсэлт гаргагчийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6.-т зааснаар онцгой ажиллагааны журмаар тогтоох үндэслэлд хамаарахгүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 406 дугаар тогтоолын үндэслэлээс үзвэл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дүгээр шийдвэрээр тогтоосон үйл баримтыг уг тогтоолоор үгүйсгэсэн гэх Б.М-ын тайлбар үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Б.М-ын “шүүх хуулийн хүчин төгөлдөр болсон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож хүсэлтийг хангах, эсвэл дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах” тухай гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2018/00774 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Б.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                С.ӨМИРБЕК