Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00668

 

Б.М-ын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2018/00774 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00002 дугаар магадлалтай, 

Б.М-ын хүсэлттэй

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 1 жил 5 сар 4 хоног хөдөлмөрийн харилцаанд байснаар тооцож, мөн хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг

Хүсэлт гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагч Б.М-ын шүүхэд гаргасан хүсэлтэд: ...Миний бие 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр томилогдож, төрийн захиргааны албан хаагч болсон. Гэтэл уг орон тоо нь Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар хасагдсан. Намайг мэргэжил мэргэшлийн дагуу тус хэлтэст бий болсон өөр ажлын байранд томилох байсан боловч ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүйгээс болж миний эрх ашиг хохирсон тул би Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл шинээр бий болсон орон тооны ажилд ажиллах байсан ба ажиллуулах үүргээ Хөдөлмөрийн хэлтсийн дарга биелүүлээгүй гэх үндэслэлээр /2015 оны 2, 3 дугаар сарыг оруулахгүйгээр/ ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулан олгож, мөн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хэлтсийн дарга асан Х.Хавшааны 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажилд томилсноор хөдөлмөрийн харилцаа үүсэж, би өөр орон тооны ажилд томилогдон 2015 оны 3 сарыг дуустал ажиллаж 2 сарын цалинг бүрэн авч байсан. Харин Б/04 тоот тушаал хүчин төгөлдөр байсныг тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 19 дүгээр шийдвэрээр тогтоосон болно. Гэтэл миний би Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар дахин хангагдах эрхтэй байсан боловч баталгаагаар хангагдах асуудал зөвхөн хөдөлмөрийн харилцаанд байж, ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай байх тул энэ эрхийг эдэлж чадахгүй байдалд хүрч хохироод байна. Миний ажиллаж байсан 2015 оны 2, 3 дугаар сарыг оролцуулахгүйгээр бусад ажилгүй байсан үеийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 10 дугаар сард Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас төлж барагдуулсан болно. Иймд намайг тус Хөдөлмөрийн хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 1 жил 5 сар 4 хоног хөдөлмөрийн харилцаанд байснаар тооцож, мөн хугацаанд ажиллаж байсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлд заасны дагуу онцгой ажиллагааны журмаар тогтоож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2018/00774 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М- нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 1 жил 5 сар 4 хоног хөдөлмөрийн харилцаанд байснаар тооцож, мөн хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00002 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2018/00774 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Б.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хүсэлт гаргагч Б.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх “...хүсэлт гаргагч Б.М-ын Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөрийн харилцаатай байсныг тооцуулах” тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй” гэжээ. Мөн хүсэлт гаргагч хөдөлмөрийн хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар онцгой ажиллагааны журмаар тогтоох үндэслэлд хамаарахгүй гэж тус тус дүгнэлт хийж миний хүсэж байсан бүх үйл баримтыг үгүйсгэж хуулийн заалтаар хамаарах асуудал биш гэж ойлгож байвал хүсэлтийг хүлээн авахаас татгалзах байсан. Тийм учраас шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн энэ зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзээд байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хуралдааны дэгийн дагуу нотлох баримт шинжлэн судлах явцад хуралдаан даргалагч, шүүгч Д.Көбеш нь миний судлуулахаар санал болгосон нотлох баримтыг уншиж танилцуулахгүйгээр орхигдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн байсан. Үүнийг шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харж болно. Учир нь миний Хөдөлмөрийн хэлтэст орж ажиллаж цалин хөлс авч байсныг дүгнэсэн ЗХАШ шүүхийн 0019 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн 23-р талд тусгагдсан дүгнэлт байсан билээ. Ингэснээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг уг магадлалаар үгүйсгэсэн байдалтай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Миний ажилгүй байсан хугацааны шимтгэлийг төлж байсан болохоор улсад ажиллаж байсныг тогтоох гол нотлох баримт байсан. Үүнийг шүүх зөв үнэлээгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч Б.М- нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 1 жил 5 сар 4 хоног хөдөлмөрийн харилцаанд байснаар тооцож, мөн хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хүсэлт гаргагч Б.М- шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч, шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж, уг хүсэлтээ шүүхэд ирүүлжээ.

Хүсэлтэд “...шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн тул 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагагүй болсон. Иймд миний бие  Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 1 жил 5 сар 4 хоног хөдөлмөрийн харилцаанд байснаар тооцож, мөн хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч Б.М-ын нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хүсэлт гаргагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2018/00774 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00002 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 1 жил 5 сар 4 хоног хөдөлмөрийн харилцаанд байснаар тооцож, мөн хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтээсээ Б.М- татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хүсэлт гаргагч Б.М- хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ